Шууд Chart

V сургууль "Зам тээврийн осолгүй сургууль" болно

2017-02-16 17:08:12

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Зориг" сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогч, Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж, эх орондоо ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж буй “Зам тээврийн осолгүй сургууль” бичил төсөл юм.

Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын V дунд сургуульд боллоо. Энэхүү төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог тус сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай таван хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулах аж. Мөн 6-14 насны 2300 орчим сурагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулахаар төлөвлөсөн байна.

“Зам тээврийн осолгүй сургууль” төслийн ажил энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 26-ныг хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын Хүний нөөц түншлэлийн менежер Л.Энхтүвшин, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, V сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, төслийн багийн гишүүд болон бусад албаны хүмүүс оролцов.


V сургууль "Зам тээврийн осолгүй сургууль" болно   
Үзсэн: 577 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.227.xxx] 2017-03-28 12:39
амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй