Шууд Chart

Давосын 3 дахь өдөр

2017-01-20 18:00:00

Улс орон, бүс нутаг дахь хямрал мөргөлдөөнөөс  урьдчилан  сэргийлэх  нь олон улсын хамтын нийгэмлэгийнхний эн  тэргүүний  зорилго зорилт байх ёстой.  Үүний  тулд  дан ганц  дипломат хүчин чармайлт гаргах нь хангалтгүй хэмээн  НҮБ ын  шинэ Ерөнхиий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдлээ. Тэрээр  мөн  Тогтвортой хөгжлийг хангах  нь  энх  тайван,  аюулгүй байдалд  онцгой  чухал  болохыг Швейцарийн Давос хотноо болж  байгаа дэлхийн  эдийн засгийн  чуулган  дээр онцолсон  байна.  Энэ  тухай болоод  Давост  болж  байгаа үйл  явдлын талаар та бүхэнд хүргэж байна.

Торгоны зам сэдэвт хуралдаан дээр Ази Европыг холбох одоо яригдаж  байгаа төслүүдийг  хөгжүүлэхэд  чиглэгдсэн  улс төрийн хүчин чармайлт  чухлыг  тэмдэглэж  байлаа.  Мөн дэд  бүтцийн хөрөнгө оруулалт нь  2 бүс нутгийн  эдийн засгийн  өсөлт,  интеграцчлалд хэрхэн  нөлөөлж  байгааг  ч хэлэлцсэн юм.  Тодруулбал, Торгоны замыг даган  хөгжих үйлдвэрлэл,  цахим эдийн засаг, худалдаа,  эрчим  хүчний  салбар дахь хөрөнгө оруулалтын талаар ч хэлэлцсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, "Өнгөрсөн 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд  оршдог улс. Мөн асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай. Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан.

Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд нэгдэхийг төлөвлөж  байгаа. Түүхээ сөхвөл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчдын нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэх  байх, Монгол улс нь  эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг. Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм." хэмээн хэлсэн юм.

Мөн  Монгол Улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж олон  туйлт  дэлхий дэх  хариуцлагатай манлайлал  сэдэвт хэлэлцүүлэг  уулзалтад  оролцлоо.   Энэ  уулзалтад  30 орны  төр засгийн тэргүүн нар  оролцсон  байна. Уулзалт хэвлэл мэдээллийнхний хувьд  хаалттай  болдог ч  тухайн  сэдвийн хүрээнд  нарийн  мэдээллүүдээ солилцож, илэн далангүй  байр  сууриа илэрхийлэх  боломж  олгодог юм.  Анх 1983  оны  Давосын  чуулганы  үеэр   дэлхийн  эдийн засгийн удирдагчид  буюу  Игвелийн  ийм уулзалтыг  зохион байгуулж  байсан  бөгөөд  түүнээс болж  уламжлал  болсон  юм. Үүний зэрэгцээ байгаль орчны болоод  Тогтвортой хөгжлийн  2030  хөтөлбөр,  аж үйлдвэрйин  4 дэхь хувьсгал зэрэг уулзалт хэлэлцүүлгүүдэд манай төлөөлөгчид  оролцож байна.

Их Британийн Ерөнхий сайд  Тереза  Мэйн  мэдэгдэлдээ, Европын  Холбооноос   тус улс гарахаар  шийдсэн нь  Европ  дахь найзуудтайгаа  харилцаа  холбоогоо бүр мөсөн  таслана гэсэн үг  биш.  Түүнчлэн  Европын  Холбоог хорлох гэсэн оролдлого  ч биш болохыг тайлбарласан. ХАрин  иргэдийнх нь  энэ  шийдвэр   парламентын ардчиллаа, үндэсний эрх  ашгаа  сэргээх зорилготой байсныг онцлон мэдэгдсэн юм. Мөн энэ өдөр  Нидерландын  Ерөнхий сайд  Мартин  Шульц,  Европарламентын экс  Ерөнхийлөгч  нар Марк Рютте нар  Европын  Холбооны  интеграцчлалын  асуудлыг ширүүхэн хөндөж идэвхтэй маргаж  байлаа.  Мартин  Шульц Европын  холбоог  одоо байгаагаас нь илүү  интеграцчлах шаардлагатайг мэдэгдэхэд  Марк  Рютте  ийм боломж хэдийнэ ард хоцорсон, одоогийнхоо форматаар үр ашигтай хамтрах нь чухал байгааг  санууллаа.

Мөн НҮБ-ын  шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерешшийн мэдэгдэл  Давост цугласан олон улсын хэвлэлүүдийн  анхаарлыг  татаж  байлаа. Тэрээр  хямрал  мөргөлдөөнийг эцэс болгохын тулд нэг зэрэг 3 чиглэлээр  ажиллах шаардлагатай байгааг  онцолсон.  Тодруулбал энх тайван аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний эрх гэсэн чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэйг анхааруулсан бөгөөд тэрээр улс орнуудын засгийн газар, иргэний нийгмийн байгууллагынхан,  бизнесийнхэнд  хандаж  Тогтвортой хөгжлийн  зорилтод хүрч, уур  амьсгалын  өөрчлөлтийн тухай Парисын гэрээг  хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалсан  юм. 3 дахь  өдрийн  чуулганы  хэлэлцүүлгээс  товчхон  онцлоход  ийм байна.  Харин өнөөдөр  бол Давосын 47 дахь  удаагийн   эдийн засгийн чуулганы  хаалтын  өдөр. Энэ  өдөр  шинжлэх ухаан,   дэлхийн  эдийн засаг,  олон улсын аюулгүй байдлын  асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөж  байна. 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Давосын 3 дахь өдөр  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй