Шууд

Б.Батхолбоо

Спортын сурвалжлагч


Монголын спортын онцлох 10 үйл явдал

2016-12-31 09:25:48

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн Спортын албанаас 2016 онд Монгол Улсын спортын ертөнцөд өрнөсөн онцлох 10 үйл явдлаа тоймлон уншигч та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. 2016 он Монголчуудын хувьд спортын арвин амжилттай, дэлхийд данслагдсан шилдэг тамирчид төрөн гарсан он жил болж өнгөрлөө. 2016 он Олимпын наадам, ДАШТ-үүд, Монголын бүх ард түмний спортын XIV их наадам гээд томоохон үйл явдлуудад чиглэсэн тамирчид, дасгалжуулагчид, спортын байгууллагуудын хүчин чармайлтын он байлаа.  


“РИО 2016” ОЛИМПОД МОНГОЛЧУУД...

Онцлох үйл явдлын эхэнд Монголчуудын оролцсон 13 дэх удаагийн зуны олимпын наадмыг нэрлэх нь зүйтэй. Энэ олимпын мөчлөгт Монголын тамирчид түүхэнд байгаагүй олон эрхийг авч, спортын 9 төрлөөр 43 тамирчин Бразил улсыг зорьсон. Өдөр шөнийн зөрүүтэй Латин Америкийн Бразил оронд болсон энэ олимпоос Монголчууд нэг мөнгө, нэг хүрэл медаль, Паралимпийн наадмаас хоёр хүрэл медалийг тус тус хүртсэн билээ.

Тус олимпын жүдо бөхийн 57 кг-ийн жинд зодоглож, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан МУГТ Д.Сумъяа Олимпын наадмын эхний даваанаас л дэлхий, олимпын аваргуудыг ээлж дараалан ялсаар алтан медалийн төлөөх барилдаанд зохион байгуулагч орны бөхөд эргэлзээтэйгээр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр Монголын жүдо бөхийн шигшээ баг дөрвөн олимп дараалан медаль хүртээд байна.

Риогийн олимпын хоёр дахь медалийг боксын спортын төрлөөр Дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж байсан ОУХМ Д.Отгондалай 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэнээр боксын тамирчид сүүлийн гурван олимп дараалан Олимпын медалийн буухиаг таслаагүй юм. Мөн чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, манай хоёр дасгалжуулагч Олимпын наадмын дэвжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ олимпын хамгийн том дуулианы нэг байлаа. “Рио-2016”-д оролцсон монголын тамирчдын 27 нь анх удаа олимпын наадамд оролцсон байна. Тэднээс ОУХМ П.Тэмүүжин эхний даваанд дэлхийн аварга тамирчныг сөхрүүлж, тэсвэр хатуужлын тод жишээ болсон тоглолтуудыг шигшээ шатанд үзүүлж, Монгол улс энэ төрлөөр дэлхийд өрсөлдөх түвшинд хүрснийг харуулсан юм. Монгол улс энэ удаагийн олимпын наадамд нийт 206 орноос 67 дугаар байрт жагсжээ.

2016 оны есдүгээр сарын 7-оос 18-ны хооронд Паралимпийн 15 дахь удаагийн наадам боллоо. Паралимпийн эхний медалийг ОУХМ Б.Ууганхүү жүдо бөхийн төрөлд хүртэж пауэрлифтингийн төрөлд өрсөлдсөн Э.Содномпилжээ хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан. Монгол улсын Засгийн газраас энэ олимпын цикльд баг тамирчдаа бүхий л талаар дэмжсэний үр дүнд Олимпод оролцох тамирчдын тоо нэмэгдэж, Монголын тамирчид шинэ төрөлд ч олимпын наадмын дэвжээнд өрсөлдлөө.


МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIV ИХ НААДАМ

Нэгэн мянга есөн зуун жаран нэгэн оноос хойш зохиогдож байгаа Монголын бүх ард түмний спортын XIV их наадам “Рио-2016” олимптой зүй ёсоор таширлалаа. Тус их наадам Монгол Улсын Засгийн газрын 467 дугаар тогтоолын дагуу анх удаа өвөл болон зуны спортын 18 төрлөөр хоёр улирал дамнан зохиогдлоо. Монголын бүх ард түмний спортын XIV Их наадам 2016 оны нэгдүгээр сард жүдо бөхийн төрлөөр эхэлсэн бол өвлийн спортын төрлүүд гуравдугаар сард тэшүүр, цанын спортын төрлөөр зохиогдсон.

Манай эх орны олимп буюу Монголын бүх ард түмний спортын XIV Их наадам 2016 оны 9 дүгээр сард сагсан бөмбөгийн спортын төрлөөр отголж, 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргалаа. 14 дэх удаагийн их наадмыг 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчид 46 алт, 26 мөнгө, 23 хүрэл медаль буюу нийт 95 медаль хүртсэн үнэмлэхүй амжилтаар тэргүүлсэн бол ХХЕГ-ын Хилчин спорт хороо 40 медальтай удаалж, ОБЕГ-ын Аврагч спорт хороо 16 медаль хүртэж 3 дугаар байрт шалгарсан юм. Мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн БТСГ, Эрдэнэт хотын “Хангарьд” клубын баг тамирчид медалийн чанараараа 4, 5 дугаар байрт шалгарсан байна.

Пара төрлүүдийн спортын тэмцээн уралдаануудыг Чингэлтэй дүүргийн баг тамирчид 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 12 медальтай тэргүүлж, Увс аймаг 6 медальтай 2 дугаар байр, Дархан-Уул аймаг 9 медаль хүртсэн ч тоо чанараар 3 дугаар байрт жагссан юм. Монголын бүх ард түмний спортын XIV Их наадамд пара жүдо бөх, пара хөнгөн атлетикийн спортын төрлүүд анх удаа нэмэгдсэн нь тэмцээнийг цар хүрээг тэлсэн юм. Монголын спортын түүхэн ач холбогдолтой энэхүү тэмцээнийг өнгөрч буй 2016 онд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Спортын холбоод хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.


“ЭРЧИМ”-ИЙН 10 ДАХЬ ТҮРҮҮ...

Монголын спортын түүхэн хөгжилд 100 сая төгрөгийн шагналын санг бүрдүүлсэн анхны тэмцээн болох МХБХ-ны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил Монголын хөлбөмбөгийн шилдэг клуб “Эрчим” тэргүүлж, түүхэн замналынхаа 10 дахь түрүүг хүртлээ.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа шилдэг 10 клуб өрсөлдсөн дээд лигийн тэмцээнд “Эрчим” баг улирлын турш тэргүүлсээр 51 оноотой Лигийн аваргын 10 дахь цомоо өргөсөн. Монголын хөлбөмбөгийн Үндэсний лигийн тэмцээн “Хүрхрээ” нэрийн дор зохиогдсоноос хойш Эрчим клуб ийнхүү хоёр жил дараалан түрүүлээд байна. Тэд зургаан сар үргэлжилсэн лигийн тэмцээнд 2014 онд цомоо булаалгаж байсан Хоромхон клубд ердөө нэг л хожигдсон юм.

З.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор нэгдсэн ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компанийн “Эрчим” клуб тэртээ 1994 оны 4 дүгээр сарын 16-нд үүсэн байгуулагдаж, тухайн жилийнхээ УАШТ-д түрүүлснээр түүхэн замналаа эхлүүлсэн юм. Эдүгээ 23 дахь жилдээ Монголын хөлбөмбөгийн ертөнцөд олон шилдэг амжилтуудыг үзүүлээд буй хөлбөмбөгийн ууган клубуудын нэг “Эрчим” нийт замналдаа зөвхөн дээд лигт 10 удаагийн түрүү, 4 удаагийн дэд аварга, нэг хүрэл медалийн эзэн болжээ.  2016 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил анх удаа 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдөж, зургаан сарын турш 18 тойргийн 96 тоглолт явагджээ.


ӨВЛИЙН ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ

Норвеги улсын Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сард Залуучуудын өвлийн 2 дугаар олимп болж, Монгол Улсаас хоёр тамирчин олимпын эрхийн болзол хангаж оролцлоо. Гүйлтийн тэшүүрийн тамирчин Б.Сумъяа энэ тэмцээнд Олон Улсын Үндэсний олимпын хороодын нэгдмэл багийн бүрэлдэхүүнд багтаж оролцсоноор Монгол улсын өвлийн  спортын түүхэнд Залуучуудын өвлийн олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн юм.

Залуучуудын II өвлийн олимпын наадамд 2016 оны хоёрдугаар сарын 12-оос 21-ны хооронд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин ОУХМ А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн тамирчин ОУХМ Б.Сумъяа нар эрх авч оролцсон.

ОУХМ Б.Сумъяагийн хувьд Итали улсын тамирчин Боназа Ноеми, БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян нарын хамтаар холимог багийн төрөлд амжилттай уралдаж АЛТАН медалийн болзол хангасан юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр гишүүнтэй 13 баг гүйлтийн тэшүүрийн 1,6 км-ын зайд хурд хүчийг нь сорьсон энэ төрөлд мөнгө, хүрэл медалийг БАГ-9 буюу Нидерланд, Польш, АНУ, Казахстан улсын холимог баг,  БАГ-10 буюу Итали, Румын, Герман, Норвегийн тамирчдын нэгдэл хүртсэн юм.

ОУХМ Б.Сумъяагийн Залуучуудын өвлийн олимпоос медаль хүртсэн энэ амжилт Залуучуудын өвлийн олимпын албан ёсны вэб хуудсанд “Монгол Улс өвлийн олимпоос медаль хүртэж байгаагүй. Б.Сумъяа анхны алтан медалийн эзэн боллоо” хэмээн онцлон тэмдэглэгдсэн байна. Мөн энэхүү тэмцээний үеэр Д.Сумъяа 500 метрт хоёр гарааны нийлбэр дүнгээр 21 дүгээр байр эзэлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.


1700 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МЭРГЭЖЛИЙН СУМО БӨХИЙН НОЁН ОРГИЛ

Монголын спортын онцлох үйл явдлын дараагийн дугаарт Монголчуудын бүтэн жилийн турш шимтэн үздэг Мэргэжлийн сумо бөх ертөнцөд өрнөсөн хоёр томоохон үйл явдлыг нэрлэж байна. 2016 оны тавдугаар сарын Нацү башёд Их аварга Хакүхо Даваажаргал нэг ч уналгүй түрүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилтыг хүртсэн бол мэргэжлийн сумогийн алтан хараацай МУГТ Нямжавын Цэвэгням 42 насандаа спортын замналаа өндөрлүүлсэн юм.

2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон. Тэгвэл 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа Кюүшюү башёд хүртэж, мэргэжлийн сумо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Хөдөлмөрийн баатар Их аварга Мөнхбатын Даваажаргалын хувьд 1000 дахь даваа нь Макүүчид барилдсаны 906, ёкозүна цолтойгоос хойших 712 дахь даваа болсон юм. Улмаар Оны сүүлийн башёд их аварга Хакүхо 1008 дахь даваагаа авч дээд зиндааны хамгийн олон даваатай бөхчүүдийн араас нэхэж байна. Озэки Кайо 1988-2011 онд 1047 даваа, Ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа гэсэн амжилтаар тэргүүлдэг.  Мэргэжлийн сумо бөхийн хүрээнд болсон дараагийн томоохон үйл явдал 24 жил сумогийн дэвжээнд барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол байлаа.

Тэрбээр тавдугаар сарын 29-нд Токио хотын  "Рёогокү" дахь сумогийн төв ордонд 8 мянган зочны нүднээ өмнө спортын замналаа үдсэн юм. Үс авахуулах ёслолд хамгийн ойр дотных нь хүмүүс болох 420 хүн дэвжээнд гарч гэзэгт нь гар хүрсэн. Энэ үеэр Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюүзан Д.Батбаяр нар барилдсан нь хамгийн хүндлүүштэй, бахархмаар үйл явдал байв. Хоёр гавьяат хамгийн анхны бөгөөд сүүлчийн удаа барилдсан нь энэ байлаа. Мэргэжлийн сумогийн зургаан алтан хараацайн нэг, МУГТ Цэвэгням тэртээ 1992 оны гуравдугаар сард “Ошима” дэвжээнээс анхны барилдаанаа хийж, 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан. Ингэснээр тэрбээр хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөөр тэмдэглэгдэн үлдээд байна. Нийт замналынхаа турш Мэргэжлийн сумод 927 удаа давсан бүх цаг үеийн түүхэнд 4 дүгээр байрт, Мэргэжлийн сумод 1870 удаа барилдсан нь бүх цаг үеийн түүхийн 2-т бичигдсэн юм.


ДӨРВӨН ТЭГШ ОЙ ТОХИОСОН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөө жил өргөн дэлгэр болж, Олон жил баяр наадмын түрүү бөхийн тааварт явсан Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, аварга болсон бол Үндэсний сурын тэмцээнд Монгол Улсын мэргэн Ч.Баасанхүүгийн шавь, хүү хоёр төрийн наадмын түрүү байрын төлөө товх харвасан юм.

Дөрвөн тэгш ой тохиосон энэ жилийн баяр наадмаар хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх  Ч.Санжаадамба улсын заан цолтойдоо түрүүлж, төрийн наадмын 22 дахь аваргаар тодорсон юм. Жил бүрийн баяр наадмын түрүү бөхийн тааврыг тэргүүлдэг тэрбээр 2011 оны 11 сард зохиогдсон Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн бол 2014, 2015 оны баяр наадмуудад 7 давж заан цолоо бататгаад байдаг. 2016 оны баяр наадамд өсөх идэр чимэгт начин цолтойгоор зодоглоод байсан Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагватай үзүүр, түрүү булаацалдахаар үлдсэнээр Арын хангай нутгаас аварга төдийгүй арслан цолтон шинээр төрөх нь нэгэнт тодорхой болсон. 1024 бөх барилдсан жил Улсын арслангаас доош цолтой бөх 9 давж арслан, 10 давж аварга цолонд хүртдэг хуультай.

Тэрбээр ийнхүү арслан, аварга цолуудыг нэгэн жилийн баяр наадмаас хүртэж, Монгол бөхийн аваргуудын эгнээнд нэгдсэн юм. Энэ жилийн наадмаар... Үндэсний их баяр наадмын түүхэнд хамгийн олон буюу 14 начин шинээр төрж, 6 харцага, хоёр заан шинээр төрсөн юм. Бөхийн барилдааны онцлох үйл явдлуудаас нэрлэхэд, хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын аварга Г.Эрхэмбаярыг цолны чанараар амлаж өвдөг шороодсон бол  Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгс нарын барилдаан наадамчин олныг хоёр туйлд хуваагаад байлаа. Түүнчлэн энэ баяр наадмаар Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа үндэсний бөхийн улсын цолтон төрөн гарсан билээ.

Үндэсний их баяр наадмын сурын харваанд энэ жил Даяар дуурсах мэргэн, МУГТ Ш.Даваахүү, Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Гарамгай мэргэн Х.Оюунчимэг тэргүүтэй 500 гаруй эрэгтэй, эмэгтэй харваачид цэц мэргэнээ сорьсноос баяр наадмын алтан шар зурхайд хоёр шинэ мэргэн төрсөн.  Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний цехийн засварчин, Хангарьд спортын хорооны тамирчин Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан Үндэсний их баяр наадмын сур харваанд түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан юм. Тэрбээр шигшээ наймд 32 оноотой шалгарч, улмаар аваргын төлөө Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Улсын мэргэн Б.Ёндонтой товх харваж түрүүлснээр Улсын Мэргэн болсон юм. Товх харваанд шалгарсан хоёр харваач хоёулаа нэг багшийн шавь нар бөгөөд Шинэ мэргэн Д.Дэмбэрэлсайхан Ч.Баасанхүү мэргэний шавь бол Б.Ёндон нь Ч.Баасанхүү мэргэний хүү нь юм. Мөн тэд хоёул Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүүгийн удирдлага дор бэлтгэл, сургуулилт хийдэг билээ.

2015 онд нэгэн гэр бүлийн хоёр харваач төрийн наадамд түрүүлж байсан бол энэ жил нэгэн багшийн хоёр шавь ийнхүү аваргын төлөө харвалаа. Харин Эрэгтэйчүүдийн харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач, спортын мастер Б.Пунсалдулам 40 сумнаас 37 онож, түрүүлснээр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан юм. Ийнхүү залуу харваачид Улсын өндөр дээд цолтнуудтай нэгэн зурхайд харваж сурын бай шударга болохыг нотолж Мэргэн цолны босго давсан юм.

Төрийн наадмын хурдан морины уралдаанд энэ жил 6 насанд нийт 1600 гаруй хурдан шандаст хүлэг тоосоо өргөсөн байна. Эдгээрээс хамгийн олон буюу 370 хурдан хүлэг Их насны морьдын уралдаанд зурхайгаас эргэсэн юм. Хязаалан 342, Шүдлэн 280 хурдан буян гарааны зурхайгаас эргэсэн нь хамгийн өндөр тоон үзүүлэлтүүдийн нэг байлаа. Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүүлсэн бол  сүргийн манлай азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун азарга түрүү магнайд хурдаллаа.

Азарганы уралдаанд  Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн хоёр азарга нь айрагдуулсан онцолж байна. Харин хурдан соёолон морьдын уралдаанд Монгол Улсын Манлай уяач Д.Одгэрэлийн уяж сойсон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн хурдан бор үрээ, Хязааланд Дундговь аймгийн Хулд сумын Б.Лхагва-Очирын хүрэн үрээ, шүдлэнд Архангай аймаг Их тамир сум Ж.Уясахын бор үрээ,  дааганд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүлж, Ардын төрийн наадмын түрүү байруудаар тодорсон байна. Энэ наадамд Хөвсгөл, Завхан, Архангай, Төв аймгийн уяачид хамгийн олон морь түрүүлүүлж, айрагдуулсан юм.


ОЛИМПЫН ЭРХ БОЛОН ОНОО ОЛГОХ ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНҮҮД МОНГОЛД...

2016 онд Монгол улсад Засгийн газрын тогтоол, Дэлхийн спорт холбоодын календарчилсан төлөвлөгөөний дагуу Олон Улсын тэмцээн уралдаанууд амжилттай зохиогдлоо. Чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүд болсон бол Сонирхогчийн сумо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн Ази тив, Дэлхийн АШТ-үүд ч Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.

2016 4 дүгээр сарын 22-24.  "Рио 2016" зуны 31 дэх удаагийн олимпын эрх олгох чөлөөт бөх, сонгомол барилдааны -the first, last chance- тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохиогдлоо. Монголын чөлөөт бөхийн холбоо өндөр түвшинд зохион байгуулсан энэ тэмцээнд Дэлхийн 80 орны 600 гаруй тамирчид оролцсон юм. Тэмцээний жин тус бүрд эхний 3 байрт шалгарсан тамирчид шууд олимпод шалгарах болзолтой байсан. Ингээд Сонгомол барилдаанд 51 улсын 151 тамирчин 6 жинд өрсөлдөж 18 тамирчин энэ төрөлд Монголын дэвжээнээс олимпын  эрхээ авсан бол чөлөөт бөхийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 12 жинд 36 тамирчин Улаанбаатарт зохиогдсон тэмцээнээс эрх авсан юм.  Монголчуудын хувьд эмэгтэйчүүдийн 48, 75 кг, эрэгтэйчүүдийн 97-ын жинд эрх авахаар зорьж байсан ч ялагдсан юм. -the first, last chance- тэмцээний нээлтийн үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тэргүүн, Сербийн иргэн Ненад Лалович Монгол улсад анх удаа хүрэлцэн ирсэн билээ.

2016 оны 7 дугаар сарын 1-3.  Монголын жүдо бөхийн холбоо 2020 оны Токиогийн олимпын эрхийн оноо олгох “Чингис хаан гран при-2016” тэмцээнээ зохион байгууллаа. Олон улсын жүдо бөхийн холбооны календарт багтдаг  энэхүү тэмцээнд 14 орны эрэгтэй 69, эмэгтэй 65 нийт 134 тамирчин Улаанбаатар хотноо өрсөлдсөн юм. Тэмцээнд манай улс зохион байгуулагч орны давуу хуваарийн дагуу нэг жинд 4 тамирчин буюу 56 тамирчнаа оролцуулсан. Тэднээс 13 нь Риогийн олимпын эрхээ авсан шилдэг жүдочид байсан бөгөөд олимпын наадмын өмнөх томоохон сорилго болсон юм. Тус тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 187 оронд шууд дамжуулан үзүүлсэн. Монголын жүдо бөхийн холбоо Олон Улсын Жүдо бөхийн холбоонд хүсэлт гаргаж, 2009 онд анх дэлхийн чансааны оноо болон олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон 2009-2012 онуудад 4 жил амжилттай зохион байгуулж, улмаар Олон улсын жүдо бөхийн холбооноос өндрөөр үнэлгээ авч тус тэмцээний зэрэглэлийг ахиулан, 2013 оноос Гран-При ангиллын тэмцээн болгон зохион байгуулах болсон билээ.

2016 оны 7 дугаар сарын 30, 31. Сонирхогчдын сүмо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн болон ДАШТ-үүд энэ хоёр өдрийн турш Буянт-Ухаа спортын ордонд зохиогдлоо. Дэлхийн 23 орны сумочид чуулсан эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн тэмцээнд насанд хүрэгчдэд багийн дүнгээр ОХУ-ын алт, Монгол Улс мөнгө, Украин, Япон улсын сумочид хүрэл медалийг эзэд болсон юм. Монгол улсын баг тамирчдаас ганцаарчилсан төрөлд Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсон. Х.Сүнжидмаагийн хувьд дэлхийн хошой аварга болж буй Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Мөн О.Мөнхцэцэг мөнгөн медаль, У.Бямбажав, Б.Бадрал, Б.Батчимэг нар хүрэл медаль хүртлээ Манай улсын хувьд тус тэмцээнийг зохион байгуулсан 9 дэх орон болж байна. Анх 1992 онд сумогийн эх орон Япон улсад зохиогдож байсан сонирхогчдын ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн хүсэлтээ манай улс 2009 онд Дэлхийн сумо бөхийн холбоонд өгч байсан. Улмаар 2012 онд Египет улстай өрсөлдөж, 2016 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авчээ.

2016 оны 10 дугаар сарын 18-22. Монголын боксын холбооноос Олон улсын сонирхогчдын боксын холбооны албан ёсны хуваарьт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом-2016" олон улсын тэмцээнийг өдрүүдэд Спортын төв ордноо зохион байгуулсан. Сингапур, Узбекстан, ОХУ, Унгар, БНХАУ, Монгол зэрэг зургаан улсын боксчид хурд хүч, тэсвэр хатуужлаа сорьсон энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 8, эмэгтэйчүүдийн 4 жинд аваргууд тодорсон юм. "Улаанбаатар цом" Олон Улсын  тэмцээнийг нь МБХ тэртээ 1970-аад оны дунд үеэс 2000 оныг хүртэл нийт 26 удаа зохиогдсон энэхүү тэмцээн 16 жилийн турш тасраад байсан юм. Монголын боксчдоос Риогийн олимпод оролцсон болон шинэ олимпын циклийн шилдэг залуу тамирчид энэ тэмцээнд ур чадвараа сорьсноос... 48 медалийн 27 –г нь Монголын тамирчид хүртсэн юм. Тэмцээнд Монгол Улс зохион байгуулагч орны давуу эрхийн хүрээнд жин тус бүрд 4 тамирчнаа оролцуулсан билээ.


Н.ТӨГСЦОГТ МЭРГЭЖЛИЙН БОКСД 7 ДАХЬ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛЛАА

Оны онцлох спортын үйл явдлуудын дараагийн дугаар МУГТ Ч.Цэвээнпүрэв, Ж.Нарантунгалаг нарын нэгэн адилаар мэргэжлийн тулааны спортод хөл тавьсан МУГТ Н.Төгсцогтын амжилтыг онцолж байна.  Сонирхогчийн боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт тэрбээр 2015-2016 онд мэргэжлийн боксын хүрээнд нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялаад байна. Энэ оны хамгийн сүүлийн тулаанаа Мексик  улсын хашир туршлагатай тамирчин Герман Меразтай хийж, зургаан үеийн турш үргэлжилсэн тулаанд мөн л хүнд цохилтоор ялалт байгуулсан юм.

2014 оны Инчёны Азийн наадамд өрсөдөгчдөө шударга бусаар ялагдаж, толгой гудайлгасан МУГТ Н.Төгсцогт Мэргэжлийн боксын спортоор замнахаа мэдэгдэж АНУ-ыг зориод байлаа. 2015 оноос Мэргэжлийн боксын "Ten Goose" клубт харьяалагдан бэлтгэлээ хийж, 4 тулаанд ялалт байгуулсан бол 2016 онд томоохон 3 гурван өрсөлдөгчөө илт давуу хожоод байна. Мэргэжлийн боксын рингэн дэх энэ оны эхний тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Найс хотноо "DYNAMITE" хочит Рафаэль Васкеста хийлээ. Рафаэль Васкеста эдүгээ 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью-Йоркийн Брүүклинд өссөн тэрбээр хүндхэн өрсөлдөгчдийн нэг байсан юм. Тэрбээр мэргэжлийн боксын рингэд 18 тулаан хийхдээ 16 удаа ялж, үүнээс 13-ыг нь нокаутаар ялсан бөгөөд хоёр ялагдахдаа оноогоор ялагдсан шилдэг тамирчин юм.

Энэхүү өрсөлдөгчөө ялсан Н.Төгсцогт 5 дугаар сард мөн л ээлжит өрсөлдөгчөө ялж, “state champion” цолыг хүртэж, мэргэжлийн боксын анх аваргын бүсээ зүүсэн байна. “KING TUG” хочит Н.Төгсцогт 7 дахь тулаанаа  АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт Мексик улсын тамирчин Герман Меразтай хийж, мөн хүнд цохилтоор яллаа. Түүний өрсөлдөгч нь 2005 оноос мэргэжлийн боксын рингэд хөл тавьсан, эдүгээ  30 настай тамирчин бөгөөд нийт 95 тулаан хийснээс 55-д нь ялсан туршлагатай тамирчин байлаа. Н.Төгсцогтын ард дасгалжуулагч, менежер, туслах гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Мэргэжлийн боксоор оргилд нь хүрч, Монгол аварга гэж дэлхийд зарлуулна гэж төсөөллөөр өөрийгөө хурцалж яваа Н.Төгсцогтынхоо дараа дараагийн тулаанд амжилт хүсье.


САГСАН БӨМБӨГИЙН БАГ ТАМИРЧДЫН ТҮҮХЭН АМЖИЛТ

2016 он гарсаар Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчид Олон Улсын 7 тэмцээнд оролцож, 6-д нь медаль хүртсэн амжилттай эх орондоо ирсэн байна. Хамгийн сүүлд БНХАУ-ын Шиамень хотноо болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-д шилдэг 10 багтай өрсөлдөж, түүхэн мөнгөн медалийн эзэд болсон юм.

Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн болон залуучууд, оюутны шигшээ баг тамирчид энэ онд Ази тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудад эх орныхоо төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монголын сагсан бөмбөгийн спорт олон улсын тавцанд хүрснийг тунхагласан юм. 2016 оны эхний томоохон амжилтыг Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн бол 2016 оны 6 дугаар сард Австри Улсад болсон United World Game-д 16 хүртэлх насны өсвөрийн ангилалд хүрэл медаль, 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон Азийн Оюутын аварга шалгаруулах VI тэмцээнээс алтан медаль, 2016 оны 10 дугаар сард Вьетнамд болсон Азийн элсний наадмаас мөнгөн медаль, өнгөрөгч 11 дүгээр сарын  19-24-нд үргэлжилсэн Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Олон улсын оюутны спортын холбооны 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-ийн мөнгөн медаль, ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон Өсвөрийн Олон Улсын тэмцээнээс Хос алтан медалийг тус тус хүртээд байна. Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн спортын нас насны тамирчид оролцсон тэмцээн уралдаан болгоноосоо медаль хүртсэн нь тэдний ур чадвар ямар өндөр түвшинд хүрснийг бататгасан үйл явдал боллоо.

Монголын Оюутны шигшээ баг тамирчид БНХАУ-ын Шиамень хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-нд урьдчилсан шатнаас эрх авч оролцсон шилдэг 10 багийн хүрээнд ялагдашгүй тоглолтуудыг үзүүлсэн нь сагсан бөмбөгт хайртай, сагсан бөмбөгт элэгтэй залуус, тамирчид, багийн эздийн урмыг тэтгэсэн үйл хэрэг болсон. Энэ амжилтын эзэд бол МҮСБХ-ны дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор нэгдсэн Спортын мастер А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар байлаа. Манай залуус энэ тэмцээнд шилдэг дэлхийн оюутны 10-т багтсан оюутны БНХАУ, Малайз, Тайланд, Унгар, Австрали, Ливан улсын тамирчдыг буулган авсан юм. Аваргын төлөө Буурал тивд сагсан бөмбөгийн хөгжлөөр ноёлдог Францтай оноолт таарч, 19:12-оор хожигдсоноор мөнгөн медалийг хүртсэн билээ. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээгдэхэд энэ спортод зүтгэлтэй бүх л хүмүүсийн эв нэгдэл, дэмжлэг, хүчин чармайлт байсныг онцлох нь зүйтэй юм. Энэ ч утгаараа тэд Монголын спортын сэтгүүлчдийн санал дүгнэлтээр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно”-ын эзэн шилдэг багаар шалгараад байна.


ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТНУУД ШИЛ ДАРАН ТӨРЛӨӨ

2016 оны Монголын спортын салбарын онцлох үйл явдлуудын төгсгөлд Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнуудын амжилтыг тоймлон үзүүлж байна. Энэ онд хүндийг өргөлт, дугуйн спортын трэк төрөл, мэргэжлийн бильяардын спортоор Монголын залуус шилдэг байсан юм.

“Рио-2016” олимпын наадмын 8 дугаар байрын шагналт хүндий өргөлтийн спортын ОУХМ, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг Риогийн олимпын дараагаар анхны Олон Улсын тэмцээндээ оролцож бахдам амжилтыг үзүүлээд байсан. М.Анхцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 21-ны хооронд Японы Токио хотны хүндийг өргөлтийн Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, тивийн хошой аварга болсон. Тив дэлхийн тэмцээн уралдааны  аянаа үргэлжлүүлж, Мексик улсын Мериад хотноо болсон Оюутны ДАШТ-ийг зорьж, өөрийн жинд нэг, алт хошой мөнгөн медалийг хүртсэн юм. Мексикийн тэмцээнд эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд түрүүлэхдээ огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг, нийлбэр дүнгээр 235 кг өргөж, Оюутны дэлхийн аварга болсон юм.

Түүний жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.Энэ бол түүний зөвхөн 11 дүгээр сард үзүүлсэн амжилт. Энэ онд 19 настай ОУХМ М.Анхцэцэг тамирчин Риогийн олимпын өмнө мөн л шилдэг амжилтыг үзүүлж, хүндийн өргөлтийн спортын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, Дэлхийн залуучуудын аваргын мөнгөн медалийг эх орондоо авч ирээд байсан юм. Түүний 2016 оны эдгээр амжилтууд Бөртэ Чонын эзэн оны шилдэг эмэгтэй гурван тамирчны нэгээр шалгарахад хангалттай үзүүлэлт болж, Олимпын наадмын мөнгөн медальт МУГТ Д.Сумьяа, Олимпын хүрэл медальт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нарын хамтаар Бөртэ Чонын шагналын тавцанд зогсоосон билээ.

Монгол Улсад материаллаг орчин, уралдааны зам талбайн хувьд хичээллэх боломж хомс Дугуйн спортын Трак төрлөөр “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр хилийн чанадад удаан хугацааны турш бэлтгэгдсэний үр дүнд дэлхийн залуучуудын аварга болж чадсан юм. Тэрбээр Щвейцарь улсад дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын төрөлд алтан медаль хүртсэн. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс дугуйн спортоор манлайлагч Чех, Италийн тамирчид түүний ард бичигдэж, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Б.Тэгшбаярын хувьд дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон амжилтаар оны шилдэг залуу тамирчнаар тодорч, спортын мэргэжилтнүүдийн саналаар Тэргүүн дээд "Бөртэ чоно"-ын эзэн болсон юм.

2016 онд спортын олон төрөлд тив дэлхийгээс Монгол Улсын анхдагч медальтнууд тодорсны нэг нь Пүүл бильяардын Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Монголын поккет бильяардын холбооны тамирчин, Спортын мастер Э.Тэмүүжин байлаа. БНХАУ-ын Шанхай хотод 2016 оны арваннэгдүгээр сарын 16-21-нд зохиогдсон пүүл биллиардын залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаас Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор гурван шилдэг тамирчин өрсөлдсөн. Тэднээс 17 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Э.Тэмүүжин аваргын алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын мөнгөн медальт БНХАУ-ын шилдэг тамирчинтай тоглож, хожигдсоноор мөнгөн медалийг хүртсэн юм. Энэхүү медаль Монголын бильяардын спортын түүхэнд хамгийн оргил амжилт төдийгүй, анхны Олон улсын тэмцээний медаль юм. Энэ амжилтын өмнө Монголын пүүл бильяардын тамирчид Ази тивдээ шигшээ 8 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байсан юм.


ТӨГСГӨЛ

Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ “Монголын мэдээ” сувгийн спортын алба Монголын Спортын салбарт тохиосон оны онцлох 10 үйл явдлаа тоймлож хүргэлээ. Ирэх 2017 Монголчууд бидний хувьд Үндэсний спорт болоод Их спортын ертөнцөд арвин амжилттай, эв санаа нэгтэй, Монгол тамирчдын амжилтын буухиа үргэлжилсэн он жил байх болтугай. Улирч буй 2016 оны Спортын онцлох үйл явдлын тойм нэвтрүүлэг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын спортын онцлох 10 үйл явдал  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй