Шууд

ББСБ-ууд “нэг өдрийн зээл” нэрээр мөнгө хүүлэх эрхгүй

2017-02-17 10:45:27

“Нэг өдрийн” буюу “хоногийн” зээл гэх санхүүгийн харилцаанд ойрын жилүүдэд ард иргэд, тэр дундаа жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олноороо холбогдож, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирох, санхүүгийн болон сэтгэлзүйн дарамтанд өртөх явдал байсаар байгаагийн дээр энэ зүй бус үйл ажиллагаанд ББСБ-ууд оролцож байна гэсэн мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй нь анхаарал татаж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хууль, тогтоомж, Хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, заавруудаар ББСБ-ууд өдөр тутмын төлөлт нэхэх, 100 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл бүхий “нэг өдрийн зээл” олгох эрхгүй болно. Хэрвээ ББСБ-ууд эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг далимдуулан ёс зүйгүй үйлдэл гаргаж, зохисгүй, хатуу нөхцөлтэй зээл олгон, зээлдэгчдэд өрийн болон хүүгийн дарамт үүсгэж, тэдний амьжиргааны эх үүсвэрийг барьцаалах үйл ажиллагаа явуулж байгаа бол үүнийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй тул Хороонд хандан, зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхийг ард иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөж байна.

Харин иргэд хоорондоо сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, зээлийн харилцаа үүсгэхийг Хорооны зохицуулалт болон хууль, журам, хяналт, шалгалтын арга хэрэгслүүдээр хязгаарлах боломжгүй боловч зээлийн гэрээг хэт нэг талыг барьж байгуулах нь тэгш зарчим, шударга ёс, эрх зүйн холбогдох хэм хэмжээгээр хориотойг сануулж байна. Зээлийн болон бусад гэрээ нь талуудын эрх, үүргийг тэгш хангаж, харилцан бололцоо олгосон нөхцлөөр хийгдэх ёстойг зохицуулсан эрх зүйн боломжийг ашиглан, шударга бус мөнгө хүүлэлтэд өөрийгөө болон гэр бүлээ өртүүлэхгүй байхыг анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


ББСБ-ууд “нэг өдрийн зээл” нэрээр мөнгө хүүлэх эрхгүй  
Үзсэн: 400 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй