Шууд

“Насны хишиг”-ийг ирэх 7 хоногт олгоно

2017-02-17 13:34:36

Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ээ авахаар 103 мянган ахмад хүсэлтээ гаргаад байна. 2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргах журамтай юм байна.

Жилд хоёр удаа олгох энэ халамжийн эхнийхийг энэ сарын 20-оос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор боллоо. Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байна.

“Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийн хугацаа ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Энэ оны “Насны хишиг”-т 2017 оны төсөвт 20.4 тэрбум төгрөг суулгажээ. Эдийн засаг өссөн тохиолдолд “Насны хишиг”-ийг улиралд нэг удаа өгөх боломжийг судална хэмээн тус хуулийг хэлэлцэх үеэр холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байсан билээ.

Ахмадууд ямар журмаар “Насны хишиг” авах вэ.

  • Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
  • Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
  • Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
  • Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
  • Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.
  • Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

Насны хишиг авах насны ангилал.

  • 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
  • 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
  • 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Насны хишиг”-ийг ирэх 7 хоногт олгоно  
Үзсэн: 613 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй