Шууд Chart

Алтайн өвөр говьд зорчсон тэмдэглэл

2016-12-13 12:26:28

Хол юм аа... хол юм Алтайн өвөр говь. Ирэх, очих, дээр нь Идрэнгийн нурууны иржгэр нуруун дундуур бэдэрсээр 4ООО шахам км явсан байна. Эхлээд бид Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумыг зорилоо. Газрын холоосоо ажлаа эхэлж байгаа хэрэг. Дараа нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажилласан чинь үнэндээ Эрдэнэ сумаасаа ч хол санагдсан шүү...

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. Хамгийн баруун урд захын сум. 25ОО гаруй хүн амтай. Жижиг дунд үйлдвэр дажгүй хөгжсөн амьжиргааны хувьд дажгүй бололтой. Эндхийн гутлын үйлдвэрийн гутлыг ОХУ-аас захиалдаг гээд бод доо. Улаанбаатараас өглөөний долоон цагт гараад шөнийн хоёр цагт Эрдэнэ суманд очлоо. Сумын дарга нь ажлаа аваад долоо ч хоноогүй, ёстой “ногоон“-оороо”.  Харин аймгийн ИТХ-д Эрдэнэ сумаас 4 дэх удаагаа сонгогдож байгаа Д.Болдбаатар гэж сүрхий хөдөлгөөнтэй, нутаг орондоо сэтгэлтэй залуу байна. Давхар ортой, дөрвөн хүний амрах “Дотуур байр“ буудал бэлэн. Өвлийн шөнийн цэлмэг тэнгэрт жирвэлзэн анивчих түмэн оддыг хараад бид их гайхлаа. Одод бүү хэл орчноо харахгүй харанхуй утаанд тэмтчиж яваа хотын бидэнд “Одтой тэнгэр" гайхамшиг байхаас яахав.



Эрдэнэ сумын шүтээн уулс бол Хараат хайрхан, Цагаан-Уул. Хараат хайрханаас дөрвөн аймгийн нутаг харагдаж, Цагаан-Уулын Сэнжит хад нь  Монголын газрын зургийн дүрсээрээ биднийг гайхшрууллаа. Яг л ухаад авчихсан юм шиг тэр газрын зургийг манай залуучууд аппарат сэлтэн дээрээ буулгаж авсан. Бас нэгэн гайхамшиг энэ байлаа. 



Тэтгэвэрт гараад гэрийн мухар сахиж хүүхэд хардаг хөгшчүүдийн амьдрал хаана ч нэгэн хэвийн. Тэгсэн чинь хаа холын хязгаар нутаг Эрдэнэ сумын настнууд хөгжимдөж, дуулж, бүжиглэж, хөзөр, даалуу тоглож, оёж нэхэж, урлаж шаглаж үнэн “кайф”-тай амьдарч байна. 85 настай Дуламсүрэн гуай харааны шилгүйгээр “Эвтэй дөрвөн амьтан“-ыг долоон хүүхэддээ шаглаж байгаа нь бас нэгэн гайхамшиг байлаа. Энийгээ хийхгүй, оёхгүй эмээ өвдөж эхэлдэг гэнэ. Буурайгаас 3О, 4О дүү би гэдэг "амьтан" ойрын харааны шилтэй мөртлөө зүүний сүвэгч олохгүй мунгинаж суух гэж... Ичиж л явлаа.

Дашжамцын Балжинням гэдэг нэг малчин залуу байна. Сумандаа шатрын, морь цоллоочийн, ардын, уртын дууны дугуйлан хичээллүүлнэ. Түүнд ямар ч орлого байхгүй. Хуучин цагийн магнитафон дээр нутгийн өвгөдийн дуулсныг хурааж, ярилцлагыг авч үлдэн, Алтайн 108 эртний дууны ном гаргасан байна. Шатрын дугуйлан хүүхдүүдийн дунд хичээллүүлснээр Эрдэнэ сумын олон хүүхэд улс, аймгийн аварга болжээ. Үзүүр хүрвэл уяа хүрдгийн учир энэ буюу. 

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум. Эрдэнэ сумтай залгаа. Нутаг бэлчээр нь ойр, хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэж яваа зах залгаа нутаг. Нэг суманд, нэг ангиас төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн гурван баатрыг олж сурвалжилсан маань бидний аян замын том олз байлаа. Тэмээчин баатар Ванхүү, Төмөр, ямаачин баатар Самдан гурав Баян-Өндөр сумын бага сургуулийн нэг ангийнхан. Нас нь ная дөхөж явна. Цаг хатуу, шалгуур өндөр, төлөвлөгөө нормоор шахдаг хуучин цагийн үед баатрын алтан соёмбо зүүнэ гэдэг хэн хүнд тохиох аз завшаан биш. Хөдөлмөрийн баатрын гурван алтан соёмбод монгол гэрийн хойморь багадах шиг санагдсан. Гадаа хотонд мал яраглан хивж, гэрийн дотор аргалын зөөлөн гал дээр халаасан шимийн юм хүртэн, барилдаж, ноцолдож явсан багын  түүх, нэгдэл нийгмийн үеэ дурсан ярих гурван баатрын яриа бас л гайхалтай. Хэдий нэг нутаг усанд амьдарч байгаа ч ингэж гурвуулаа уулзаж тухалсан нь бараг үгүй гэнэ.



Бас нэг сонин гэвэл Баян-Өндөр сумын дунд сургуулийн хүүхдүүд уулын чулуугаар “Жалам хар“-ыг хөгжимдөж байгаа нь гайхалтай. Сонирхон үзвээс хөгжмийн ноот бичсэн хавтгай хар чулуунууд. Баянхонгорынхныг Ардын урлагийн наадамд олон удаа алдаршуулсан Чулуун царгил хөгжим бол энэ. Жингэнэсэн дуу гаргадаг чулуутай Чандмань хайрханы зургийг авмаар болоод газрын холоос төвөгшөөлгүй тэр хайрханд очлоо. Ундрах найруулагч маань юм юманд эвтэй болохоор нөгөө чулуунд чинь “Жижигхэн, гацуурхан“ гээд дуу оруулаад байна, хөөе. Жаахан удвал чулуун царгил хөгжимчин болоод Баянхонгорт үлдэж, би найруулагчгүй болж хэцүүдэх ч юм бил үү... Аялгуу урсгасан чулуутай Алтайн өвөр говь бас л гайхамшиг байлаа.



Буцахын өмнөхөн очсон малчных бол “Баян-Өндөрийн Баримт Цоодол” хэмээн нутаг усандаа алдаршсан нэгэн байлаа. Яриа хөөрөөтэй, гүйлгээ ухаантай тэр эрд танихгүй хүн, мэдэхгүй газар алга. Тэднийд ирсэн, очсон хүмүүсийн гарын үсэг, нэр, утасны дугаар бүхий том дэвтэр байна.  Цоодол аль хэзээний манай багийнхны нэр ус, утасны дугаар, хаягийг бичиж авсан төдийгүй утсаараа бичлэг хийж авч ”баримтжуулж” байна. Уул уурхайнхантай ясны өшөөтэй, унаган нутгийнхандаа уул шиг нөмөртэй түүнийг багийнхан нь итгэл хүлээлгэж сумын ИТХ-д 4 дэх удаагаа сонгоод байгаа гэнэ. "Яс юман дээр Баримт үлдэхээс Цоодол үлдэхгүй" гэж үздэг түүнийг гишгэсэн мөр бүхнээ “баримтжуулдаг“ гэхэд хэтрүүлэг болохгүй гэж нутгийнхан нь хошигнож байсан. Хэзээ ч юм, би энэ хүнээр хөрөг найруулал хийнэ ээ ...  Ийм л сонин, ховор хүмүүстэй уулзаж явлаа. “Суусан цэцнээс, явсан тэнэг дээр” гэдэг яах аргагүй л үнэн юм даа ...

Аавын минь энгэр шиг нөмөр дулаан Алтайн өвөр говьд малын хар туруу цастай, шаргалхан борог өвс  нь халиурсан намар шиг сайхан өвөл болж байна. Мал сүрэг нь тарган, малчин түмнийх нь сэтгэл өөдрөг дэлгэр байна.


                        
ЖИЧ:  “Эргэх 4 цаг“ нэвтрүүлгийг ивээн тэтгэж говийн сайхан байгаль, хязгаар нутгийн хөдөлмөрч ард түмэнтэй уншигч таныг, үзэгч олныг уулзуулах боломж олгосон "Очиртааб” компанийн захирал Чанцалмаа болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул Баасанжавын үр хүүхдүүдэд гүн талархал илэрхийлье. Ер нь сумын ойн арга хэмжээ, сумд хандив гэх мэтийн эзэнтэй, эзэнгүй олон өглөгөөс өссөн төрсөн нутаг, аав ээжийн хайртай уул ус, нутгийн ахан дүүсийн ажил амьдралыг олон түмний нүднээ, сэтгэлийн чинадад аваачиж буян үйлдэх нь оюуны томоохон хөрөнгө оруулалт болох билээ. Эдийн засгийн боломж бага, цаг агаар хатуухан байгаа энэ үед “Эргэх 4 цаг” нэвтрүүлгийн баг, хамт олон, уранбүтээлчидтэй хамтран ажиллахыг урьж, Нутгийн зөвлөлүүд болон нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүхэнд чин сэтгэлээсээ хандаж байна. Дээр бичсэн тэмдэглэл маань ойрын өдрүүдэд “Монголын мэдээ“ сувгаар гарах “Эргэх 4 цаг“ болон мэдээ мэдээллийн хөтөлбөрүүдээс дүрсэнд амилан хүрэхийг үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. 

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг  Харилцах утас 99О30731, 80000732

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Алтайн өвөр говьд зорчсон тэмдэглэл   
Үзсэн: 1984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2017-01-01 18:06
Хүнээс юм гуйхгүй улсаас бүх юмныхаа мөнгийг авч байгаа тв шүүдээ та нар ингэхээр бусад татаасгүй тв үүд яах болж байна даа томилолтын мөнгө цаанаасаа төсөвлөөд ирсэн байхад гуйлга гуйгаад эсвэл өөр сонирхол байна уу
Цэ [202.21.96.xxx] 2016-12-14 10:49
сайхан сурвалжлага байна. Хөдөө орон нутгаас нэвтрүүлэг бэлтгэх гэдэг ч бас хүнд даваа шүү
Зочин [62.167.114.xxx] 2016-12-13 16:28
Zever saihan hymyys setgel amar saihan amdarch baina, bohir luivarchid yu bodoj orondoo ordog boldoo, eh ornoo yaj shulah ve geed l ,,,,
Зочин [202.179.16.xxx] 2016-12-13 13:52
Эгэл жирийн, ажил хөдөлмөр буцалсан тайван амьдрал сайхан шүү. Баярлалаа
Mko [70.208.230.xxx] 2016-12-13 12:46
Saixan,saixan
Сараа [202.70.34.xxx] 2016-12-19 11:05
Сайхан бичсэн байна. Улам их зүйл бичээрэй

Бидэнтэй нэгдээрэй