Шууд

Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хаачдаг вэ

2017-02-06 12:01:41

Баримт-1

Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дэлгүүрт чихэр авахаар орсон 12 настай өсвөр насны гурван хүү, 13 настай нэг хүү хүчирхийлэлд  өртжээ.  Хөвгүүдийг  М гэх үл таних эрэгтэй  хүчирхийлж,  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгсэл болгосон байна. Үйл явдлын гэрч болсон 13 настай хүү сэтгэл гутралд өртжээ.   

Түүнийг Д гэдэг. Тэрбээр хичээлдээ суухаас дургүйлхэх болж, сүүлдээ сургууль завсарджээ. Өнгөрсөн хугацаанд гурван ч сургууль сольж... Эцэст нь хулгай, дээрмийн хэрэгт холбогдож цагдаагийн хаалга татав. 13 настай байхад нь тохиолдсон зүйл хүүгийн хожмын амьдралд ийнхүү бараан сүүдэр татуулах болсон байна. Д одоо 17 настай.  Хүчирхийлэл, доромжлолд өртсөн айдас хүйдэс  нь таван  жилийн турш хүүг шаналгасан хэвээр байгааг ээж нь бидэнд ярьсан юм.

Д-гийн ээж “Дөрвөн эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртсөн. Тэдний нэг миний хүү. Мөнх-Учрал гэх 21 настай залуу дэлгүүрээс чихэр авахаар орсон дөрвөн хүүд цаасны хутга тулган хүний нүднээс далд газар аваачин бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан. Нэг хүү нь хүчирхийлэлд өртөөгүй ч сэтгэл санааны гүн хямралд орсон. Шилжилтийн насанд нь  тохиолдсон хэрэг учраас миний хүүд хүнд туссан. Насан туршдаа мартаж чадахгүй хар зүүд болон үлдсэн.../хүүгийн ээж уйлав/ Энэ үйл явдал миний гэр бүлд хар мөр татуулсан хэвээр л байна” гэсэн юм.     

Хүчирхийлэлд өртөж, хүнд ноцтой гэмт хэргийн золиос болсон тохиолдолд хохирлыг нь мөнгөн төлбөрөөр барагдуулахаас гадна нөхөн сэргээх сэтгэл заслын эмчилгээ хийх ёстой. Өнөөдөр энэ асуудал огт хамаагүйн дээр нөхөн сэргээх  эмчилгээ хийдэг газар алга байна гэж хүүгийн ээж бидэнд ярилаа.  

13 настай байхад нь тохиолдсон зүйл хүүгийн хожмын амьдралд бараан сүүдэр татуулах болжээ.

Тэрбээр “Миний хүү мөнхийн айдастай. Үүнийгээ гээж чадахгүй байна. Иймээс төр арга хэмжээ авах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төр ажиллаагүй учраас бидэнд нөхөн төлбөр өгч хохирлыг барагдуулаагүй. Үүнийг барагдуулах ёстой. Шүүх нь шийдвэр гаргана, энэ шийдвэр нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Ийм байтал шүүх шийдвэр гаргах хэрэг байсан уу гэсэн асуулт урган гарч байгаа юм” гэж байна.    

Уг нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тухай хэд хэдэн хуульд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх талаар ерөнхий заалт бий. Гэсэн ч ээж, хүү  хоёрт туслах төрийн  байгууллага олдоогүй байна.

2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээс, хүүгийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах шийдвэр гаргахдаа таван сая төгрөг гэж үнэлэн, гэмт  этгээдээс  гаргуулахаар  тогтжээ. Харамсалтай нь шүүхийн  тогтоол хэрэгжилгүй  таван  жил өнгөрч, ээж, хүү хоёр нөхөн төлбөрийн мөнгөө авч чадаагүй явна. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсаар хохирогч хүүгийн ээж арга мухардахдаа Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна.

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол хяналт шалгалт хариуцсан референт Сэмжидмаа “Дээд шүүхээс 2006 онд гарсан 45-р тогтоол гэж бий. Тогтоолд хохирлын мөнгөн дүнгээр үнэлэх, яаж зохицуулах талаар тайлбарласан байдаг. Гурван хүүд тус үр 10, 10-н сая төгрөг Д хүүд 5 сая төгрөгийн хохирол буюу нийт 35 сая төгрөгийн хохирол тогтоож өгсөн байдаг. Гэм буруутай этгээд ялаа эдлэж байгаа. Ийм учраас хохирлыг яаж нөхөн төлүүлэх вэ гэсэн асуулт урган гарна. Өнөөдрийг хүртэл 35 сая төгрөгийн хохирлоос нэг  ч төгрөг төлөгдөөгүй байна. Гэм буруутай этгээд энэ хохирлыг барагдуулах үүрэгтэй ч яаж барагуулах вэ гэсэн тогтолцоо шаардлагатай байна. Бид энэ асуултаа хүүгийн ээжийн гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн. Хариуд нь ямар ч байсан хохирол барагуулах арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн” гэж ярилаа.

Сэтгэл санааны хохирлыг хуульчлаагүй учраас тухайн шүүгчийн бүрэн эрхийн хараат бус шийдвэрээр шийдэж байна. Манай улс 1986 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орж үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн илрэл бол хохирогч Д-ийн жишээ гэж эх сурвалжууд хэлж байлаа. Нэгдэн орсон л бол дотоодын хууль тогтоомждоо нэмэлт,  өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх, мөн хэрэгжүүлэх үүргийг давхар хүлээдэг.

Баримт-2

Эрэгтэй хүүхэд эрэгтэй хүнд хүчирхийлүүлсний дараа сэтгэл гутралд орох магадлал 80 хувь, өөрийгөө үзэн ядаж, үнэлэмж нь эрс буурдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Ийм байдлаар хүчирхийлэлд өртсөн хөвгүүд өөрсдөө хүчирхийлэгч болох эрсдэл өндөр байдаг гэж сэтгэл судлаачид үздэг.

12-13 насыг бэлгийн чиг баримжаагаа мэдрэх үе гэж үздэг байна. Яг ийм насандаа хүчирхийллийн золиос болсноор гарах сөрөг дагавар, эрсдлийг урьдчилан тооцох   аргагүй гэж  хүүхдийн сэтгэл зүйчид хэллээ. Бүрэн төлөвшиж амжаагүй өсвөр насны хүүхдийн ирээдүй хаашаа ч эргэж болно. Ийм учраас нөхөн сэргээх сэтгэл заслын эмчилгээг хамгийн багадаа гурваас дээш жил хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг юм  байна. Ийм тохиодолд мэргэжлийн байгууллага түүн дотроо хүүхдийн чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч байх хэрэгтэйг “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн тэргүүн, Хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч н.Бадамцэцэг хэллээ.

Өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэлтэй болох тал дээр зайлшгүй ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хувьд гутамшигтай явдал учраас нийгэмд өширхөж магадгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидтой илүү ажиллаж байгаа болохоос хүчирхийлэлд өртсөн хөвгүүдэд чиглэсэн ажил байхгүй гэж хэлж болно. Тиймээс энэ асуудалд зайлшгүй анхаарах цаг иржээ. Энэ хэрэгцээг хангах шийдэл бол сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хүмүүсийг багтаасан тугай байгууллага ажиллах хэрэгтэй.     

Эрэгтэй хүүхэд эрэгтэй хүнд хүчирхийлүүлсний дараа сэтгэл гутралд орох магадлал 80 хувь, өөрийгөө үзэн ядаж, үнэлэмж нь эрс буурдгийг судалгаагаар тогтоожээ       

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, багачуудад онцгой анхаарч ажиллах хэрэгцээ байгааг баримтаас харж болохоор байна. Тухайлбал, “Хүүхдийн тусламжийн утас 108” төвд зөвхөн нэг  жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй 164 орчим хүүхэд ханджээ. Тэгвэл эдгээр хүүхдүүд сэтгэл засах эмчилгээ үйлчилгээ авсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь хүүхэдтэй тулж ажилладаг мэргэжлийн сэтгэл зүйчийн тоо гарын 10 хуруунд л багтаж байна. Хэрэгцээ байгаад нийлүүлэлт нь хомс байгаа ийм нөхцөлд бид яаж ажиллах вэ. Төр гарц шийдэл хайсан болов уу. Эдгээр асуултын хариуг 164 хүүхдийн ар гэр хүлээж сууна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газрын дарга Алтанзаяа “Түр хамгаалах төв байгуулахаар 2017 оны ажлын жагсаалтдаа оруулсан. Сэтгэл засал, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх эмчилгээ үйлчилгээ багтаж байгаа” гэлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газарт хүү Д-гийн ээж хандсан байна. Түүний хүсэлтийн дагуу түүний хүүд сэтгэл заслын эмчилгээ хийж эхлэхээр болжээ. Ямар ч байсан хүүг төрийн байгууллагууд анхаарч эхэллээ. Түүний төлөө хийх ажлын жагсаалтаа ч гаргаад амжиж. Хэрэгжүүлэх боломж, шийдлийг тэд хамтдаа хайж эхэлсэн нь дэвшил юм.

Баримт-3

Хүний эрхийн үндэсний комисс “Сэтгэл санааны хохирол барагдуулах механизмыг төр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай”-г сануулсан зөвлөмжөө УИХ-д хүргүүлэхээ мэдэгдээд  байна.                                                       

Өөрөө зодуулж, дээрэмдүүлээд зогсохгүй үе тэнгийн гурван хүүг хүчирхийлэлд өртөж  байгааг нүдээр харсан 13 настай Д хүүгийн  ээж ганцхан зүйл хүсч байгаагаа биднээр дамжуулан хэлсэн юм. Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр таван сая төгрөг гаргуулах шүүхийн тогтоол хэрэгжээсэй гэж хүсч буй. Мөн сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ авах боломж бий эсэхэд хариу авахыг хүсч байна. Хүний эрхийн үндэсний комиссын тайлан  илтгэлд УИХ хэрхэн анхаарлаа хандуулахаас  шалтгаалж  хүчирхийлэлд  өртсөн  хүүхдүүд  сэтгэл заслын  үйлчилгээ  хүртэх  эсэх нь хамаарах нь.    

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол хяналт шалгалт хариуцсан референт Сэмжидмаа “Хүний эрхийн үндэсний комисс жил бүр хаврын чуулганд илтгэл хүргүүлдэг. Энэ жилийн илтгэлийн нэг бүлэг сэдэв бол хүүхдийн эрхийн асуудал. Энэ асуудлыг бид тал бүрээс нь авч байгаа. Тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл, сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөрийн асуудал багтсан” гэв.   

Жил бүр насанд хүрээгүй 70-90 шахам хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн албан мэдээг Улсын мөрдөн байцаах газраас бид авсан юм. Тэгвэл ийм хэмжээний хүүхдүүдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ шаардлагатай  болдог гэсэн үг юм.  

Жил бүр 70-90 шахам хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн харамсалтай мэдээ байна. 

Ээж  нь  уйгагүй хөөцөлдсөн учраас Д хүү сэтгэл  заслын  эмчилгээ  хийлгэж  байна. Гэтэл  Д бол хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг нүдээр харсан гэрч. Тэгвэл хүчирхийлэлд биеэр өртсөн гурван хүүгийн хувьд ар гэрийхэн нь “нэгэнт болсон зүйлийг  ахин дахин  сэдрээж  ярихыг хүсэхгүй” байгаа юм. Тиймээс хохирсон хөвгүүд өнөөдөр ямар байдалтай байгааг  мэдэх аргагүй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хөгжлийн газрын дарга Алтанзаяа “Хүүхэд эмзэг байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгдөг мэргэжлийн хүмүүстэйгээ холбож өгнө. Мөн сургуульд нь оруулах чиглэлд туслана. Нөхцөл байдлын үнэлгээ дахин хийхээр болсон. Хүүгийн ээж манайд хандсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан тоот явуулсан” гэсэн юм.                                                       

Хүний нэр  хүндтэй  холбоотой эмзэг энэ сэдэв өсвөр насны хөвгүүдийн хувьд нуугдмал байх хандлагатайг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Хөвгүүд гудамж талбай, дэлгүүр орох, усанд явах замдаа хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд гарч байсан ч чимээгүйхэн  дотроо хадгалаад үлдэх явдал бий гэнэ. Өсвөр насныхны хүчирхийллийн тухай ярихаар бид охиддоо илүү их анхаарал хандуулж, анзаардаг бол бага насны хөвгүүд мөн өртдөгийг хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн ажилтан ярьж байсан юм. Хүчирхийллийн  хохирогч  болж  байгаа  өсвөр насны хүүхдэд шүүх, цагдаа, хохирлын нөхөн төлбөрөөс  илүү сэтгэлийн гэмтлийг нь илааршуулах сэтгэл заслын үйлчилгээг, нөхөн сэргээх  эмчилгээтэй нь үзүүлдэг байх эрх зүйн орчин хэзээ бүрдэх вэ... Ирэх хаврын чуулганаар чих тавин чагная.

Нэвтрүүлгийг сонсох бол ЭНД дарна уу.

МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хаачдаг вэ  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2017-03-17 17:00
huchirhiilegchdiig shuud zasdag huuli heregtei baina
зочин [202.131.229.xxx] 2017-02-22 10:35
Хохирогчийг гэр бүлтэй болтол нь хохирлыг нь барагдуулаад. Гаж донтонг дараа нь цаазаар авах хэрэгтэй.
Төрийн албан хаагч [122.201.20.xxx] 2017-02-20 14:07
Ийм этгээдүүдийн унжиж явдаг улаан хоолойг нь зүгээр авчихбал яадаг юм бэ. Ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг улаан хоолойгоо захирч чаддаггүй сүгнүүдээс илүү эрхтэнийг авчихбал яадаг юм бэ. Хүний ёсноор гадуур новшнуудыг алж бологүй Амьд явуул тартагт нь тулга, Үйл тамыг нь цайлга, Үхэлийн дараа ТАМ хүлээж авна
Эх [103.206.195.xxx] 2017-02-17 09:58
Цаазалдаг болох,,,тэд хүн биш
Эх [103.206.195.xxx] 2017-02-17 09:57
Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн хүнийг шууд цаазалдаг болох хэрэгтэй,,, энэ бол адгууснаас ч дор амьтад,,, хүн биш
Зочин [139.5.219.xxx] 2017-02-16 10:25
Ийм этгээдийг зүгээр л буудчих хэрэгтэй бус уу?
Зочин [43.228.131.xxx] 2017-02-14 08:21
аймшигтай

Бидэнтэй нэгдээрэй