Шууд

Г.Ханхүү: Сар шинийн баяраар гарах нэвтрүүлгийн 90 орчим хувь нь хальсанд буугдсан

2017-02-17 10:00:14

МҮОНТ Сар шинийн баярын өдрүүдэд ямар нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг үзэгч түмэндээ хүргэх гэж байгааг бид Ерөнхий продюсер Г.Ханхүүгээс тодрууллаа.

-Үзэгчид “Сар шинийн баярын үеэр цэнхэр дэлгэцээр юу гарах бол” гэж хоног тоолон хүлээдэг. Баярын өдрүүдэд үзэгч түмэндээ сонирхолтой ямар нэвтрүүлэг үзүүлэхээр бэлтгэж байна вэ?

-Сар шинийн баяр ажлын өдрүүдэд таарч байгаа болохоор бид долоо хоногийн хөтөлбөр гаргалаа. Одоогоор орон нутаг хийгээд нийслэлд авсан нэвтрүүлгийн 90 орчим хувь нь хальсанд буугдаж, монтажны ажилд ороод байна. Шинэ жилээр ч бид ингэж ажиллаж, маш олон контентийг хийсэн л дээ. Товчхон хэлэхэд, манайх “Мобиком” корпорацитай хамтарч “Нүүдэл” нэвтрүүлгийг таван цуврал болгон бэлтгэсэн.

Энэ нь хотод амьдардаг нэг хос малчны хотонд очиж хэд хоногийг өнгөрүүлэх бол хөдөөгийн хос хотод ирж мөн адил түр хугацаагаар амьдрах юм. Өөр өөр орчинд хосууд маань хэрхэн амьдрахыг үзэгч та бүхэн Үндэсний телевизээр хүлээн авч үзэх боломжтой. Маш сонирхолтой, хөгжилтэй байх болов уу гэж бодож байна. Ирэх мягмар гарагаа бямба гарагийн хооронд 21:10 цагаас МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар гарна. Түүнчлэн битүүний өмнөх өдөр “Ууц” нэртэй теле зохиомж үзэгчдэд хүрнэ. Цагаан сар дөхөхөөр ялангуяа залуу гэр бүл болон ахмадууд сар шинэ тэмдэглэхдээ нэлээн ачаалалтай байдаг шүү дээ. Тэр байдлыг харуулахыг хичээсэн. Сургамжтай зүйл ч их бий.   

-Үзэгчид үндэсний спортын нэвтрүүлэг үзэхийг их хүсдэг шүү дээ ...

-Тэгэлгүй яахав. “Манлайн баясгалан” нэвтрүүлгээ дөрвөн аймгаас бэлтгэсэн. Мөн “Адуучин”, “Эрийн хийморь” зэрэг үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг гарна. “Адуучин” нэвтрүүлэг Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд хийгдсэн. Мөн “Хорьдол сарьдагийн нүүдэл” нэвтрүүлгээр малчид хэрхэн нүүдэллэдэг талаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас бэлтгэсэн.

-Хүүхэд багачууддаа зориулж ямар нэвтрүүлэг гаргах бол?

-Манай телевизийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын концерт гарна. Түүнчлэн “Оюундалай”, битүүлэх зан үйлийн тухай “Хоногшихуй”, хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Ийм нэгэн дурлал” нэвтрүүлэг бэлтгэгдсэн. Тэгэхээр бүх төрөл, агуулгатай нэвтрүүлэг гарах юм. “Зөрлөг” нэвтрүүлэгт “Киви” хамтлагийн дуучин Ука, дуучин С.Сэрчмаа нар ардын дууг хэрхэн дуулж буйг үзэгчдэд хүргэнэ.   

-Монголчууд аливаа баяр наадмын өдрүүдэд концерт үзэхийг их хүсдэг юм шиг санагддаг. Сар шинийн баярын хөтөлбөрт концерт бий юу?

-Маш олон бий. Заримыг нь дурдвал, “Увидаст талын уянга”, “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу”, “Морин хуур-2016” наадам гэх мэтийг нэрлэж болох юм. Түүнчлэн үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг хүчит бөхийн барилдааныг нэг, хоёрдугаар сувгаар шууд дамжуулна. Барилдаан 14:00 цагт эхлэх ч бид 13:00 цагаас нэвтрүүлгээ эхлүүлнэ. Учир нь барилдаан эхлэхээс өмнө өнгөрсөн жилийн барилдааны онцлог болон бөх, үзэгчдийн ярилцлага хүрэх учиртай. Дараа нь “Монгол түмний мэнд”-ээр 21 аймгийн Засаг дарга, малчид оролцож, үзэгчидтэйгээ үдшийг хамт өнгөрүүлнэ. Өнгөрсөн жил бүх аймгийн Засаг дарга оролцож чадаагүй байсан бол энэ жил их идэвхтэй байна. “Эрвээхэй мөнгөн товч” нэвтрүүлэгт Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Амгалан ардын дууны аялгуугаараа оролцсон.

-"Учиртай гурван толгой" дуурь анх удаа телевизийн хувилбараар гарна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Их зохиолч Д.Нацагдоржийн 1934 онд бичсэнээр анх удаа телевизийн хувилбараар гарах гэж байна. Түүнчлэн “Чонын дууч” нэвтрүүлэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийгдсэн. Чоныг дуудаж болдог арга байдаг юм байна. Тэр тэнгэрлэг амьтныг хэрхэн дуудаж буйг та бүхэн тус нэвтрүүлгээс үзээрэй.

-Ярилцлагын төгсгөлд асуухад, “Болор цом-2017” наадам хэзээ үзэгчдэд хүрэх юм бэ?

-"Болор цом-2017" наадмыг хоёр хэсэг болгон үзэгчдэд хүргэхээр бэлтгэсэн. Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд гаргана. Эдгээр нэвтрүүлэг сүлжээнээс гадна хийгдэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ханхүү: Сар шинийн баяраар гарах нэвтрүүлгийн 90 орчим хувь нь хальсанд буугдсан   
Үзсэн: 3206 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй