Шууд Chart

"Самсунг"-ийн өв залгамжлагчийг баривчиллаа

2017-02-17 10:49:06

Өнөө өглөө "Самсунг" корпорацийн өв залгамжлагч Ли Жэёныг баривчиллаа. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдсон дуулиан шуугиантай хэргийг шалгаж байгаа прокурорынхон Ли Жэёныг баривчлах хүсэлт гаргасны дагуу Сөүлийн төвийн дүүргийн шүүх өчигдөр энэ хэргийг хэлэлцэж, баривчлах шийдвэр гаргасан байна.

Өмнөд Солонгосын хамгийн том корпорациудын нэг "Самсунг"-ийн өв залгамжлагч гэгдэж байсан Ли Жэён эрх баригчдад авлига өгч, өөрийн хэргийг бүтээж байсан гэдгийг нотлох нэмэлт материалуудыг энэ удаад ашигласан байна. Өнгөрсөн сард прокурорынхон түүнийг баривчлах хүсэлт гаргасан ч шүүхээс нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар хүсэлтийг хүлээж аваагүй. Харин энэ удаад прокурорынхон нэмэлт материал цуглуулж, шүүхэд дахиж хандсаны дагуу баривчлах шийд гаргалаа.

Прокурорынхны түүнд тулгаж байгаа хэрэг бол 2015 онд "Самсунг"-ийн охин компаниудыг нэгтгэх, удирдлагыг шилжүүлэх үйл явцад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгийг авсан. Үүний тулд нийтдээ 41 тэрбум вонын авлигыг Ерөнхийлөгч Пак Гын Хэ болоод түүний найз Чой Сун Силд өгсөн гэж сэрдэж байгаа юм.

Парламентын сонсголын үеэр "Самсунг"-ийн төлөөлөгч Чой Сун Силийн байгуулсан хоёр санд 20.4 тэрбум вонын хандив өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ мөнгө бол урлаг, спортынхныг дэмжихэд зориулсан хандив байснаас биш, хариу тус хүссэн зүйл байгаагүй гэсэн байна. Ийнхүү Ли Жэёныг баривчилсан нь Ерөнхийлөгч Пактай холбогдох авлигын хэргийг мөрдөн шалгах явц түргэснэ, мөн томоохон корпорациуд болоод эрх баригчдын хооронд үүссэн авлигын сүлжээг илрүүлж, таслан зогсооход тустай байж болох юм гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Самсунг"-ийн өв залгамжлагчийг баривчиллаа   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй