Шууд

Б.Түвшинжаргал

Тоймч


Дональд Трамп: БНХАУ-ын эрх баригчидтай ажил хэрэгч харилцаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байна

2017-02-10 09:12:03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-ын удирдагч Си Зиньпинд илгээсэн захидал олон улсын хэвлэлүүдийн онцолж буй сэдэв болж байна.  Дональд Трамп энэхүү захидалдаа Хятадын удирдагчидтай ажил хэрэгчээр харилцаагаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ  тухай Цагаан ордны  хэвлэлийн  нарийн бичгийн дарга  Шон Спайсер мэдэгдсэн юм.

Мөн Америкийн Ерөнхийлөгч Хятадын удирдагчид хандаж төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэсэнд талархал дэвшүүлээд Си Зиньпин удирдагч болон Хятадын ард түмэнд амжилт, хөгжил цэцэглэлтийг ерөөсөн байна. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр  сонгогдсоныхоо дараахан Хятадад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байсан. Бээжин Вашингтонд  хохирол  учруулах  худалдааны  шударга  бус  бодлого  барьж байна. Умард Солонгостой  холбоотой асуудлыг шийдвэрлэхэд  туслахаас  татгалзаж  байна гэж тэрбээр шүүмжилж байсан. Мөн өмнө нь  нэг  бус удаа БНХАУ-ыг үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг санаатайгаар өөрчилж, АНУ-ын бараа бүтээгдэхүүнд шударга бусаар татвар тогтоож  байна гэж шүүмжилж ирсэн.  

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, ажлын байр нэмэгдүүлэх амлалт ч Хятадад халтай байж болзошгүйг мэргэжилтнүүд хэлж байсан.  Түүгээр ч зогсохгүй  сүүлийн 20-иод жилд Америкийн эрэлт хэрэгцээ, Хятадын үйлдвэрлэл бие биеэ нөхөж явсныг Дональд Трамп    өөрчлөхөөр шийдээд байгаа нь хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэхэд хүргэж магадгүй гэсэн болгоомжлол гарахад хүргэж байсан юм.

Тэгвэл БНХАУ-ын удирдагчид илгээсэн захидал хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ийм таагүй байдал үүсэхгүй байж магадгүй гэдэг   найдварыг  ажиглагчдад төрүүлээд байна. Гэхдээ АНУ Хятадын гангийн бүтээгдэхүүний импортын Гаалийн татварыг нэмсээр  байгаа, дээр нь  Америк дахь Хятадын бараа бүтээгдэхүүний үнэ хэт бага байгааг мөрдөн шалгах арга нь зарим салбарт нь хор хохирол учруулж байгааг Хятадын худалдааны яамнаас  мэдэгдэж  байна. Мөн энэ бүхэн урт хугацаандаа АНУ-ын  эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч анхааруулж байна.

БНХАУ-ын Худалдааны яамны, Олон  улсын худалдаа,  эдийн засгийн хамтын  ажиллагааны  академийн Ерөнхийлөгч Гуо Зиеминг "Хятад болон АНУ-ын эдийн засаг харилцан хамааралтай. Худалдааны таагүй сөргөлдөөн хоёр улсад хоёуланд нь сөргөөр нөлөөлнө. Түүгээр ч зогсохгүй АНУ цаашид  ч дангаар худалдааны протекционист арга хэмжээ авсаар байх юм бол бусад  улс  орнуудад ч  сөрөг нөлөө  үзүүлнэ.  Эдийн засгийн хамтын  ажиллагаа бол Хятадын  шинэтгэлийг  хэрэгжүүлэх,  АНУ-ын  эдийн засгийг сэргээх  цорын  ганц  арга" гэж ярилаа.

Америкийн тал демпингийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа БНХАУ-ын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаас  татгалзсан нь маргаан дэгдээж байгаа юм. Мөн АНУ Хятадын  зэвэрдэггүй гангийн  импортын татварыг  нэмэгдүүлэхээр  төлөвлөж байгаагаа зарласан.  Үүнийгээ тэд БНХАУ-ын тал хэт бага  үнэ  тогтоон импортоо дэмжих бодлого явуулж байна гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ татвар нэмэх асуудлыг ирэх гуравдугаар сарын 20-нд эцэслэн шийдэх юм байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Дональд Трамп: БНХАУ-ын эрх баригчидтай ажил хэрэгч харилцаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байна   
Үзсэн: 287 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй