Шууд Chart

Гомдох эрхгүй хүмүүс

2016-12-19 13:37:09

“Надад туслаач, намайг авраач” гэх хүн тэдний дунд байхгүй. Эхлээд тэднийг гэр бүл, найз нөхөд нь орхисон, дараа нь эд хөрөнгө, эрүүл мэнд гээд үнэт бүхнээ алдсан. Тэд үүний төлөө хэн нэгэнд гомдох, үзэн ядах ч эрхгүй. Энэ бол тэдний сонгосон зам. Харин өнөөдөр зарим нь тэр сонгосон замаа сольж, өөр гэрэл гэгээтэй замд орохоор шүд зуун тэмцэж байна.  Тэд амьдралаас алдсан үнэт бүхнээ дахин олохоор зүтгэж байгаа нь энэ. Энэ бол хар тамхи нэртэй цагаан тахлын аюулаас амьд гарахын төлөөх тэмцэл.

“Баримт” нэвтрүүлгийн баг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг зорилоо. Өмнө нь хар тамхи бол аюултай бодис. Олон хүн үүнд донтсоноосоо болж, амь амьдралаа сүйтгэдэг тухай сонссон бид хар тамхи хэрэглэгчидтэй уулзана гэхээр битүүхэн жихүүцэж байлаа. Ингээд бид нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэнгээр дамжуулан тэдэнтэй уулзсан юм. Архи уугаад шартчихсан юм уу гэмээр цонхигор царайтай, хүүхэн хараа нь тогтож ядсан хүйтэн харцтай, 20 гаруй хүн энд цуглажээ. Олонх нь 30-50 насны эрчүүд, дээрээс нь 50-60 насны 6 эмэгтэй, 20 хүрээгүй шахам хоёр залуу харагдлаа.

Бид сургагч багшаар дамжуулж, ирсэн зорилгоо хэлж тайлбарласны дараа гурван  хүн бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Эхний эрэгтэй бол 30 орчим насны, өндөр, цонхигор цагаан залуу. Харааны шил зүүсний дээр, ам нь хацраа дагаж байн байн татвалзах нь хар мөртэй бодисын үлдэц гэлтэй.

Баримт 1: Зураг зурж, метал хөгжим сонсох сонирхолтой залуу онгодоо оруулах зорилгоор хар тамхи татаж эхэлжээ. Хамтдаа мансуурч, метал хөгжимд дурлаж явсан залуусын ирээдүй үхэл хагацлаар дуусна гэж хэн ч санаагүй байна.

-Би 10 дугаар ангиа төгсөөд зураач болсон. Хажуугаар нь бас рок хөгжим сонсох сонирхолтой. Тэгж яваад Эрдэнэтийн хэсэг залуустай танилцсан. Бүгд рокрууд. Тэд чинь тэгээд зүгээр байхгүй хөгжмөө сонсоод, өвсөө татаад л мансуурдаг байсан. Би ч гэсэн дуурайгаад л татна. Тэгж л анх сонирхож татсан. Үүнээс хойш ихэвчлэн онгодоо оруулах зорилгоор хэрэглэдэг болсон.

-Хэрэглэхээр тэгээд мэдрэмж орж ирэх үү?

-Эхэндээ гоё санагддаг байсан. Бие ямар ч мэдрэмжгүй болно. Гудамжаар явахад ганцхан толгой л яваад байгаа юм шиг санагддаг. Би нэг хэтрүүлчихээд явж байсан чинь туулай, амьтад миний хажуугаар дугуй, машин унаад явж байгаа юм шиг харагдсан. Инээд хүрээд л. Иймэрхүү байдлаар нэлээд их татсан. Бараг зургаан жил. Тэгээд сүүлдээ больсон. Яагаад больсон гэхээр бүр гүн орохоос айгаад. Манай нэг найз бүр татаж унасаар байгаад, нөгөөдхөө татсаар байгаад амь насаа алдаж байсан байхгүй юу. Түүнээс хойш манай өчнөөн найзууд больсон л доо.

Тэр хар тамхи хэрэглэснээсээ болж гэр бүлээсээ салсан. Найз нөхөд нь ч хөндийрч, өөрт байгаа үнэтэй бүхнээ зарж дууссан байна. Ингээд эцэст нь хар тамхийг хаях, эсвэл энэ чигээрээ живэх гэсэн хоёр сонголтын өмнө иржээ. Одоо түүний хувьд биеэ эмчлүүлж чадаагүй ч,  өөрөө өөртэйгөө хийсэн дотоод тэмцэл нь үр дүнд хүрсэн байна.

-Сүүлд хэзээ татсан бэ?

-2013 онд л нэг найзтайгаа хамт татсан.

-Чиний найз нөхөд ч юм уу, татдаг залуус олон байна уу?

-Байгаа байгаа. Миний найзуудаас бол байгаа шүү. Өөрсдөө гаръя ч гэж хичээхгүй юм.

-Уг нь хичээвэл болж байна. Тийм ээ?

-Болж байна. Би бүр гүн орохоосоо айгаад гарсан.  Хүмүүс хэтрүүлсэн үедээ амиа хорлох ч тохиолдол гардаг.

-Чи энэ хугацаанд юу алдав?

-Эхнэр, багын найз нөхөд гээд их юм алдсан. Одоо би бие муутай. Бас бие муутай аавыгаа хараад эмнэлэг, гэр хоёрын хооронд л өдрийг өнгөрөөж байна.

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн зан үйл өөрчлөх сургалтад тогтмол сууснаар ямар ч гэсэн өөрийнхөө хорт зуршлаас салж чадсан. Гэсэн ч  бие, эрүүл мэндийн байдал тааруу. Ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа өөрчлөх гэхээр эрүүл мэндийн байдал нь бүх зүйлд хаалт болдог гэлээ. Энэ залуутай хамт бидэнд ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн 50-60 насны хоёр эрэгтэйн хувьд ч гэсэн мөн өөрсдийн хорт зуршлаас салахаар шийджээ. Тэдний аль аль нь өвчний улмаас хар тамхи хэрэглэж эхэлсэн байна.

Надаар овоглодог л болохоос хэн ч ирэхгүй

Баримт:2 Нэг нь хөлөө хөлдөөж, нөгөө нь осолд орсон хоёр эрэгтэй, эмчийн зөвшөөрлөөр морфин тариулсан байна. Гэтэл энэ нь тэдний мансууруулах бодисонд  донтох гол шалтгаан болжээ.

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгт ирсэн хүмүүсийн олонх нь “хар тамхийг өвчний улмаас хэрэглэж эхэлсэн” гэж хэлдэг. Яг үнэндээ сонирхоод хэрэглэсэн эсвэл өөр шалтгаанууд нь илүү байдаг гэж мэргэжилтнүүд хэлсэн. Өвчний улмаас, хар тамхинд донтсон гэх хоёр эрэгтэй.

  1. Айлын хуриманд очоод буцах замдаа хөлөө хөлдөөчихгүй юу. Тэгээд энэ хөл чинь аймаар болдог юм байна. Хумс нь унаад, бөөн яр шарх үүсээд, өвдөнө ч гэж хэцүү. Тэгээд өвчнөө дарахын тулд сумын эмнэлгийн бага эмчээс устгалд орох гэж байсан 10 ширхэг морфин авсан. Ингэж цувруулж тарьсаар байгаад л өөрийн мэдэлгүй орчихсон байсан.

-Хөл чинь өвдөж байгаад өөрөө эдгэчих л байсан байх даа. Заавал морфин хэрэглэх шаардлагүйгээр?

-Тэгэх л байсан. Өвдөлтөө намдаах гэж тарьж эхлээд, дараа нь хүн яаж архинд,  тамхинд ордог уу, яг түүн шиг л орчихдог юм байна лээ. Энэ чинь ер нь хүнийг эргэлт буцалтгүйгээр л оруулдаг юм байна.

-Хамгийн сүүлд хэзээ хэрэглэсэн бэ?

-Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр л хэрэглэсэн юм байна.

  1. Би цэргийн хүн байсан. Тарианд ороод 28 жил болж байна. Согтуу Оросын камазад мөргүүлснээсээ болж, цэргийн эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн. Миний тархи, бөөр гэмтсэн болохоор өвчин намдаахын тулд эмч нарын хурлын шийдвэрээр морфин хийхээс аргагүй болсон. Эмнэлгээс гарсныхаа дараа морфины шарталтад орсон. Архины шарталт юу ч биш. Би бараг галзуурсан. Тэгээд морфин хэрэглэсээр байгаад донтчихсон.

Тэдний хувьд аль аль нь мансууруулах бодисоос бүрэн татгалзаж чадаагүй. Энэ хорт хэрэглээг хаяхын төлөө хичээж явна гэдгээ хэлсэн. Мэргэжилтнүүдийн хэлснээр энд ирсэн хүмүүсийн олонх нь өөрийн гэсэн орох орон, харж хандах хүнгүй болж тартагтаа тулсан байдаг. Өөрөөр хэлбэл, донтолтын эцсийн шатандаа орсны дараа өөрийгөө өөрчлөхөөр ирдэг байна.

-Би байртай байсан. Авгай, хүүхэдтэй байсан. Бүгдэд нь гээгдсэн. Найз нөхөд, ах дүү амраг садан ч байхгүй. Эцэст нь нийгмээсээ холдож ганцаарддаг. Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд надаас зугтаасан. Надаар овоглодог л болохоос биш, над дээр хэн ч ирэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би хүнд гомдох эрхгүй байгаа биз. Эдийн засаг ч үгүй, эрүүл мэнд ч үгүй, найз нөхөд, хамт олон ч үгүй болдог.

Тэгээд сүүлдээ больсон. Найздаа нэг ороохыг өгчихсөн чинь, даанч тэр минь бурхан болсон. Баз хүргэнтэйгээ архидаад тамхигүй болохоор нь ороогоод өгчихсөн чинь хоёр сороод л нам унасан.

-Сүүлд хэзээ татсан бэ?

-Би өнгөрсөн хавар Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд өвчин намдаахын тулд морфин тарихаас аргагүй болсон. Одоо миний тархи судасны нарийсалтай. Эмнэлгийн анхан шатны тусламж авахад хүнд болсон. Гэхдээ хогийн ургамал үхдэггүй гэдэг шиг үхэхгүй л байна.

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 17 жил, хар тамхинд донтогчдын зан үйлийг өөрчлөх сургалт зохион байгуулсан. Энэ хугацаанд 12 хүний зан үйлийг өөрчилж, хар тамхинаас бүрэн гаргасан байна. Гэвч өнөөдөр хар тамхи хэрэглэгчдийн тоо нийгэмд өссөөр байна гэж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэн хэллээ.

2010 онд өсвөр үеийн 2000 хүүхдийг хамруулсан судалгаа хийсэн. Судалгаагаар 54 хэрэглэгч илэрсэн. Тэдний 36 нь өвсний ургамал татаж байх жишээтэй. Энэ онд 1000 оюутны дунд судалгаа хийхэд 50 хэрэглэгч шинээр илэрсэн. Нэг судалгаагаар 50 хүн илэрнэ гэдэг бол их тоо. Ер нь хэрэглээ их өсч байгаа юм байна. Одоогоор манайд бүртгэлтэй 600 гаруй хүн байна. Үүний цаана хэдэн мянгаараа хэрэглэж байна гэж хэлж болно.

Манай улсад хар тамхи хэрэглэх төрөл хэлбэр нь олширсон. “Мөнгө л байхад хаанаас ч хар тамхи олж болно” гэж донтогчид хэлж байна. Хар тамхины хэрэглээ нэмэгдсэн гэдгийг харуулах өөр нэг үзүүлэлт бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоон мэдээлэл. 2016 оны эхний 11 сарын байдлаар 94 гэмт хэрэгт 240 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үзүүлэлт гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Лхагвасүрэн.

-Ямар нэг амнаас ам дамжсан дэл сул ярианд итгэхгүй байгаач ээ. Энэ бодисыг хэрэглэснээр таны оюун ухаанд саатал учруулж, та хийсэн үйлдлээ хянах чадваргүй болдог. Энэ нь хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй сөрөг нөлөөтэй. Бас энэ бодис нь хууль бус хэрэглээ учраас та тодорхой хугацаанд эрх чөлөөгөө хасуулна. Залуу, хийж бүтээх сайхан үеэ та эрх чөлөөгөө хасуулж өнгөрөөнө гэдэг бол хүний амьдралд байж болшгүй зүйл. Залуучууд үүнд анхаараасай.

Манай хуулиар энэ хэрэгт холбогдсон хүмүүс 2-15 жилийн ял эдлэх хуультай. Хэрэгт холбогдсон хүмүүс ихэвчлэн мансууруулах бодис хэрэглэж, өөрийн оюун санаагаа хянах чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлддэг байна. Хар тамхинд донтсон хүмүүсийн олонх нь эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохироод дуусдаг. Харин цөөн хэд нь өөрийгөө татахаар тэмцдэг ч манай улсад үүнийг анагаах ухааны үүднээс бүрэн эмчлэх боломж байдаггүй гэж СЭМҮТ-ийн их эмч н.Гантулга хэлсэн. Харин хар тамхинд донтогчид СЭМҮТ-д сайн дурын үндсэн дээр хандах боломжтой. Энэ төвд Донтох эмгэгийн 30 ортой тасаг байдаг. Гэвч энд голдуу архины хамааралтай хүмүүс эмчлүүлдэг. Хар тамхинд донтсон хүмүүс мэр сэр ирдэг гэлээ. Харин цаашид мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд донтсон хүмүүст зориулсан Эмчилгээний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна гэж мэдээлсэн.

Эрүүл мэндээрээ хохирно эсвэл “Нарангийн энгэр” л явна

Хар тамхи хэрэглэвэл амьдралаараа хохирно. Харин эмчилгээ гэж байхгүй. Та хэн ч байсан хар тамхи нэг л хэрэглэж эхэлвэл таны үнэ цэнэтэй бүхнийг сорж эхэлнэ. Үүнийг л битгий хэрэглээрэй гэж залуустаа захья гэж тэд хэллээ.

-Монголын залуусаас ёстой өвдөг сөгдөж гуйя. Ирээдүйгээ үр удмаа, үндэс угсаагаа цэвэр ариун байлгая гэвэл хар тамхинаас, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлээс хол байгаач ээ. Монгол цөөхөн шүү хар тамхинаас холдооч ээ. Авгай хүүхэд минь хаяад явлаа гэж гомдож болохгүй шүү дээ. Би байртай байсан. Машинтай байсан. Би хоршооны захирал, компанийн захирал байж үзсэн. Болдоггүй л байхгүй юу. Эхлэл сайтай, бариа байдаггүй л байхгүй юу. Мөнгө олдоно, нөгөө тариа руугаа мөлхчихдөг. Тэгэхээр би хүнд гомдож болохгүй биз дээ. Би хүний өмсдөггүйг өмсөж, эдэлдэггүйг эдэлж байсан. Одоо байна уу, алин ч байхгүй шүү дээ. Хамгийн гол эдийн засгийн хохирол чинь энэ шүү.

