Шууд

Н.Энхбилэг

Монголын радиогийн редактор


Сахар хэдий амттай ч...

2017-02-09 09:28:18

Сахар их хэрэглэвэл  л чихрийн шижинтэй болно гэсэн ташаа ойлголт бидний дунд бий. Ямар бүлгийн хүмүүс сахар  их хэрэглэвэл чихрийн шижинтэй болдог тухай  эхлээд товчхон өгүүлье. Харин дараа нь сахар бидний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг  талаар ярилцъя.

Сахар буюу  элсэн чихэр  нь  зарим бүлгийн хүмүүст л онцгой хамааралтай болохоос хүн болгонд бас  хамааралтай биш юм.  Харин элсэн чихэр буюу сахараас  болж  чихрийн шижинтэй болох эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэж бий. Нэгдүгээрт нойр булчирхайн инсулин үйлдвэрлэдэг эсүүд гэмтсэнээс болдог. Хоёрдугаарт  инсулин ялгаравч эсийн дотор орж, үүргээ гүйцэтгэж чадахаа байснаас үүдэлтэй.

Гуравдугаарт  энэ хоёр хэлбэр хосолсон гэж үзэж болно.  Хэрвээ та дээр дурдсан шинжээс гадна, жирэмсэн эсвэл  эцэг эхийн аль  нэг нь чихрийн шижин өвчтэй бол  чихрийн шижинтэй болох эрсдэлтэй бүлэгт хамаарах учраас элсэн чихэр буюу сахарын  хэрэглээгээ  хязгаарлах шаардлагатай юм шүү.

Харин энэ эрсдэлтэй бүлэгт ордоггүй хүмүүсийн хувьд элсэн чихэр буюу сахараас болж чихрийн шижинтэй болохгүй ч  аливаа зүйлд  зохистой хэрэглээ хамгийн чухал шиг, хэрэглээ хэрээс хэтэрвэл бас чихрийн шижингээс дутахгүй олон эрсдэл хүлээж байдаг.  Үүнд  хамгийн түрүүнд охид бүсгүйчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг таргалалт, элэг өөхлүүлэх, даралт, холестрин  ихэсгэх, кальци болон бусад витаминуудын шимэгдэлтийг маш ихээр  саатуулж, саармагжуулдаг. Хамгийн аюултай нь донтуулдаг учраас элсэн чихрийн хэрэглээ хязгаарлахгүй л бол хэзээ ч багасдаггүй харин ч үл мэдэгдэх байдлаар байнга өсөж байдаг аюултай.

Тэгвэл чихэр буюу сахар гэж юу вэ? Сахарыг бидний эрүүл мэндэд тустай ургамал болох чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг ч ургаж гүйцсэний дараа агуулагдах бусад бүх эрдэс давс, витаминаас нь салгаж, боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий  зэрэг зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж, модны нүүрсээр шүүдэг. Ингэж боловсруулсны эцэст хүний биед хэрэгтэй ямар ч тэжээллэг  бодисгүй илчлэгтэй хүнсний бүтээгдэхүүн болж хувирдаг. Тэгэхээр бид сахараас илчлэгээс өөр юу ч авдаггүй гэсэн үг. Яг үнэндээ та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай.

Сахарын хэрэглээгээ хязгаарлая.  Сахар хүний биед муу гэдгийг мэдсээр байж яагаад хэрэглэдэг вэ? Ерөөсөө л бид хэрэглээгээ мэддэггүй. Өдөрт  хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний хичнээн хувьд нь сахар хэдий хэмжээтэй агуулагдаж байгааг анзаардаггүй.  Хүн бүр  ядаж  таван өдөр хэрэглэсэн бүтээгдэхүүнээ жагсаагаад тэр бүтээгдэхүүн дотор сахар ямар хэмжээтэй агуулагдаж байгааг эхлээд нэг харах хэрэгтэй. Энэ  бяцхан ажиглалт судалгаанаас таны хэрэглээ төвөггүй харагдах болно. Нэн ялангуяа айл гэрийн чимэг болсон гэргий, ээж нар хайртай хүмүүсийн чинь эрүүл мэнд таны сонголтод байдаг гэдгийг анхаараарай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  хүн хоногт  25 гр ихдээ 50 граммаас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн зохистой хэмжээг тогтоосон байна.






Нийтэлсэн: Н.Энхбилэг

Сахар хэдий амттай ч...   
Үзсэн: 1009 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2017-02-09 22:42
хэрэгтэй зөвлөгөө байлаа

Бидэнтэй нэгдээрэй