Шууд

Хуулиас дээгүүр гэрээ

2017-04-18 10:55:15

“Байртай  л болчихвол боллоо доо” гэсэн монголчуудын бодол. Хэдхэн жилийн өмнө банкны зээлээр байр аваад амьдралаа дээшлүүлнэ гэсэн тэдний бодол өнөөдөр орвонгоороо эргэжээ. Ноён долларын ханш өсөж төгрөг үнэгүйдэж ... Анх авсан байр нь ханшийн зөрүүнд өртөж хэд нугалж төлөхөөр байдалд хүрсэн иргэдийн төлөөлөл манай нэвтрүүлэгт хандсан юм.

Баримт 1: Иргэн М 160 сая төгрөгтэй дүйх долларын зээлийг банкнаас авчээ.  Тэрбээр, банканд 6 жилийн дотор 290 сая төгрөг төлөөд байна. 

Түүний гэр бүл 2011 онд нэгэн банкнаас 160 сая төгрөгтэй дүйх орон сууцны зээлийг америк доллараар тооцон авсан. Тухайн үед долларын ханш 1250 төгрөг байжээ. Долларын ханш 2400 давснаас хойш төлбөрөө төлөх боломж багасжээ. Тэрбээр сард 1 сая 800 мянган төгрөг төлдөг байсан бол ханшийн өсөлтөөс шалгаалан одоо 3 сая 200 мянган  төгрөг төлж байгаагаа учирлалаа. Банканд төгрөгөөр зээл авах хүсэлт анх гаргасан ч долларын зээлээр батлагджээ.

Иргэн М: Байр авахаар  зээл хөөцөлдсөн. Эхлээд Голомт банктай очиж уулзахад 100 саяас дээш төгрөгийн зээлийг долларын зээлээр шийднэ гэсэн. Харин Хас банк төгрөгийн зээл олгоно гэж хэлсэн ч хурлаар ороод доллараар батлагдчихсан байсан. Бид нар доллараар орлого олдоггүй учраас үүний талаар мэдэхгүй гэж хэлсэн. Банкны ажилтан  төгрөгийн зээлийн хүү 1,4 хувь,  харин  долларын зээлийн хүү 1,01 хувь бага шүү. Урт хугацаатай ашигтай гэж хэлсэн. 2017 оны 5 сар гэхэд зээлийн эргэн төлөлт 290 сая төгрөгт хүрнэ.  Бид нар төгрөгийн зээл авсан бол дуусахаар хугацаа болчихсон л байна.  290 сая төгрөг төлчихөөд байхад үндсэн зээл болох 128 мянган доллараас зээлийн үлдэгдэл 108 мянган доллар үлдээд байна.  Бид хуулийн дагуу шийдүүлмээр байна. Иргэний хуулийн 218.1-г үндэслэн заргалдана. Тухайн зээлийг авсан өдрийн ханшаар төлбөрөө төлмөөр байна.  Хас банк боломжгүй гэх тайлбар хэлсэн. Яагаад боломжгүй гэхээр тухайн үед хадгалуулсан хүний долларыг танд зээлүүлсэн. Доллар өсөөд банк адилхан алдагдал үүрч байна гээд байгаа.

Тэрбээр 5 өрөө байраа 20 жилийн хугацаатай зээлээр авсан. Үлдсэн 14 жилд зээлээ графикийн дагуу төлөхөд анх авсан 160 сая төгрөг нь ханшийн зөрүүнээс болж 1 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Энэ бол доллар одоогийн ханшаар бодсон тооцоолол. Тиймээс иргэн М,  Иргэний хуулийн 218.1 дэх  заалт: “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэснийг үндэслэн заргалдахаар шийдсэн байна.

Иргэн М: Нэгэнт зээлээ төлнө гэж бодоод л авсан. Гэхдээ энэ байдлаараа үргэлжлүүлээд явахад маш хүндрэлтэй байна. 160 сая төгрөгийн байр маань зээлээ төлөөд дуусахад 1 тэрбум төгрөгт хүрэх гээд байна. Зайсанд хаус худалдаж авсан бол гомдолгүй суухсан. Бид нар осолдохгүй л хоосон хонохгүй амьдарч байна. Өмсөж зүүх бүх юмаа хязгаарлаж байна. Амьдралынхаа түвшинд багацаалдаал  зээлээ тохируулж авсан. Орлого сайтай айл байлаа гэхэд сард 3 сая гаруй төгрөг төлнө гэдэг хүндрэлтэй шүү дээ. Бид нар ганцхан зээл төлөх гэж амьдрахгүй ш дээ, хүүхдүүдийн хувцас, сургалтын төлбөр хоол унд гээд асуудал зөндөө байна.

Өрхийн орлого зарлагаа тооцон авсан зээл нь өдгөө ханшийн зөрүүнээс болж хэд дахин үржигдэж  энэ гэр бүлийн амьдралыг туйлдуулжээ. Хоёр идэхгүй хоосон хонохгүйн тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилласэн ч төлж дийлэхгүйд хүрчээ. Одоо өөр нэгэн баримт сонсоё.

Баримт 2: Иргэн Санчир одоогоос есөн жилийн өмнө  1 америк доллар 1150 төгрөгтэй тэнцэж байхад 23 сая төгрөгийн зээлийг доллараар авсан. Энэ хугацаанд 37 сая төгрөг төлсөн ч банк нэмж 33 сая төгрөг нэхэмжилжээ.

Иргэн Санчирын хувьд 2008 онд 23 сая төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар  10 жилийн хугацаатай авсан. Түүний зээл дуусахад ердөө 1 жилийн хугацаа үлдээд байна. Долларын зээлийн төлөлтийг төгрөг рүү шилжүүлэн сар бүр 415 мянга 200 төгрөгийг 10 жилийн хугацаанд төлснөөр 2018 онд зээл хаагдахаар гэрээлжээ. Гэрээ дуусах хүртэл 12 сая төгрөг төлөөд л байр нь өөрийн эзэмшилд шилжинэ гэсэн бодол нэг л өдөр талаар өнгөрсөн тухай тэрээр ярьж байна

Санчир: Хас банк төгрөгийн нөөцгүй байна ашигтай байдлаар долларын зээл авч болно  ш дээ гэсэн. Яагаад гэвэл төгрөгийн зээл сарын 1,5 хувьтай байсан. Надад сарын 1 хувиар долларын зээл санал болгосон. Тэгээд судлаж үзээд таны долларын зээлийг сарын 0,9 хувь руу оруулаад өгье гэсэн. Тухайн үед байрны төлбөрөө хийх гээд хугацаа тулаад хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор санал болгосон тул долларын зээлийг авсан.  2016 оны байдлаар банканд 37 орчим сая төгрөг төлөөд байна. 2018 онд зээлээ дуусна гэж бодож явтал Хас банкнаас утасдаад,  танайх ийм байдлаар  зээлээ төлвөл жилийн дараа дуусахгүй. Ахиухан мөнгө хий гэж хэлэхээр нь л би  цочрол авсан. Сар болгон төгрөгөөр тогтоосон график байхад “яагаад” гэж асуусан ч  тэр хамаагүй, та манайхаа доллар авсан түүгээрээ л төл гэсэн.  Төлөлтийн графикаар 37 сая төгрөг төлсөн. 12 сая төгрөг төлөөд л  зээл дуусна гэж байсан ч нэмж 21 сая төгрөг долларын зөрүүнд нэхэмжилсэн. 

Төгрөгийн зээл авах хүсэлт банканд тавьсан ч америк долларын зээлийн хүү бага, урт хугацаатай гэх саналыг банк санал болгосон байна. Харин  банк үлдэгдэл төлбөрөө долларын өнөөдрийн ханшаар тооцож барагдуулахыг зээлдэгч нараас шаардаж байгаа юм.

Баримт 3 : Долларын зээл авч ханшийн алдагдалд орсон гэх 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж “Өргүй монголын төлөө 218.1 үндэсний хөдөлгөөн”-д элсээд байна.

Эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүд Иргэний хуулийн 218-р зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Доллар 1200 төгрөг байхад зээл авсан иргэд өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцэх ханшаар зээлээ буцаан төлж байгаа нь хуульд нийцэхгүй гэх тайлбарыг тус үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эдийн засгийн ухааны доктор Баярхүү хэллээ.

Өнөөдөр банкнаас зээл авсан хүн төгрөгийн ханш унасан учраас зээлдэгч хохироод байна. Эсрэгээрээ төгрөг чангараад банк хохирсон бол яах вэ? Иргэний  хуулийг батлаж байх үеийн протоколыг олж уншсан. Зээлийг авсан өдрийн ханшаар төлнө,   төлөх үеийн ханшаар төлөхгүй гэж томъёолсон  байсан. Зээлийн харилцаанд аль нэг талд ашигтай эсвэл хохиролтойгоор бус тухайн үед тэнцвэртэй нөхцлийг хадгалахаар л энэ хуулийг баталсан. Одоо бол зээлдэгч хохироод банк алдалгүй байна. Эсрэг тохиолдолд зээлдэгч хожоод банк хохирвол яах вэ?

Харин банкуудын зүгээс зээлдэгчид ямар төрлийн валютаар зээл олгосон түүнийгээ л авна гэдгээ хэллээ. Зээлийн гэрээ үүссэн өдрөөр бус зээлийн төлбөр төлсөн өдрийн валютын ханшаар тооцохыг гэрээнд ч онцлон тусгаж өгдөг гэж Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Үнэнбат ярилаа.

Банкуудын зүгээс ямар валютаар олгосон түүнтэй адилхан л валютаар төлүүлнө гэсэн нөхцлийг гэрээндээ тусгадаг. Иргэний хуулийн 281.1 “Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг л зээлийн харилцаа” л гээд байгаа ш дээ. Тиймээс доллар юм уу доллартай төлөх үеийн ханштэй тэнцүү зүйлээр л төлнө гээд байгаа юм. Маргаад байгаа зүйл нь Иргэний хуулийн 218.1 зүйлийг иш татаад мөнгөний ханш өөрчлөгдсөн гэх заалтыг яриад байгаа. “Мөнгөний ханш” гэдэг чинь төгрөг гадаад валютын ханш өөрчлөгдсөн гэсэн зүйл биш юмаа. Мөнгөний ханш бол улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад мөнгөний реформ хийхийг хэлнэ. Жишээ нь 1 төгрөгийг тодорхой хугацааны дараа 100, 1000 төгрөгөөр солихыг хэлнэ. Бид нар 1990-ээд онд хийсэн. Тийм реформтой холих хэрэггүй юм. Банкнаас бол зээлсэн доллараа эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний валютаа л шаардана.

Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэх хуулийн заалттай. Гэтэл энэ заалтыг шүүх олон салаа утгаар тайлбарлаж хоёр өөр үндэслэлээр иргэний эсвэл банкны талд шийдвэрийг гаргаж байна. Шүүх нэг тайлбараар шийдвэр гаргах ёстой. Тийм ч учраас МҮХАҮ-ын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын хуульчид 2002 оны Иргэний хуулийн тайлбар номыг гаргажээ.  Тайлбарт: 218.1 дэх заалт нь Үүрэг гүйцэтгэгч  гэрээ байгуулсан өдрийн ханшаар уу эсхүл үүрэг гүйцэтгэх өдрийн ханшаар тооцох уу гэсэн асуудлыг зохицуулсан зохицуулалт гэж тайлбарлажээ. Гэтэл одоо х:эр нь энэ хуулийн заалтаар маргалдсаар байгаа нь хуулийг эргэж харахад хүргэсэн гэж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч  Түвшинтулга ярилаа.

Практикт нилээд маргаан гардаг. Тухайн үеийн ханшаар тооцох уу, эсвэл одоогийн ханшаар тооцож энэ үүргийг гүйцэтгэх үү гээд. Ер нь мөнгөний ханш  гэдэг маань өөрөө валютын мөнгөн дэвсгэрттэй харьцах харьцааг хэлэхүү эсвэл мөнгөний өөрийн  эдийн засгийн өсөлт үзүүлэлтийг илэрхийлэх ойлголт уу гэдгээс хамаараад маргаан дагуулаад байгаа юм. Шүүх анхан, давах, хяналтын 3 шаттай. Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах, хяналтын шатанд ч өөрчлөгддөг. Тийм  эрх зүйн үндэслэл ч бий. Магадүй нэг тодорхой маргаантай асуудалд шүүхийн шийдвэр хоёр, гурван янзаар гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг цаашид судлах хэрэгтэй байгаа юм. Хэрвээ үнэхээр хуулийн заалт маргаантай, ойлгомжгүй зүйл байгаа бол хуулийн хэрэглээ түүнийг тайлбарлах асуудал байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  тухайн хууль тогтоомжийг боловсронгүй болох, тодорхой болгож хуульчлах шаардлагатай.

Өндөр ханшаар тооцож зээлээ төлбөл зээлдэгч хохирох, бага ханшаар тооцож мөнгөө авбал банк хохирох дүр зураг ажиглагдаж байна. Зээлдэгчид авсан нь үнэн болохоор зээлээ төлнө, гэхдээ ханшийн эрсдлийг үүрмээргүй байгаа тул Иргэний хуулийн 218.1-ээр шийдвэрлүүлэх хүсэлтэй. Харин банкуудын зүгээс ямар валютаар зээл олгосон тэрийгээ л авна гэдэг байр суурьтай байгааг та бүхэн сонслоо. Төв банкны хувьд төгрөг үнэгүйдэж валютын ханш өсөх үед үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах ёстой. Ханшийн зөрүүнд Төв банкны оролцоо ямар байх  вэ? Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Түмэнцэнгэл:

Яг тухайн зээл авч байгаа хүн хариуцлагаа хүлээх ёстой. Өөрөө шийдвэр гаргаж байгаа учраас.  Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл байдаг. Энэ чиглэлийнхээ хүрээнд Монгол банкны зүгээс ханшийн огцом  савлагаа үүсгэхгүй байх,  богино хугацааны савлагааг тогтвортой байлгахад анхаарч ажилладаг.

Долларын зээлтэй иргэдээ валютын ханшийн алдагдлаас аварсан олон жишээ, туршлага бусад улсуудад бий. Тухайлбал ханшийн эрсдэлд орсон иргэддээ нөхөн төлбөр өгөх,  даатгалын тогтолцоог  нэвтрүүлэн  гарц шийдлийг олсон байдаг.  Тиймээс америк долларын зээлийг төгрөгийн зээл рүү шилжүүлэх, америк долларын төгрөгтэй тэнцэх ханшийг хуульчлах хэрэгтэй гэж Эдийн засгийн ухааны доктор Баярхүү хэллээ.

Банкууд нэг их наядын аваагүй зээлийн ачааллыг зээлдэгчдэд үүрүүлсэн. Үүнээс болж барилга, уул уурхай, орон сууцны зээлдэгчид дампуурч байна.  Тиймээс эхний ээлжинд долларын зээлтэй иргэдийг төгрөг рүү шилжүүлэх, долларын ханшийг 1450 төгрөг дээр тогтвортой хуульчлах хэрэгтэй. Үүний дараа монгол улсын нутагт дэвсгэрт валютын зээл, хадгаламжийг хориглох нь зүйтэй. Банкуудад 1,3 тэрбум долларын хадгаламж хэвтэж байна. Долларын хадгаламж, зээлийг хорьчихвол төгрөг рүү шилжүүлнэ ш дээ.

Төгрөгийн ханш унахын хирээр зээлдэгч, аж ахуй нэгжүүдийн бизнес хумигдах, өрнөөс өрөнд орж үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдэж байгаа жишээг бид баримтаар дэлгэлээ. Үүнийг зохицуулах хууль байна уу? байна. Гагцхүү хуулийг олон салаа утгаар тайлбарлан практикт хэрэглэснээр валютын зээлтэй иргэд хохирч байгааг эх сурвалжууд хэлж байсан юм.

Нэвтрүүлгийг сонсох бол ЭНД дарна уу.

Нэвтрүүлгийг бэлтгэсэн МҮОНР “Баримт” ЭСН-ийн баг

Нийтэлсэн: Баримт

Хуулиас дээгүүр гэрээ   
Үзсэн: 568 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй