Шууд Chart

Ким Чен Намыг хороосон хэргийн сэжигтнээр 2 этгээдийг баривчиллаа

2017-02-16 17:53:27

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг хөнөөсөн байж болзошгүй хоёр сэжигтнийг баривчиллаа. Тэдний нэгийг нь өчигдөр баривчилсан бөгөөд хэргийг нь шүүхээр оруулахаар төлөвлөж байгаа бол нөгөөг нь өнөөдөр баривчилсан байна.

Нисэх онгоцны буудлын хяналтын камерт үлдсэн дүрс бичлэгийн дагуу сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилсны үр дүнд хоёуланг нь баривчилжээ. Тэдний нэг нь Вьетнамын паспорттой байсан бол нөгөөх нь Индонезийн паспорттой байжээ. Одоогийн байдлаар сэжигтнүүдийн байцаалтын талаар мэдээлэл алга байна. Харин хохирогч этгээдийн цогцост задлан шинжилгээ хийж дууссан бөгөөд шинжилгээний хариуг хараахан олон нийтэд дэлгээгүй байна.

Үүнээс өмнө Умард Солонгосын талаас Ким Чен Намын цогцост задлан хийхийг хориглож, цогцсыг шилжүүлэн өгөхийг шаардсан. Гэвч Малайзын талаас үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн Ким Чол нэрээр Малайзын хилийг даван орж ирсэн хохирогч нь Ким Чен Нам мөн болохыг хурууны хээгээр нь баталгаажуулснаа өнөө өглөө мэдэгдсэн юм.

Ким Чен Нам нь даваа гарагт Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудал дээр явж байгаад хордуулсан зүүнд хатгуулж, эмнэлэг рүү хүргэгдэх замдаа амиа алдсан юм. Энэ хэргийг Ази төрхтэй хоёр эмэгтэй үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэсний дагуу тэднийг баривчилжээ. Ким Чен Нам нь Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах бөгөөд өнөөдөр тэдний эцэг Ким Чен Ирийн мэндэлсний 75 жилийн ой тохиож байгаа.

Өчигдөр энэ ойтой холбоотойгоор зохион байгуулагдсан намын төв хорооны баярын хурлын үеэр Ким Чен Уны царай баргар байсныг ч барууны хэвлэлүүд ажигласан байна. Энэ хэргийн цаана Умард Солонгос бий, тодруулбал, Ким Чен Ун ахынхаа аллагыг захиалсан байж болзошгүй гэх таамаг гараад байгаа юм. Гэвч үүнийг батлах нотолгоо одоогоор алга. Сэжигтнүүдийг байцаасны дараа хэрэг тодорхой болно гэж хууль хяналтынхан найдаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Чен Намыг хороосон хэргийн сэжигтнээр 2 этгээдийг баривчиллаа   
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй