Шууд Chart

Л.Мөнхбат: Б.Бат-Эрдэнэ аваргыг бух болгон зурчихаад нэлээд хэдэн жил хэвлэлд гаргалгүй дарж билээ

2016-11-30 15:43:20

Үе тэнгийнхэн болоод мэргэжил нэгт нөхдийнхөө дунд Лумо хэмээн алдаршсан “Сити” дээд сургуулийн багш, МУСТА, шог зураач Л.Мөнхбаттай ярилцлаа. Тэрбээр шог зураач төдийгүй бөхийн спортоор хичээллэж нэлээд амжилт үзүүлсэн нэгэн.

Ямар ч жинд хүч үзсэн бярдуулж байгаагүй   

-Наадам дуусаад хэд хонож байгаа ч наадмын тухай яриа хуучраагүй байна. Бидний ярилцлага ч энэ сэдвээр эхлэх юм?

-Зуны ярилцлага дандаа л ийм аястай байдаг даа. Наадам гэснээс миний хоёр амьдаа аварга байгаа шүү дээ. Намайг төрөх жил Мөөеө аварга түрүүлснийг бэлгэдэж эмээ маань ууган зээдээ энэ сайхан нэрийг хайрласан гэдэг. Дараагийн аварга С.Мөнхбат  одоо ид хүч үзэж байгаа. Давах бүрт нь хүч орох шиг л болдог юм надад.

Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг аавынхаа нэртэй кимоно өмсөн татами дээр ялалт байгуулахад урамтай шүү. Нэр нэгтийн чих нэг гэж энэ шүү дээ. Монголд хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ гэж сонссон юм байна. Энэ нэр их аваргын “хаанчлал”-ын үед хэд дахин хүчээ авсан биз. Монголчууд аливааг их бэлгэддэг хүмүүс шүү дээ. Дашрамд хэлэхэд, надад Бат-Эрдэнэ нэртэй худ ч бий. Баз ч бий /инээв/.

-Таныг сайн зураач төдийгүй сайн бөх гэж сонссон. Барилдаж явснаа бидэнд хуучлаач?  

-Миний барилдах ч гэж дээ. Бусад хүүхдийн л адил ноцолдож өссөн. Бие жижиг болохоор тасархай илүү байгаагүй. Гэхдээ чөлөөт бөхийн спортын зэрэгтэй. Анх долоодугаар анги төгсөөд Хандгайтын зусланд амарч байхдаа бага олимпод нь барилдаж байсан. Тэр жилийн улсын наадамд түрүүлсэн Баттулга гэдэг хүүхэдтэй бэсрэг наадамд барилдаад давсан. 47-р сургуулийн тэр хүүг давчихаад улсын цол авчихсан юм шиг л баярлаж байж билээ. Тэр миний хувьд бөхийн анхны гараа юм даа. Өсвөр насны хүүхдүүдэд нэг насны зөрүү, бие том, жижгийн ялгаа их байдаг юм билээ. Аравдугаар ангид орох жилээ зуслангийн наадмын үзүүр, түрүүнд Орос сургуульд сурдаг О.Цэрэндагва  багшийн шавь хүүтэй удтал барилдаж түрүүлсэн юм. Үзүүрлэсэн бөх нь одоогийн МЧБХ-ны генсек Ойдовжамцын Баянмөнх шүү дээ. Зусланд ч бас хоёр Мөнх хүч үздэг цаг байж \инээв\. Одоо ч бид бас найзууд.  

 -Чөлөөт бөхийн зэрэгтэй тамирчин гэхээр амжилтын тань талаар дурдахгүй өнгөрвөл алдас болно байх. Манай уншигчдад амжилтынхаа талаар хуваалцаж болох уу?

-1970-аад оны үе биднийг 7, 8 дугаар ангид байхад  нийслэлийн 20-р сургуульд Монголын  хөнгөн жингийн  алдарт бөх Лхайжав  багш ирж бөхийн секц байгуулж байсан юм. Удалгүй  дүүргийн /район/ сургуулийн дунд тэмцээн зохион байгуулж билээ. Багшийн шавь нараас бидний үеийн овоо шилдэг нь Паламын Сэнгээ маань байлаа. Миний найз П.Сэнгээ  чөлөөт бөхийн  анхны  өсвөр үеийн 56 кг-д тэмцээнд  түрүүлэхдээ тэр жилдээ улсын наадамд үндэсний бөхөөр түрүүлж байсан Эрдэнэ-Очир  арслангийн хүүг ялсан нь  бидний хувьд  бахархал байлаа.

Хожим  нь Самбо бөхийн дэлхийн залуучуудын  аваргын  тэмцээнээс  хүрэл медаль  авч ирэхэд нь төмөр замынхан хөгшид, хүүхэдгүй баярласан юм гэнэ лээ. Яг тэр үед би Оросод сурч байв. Үндэсний бөхөөр улсын  цол элбэг даах найз минь их тэсрэлттэй  барилдаантай байсан. Хүнийг өргөж гаргаж ирээд хаашдаа биеэ суллачихсан  байхад нь  тэр дээрээс “иппон” буулгадаг  байсныг санаж байна. Найзын минь зарим алдаа Залуучуудын  дэлхийн аваргын медальдаа  ханачихсанд байсан юм болов уу гэх бодол хааяа төрдөг.

-Лхайжав багш чинь ширүүн хүн байсан  уу?

-Лхайжав багш маань 1970-аад оны шилдэг бөх л дөө. Ширүүн санагдахаар  байсан. Жижигхэн хэрнээ бадриун  биетэй, буржгар үстэй  шууд харахад сүрдмээр. Тэр үед “хэцүү” хүүхдүүд олон байлаа шүү дээ. Багш нэг удаагийн бэлтгэл дээр зургийн цомгоо дэлгэн Тблисийн тэмцээнээс /тэр үеийн бага дэлхийн аварга/ хүрэл медаль авснаа ярьж тэр жилдээ ч бил үү, Дэлхийн аваргад финалдсан Энхтайван гуайг нутагтаа болсон бүх тэмцээнд ялж байснаа хуучилсан юм. Одоо ч манай секцийнхэн уулзахаар энэ дурсамжийг хамгийн түрүүнд  ярьж багшаараа бахархаж явдаг. Би зургийн дугуйланд  тогтмол  явдаг болохоор  тэмцээний өмнө л хааяа бэлтгэлд очдог байсан. Аминдаа  сургуулиа  төлөөлж  барилдах гэж дотроо  их хичээнэ. Одоо ч ижил амжилттай залуусыг багш нь хэн нэгийг нь  доод жин рүү хасуулж оруулах, дээд жинд  нэмж  сорих арга байгаа биз дээ.

-Чөлөөт бөхийн анхны гараагаа эргээд дурсвал сонин байх болов уу?  

-Би тэгэхэд дөнгөж 40 кг жинтэй байлаа. 38 кг-д дүүргийн аваргаар үзүүрлэсэн Дашцэрэнгийн Дашцэнгэл найзыгаа үнэндээ би чөлөөт бөхөөр хожддоггүй байсан юм. Тэгээд л 42 кг-д өгсөж  барилдахаас өөр аргагүй болов. Манай Дашкаг цэвэр ялдаг Буян-Өлзий ядаж байхад энэ жинд  ороод иржээ. Эхний тойрогтоо таараад зургаан оноогоор илүүрхэж яваад цувуулж алдсаар цаг дуусахын өмнө дахин оноо алдаж ялагдаж билээ. Маш уян хүүхэд байсан юм. Мэх хийхээр контрдоод л. Тэр барилдаан дээр Лхайжав багш маань их уурлаж, над руу орилж монгол, оросгүй хараал урсгаж билээ. Би түүнээс илт давуу байсныг нь багш олоод харчихаж л дээ. Буян-Өлзий  дөнгөж эхний тойрогт намайг ялчихаад аварга мөртлөө баярлаад гүйж явсан. Дараа нь сургуулийнхаа хүүхдэд “жамаараа”  бас нэг оноогоор ялагдчихсан юм.

Багш тэгэхэд ганц ч үг хэлээгүй. Сонирхолтой нь миний жинд дөрвөн бөх байснаас торгуулийн оноо тоолж би ялаагүй ч 3-р байр эзэлж байлаа. Хүүхэд байхдаа өөр тэмцээний сорилт дээр “Хоршоолол клуб”-т очиж хожим Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга болсон “хамар” Баярсайханыг хожиж л байлаа. Гавьяат дасгалжуулагч Баатаржав  багш аль ч дүүргээс  ирсэн хүүхдийг асуулгүй хүч үзүүлээд  ялсныг нь  оруулдаг  шударга сайхан хүн  байлаа. Мэх ч заадаггүй байсан юм. Одоо самбо бөхийн ахлах дасгалжуулагч  Баярсайхан хүүхэд үеийн энэ барилдаанаа яаж санах вэ дээ. Б.Бат-Эрдэнэ аваргыг хөдөө ажлаар явж байхад нь нэг сумын заан танимхайран ирээд “Та цэрэг байхдаа манай суманд барилдаж байсан юм. Би гурвын даваанд унаж байлаа” гэхэд нь аварга “Өө тийм үү, цэрэг байсан юм бол намайг давж явсан” гэж ярьж байгаарай гээд инээгээд өнгөрсөн гэдэг шиг юм даа \инээв\.

Сургуулиа төгсөөд одоогийн Онцгой байдлын газрын чөлөөт бөхийн тэмцээнд хоёр жил дараалан 52, 57 кг жинд түрүүлж байсан. Мөн “Хүч” нийгэмлэгийн аваргын тэмцээнд тухайн үеийн манай улсын шилдэг хүчтэн Ж.Батсайхан, Ц.Мөнхбат  нартай  хүч үзэж байлаа. Тэр үед одоогийн  манай шинэхэн  гавьяат дасгалжуулагч “Балкан” хэмээх  Баяраа хамгийн хөнгөн жингийн жаахан хүүхэд  нуман тулгуурт ороод уйлж байсныг сайн санаж байна. Үүнийг олон хүн ярьдаг юм даа. Ялагдахгүйн төлөө  үнэнхүү тэмцэл юм шүү дээ. Хожим тэрбээр  дэлхийн аварга Борис Будаевыг нутаг дээрээ гайхалтай хожсон доо. Москвагийн монгол оюутны спартикиадад   би очсон даруйдаа 57, 62 ,68 кг-д удаа  дараа үзүүрлэж, шөвгөрч  байсан юм. Тэр үед  одоогийнх шиг  дандаа медаль  өгддөггүй диплом, мөнгөн шагнал дагаж ирдэг байлаа. Сүүлдээ жин нэмээд барилдахаа больсон.

-Жин нэмлээ ч дандаа л аваргын төлөө ялагдаад байдаг. Илүү байсан  бол  хожоод үлдэхгүй. Дутуугаа мэдсэн бол жиндээ зогсохгүй дээ?

-Наадах чинь яасан зоримог асуулт вэ /инээв/. Би дандаа  тухайн үеийн самбо бөхийн Зөвлөлтийн  спортын  мастеруудад ялагдал  хүлээж байсан юм билээ. Товчхондоо  цэргийн  сургуулийн  байнгын бэлтгэлтэй бөхчүүдийг ялж чаддаггүй байж. Жингийн  хувьд хасахыг  хүсээгүй  таарсан  жиндээ  л орж байсан. Харин би аль ч жинд хүч үзэхдээ хүнд бярдуулж  үзээгүй шүү.

-Бярдуулж үзээгүй гэдэг үгийг тань мэргэжилтэй чинь холбоод ойлгож болох уу?

-Болно. Би аль ч салбарт бярдуулахыг хүсдэггүй.

-Дандаа л давсан тухай яривал уншигчид биднийг шүүмжилнэ байх. Хэзээ ч мартагддаггүй унасан тухайгаа ярьж яагаад болохгүй гэж?

-Бололгүй яах вэ. Москвагийн оюутны наадамд жин өгсөөд 68 кг-д барилдлаа. Тэр жил яагаад  ч юм эхний дөрвөн тойрогтоо бүх өрсөлдөгчөө сууж мушгиад ганцхан мэхээр хоромхон зуур цэвэр  ялчихсан юм. Аваргын төлөө барилдаанд эхний үе дуусахын өмнөхөн бас л мушгиад хүнд байдалд оруулаад  цаг дуусгасан. Харамсалтай нь амарч гарч  ирээд шууд дахин мушгиад  контордуулаад /хариу  мэх/ цэвэр ялагдаж билээ /инээв/.

Завхан аймгийн арслан, хожим Самбо бөхийн дэлхийн аваргын медальд хэд хэд хүрч байсан Болдбаатарт ялагдсан  минь миний биеэ тоосон  бодлыг минь  давхар ялсан гэж болно. Тэр үед өөрийгөө түрүүлнэ гэдэгт дэндүү итгэлтэй байж билээ. Үнэндээ тэр жил маш богинохон  барилдсан байдаг юм.

-Таныг чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын улаан фэн байсан гэж сонссон юм байна?

-1993 онд дэлхийн аваргаас хүрэл медаль аваад ирэхэд нь Монголын хэвлэлд анх удаа ярилцлага авч байсан юм. Тэр үед ямар ч спортын сонин байгаагүй учраас “Үг” сонинд хэвлүүлсэн. Тэгэхдээ  “Чамайг гавьяат болтол чинь бичнэ ээ” гэж амлаж байсан юм. Түүнээс хойш ах, дүүс болж байнга дэмжих болсон. Үнэхээр бахдам уран барилдаантай. Тэр үед үнэндээ чөлөөтийнхнөөс өөр уран чадвартай бөх ховор байлаа. Дандаа “нээрэвтүүлнэ”. Үзэгчдийг хөгжөөнө. Илүүрхэхгүй сүүлчийн агшинд л ялалт авчирч чаддагаараа гайхалтай байлаа. Заримдаа ганц нэг удаа тэдэнд ялагдаж л байсан. Одоо С.Батцэцэг, С.Цэрэнчимэд хоёрын хоорондоо барилдахыг үзэгчид хүлээдэг шиг Цогоо, Ооскоо хоёрын барилдааныг хүсдэг байлаа.

-Дэлхийн аваргаас  медаль  хүртээд нэлээд хэдэн жилийн дараа гавьяат цолны зарлиг буух үед нь Цогоо чинь Германд явж байжээ?

-Би тэр үед “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллаж байсан. Шинэхэн гавьяатуудаас ярилцлага авах  болж, “эчнээ” ярилцлага өөрөө авснаа дараа нь түүнд хэлж инээлдэж л байлаа.

Энэ удаа Ц.Цогтбаяр түүнээс ярилцлага авч байгаа бололтой

-1970-1980-аад онд төрж гарсан боксчдын цөөнгүй нь 20 дугаар сургуулийнхан байдаг гэсэн?  

 -Тэр үеийн алдартай боксчид манай төмөр замаас төрсөн байдаг. Бүр тодотговол, 20 дугаар  сургуулиас  гэж болно. Монголын боксын холбооны зөвлөх, Ардын багш, МУГД Д.Банди, Азийн аварга Алтанхуяг, Гомбо,  Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат,  манай байрны Нямаагийн  Алтанхуяг  гэдэг хүү ч олимпод  медалийн  төлөө тоглож байсан юм. Төмөр замын 25-р эмийн сангийн  байрны хажууд байх манай  байрнаас Базарсүрэн эмчийн Чулуунбат, Батмөнх гээд  мундаг боксчид ч байсан.

-Таныг “Sport news” сонин эрхлэн гаргаж байсныг мэднэ. Спортын сурвалжлагчийн  хувиар ямар алдартныг уншигчидтайгаа уулзуулж байв?  

-1990-ээд онд Монголд спортын ямар ч тогтмол хэвлэл байгаагүй. Тэр орон зайд хэсэг тоглолт хийж дээ ах нь. Олимпийн аварга БНАСУ-ын Ким Иль, Ли Хак Сон нараас ярилцлага авч байсан. Түүнийгээ “Үг” сониндоо хэвлүүлж байсан юм. “Залуучууд” зочид буудалд болзсон цагаасаа яльгүй хоцроод иртэл олимпийн аваргууд маань ижил дүрэмт хувцсаа өмсөөд үсээ толийтол самнан манай дэвжээнээс авсан медалиа зүүгээд хүлээж байсан нь одоо ч санаанд тодхон байна.

Орос хэлтэй орчуулагчтай авсан бидний яриа халуун дотно өрнөж чадаагүй юм. Тэд маш товчхон ярьж, орчуулагч нь дэлгэрэнгүй хариулт өгч байлаа. Жишээ нь, тэдний амнаас Ким Ир Сен гэж үг гараагүй байхад “хайрт жолоодогч”-ийн алдрыг магтсан үгсээр баяжуулан орчуулж байсан гэх үү дээ. Олимпийн тэнгэрт төрийн далбаа намирч байхад хамгийн түрүүн Ким эцэг санаанд орлоо ч гэх шиг. Чука эрхлэгч үзээд “Яг хэлснээр нь гарчиглаарай” гээд инээж байсан юм.

Хожим “Масс.мн”-ий ерөнхий редактор байхдаа олимпийн хошой аварга Сергей Белоглазоваас ярилцлага, гарын үсэг авах хувь тохиож байлаа. Москвагийн олимпийн наадамд шагналын тавцанд  хамт зогсож байсан Дугарсүрэнгийн Оюунболд ахыг дахин дахин дурсаж байсан юм. Сөүлийн олимпийн аваргын төлөөх тулаан дуусахад Ираны бөх Мохмадьян ялагчаа тэвэрч өргөн дэвжээг тойрсон эв нэгдлийн гайхалтай жишээ байдаг.

Энэ барилдааныг дэвжээн дээр шүүсэн А.Басхүү багш Монголд хамт ирэхэд нь түүхэн ховор зургийг жаазлан дурсгаж байсан.

Уурлаагүй хэлсэн үг заримдаа илүү жинтэй, хатуу буудаг байх

-Шог зураачдыг би хошин урлагийн мэдрэмж асар өндөр хүмүүс гэж ойлгодог. Тантай ярилцаж суугаад өөрийг тань их инээд муутай хүн гэж бодлоо?   

-Тийм үү? /жуумалзав/. Магадгүй. Гэхдээ би оюутнуудад “хошин” хичээл заагаад, гэртээ эхнэрээ хоол хийх зуур нь марзагнаад байвал утгагүй л дээ. Яахав аливаа хошин санаа эзэндээ төрөхдөө маш хөгжилтэй инээдтэй байдаг.Түүнийг нь бид эхлээд  өөрсдөө инээгээд  хүчийг нь сулруулчихаад, эсвэл нэмээд л бусдад хүргэдэг байх даа.

-Сүүлийн үеийн уран хошин бүтээлээс тань сонирхож болох уу?

-Одоо ч хүүхдүүдэд хичээл заагаад “амаараа”  л голдуу зурдаг болж дээ. Байнга хийхгүй байгаа ч ганц нэг юм бол бий.

Хүүтэйгээ

-Та “Цаг ирвээс” үзэсгэлэндээ олон арван сайд, дарга, алдартныг зурчихаад дор нь зүгээр л нэрийг нь биччихсэн байсан. Харин ганц хүний цол гуншинг бичсэн байсан гэж сэтгүүлчид хоорондоо ярьдаг юм. Яагаад тэгсэн юм бэ?

-Тийм тал бий шүү.Тэр үед нэг эмэгтэй сэтгүүлч гярхай анзаарсан байна лээ. Би өөрөө багш хүн. Багшийгаа хайрлаж байж л шавь нартаа хайрлагдана шүү дээ. Москва хотын хэвлэлийн дээд сургуулийн хамгийн хайртай багш минь В.И.Рывчин гэж аугаа хүн байсан юм. Их хүн даруу гэж үнэн юм билээ. Би багштайгаа их дотно

байсан. Дандаа  шоглож зураад үзүүлнэ. Их таатай хүлээж авдагсан. Нэг удаа бараг дэвтэр дээрээ ч  бил үү зурсан зургийг минь гарын үсгээ зураад надад бэлэглээч гээд дурсгал болгон авахдаа “Хүү минь хошин шогийн авьяас хүн болгонд заяадаггүй юм шүү. Хөгжүүлж дээдлэж яваарай” гэж захисан юм.

Бидний үед үзэж байсан дунд сургуулийн 5-р ангийн эртний түүхийн Зөвлөлтийн хувилбарыг зохиогчдод багаар нь Төрийн шагнал олгосон юм билээ.Тэдний нэг, тус номын дизайн чимэглэлийг нь  бүрэн гүйцэтгэсэн хүн бол миний өвгөн багш байсныг би хожим сургуулиа төгсөж ирээд мэдсэн юм.

Миний шог зургийн анхны багш гавьяат Цэвэгийн Байды шүү дээ. Хар нялхаас минь намайг авч яваа хүн дээ. Олон дэвтэр дүүрэн зурагтай ирэхэд минь хүүхдийн гэж гололгүй үнэт зөвлөгөө өгч урам хайрласаар гэнэн цагааныг нь цөөлж, ухаалгыг нь  нэмэн  урлагт үнэнээсээ хандахыг, бас жинхэнэ бүтээл туурвихыг зөвлөж ирсэн.


“Цаг ирвээс” үзэсгэлэнгийн  нээлт дээр аав, ээж минь уригдан ирээд багшид маань хүндэтгэл үзүүлж байгаа нь

-Багштайгаа ойрд уулзав уу?

-Олон жил гадаадад байсан болохоор ирж, очихоороо хааяа уулздаг. Багш нэгэнтээ надад “Хол явсан хүн ухаан тэлдэг юм. Багшдаа шил архи, шинэ зураггүй бол битгий ирээрэй” гэж халамцуудаа захиж билээ. Дэлхийн хаанаас ч багшдаа барих шил “юм” олж чадна. Харин шинэ зургаа л эхлээгүй явна даа.

-Шог зохиолч Б.Цэнддоо та хоёрыг нэг нутгийнх гэж дуулсан? 

-Бид нэгэн үеийн, хамт ажиллаж байсан дотны андууд. Ээжүүд минь нэг нутгийнх.  Завхан аймгийн Шилүүстэй суманд багадаа тоглож өссөн юм билээ. Энэ сум бас манай МУСГЗ шог зураач С.Цогтбаярын аавын нутаг шүү дээ. Б.Цэнддоогийн ерээд оны  эхэн үеийн нэлээд хэдэн номын чимгийг хийснээрээ бахархдаг.

С.Цогтбаяр , Лумо-Мөнхбат, Б.Цэнддоо

-С.Цогтбаяр гуай та нар нэг үеийн уран бүтээлчид байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Бүр дээр нь нэрт  шог зураач А.Бат-Эрдэнэ бид  нар нас чацуутан шүү дээ. Найзуудынхаа  амжилтаар  дандаа бахархаж явдаг. Ц.Доржготов  багш нэгэнтээ нөхрийнхөө  номын оршилд “Энэ хүмүүсийн тухай урд нь би яагаад бодож чадаагүй юм бол  гэх атаархал, бахархал аль нь ч үл  мэдэгдэх  гэгээн  бүлээн сэтгэгдэл  төрдөг” гэсэн утгатай үг хэлсэн нь санаанаас гардаггүй.

Дашрамд дурдахад, жинхэнэ “ориг” зургийг нь анх харж хүч аван урам сэргэсэн дандаа дэмжүүлдэг нэг өдөр МУСТА  цол хүртэн зогсож байсан Лхагваагийн Өлзийбат ах болон уран бүтээлийн дотно анд Монголын анхны шог зураач эмэгтэй Доржпаламын Дуламсүрэн нартаа талархаж явдаг.

-Та “Билүү”гэдэг хошин сэтгүүл гаргаж байсан юм билээ. Энэ тухайгаа яриач?

-Тийм ээ. Дууяатайгаа хамтарч ажиллаж байсан. Дөнгөж Москвагийн хэвлэлийн дээд сургууль төгсөөд бяр амтагдсан  залуу А.Бат-Эрдэнэ, М.Чимэддорж, Чой.Ганбаатар нартай нийлээд “Соно” нэгдлийг  дэмжиж “Билүү -2” хөтөлбөрөөр Соёлын төв өргөөний залгаанд байрлаж байв.

-Юун “Билүү-2” болоод явчихав? 

-Үндсэндээ “Тоншуул” сэтгүүлийнхээ галыг манаад л... 

-Хүнийг нэг л амьтан болгон элэглэж болох байх. Та харин анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг яагаад олон амьтны дүрд “хувиргасан” юм бэ?

-П.Очирбат гуай өөрөө хошин шогийн гайхалтай уран донжтойдоо л байгаа юм. Одоо ч тэдгээр амьтдаас өөр амьтан болгож болно. Хэрэв  өөрөө ч юм уу хүсвэл шүү дээ. Мэдээж П.Очирбат гуай намайг тийм сайхан амьтан болгоод өгөөч гэж ерөөв гэж дээ.

-Өөр хэнийг дахин хувиргасан вэ?

-Б.Бат-Эрдэнэ аваргыг  бух болгон зурчихаад нэлээд хэдэн жил хэвлэлд гаргалгүй дарчихсан юм байна.

-Бас Жасрай гуайн шарж алдартай биз дээ?

-Уг нь сонинд хэвлэгдэхээсээ хагас жилийн өмнө зураад “Үг” сонины эрхлэгч Ч.Чулуунбаатарын  өрөөнд хананд нь залаастай байсан л даа. Аймгийн Засаг дарга нь шүүхэд өгснөөр харин хэрэг явдал эсрэгээр мандаж, Монголын маш олон хэвлэлд гарсан юм. Хожим би Жасрай гуайтай уулзаж тэр зургийн хуулбар дээр гарын үсгийг нь зуруулж байсан. Энгийн сайхан уулзалт болсон. Бас М.Энхсайханы шарж бий.


-Арван зураач хөгжилдөж байснаа нэг шог зураач орж ирэхэд бүгд хүндлэн нам болсон гэдэг?

-Арвуулаа нийлээд  ганц  ч шог зураг  зурахгүйдээ л тэр \инээв\. Наадах чинь Манай “Сэтгэмж” зүгийн шавь нарын зохиосон үг  байх аа. Төмрөө багш, Чээмээ, Баатараа  бид нарыг  орж  ирэхэд арвуулаа байтугай  одоо ч  сургуулиараа хүндэлдэг сайхан хэвээрээ. Хариулт нь товчхондоо би олон жил багшлахдаа доктор, дизайнер, хувцасны загвар бүтээгч гээд  салбар  бүрт шилдэг мастер бэлдэхийг хичээсэн ч нэг ч шог зураач бэлдэж амжаагүй юм. Учир нь тэд төрдөг юм.



-Та багш хүн учраас олон шавьтай. Хамгийн сайн шавийнхаа талаар яриач?

-Хоёр  гайгүй шавь бий. Нэг нь миний ууган шавь “эрүү” Чука. Нөгөө нь Анжи гэж охин бий. Энэ хоёр маань одоохондоо онцгой авьяастайгаа мэдээгүй яваа. Өөрсдөд нь хэлэхийг би хүсэхгүй  байна. Өөрсдөө л ойлгог дээ.

-Бодитоор зурах, шогоор зурахын аль нь хэцүү вэ? 

-Хоёулаа хэцүү. Хэдий чинээ бодит байдалд үнэн тусмаа уран хошин нь дагана шүү дээ.

Товчхондоо зөв харж сур гэсэн үг. Хошин шогоор ургуулан харах нь мэдээж амьдралд ойр наалдах ёстой л доо. Миний бодлоор хүнийг заавал халтирч унагаж байж нийтээр инээснээс унаж болох магадлалыг нь урьдчилан, магадгүй зөгнөн “эелдэг”, оновчтой хэлэх урлаг юм болов уу?

-Та дандаа “эелдэг” хүн үү?

-Би яг амьдрал дээрээ нэг их шооч биш. Эсрэгээр бараг “уянгын” талдаа гэх үү дээ. Хүн зэмлэдэггүй  гэдэг ч юм уу, уурладаггүй гээд олон сул талтай /инээв/.

-Ийм хүмүүсийн үг их жинтэй тусах нь бий?

-Уурлаагүй хэлсэн миний үг дандаа илүү их жинтэй, гашуун буудаг гэж би боддог.

-Хорон үгтэй гэсэн үг үү? 

-Үгэнд ч бий байх. Зурганд ч бас байж мэднэ.Тайлбаргүй зураг угаасаа үзэгчээс олон хувилбар сонголт хүсдэг юм. Би энэ чиглэл рүү арай хичээж ирж дээ.

-Та хүүхдүүддээ их утгатай нэр хайрладаг байх даа?

-Сонин асуулт байна шүү. Би охин, хүүтэй. Намайг өсгөсөн эмээ минь ууган охинд минь нэр хайрласан. Харин хүү төрөхөд эхнэрийн тал  “ээлжээрээ” нэр өгчээ. Би одоо хоёр  сайхан ачтай.Том охиндоо аав нь өөрөө нэр өгсөн бол ач хүүд нэр хайрлах завшаан надад тохиосон юм. Урлагийн бурхан Янжинлхамын магтаалын орчуулгад Гүнбилиг гэдэг сайхан сонсголонтой  үг таарахаар нь бэлгэшээсэн. Одоо овоо болж дээ миний хүүхдүүд.

 -Хүүхдүүд чинь таны мэргэжлийг өвлөв үү?

-Одоохондоо үгүй. Би харин эсрэгээр нь ач хүүгээ бөх. Эгчийг нь уран нугараач болоосой гэж ерөөх  жишээтэй.


-Таны хэлэх дуртай үг юу вэ?

-“Хүн ариун зул гэгээн, саран тунгалаг” Алдарт В.Гүлрансийн үг шүү. Яагаад  ч юм байнга хэлдэг.  

-Өөр үг бий шиг санагдах юм?  

-Хундаганы үг үү? /инээв/. “Нөхрийг бүү хай. Олдсоноо хайрлаж яваарай” гэсэн ерөөлтэй  сайхан  энэ үгийг  би хаана ч,  хэнд  ч хэлж явдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

MNB.mn цахим хуудас

2015.07.31

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Л.Мөнхбат: Б.Бат-Эрдэнэ аваргыг бух болгон зурчихаад нэлээд хэдэн жил хэвлэлд гаргалгүй дарж билээ   
Үзсэн: 2600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
gomo [139.5.217.xxx] 2016-12-10 21:34
гомо мөнхөө гэдэг хүнийг интернэт комментоор дөрвөн жил бичлээ даанч өнөөх маанаг нь юу ч ойлгохгүй жоохон банди нарыг татаж чангаасан хэвээрээ
Зочин [103.212.117.xxx] 2016-12-07 16:43
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй