Шууд Chart

Алтай нутгийн “Амьд Эхо”

2016-11-24 10:11:49

/Гэрэл зураг: Монгол Улсын Ардын эмч П.Шижээ /баруун гар талд, Монгол улсын гавьяат эмч Т.Шатарбал нар/

Шөнө дөлөөр утас дуугарлаа. Нойрмоглон байж арайхан нэг юм автал “Тонхилоос Шижээ эмч ярьж байна. Таны хийсэн  “Би Монгол хүн“ хөрөг нэвтрүүлэг , “Эргэх дөрвөн цаг“ нэвтрүүлгүүдээс миний тухай олон хүн мэдээлэл авчээ. Зохиолч Т.Баасансүрэн миний амьдралаас сэдэвлэн “Сумын эмч“ гэдэг зохиол бичиж кино болгосон. Танд баярлаж явдаг шүү. Удахгүй очихоороо уулзана“ гээд утсаа тавьчихав. Нэвтрүүлгээр орсон хүн маань амжилтад хүрэхэд иймэрхүү сайхан мэдээ сонсохоор өөрөө амжилт гаргасан юм шиг хөөрдөг нь сэтгүүлч хүний зан байх. Би П.Шижээ  эмчтэй  2О жилийн өмнө танилцаж. Манай сурвалжлах группийг очиход “За манайд П.Шижээ гэж маш сайн эмч бий. Тэрийг л сурвалжлаарай “ гэж Тонхил сумын иргэд хэлж байсан. Тэгэхэд П.Шижээ эмч залуухан, ёстой л  Алтай, Тамчийн даваагаар атан тэмээгээр давж үзлэг хийдэг  байлаа.

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви төдийгүй Ховд аймгийн Дарви, Цэцэг сумынхан П.Шижээ эмч рүү хошуурна. Тэгэхэд нэг эмэгтэйг лааны гэрэлд төрүүлэх олон цаг ”ноцолдож” билээ.

Удаа ч үгүй тэр гавьяат болсон. Бас дараа нь  “Би Монгол хүн” хөрөг нэвтрүүлгийг нь хийсэн. Саяхан “Ардын эмч“ гэдэг хүндтэй цолыг хүртэж. Шижээ 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд л Говь-Алтай аймгийн Тонхил суманд хүний их эмчээр хуваарилагдан, энэ л сумандаа завсаргүй 45 жил ажилласан. Нийслэлээс 1200 км-т алслагдсан говийн бөглүү суманд ингэтлээ удаан сууж, “Алтайн амьд Эхо” гэж өргөмжлүүлж яваа П.Шижээ эмчийн амьдралаас “Сумын эмч“ киног сэдэвлэн хийж.

Сумандаа Эрүүл мэндийн төв бариулах гэж Шижээ эмч цөхрөлтгүй гүйсээр, эмнэлгийн шинэ барилгатай, олон сайхан мэргэжилтэнтэй, орчин үеийн эрүүл мэндийн төвтэй болгосон. П.Шижээ эмч “Сумын эмч“ киноныхоо нээлтэд ирж оролцчихоод сэрүүн сайхан Алтай руугаа сэтгэл дүүрэн буцсан. Тонхилоо санаад л тэр бушуухан явсан. Нэгэн зүгт нэгэн чигийг барьж, тэвчээртэй ажиллаж гэмээн алдар гавьяа аяндаа ирдгийн амьд жишээ энэ билээ.

Пэрэнлэйн Алтанцэцэг

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Алтай нутгийн “Амьд Эхо”  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.38.xxx] 2016-11-28 17:28
Хоёр гавьяатдаа баяр хүргье. Алтай нутгийнхаа ард түмний эрүүл мэндийн төлөө ёстой л гадаа гандаж, хөдөө хөхөртөл зүтггэж явсан, одоо ч зүтгэхэд бэлэн хөх харчууддаа.
mko [76.217.231.xxx] 2016-11-28 07:35
mundag xyn yumaa.sai saixaniig xvsii!

Бидэнтэй нэгдээрэй