Шууд

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно

2017-02-17 12:52:15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа юм.

Бизнес уулзалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Энэ жилийн хамгийн гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилруу чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбаруудруу дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажилгаанууд зарлагдаж байгаа.  Энэ салбаруудыг бид бизнесийн салбарынхандаа танилцуулах гэж байна. Нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгний худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлан танилцуулна. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь ААН-үүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар зөв бодлого барих ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцсон чухал уулзалт болно гэж үзэж байгаа” хэмээн Засаг даргын орлогч П.Баярхүү хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,  аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа  танилцуулах аж.

Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн  иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болонМонголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ.


“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно  
Үзсэн: 486 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй