Шууд

Маргааш битгий болоосой

2017-04-06 10:45:44

Бусдын амьдралыг юман чинээ бодолгүй, зээлүүлсэн мөнгөний хүүгээ хүссэнээрээ өсгөж, өрийн сүлжээнд олон иргэдийг дөнгөлж чадсан улс бол мөнгө хүүлэгчид. Тэд хана хэрмээ бат бөх байлгахын тулд эцэс төгсгөлгүй үргэлжлэх өрийн сүлжээнд иргэдийг олноор нь татан оруулдаг. Ийм  сүлжээнд орсон зарим нь өргөст торны цаана хяслант өдөр хоногийг өнгөрүүлж байхад туйлдаа хүрсэн нэг нь лангууныхаа ард алтан амиа егүүтгэжээ. Харин хүүгээс хүүгийн хооронд “байдаг бүхнээ” үг дуугүй тушааж байгаа хэсэг нь “Маргааш битгий болоосой” гэсэн ганцхан бодолтой...

Баримт:-1 Иргэн Х мөнгө хүүлэгчээс нийт 30 сая төгрөгийн зээл авчээ. Тэрбээр зээлсэн мөнгөө хүүтэй нь 1 тэрбум гаруй төгрөг болгон төлсөн байна.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж 2011 онд компанийнхаа өдөр тутмын зардалд зориулж өдрийн зээл олгогчоос 30 сая төгрөг зээлсэн байна. Тэрбээр энэ мөнгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй авчээ. Харин 2 сарын дараа түүний төлөх мөнгө 70 сая болж өссөн байна. Ингэж явсаар 6 жилийн хугацаанд тэрбээр өдрийн зээл олгосон хүндээ 1 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгөө алджээ. Иргэн Х ингэж ярьж байна. 

"Би анх 30 сая төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Төлж чадаагүй гэсэн шалтгаанаар хоног нь 14 болж, хүү нь 20 хувьд хүрсэн. Миний төлөх мөнгө 2 сарын дараа гэхэд 70 сая болсон. Хэрвээ чи төлж чадахгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно. Биднээс авсан мөнгөө энэ цаасан дээр бич, бичихгүй бол авсан мөнгөө яг одоо бүгдийг нь буцааж өг гэж шахаж, дарамталдаг байсан. Би компанийн үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй ээ. 30 сая төгрөг зээлснээс хойш 3 сарын дараа гэхэд миний төлөх мөнгө шууд л 100 сая болсон. Аргаа барахдаа Land-200 маркийн авто машинаа  өгсөн. Гэсэн ч миний өр дуусаагүй. 20 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн гараар босгосон миний амьдрал 6 жилийн дотор сүйрсэн. Өөрт байсан үнэтэй гэсэн бүхнээ өдрийн зээл олгогчдод алдсан". 

Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд энэ төрлийн зээл олгодог мөнгө хүүлэгч их болжээ.

Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд энэ төрлийн зээл олгодог мөнгө хүүлэгч их болжээ. Тэд худалдаачдад сарын 10-20 хувийн хүүтэй, өдөр бүр эргэн төлөлт хийх нөхцлөөр мөнгө зээлүүлдэг. Энэ нь эцэстээ зээл авсан иргэдийг дампуурахад хүргэж байна.   

Иргэн Х: Миний алдаа хуулийн мэдлэг дулимаг байсантай холбоотой. Өнгөрсөн 6 жилийн турш миний амьдрал там байсан. Тэд намайг төдийгүй гэр бүлийг минь дарамталж, айлган сүрдүүлж ирсэн. Сэтгэл санааны дарамт хамгийн том дарамт байлаа. Хүмүүс яагаад “амиа хорлодог”-ийг би ойлгосон. Нэг бус удаа ийм оролдлого хийсэн. Намайг тогтоосон ганц зүйл бол миний 4 хүүхэд. Гэрт  ирж дарамт үзүүлснээс болж хүүхдүүд маань мөнхийн айдас дунд амьдарч байсан.                                 

Түүнийг Нарангийн энгэрт аваачин ухсан нүхэнд хийж гурван ч удаа хий буудаж айлган сүрдүүлжээ. Ингээд зогсохгүй гэрт нь тухалж гэргийгээр нь хоолоо хийлгүүлж, бага насны 4 хүүхдийг нь элдэв үгээр хараадаг байж...  Гэр бүлээ ийм байдалд оруулсандаа гутрах, бачимдах нь зэрэгцэж орцондоо архи ууж суухаас өөр сонголтгүй, арга мухардаж байсан тухайгаа тэрбээр бидэнд ярьсан юм. Иргэн Х тус бүр нь 100-200 сая төгрөгийн үнэ бүхий 2 машин, 700 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 290 гаруй сая төгрөгийн үнэтэй орон сууц гээд өөрт байсан үнэтэй бүхнээ алджээ. Тэрбээр өнөөдөр эхнэр, 4 хүүхдийн хамт айлын хажуу өрөө хөлслөн амьдарч байна.  

Баримт-2: Өдрийн зээл олгогч, 10 хүнд 10 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлнэ. Харин маргаашнаас нь эхлэн өдөр бүр тэднээс 50 мянган төгрөгийг буцаан авах зарчмаар ажилладаг. Үүгээр тооцвол өдрийн зээл олгогчийн сарын цэвэр ашиг 28 сая төгрөгт хүрч байна.

Өдрийн зээлээ авсан Хишгээгийн төлөх мөнгө нь нэмэгдсээр 2 жилийн дотор зөвхөн хүүнд л гэхэд 4 сая 800 зуун мянган төгрөг төлөхөөр болж. Тэрбээр энэ өрийг төлөхийн тулд өөр нэг мөнгө хүүлэгчид өр тавина. Ингэж явсаар эцэст нь авсан зээлээсээ давсан олон сая төгрөгийг “өдрийн зээл олгогч”-дод алджээ.

Иргэн Хишгээ: Эхлээд би хүүг нь төлж явсан ч сүүлдээ дийлэхээ больсон. Зээлж авсан үндсэн мөнгөө төлж дуусчихаад байхад, хүү нь яваад л байсан. Өдрийн 40 мянган төгрөг төлнө гэдэг хүнд. Үүнийг төлөхийн тулд өөр нэг өдрийн зээл олгогчоос мөнгө зээлсэн.

Өдрийн зээл олгогчоос 2 сая төгрөгийн зээл авсан Хишгээгийн жишээн дээр санхүүгийн тооцоо хийе. Тэрбээр энэ мөнгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүү төлөх болзолтой авсан. Хүүг 2 жил буюу 24 сард үржүүлбэл 4 сая 800 зуун мянган төгрөг болж байна. Харин тэрбээр арилжааны банкнаас ийм хэмжээний зээлийг 1 сарын хугацаанд 2 хувийн хүүтэй зээлсэн бол хүүнд нь 960 мянган төгрөг төлөх байжээ. Зөрүү нь 3 сая 840 мянган төгрөг. Тэгэхээр Хишгээ ийм хэмжээний мөнгийг өдрийн зээл олгосон хүнд зүгээр өгч байна гэсэн үг.

Хоёр тал харилцан тохиролцож мөнгө зээлдүүлж болно гэж хуулинд заасан ч “өдрийн зээл” хэмээх энэ үйлчилгээ иргэдийг луйвардсан, залилсан нэг хэлбэр гэж хуульчид үзэж байна.

Нэг нь мөнгө зээлдүүлж, нөгөө нь мөнгө зээлдэг энэ харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг. Хэдийгээр хоёр тал харилцан тохиролцож мөнгө зээлдүүлж болно гэж хуулинд заасан ч “өдрийн зээл” хэмээх энэ үйлчилгээ иргэдийг луйвардсан, залилсан нэг хэлбэр гэж хуульчид үзэж байна.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Бат-Ялалт: Шаардлагатай үед барьцаагүй бэлэн мөнгө олдож байгаа ганц боломж өдрийн зээл  болчихоод байна. Монголбанкнаас гаргасан “Мөнгө зээлэх журам” гэж бий. Манай улсад мөнгийг сар, жилээр зээлж болно гэж энэ журманд заасан байдаг. Гэтэл өдрийн зээл гаргадаг хүмүүс сарын хугацаатай гаргасан хэрнээ мөнгөө хэрэглэж эхлээгүй байхад маргаашнаас нь эхлээд мөнгөө аваад эхэлдэг. Энэ нь өөрөө хууль бус зээл юм.

"Өдрийн зээл" нэрээр мөнгө хүүлж байгаа хүмүүсийн талаар нэгдсэн тоо өнөөдөр алга. Гэхдээ нэг захад 4-8 мөнгө хүүлэгч байдаг гэх мэдээлэл байна. Гарын арван хуруунд багтахаар цөөн тооны мөнгө хүүлэгчид 30, 40 цаашлаад бүр 200-300 худалдаа эрхлэгчтэй захуудад өөрийн хөрөнгөө өсгөж байна.

Жижиг дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Дүгэрээ: Татвар төлдөггүй, бүртгэл, хяналт байхгүй ийм хүмүүс олон арван иргэдийг хохироож байна. Өдрийн зээл авсан хүмүүст бичигдээгүй хууль бий...үхэж болохгүй, өвдөх эрх байхгүй, хэрэв өвдвөл өдрийн зээлэнд төлөх мөнгө өснө, ар гэрт дарамт ирэх учраас үхэх эрх бидэнд байхгүй гэж тэд ярьдаг. Мөнгө зээлснээс болж залилангийн хэргээр шоронд суусан хүн бий.  

Энэ жишгээр олон хүн өр ширэнд орж, орох оронгүй болж, айлаар хоног төөрүүлж, сүүлдээ хэрэгтэн болж магадгүй байгаа тухай эх сурвалжууд ярьсан юм.  

Баримт:-3 Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэх, зээлэх асуудал Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулагддаг. Гэхдээ энэ хуулийн 282.2-т:  “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан байдаг.

Мөнгө зээлүүлсэн этгээд өөртөө давуу байдал бий болгож, худалдаа эрхлэгчдийн хөлс, хөдөлмөрийг мөлжиж байна. Сарын 10, 15, 20 хувийн хүүтэй мөнгө зээлүүлж, өдрөөр эргэн төлүүлдэг энэ үйлдэл бол яах аргагүй мөнгө хүүлж байгаа хэлбэр гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Оюун хэлсэн юм.

Мөнгө зээлүүлсэн этгээд өөртөө давуу байдал бий болгож, худалдаа эрхлэгчдийн хөлс, хөдөлмөрийг мөлжиж байна.

Хүү бодож байгаа давтамжаас ихээхэн хамаарна. Жилийн хүү 6 хувь байлаа гэж бодоход өдөр бүр зээлсэн мөнгөнийхөө хүүг аваад байвал жилийн эцэст өндөр гарна. Их мөнгөнөөс авч байгаа нь ихийг авна, өгч байгаа нь маш ихийг өгдөг зарчимтай. Хүү төлөх давтамж ойртох тусам нэрлэсэн /10, 20/ хүү өсдөг. Энэ нь мөнгө хүүлж байгаа нэг том хэлбэр юм. 

Өдөр бүр төлөх зээлийн хэмжээ 400 мянга, 500 мянга эсвэл сая төгрөг... Ийм байдал хэдэн сар, хэдэн жилийн турш өдөр бүр давтагдана. Хүүгээс хүү тооцогдож, худалдаа эрхлэгчид өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн ч хамаг орлогоо мөнгө хүүлэгчид хураалгана. Харин мөнгө хүүлэгчид энэ орлогоосоо нэг ч төгрөгийн татвар төлдөггүй.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Бат-Ялалт: Хэт өндөр хүүг бууруулна гэсэн хуулийн заалт бий. Үүнийг Иргэний хуулийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан байдаг. Хүүг буулгах эрх манай шүүгч нарт бүрэн бий. Гэвч энэ боломжийг тэд сайн ашигладаггүй.

Бусдад өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, тэрийгээ хэд дахин нугалж ашиг олох энэ үйл явдлын цаана хэсэг бүлэг хүмүүс хөлжиж, өөр нэгний амьдрал сүйрэн унаж байгаа баримтуудыг бид дэлгэлээ.

Нэвтрүүлгийг та бүхэн ЭНДЭЭС сонсох боломжтой. 

Нэвтрүүлэг бэлтгэсэн МҮОНР-ийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Маргааш битгий болоосой  
Үзсэн: 1549 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ҮНЭН ШҮҮ [202.126.91.xxx] 2017-04-19 21:55
ӨДРИЙН ЗЭЭЛ БОЛ ҮНЭХЭЭР ТАМ ШҮҮ БӨӨН СЭТГЭЛИЙН ДАРАМТ ХИЙСЭН ОЛСОН АШГАА ХҮНД ӨНДӨР ХҮҮНД ӨДӨР БҮР ӨГӨӨД ДУУСДАГ ЮМ
Зочин [103.10.23.xxx] 2017-04-19 19:45
Мал малаа дарамталжээ.нийгэмээ мэдэрч амьдрахад яадаг новшнууд вэ?хуулиа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй явдаг хүмүүс нарангийн энгэрт хий буудуулаад хэвтэж байхаас өөр яахав.
Зочин [43.228.131.xxx] 2017-04-19 16:47
тэр 30 сая зээлсэн нөхөр ямар бүтэхгүй арчаагүй гар вэ ... тэгж дарамтлуулж л байдаг
Зочин [103.10.23.xxx] 2017-04-14 19:09
TOR gej bna uu dundad zuun bishdee
Зочин [103.23.51.xxx] 2017-04-10 13:26
Хөвсгөл аймгийн Мөрөн сум сум хөгжүүлэх сан нэртэй сангаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгосон байна. Гэтэл ЭЗ -ийн хямрал, мөнгөний хомсдолоос болоод зээлийн эргэн төлөлт саатжээ. Энэ байдлыг ашиглан зээлийн ажилтнууд нь зээлийн үндсэн үлдэгдлээс өдрийн 0,5-1% -р бодож алданга авч мөнгө хүүлэн баяжиж байгаа мэдээлэл байна. Хуулийн байгууллагаас зөвөлгөө авахад та нар төлөх ёстой гээд хэрэгсэхгүй бяцхан маф үүссэн байн аа
Хариулт [202.70.34.xxx] 2017-04-13 18:07
http://www.mnb.mn/i/107514 Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр шахааны бизнес хийсэн үү?

Бидэнтэй нэгдээрэй