-Энэ чинь хууль бус хэрэглээ. Хоёрдугаарт эрүүл мэндээрээ хохирно. Гуравдугаарт эдийн засгаараа сүйрнэ. Дөрөвдүгээрт тэгээд нийгмийн хог шааранд л орох шахуу явж байна. Энэ буруу зуршил руу нэг л хазайгаад орчихвол эргээд биеэ татахад маш хэцүү. Хүн архинаас гарч болдог. Тамхинаас гарч болдог. Энэ сэтгэцэд нөлөөлөх бодисоос гарахад ер нь зовлонтой шүү. Би болих гээд зүтгэж л байна.

Эрүүл мэндээрээ хохирно. Эсвэл тэгээд Нарангийн энгэр рүү л явна шүү дээ. Өөр бололцоо байхгүй. Үүнийг хатуу ойлгох хэрэгтэй.

Хүмүүс нэг удаа сонирхоод үзье гэх байдлаар хар тамхи хэрэглэх тохиолдол байдаг. Гэтэл нэг удаа хэрэглээд л насан туршдаа өвчтэй болох. Цаашлаад удам угсаагаа сүйтгэх аюул нуугдаж байдаг гэж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэн анхаарууллаа.

Ганцхан удаа хэрэглээд л зүрхний өвчтэй болчихсон хүн байна. Зүгээр явж байгаад л зүрх нь зогсчихдог, эсвэл ухаан алддаг болсон. Тэгээд харсан, барьсан зүйлээ бүгдийг нь мартчихдаг гэсэн. Хүмүүс хор хөнөөлийг нь огт мэдэхгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр  сард манай нэг хүн нас барсан. Эхлээд өрөөсөн хөл нь мэдээгүй болсон. Дараа нь хоёр хөл нь мэдээгүй болсон. Хамгийн сүүлд нас барахаасаа өмнө чих нь харласан. Тэгэхээр энэ хүний бүх эд эрхтэн нь үхэжсэн гэсэн үг. Задлан шинжилгээний эмч “Танай энэ хүнээс нэг ч авах юм алга” гэж хэлсэн.

Хоёрдугаарт, удам угсаагаа сүйтгэдэг. Хар тамхи хэрэглэдэг хүний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гардаг. Манайд нэг толгойтой хоёр бөгстэй хүүхэд, хоёр гаргүй хүүхэд, гэдэс нь нуруун дээрээ гарчихсан хүүхэд хүртэл төрж байсан. Тэгэхээр ийм том асуудал бий болдог гэдгийг ерөөсөө анхаарахгүй байна.

Хар тамхи бол “Чимээгүй дайн”. Одоогоор манай улсад хар тамхинд донтсон 50-70 мянган иргэн байна гэсэн албан бус мэдээлэл байдаг ч тархалтын нэгдсэн судалгаа огт байхгүй. Эрүүл мэндийн яамнаас энэ тухай тодруулахад “Энэ чиглэлээр ямар ч судалгаа хийж эхлээгүй, тархалтын судалгаа хийхэд хүндрэлтэй” гэж мэдээлсэн. Энэчлэн мэргэжлийн байгууллагууд нь бүгд л мөнгөгүй, боломжгүй гэх шалтгаанаар дорвитой ажил хийж чадахгүй байна.

Олон улсын жишгээр нэг хүний ард дахиад дөрвөн хэрэглэгч байдаг гэж үздэг. Гэтэл хэрэглэгчидтэй уулзаад ярилцахаар тэдний ард дөрвөөр тогтохгүй олон хүн байдаг. Цаашлаад хэрэглэгч нь хэрэглэгчээ төрүүлсээр, хар тамхины аюул үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж судлаачид анхаарууллаа.

Сонсох бол Энд дарна уу.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Гомдох эрхгүй хүмүүс  
Үзсэн: 2449 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.Ариунтуяа [202.179.4.xxx] 2017-01-21 23:46
Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Танай телевизийн Ээждээ бичих захидал улсын уралдаан хэзээ зарлагдах вэ.

Бидэнтэй нэгдээрэй