Шууд Chart

Өсвөр насны охид “фэйсбүүк”-ээр биеэ үнэлж байна

2017-02-16 11:01:45

Цахим орчин хязгааргүй. Энэ хязгааргүй дундаас ямар мэдээлэл олж авах, хэнтэй найз болох, ямар групп, чатад нэгдэх нь таны дурын хэрэг. Гэвч та цахим орчинд хэн нэгний хараанд өртөж, гэмт хэргийн золиос болох аюулыг өөрөө өөртөө дуудаж байгаа юм биш биз.

Танд эротик зураг болон ийм төрлийн дүрс бичлэгээр нүүрээ халхалсан хэн нэгэн найзлах хүсэлт илгээж байсан уу. Ийм найзлах хүсэлтийн ард далд сонирхол, гэмт хэргийн сэдэл нуугддаг байна.

Баримт 1: Өсвөр насны охид, бүсгүйчүүд садар самуунд уриалсан фэйсбүүк группт нэгдэж байна. Тэд энэ бүлгээрээ дамжуулан бие биедээ эротик зураг, дүрс бичлэг илгээхээс гадна биеэ үнэлдэг.

“Баримт” нэвтрүүлгийн баг энэ залуустай холбоо тогтоохын тулд фэйсбүүк хаяг нээсэн. Эхлээд бид хагас нүцгэн зургаа фэйсбүүктээ байрлуулсан хэд хэдэн охинтой цахим найз боллоо. Ингээд удалгүй зарим нь  “сайн уу”, “юу байна” гэх зэргээр бидэнтэй харилцаж эхэлсэн. Охидтой хэсэг хугацаанд харилцсаны дараа тэдний бүлэгт нэгдлээ. 1000 гаруй гишүүнтэй энэ группт:

-Нэг хөөрхөн охин байна. Яг одоо цэвэрхэн ахаас мөнгө авъя, чат

- Бүх зүйл дээр дотно байх эмэгтэй байна уу?

-Эротик бичлэг зургаар солъё оо гэх зэргээр бичжээ.

Бид мэдээллээ баталгаажуулах зорилгоор тэдний нэгтэй нь уулзахаар тохирсон. Фэйсбүүктээ хагас нүцгэн зураг тавьж нүүрээ халхалсан энэ бүсгүй өөрийгөө  “Т” гэдэг, 19 настай гэж фэйсбүүкээр танилцуулсан. Ингээд “Баримт” нэвтрүүлгийн баг өдөр нь фэйсбүүкээр танилцсан энэ эмэгтэйтэй, орой нь уулзахаар боллоо. Бид түүнтэй 100 мянган төгрөг гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, манай сэтгүүлч түүнтэй ярилцаж, мэдээллээ баталгаажуулах зорилготой байсан. Ингэхдээ тохирсон ёсоор ганцаараа биш, хоёулаа очихоор зохион байгууллаа. Тэнд ийм яриа болсон юм.

"Мөнгөний хэрэг гарахаар л явдаг. Фэйсбүүкийн хуурамч хаягаараа хүмүүстэй холбогддог. Заримдаа хүмүүс өөрсдөө санхүү авах уу гэж чат бичдэг. 100-200 мянган төгрөгийн хооронд тохирдог" гэв.

Урт хормойтой, улаан эрээн куртик өмсөж, үүргэвч үүрсэн энэ бүсгүй өдөр нь фэйсбүүкээр танилцсан, царайг нь ч хараагүй хүнд биеэ үнэлэхээр шөнийн 12 цагт ирсэн юм. Бид  фэйсбүүк хаяг нээгээд 5 хонох хугацаанд “Би 5000 нэгжээр хонодог. Одоо 2500-г нь явуулчих” гэх нэгэн байхад 250 мянгаар нэг шөнийг хамт өнгөрөөнө гэх хүн ч таарлаа. Тэд өөрсдийгөө 18-19-тэй гэх боловч фэйсбүүкийн танилцуулгаас нь харахад 14-25 настай байв. Одоо Фэйсбүүкээр дамжуулж биеэ үнэлдэг охидыг таньдаг гэх 15 настай охины яриаг хүргэе.

"Би нэг хэсэг гудамжинд амьдарсан. Тэр үед өөрөөсөө эгч 16-19 насны хэдэн хүүхдүүдтэй найзалдаг байсан. Нэг удаа тэд намайг  “Энэ ах чамайг авъя гэнэ ээ” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэр хүмүүстэйгээ Фэйсбүүкээр холбогддог юм байна лээ" гэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хууль болон Садар самуунтай тэмцэх тухай хуульд биеэ үнэлэх болон энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэтэл өсвөр насны охид болон бүсгүйчүүд цахим орчноор дамжуулан биеэ үнэлэх, бусдыг садар самуунд уриалах тохиолдол гарсаар байна. Хамгийн гол нь хэнтэй ч, хэзээ ч хамаагүй уулзахад бэлэн энэ охид гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос эхлээд эрүүл мэнд амь насаараа ч хохирох аюултай гэдгийг албаныхан анхааруулж байна.

Баримт: 2 Фэйсбүүк хэрэглэгчдийн 5-10 хувь нь хуурамч хаягтай байдаг байна. Иймээс манай улсад цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хянаж шалгахад хүндрэлтэй гэж албаныхан хэллээ.

Өсвөр насны охид, бүсгүйчүүд садар самуунд уриалсан фэйсбүүк группт нэгдэх, улмаар зарим нь биеэ үнэлэх тохиолдол гарч байгаа тухай бид баримттай мэдээлсэн. Тэгвэл үүнээс гадна цахим орчинд биеэ зөв авч явах соёл эзэмшээгүйгээс болж, мөн гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, “гэртээ ганцаараа байна”, “уйдаж байна” гэх зэргээр өөрийгөө илэрхийлэх нь хэн нэгний хараанд өртөх шалтгаан болдог гэлээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Эрдэнэбилэг.

Олон удаа “гэртээ ганцаараа байна” гэдэг ч юм уу ийм зүйл постлох нь эрсдэлтэй. Хэн нэгэн чамайг хараандаа авчихаад, хуурамч фэйсбүүк нээгээд найзын хүсэлт илгээж болно. Найз болсныхоо дараа тэнд уулзъя гэнэ. Тэгээд уулзсаныхаа дараа тэр хүүхдийг яаж ч дарамталж, ямар нэг байдлаар гарах гарцгүй болгодог. Үүнээсээ болоод тухайн хүүхэд биеэ үнэлэх, садар самуунд орооцолдох ч юм уу иймэрхүү зүйлс их гардаг. Тэгэхээр бичиж байгаа зүйл болон зураг хөргөө бодолтой оруулах хэрэгтэй байна. Өөрөө өөрийгөө л хамгаалж байхгүй бол цахим ертөнцөд гэмт хэрэгт ороход маш амархан. Цахим ертөнцийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Мэдээлэл хоёр талтай байдаг. Тэрний сайн мууг нь ялгаад зөв ашиглаад сурчих юм бол өөрөө өөрийгөө хамгаалж чадна.

Цахим орчинд хуурамч хаяг, эсвэл садар самуунд уриалсан бүлэг үүсгэж байгаа хүмүүс бүгд далд зорилготой. Тэд “бүгд л ингэдэг шүү дээ”, “хүн болгон л дуртай” гэх зэргээр түгээмэл хэв маяг бий болгож, жинхэнэ зорилгоо нуухыг хичээдэг. Өнгөрсөн 2016 онд л гэхэд Цагдаагийн байгууллагаас 40 гаруй нууц группийг илрүүлсэн байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэх боломж бага байдаг гэж Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Очирбат хэллээ.

Хуулиараа давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг болохоор ял шийтгэл авсан нь цөөхөн байдаг. Садар самуун сурталчилсан гэсэн зүйл ангиар 2014 онд нэг, 2015 онд хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ийм асуудал цахим сайт болон фэйсбүүкт их гардаг. Нууц групп үүсгэх ч юм уу, бусдад садар самуун сурталчлах зэргээр хууль зөрчдөг. Хууль зүйн яамнаас чиглэл ирүүлсний дагуу 2016 онд нийт 50 нууц группийг илрүүлж таслан зогсоосон. Гэхдээ энэ нь давтан үйлдэл биш учраас эрүүгийн хэрэг үүсгээгүй.

Монгол Улсын хэмжээнд фэйсбүүкт өдөртөө 950  хэрэглэгч тогтмол ханддаг. Харин сард 1 сая 600 мянган хүн ханддаг байна. Дэлхийн дунджаар нэг хүн өдөр 57 минут Фэйсбүүкт ханддаг бол манай улсад нэг хүн 77 минут ордог гэсэн судалгаа гарсан байна. Гэтэл дэлхийн нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 5-10 хувь нь хуурамч хаягтай байдаг. Тодруулбал, 140 сая хүн хуурамч хаяг нээж, бусдыг хөндлөнгөөс ажиглахыг илүүд үздэг байна. Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Эрдэнэбилэг:

Нэгдүгээрт, Бүлэг хүмүүс юм уу, нэг хүн хуурамч хаяг нээж байгаа нь зорилготой байдаг. Зорилгоо биелүүлэхийн тулд хэн нэгнийг группдээ элсүүлдэг. Хоёрдугаарт, Фэйсбүүк бол АНУ-ын оюуны өмч. Тиймээс та фэйсбүүкээс болж, ямар нэг гэмт хэргийн золиос боллоо гэхэд шалгаж, хянахад хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл фэйсбүүкт тавигдсан мэдээллийг шалгахын тулд АНУ-д хандах шаардлагатай болдог. Иймээс та өөрийнхөө хувийн мэдээллийг фэйсбүүкт бага оруулж, нийтэлж байгаа үг, зураг хөргөө болгоомжтой тавих хэрэгтэй. Ингэж л өөрийгөө л хамгаалах нь чухал байна.

Манай улсад сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн тоо өссөн. Тэгвэл үүний шалтгааныг цахим ертөнцөд хувийн мэдээллээ хамаагүй нийтлэх, залуус нийгмийн сүлжээнд биеэ зөв авч явах соёлд сураагүйтэй холбоотой гэж албаныхан үзэж байна. Хэн нэгэн найзын хүсэлт явуулахад шууд хүлээж авдаг. Тэгээд харилцаа үүсгэнэ. Дараа нь уулзана. Өөрийн үнэн дүр төрхөө нуусан нэгэнтэй ингэж  харилцаа үүсгэх нь эцэстээ олон эрсдэл дагуулна гэдгийг албаныхан анхааруулж байна.

Нэвтрүүлгийг сонсох бол ЭНД дарна уу.

МҮОНР-гийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

 

Нийтэлсэн: Баримт

Өсвөр насны охид “фэйсбүүк”-ээр биеэ үнэлж байна  
Үзсэн: 3523 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [124.158.88.xxx] 2017-03-29 09:32
сайн байна. улам өндөр амжилт гаргахыг хүсье. танай баг хамт олонд
Зочин [103.229.122.xxx] 2017-02-16 14:07
Mongoliin tsagdaa ene asuudaltai suuliin jil ogt temtsehee bolison

Бидэнтэй нэгдээрэй