Шууд

Манант хотдоо маргааш ч амьдарна

2017-02-17 12:38:15

Эх орны минь нийслэл хотод өвөл бүр шийдэгддэггүй асуудал бол агаарын бохирдол юм. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл төдийгүй хамгийн их бохирдолтой 10 хотын нэг гэгддэг. Хотын агаарын бохирдлын хор уршиг өнгөрсөн зууны дөчөөд оноос эхтэй гэнэ. Угтаа бол хүн ам суурьшиж эхэлсэн тэр үеэс л орчны болоод агаарын бохирдол эхэлсэн нь лавтай. Түүхий нүүрсний хэрэглээ үүнд хувь нэмрээ оруулснаар аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна. Агаарын бохирдолтой нийслэл хотдоо хүн амын бараг тал нь амьдарч буй билээ.

Агаар болон орчны бохирдлын гол эх үүсвэрээр дулааны цахилгаан станц, халаалтын болон уурын зуух, хогийн цэг, гэр хороолол,автомашин зэргийг нэрлэж болох юм. Хамгийн ихээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа обьект бол дулааны цахилгаан станцууд. Судалгаагаар Улаанбаатар хотын дулааны станцууд жилдээ 3.6 сая тонн нүүрс шатаадаг. Эдгээр нь өвлийн улиралд цаг тутамд 4.5 сая шоо метр утаа, 4.14 тн үнс, 6.762 кг хүхэрлэг хий агаарт хаяж байна. Агаарт дэгдэх хүлэмжийн хийн 64 орчим хувийг зөвхөн дулааны цахилгаан станц “үйлдвэрлэдэг”. Мөн 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс, гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг байна. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад 10 хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг ажээ. Жилдээ 5.2 сая тонн нүүрс шатааснаас хотын агаар дахь угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу ислийн агууламж заримдаа зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин давдаг байна. Ингээд бодохоор бид юугаар амьсгалж буй нь ойлгомжтой.

Агаарт дэгдэх хүлэмжийн хийн 64 орчим хувийг зөвхөн дулааны цахилгаан станц “үйлдвэрлэдэг”.

Төр засгаас гэр хорооллын утааг бууруулах зорилгоор шат дараатай олон арга хэмжээг авсаар ирсэн. Үүний нэг нь гэр хороололд АНУ-ын “Мянганы сорилтын сан”, “Цэвэр агаар” төсөл хамтран сайжруулсан зуух тараасан явдал юм. 158 мянга гаруй зуухыг 93 хувийн татаастай үнээр гэр хорооллын айл өрхөд худалдсан байдаг. Түүнчлэн 2013 оноос Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн хүрээнд 40 гаруй мянган зуухыг тараасан. 2014 онд сайжруулсан 140 мянга гаруй зуухыг иргэдэд тараах ажлыг хийж дуусгажээ.

Хэдийгээр зарим өрх сайжруулсан зуухыг хэрэглэж эхэлсэн боловч зориулалтын түлшийг нь түлэлгүй нүүрсээ түлсээр байсан. Зориулалтын шахмал түлш нь хэт үнэтэй байсан нь иргэдийг нүүрс түлэхэд хүргэсэн хэрэг л дээ.

Бид сайжруулсан зуух тараасан гэх Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороог зорилоо. Тус хорооны Засаг дарга С.Мөнгөнтулгатай уулзахыг хүссэн ч тэрбээр гадуур ажлаар явсан байв. Харин нийгмийн ажилтнаас хороонд нь төслийн зуухтай хэдэн айл бий, цахилгаан халаалттай хэдэн айл байдаг тухай асуухад “Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл судалгаа байдаггүй. Судалгаа нь дүүрэг дээр л байдаг” гэсэн юм.  

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргийн Тамгын газрын “Статистикийн хэлтэс”-т очиж гэр хороололд амьдардаг өрхийн төслийн зуух болон энгийн зуухны судалгааг авахаар очиход “Манайд тэр мэдээлэл нь байхгүй. Гэхдээ 2016 онд хийсэн гэр хороололд болон орон сууцанд амьдардаг өрхийн судагаа бий” гэв. Тэрхүү судалгааг барин “Тохижилт нийтийн ахуйн хэлтэс”-ээс лавлахад “Төслийн зуух тараалт 2015 онд дууссан. Бидэнд 2013-2014, 2014-2015 оны судалгаа байгаа” гэв.

Баянгол дүүргийн “Сууц болон сууцны тусдаа байшин, гэрт амьдардаг өрхийн 2016 оны судалгаа”-д дурдсанаар дүүргийн нийт 58241 өрхөөс 12216 нь гэр хороололд амьдардаг. Харин 46025 өрх байшин хороололд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Тус дүүргийн 2013-2014, 2014-2015 онд хийсэн хосолмол бүсийн хороодод борлогдсон сайжруулсан зуухны судалгаанд 3, 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хороог хамруулжээ.  Уг судалгаанд 2013-2014 онд “Дөл”, “Өлзий” болон “Хас”, Нам даралт, “Талст”, “Векас-107” зэрэг зуухыг нийт 8833 ширхгийг борлуулжээ. Харин 2014-2015 онд “Голомт”, “Жижиг дөл”, “Том дөл”, “Өлзий”, “Векас-107”, “Чин-1” зэрэг зуухыг нийт 698 ширхгийг борлуулсан байна. 

Тэгвэл 22 дугаар хороонд 2013-2014 онд 1487 ширхгийг, 2014-2015 онд 133 ширхгийг борлуулж нийт 1620 зуухыг төслийн хүрээнд худалдсан байна.

Зуух тараагаад агаарын бохирдол буурсан уу гэдэг нь өнөөдөр ч анхаарал татсан асуудал хэвээр байна.

Зуух тараагаад агаарын бохирдол буурсан уу гэдэг нь өнөөдөр ч анхаарал татсан асуудал хэвээр байна. Бид Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Содномпилийнд очлоо.

Тэрбээр “Манайх 2013 оны өвөл төслийн зуухтай болсон. Анх “утаагүй зуух” гээд телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлаад байхаар нь утаа гарахгүй юм байх гэж бодсон ч урдах зуухтай маань адилхан л утаа гарч байна лээ. Анх манайх зориулалтынх нь шахмал түлшийг хэрэглэсэн. Харин сүүлдээ үнийг нь дийлэхээ болиод эргээд нүүрсээ түлж эхэлсэн шүү. Ер нь дулааны цахилгаан станцынхаа тоог нэмээд цахилгааныхаа үнийг хөнгөлчихвөл ард иргэд бид чинь цахилгаан халаалтаа авна шүү дээ. Шалны халаалт тавьж үзсэн боловч цахилгааных нь үнэ хэт их гарсан” гэв.

Мөн тус хорооны иргэн М.Төмөрбаатар “Сайжруулсан зуух хуучин бидний хэрэглэдэг байсан зуух хоёрын хооронд ялгаа бараг байхгүй. Зориулалтын түлшийг нь авах бололцоотой хүмүүс бараг байхгүй гэхэд болно. Харин энэ зуухыг тавьснаар улам их утаатай болсон гэж боддог. Дулаан барих тал дээр хуучин зуухыг маань бодвол арай дээр юм байна лээ. Манайх хуучин зуухтай байхдаа сард нэг машин нүүрс түлдэг байсан. Одоо ч гэсэн нэг машин нүүрс түлж байна. Зуух тараасан нь гэрийн эрүүл ахуйн тал дээр л жаахан дэвшилттэй зүйл болжээ л гэж бодож байгаа” гэлээ.

Иргэн Б.Баясгалан “Энэ хороонд 2007 оноос хойш амьдарч байна. Манай энд үүрийн таван цагаас өдөр 12 хүртэл, 17:00 цагаас шөнийн гурав хүртэл утаа маш ихтэй. Гадуур явахад хоолой хорсож, дотор эвгүйрхэж, толгой өвддөг” гэв.

Тус хорооны нутаг дэвсгэр нь хазгай, хэвгий учир өвлийн улиралд халтиргаа гулгаа ихээр үүсдэг байна. Тиймээс иргэд үнсээ гудамж, зам дагуу тарааж асгажээ. Мөн айлууд хог, үнсээ гудамжинд ил задгай асгасан байлаа. Нэг хороон дээр жишээ авахад л агаарын болон хөрсний бохирдол ийм хэмжээнд байна.

2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба хамтран агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллогыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 116 хорооны 117 мянга гаруй өрхөд явуулсан байдаг.  Судалгаанд оролцогсдын 44.5 хувь нь энгийн зуухтай, 65064 өрх буюу 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байжээ. Үүнээс харахад нийт айл өрхийн 55 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байсан бол үлдсэн нь зуухыг зарж борлуулах зэргээр үрсэн гэдгийг Агаарын чанарын албаныхан мэдээлсэн юм.

Тараасан сайжруулсан зуухыг иргэд одоог хүртэл дамлан зарах тохиолдол маш их байдаг тухай зарим иргэн ярьж байна. Гэр хорооллын гудамжаар алхаж явахад “Төслийн шинэ, хуучин “Дөл”, “Хас”, “Өлзий”, “Голомт” нам даралтын зуухнууд худалдаж авна” гэсэн зарлал энд тэндгүй харагдана. Утасны дугаарын дагуу нь холбогдож төслийн зуухыг хэдээр зардаг болохыг асуухад “Төрөл нь хамаарахгүй бүгдийг нь 150 мянгаар худалдаж авдаг. Хуучин эвдрэл гэмтэлтэй бол очиж үзэж байгаад үнэ тохирч авна” гэв. Мөн иргэд “Энэ хүмүүс худалдаж авсан зуухаа хөдөө орон нутгийн иргэдэд үнэ нэмж зардаг” гэсэн юм.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас хийсэн  нэг дорвитой ажил нь цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал юм.

Энэ мэтчилэн төр засгаас хөнгөлөлттэй үнээр тараасан зуухыг дамлан зардаг урвуу сэтгэлтэн олон байвал нийслэлчүүд утаанаасаа сална гэдэг үлгэр болно.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас хийсэн  нэг дорвитой ажил нь цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал юм. Ингэснээр иргэд өвлийн улиралд цахилгаан халаалтыг хэрэглэхэд илүү дөхөм болж буй.


 
Уг нь агаарын бохирдлыг бууруулах, улмаар утаагүй болох гарц, гаргалгаа олон бий. Жишээ болгох үүднээс дараах тооцооллыг хийж үзлээ.

1.    Нэг өрх зүтгэл гаргаж цагаан сар, шинэ жил болон бусад баяр ёслолоор зарцуулдаг тэр их мөнгөө хэмнэж цахилгаан халаалт авах явдал юм.
Нэг өрх Цагаан сараар дунджаар 1324000 төгрөг, шинэ жилээр насны бүлэг болон хүйсээр нэг хүний дундаж зардал 116600 төгрөг байдаг байна. Харин нэг өрхийн дундаж зардал бага орлоготойгоос өндөр орлоготой өрх хүртэл 600000-1500000 төгрөгийг зарцуулдаг аж.  Зарцуулдаг эдгээр мөнгөнийхөө 40 хувийг хэмнэхэд л бага зардлаар гэрээ дулаанаар хангаж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж болно.
2.    Иргэдийг цахилгаан халаалт авахад нь төрөөс санхүүгийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Мөнгөө хэмнэх боломжгүй өрхийн сарын орлого нь сардаа хүрэх, хүрэхгүй байдаг айлуудад лизенгээр олгох нь зөв зам юм.
3.    Төрөөс  цахилгаан халаалт үйлдвэрлэгч ААН-үүддээ санхүүгийн тусламж үзүүлж хамтарч ажиллах.
4.    Цахилгаан халаалтыг иргэд гэртээ суурилуулах арга замыг бүрдүүлж, иргэд гэртээ гал түлсэн тохиолдолд, жижиг нийтийн байрны уурын зуух зэрэг утаа ихээр гаргадаг цэгүүдийг торгох арга хэмжээг авах. Үүнийг хянах агаарын бохирдлын байцаагчийг томилох.
5.    Орон нутгаа хөгжүүлснээр хот руу шилжин ирэх өрхийн тоо багасна.
6.    Цахилгаан станцын тоог нэмж, иргэдэд цахилгааныг илүү хямд өртгөөр түгээх зэрэг гаргалгаа байгаа юм.
7.    2014 онд Агаарын чанарын албаны гаргасан судалгаагаар гэрт амьдардаг өрх сард дунджаар 3.8 тонн, байшинд амьдардаг айл 4.3 тонн нүүрс хэрэглэдэг байна. Тэгвэл энэ нүүрсэнд үрдэг мөнгөө хуримтлуулж цахилгаан халаагуур тавиулах.

Дунджаар 169.7 тэрбум төгрөгийг өнгөрсөн 2011 оноос агаарын бохирдлын бууруулах зорилгоор зарцуулсан байх юм.

Иргэн, айл өрх бүр улс орныхоо төлөө, өөрсдийн эрүүл мэндийн төлөө өдөр бүр хэмнэж, хуримтлал үүсгэснээр ирээдүйгээ аварч чадна. Сайжруулсан зуух төсөлд нийт 68 тэрбум, 20.7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга, 5.1 мянган ширхэг гэрийн үүдний гонх, 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй сууц олгож, нийт 12 тэрбум төгрөг, Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн айл өрхүүд 18-19 цагийн хооронд 3000 кВт.ц хүртэлх сайжруулсан зуух хэрэглэж байгаа буюу бусад нөхцөл шалгуурыг хангасан бол сарын нийт 200 кВт.ц хүртэлх хэрэглээг тус тус 50 хувь хөнгөлж, нийт 3.5 тэрбум төгрөг, 100 кВт-аас дээш чадалтай 204 нам даралтын зуухыг шинэчилж, 12.5 тэрбум төгрөг, 100кВт-аас доош чадалтай 1115 зуухыг төвлөрсөн дулаанд холбож 5.4 тэрбум төгрөг, 250 автобусыг хий-дизель хосолмол болгоход 3.3 тэрбум төгрөг, “Их тойрог ЦДАШ, дэд станц” төсөлд 52 тэрбум төгрөг, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний уур, усны дулаан солилцуулагч бүхий 210 МВт дулааны дэд станц байгуулахад 10.0 тэрбум төгрөг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахад 17 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Дунджаар 169.7 тэрбум төгрөгийг өнгөрсөн 2011 оноос агаарын бохирдлын бууруулах зорилгоор зарцуулсан байх юм. Энэ их мөнгөөр юу хийж болох байсан бэ, хэдэн айлыг нүүрс түлэхээс хөндийрүүлж, төвийн шугамд холбогдсон орон сууц руу нүүлгэж дөнгөх байсан бол. Бас бодох л асуудал... 

Л.Сайнбаяр /MNB.mn/


Манант хотдоо маргааш ч амьдарна  
Үзсэн: 472 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй