Шууд Chart

Б.Болормаа

Монголын радиогийн редактор


Амьдралыг баялаг болгодог нь гэр бүл

2017-03-07 17:37:18

Урин хавар, тахиа жилтэй хамт эх оронд минь айлчлан ирсэн гэгээн цаг дор “Зочин гэр бүл” нэвтрүүлгийнхээ 69 дэх айлын хойморт тухлан сууж хөөрөлдлөө. Говь-Алтай аймгийн Цогт сумын унаган хүүхдүүд Мишигдоржийн Ганболд, Батдоржийн Цэрмаа нар долоодугаар ангиасаа үерхэн нөхөрлөж, хожмоо гэр бүл болж, эдүгээ  30 дахь хавраа хамт угтаж явна. “Айл гэр сайн, сайхан явахад эр нөхрөө дээдлэхээс эхтэй...” гэсэн буурал ээжийнхээ захиасыг одоо ч эрхэмлэсээр яваа гэргий Б.Цэрмаа нь үг хэл, үйлс зам мөрөө гэгээн байлгахыг зорьдог. Харин гэрийн эзэн М.Ганболд “Танай манай, миний, чиний гэдэг бодол санаа, үг хэл гэр бүлд байгаад ирэхээр амьдрал эрээнтэй, бараантай болдог. Тиймээс ч бид аав ээжүүддээ хүргэн, бэр нь гэхээсээ илүү хүү, охин нь юм шиг элгэмсүү сэтгэлээр хандаж ирсэн нь манай гэр бүлийн бат бөх байхын үндэс юм...” хэмээн онцолсон. Эвтэй явахын ухааныг энэ амьдралаасаа олж таньсан тэдний ертөнцөөр уншигч таныг хөтлөе.

-“Өнөөдрийн миний бодол маргаашийн намайг бүтээсэн байдаг” гэсэн үгийг зөв амьдарч яваа хүмүүс их хэлдэг юм билээ?

М.Ганболд: -Миний багын дурсамж байдаг юм. Манайх сумын төвөөсөө урд зүгт байдаг байсан. Сургуулиа тараад ихэвчлэн урагшаа гэр рүүгээ явна. Харин хааяа нэг зуслан явах гээд сургуулиасаа хойшоо явна л даа. Манай сумын гэр хорооллууд ихэвчлэн хойд талдаа. Тэгээд явж байхад нэг айл их содон харагддаг. Навга-Очир гээд айл юм. Өөрөө жолооч, эхнэр нь багш. Тэдний гадуур явахаар хашааны хаалга нь байнгын онгорхой. Яваад орохоор зүсэн зүйлийн машин, танихгүй голдуу хүмүүс харагдана.  Үүдээр нь гарахаар тэдний эхнэр Туяацэцэг эгч гал тогоо бариад түмэн завгүй. Ирсэн гийчдийн сургийг нь сонсохоор зэргэлдээх сумынх л гэнэ, тойргийн сумдаас ирсэн л гэнэ, өөр аймгийн хүн ч ирсэн дуулддаг байлаа. Тэгээд би том болоод яг эднийх шиг ингэж хүн бужигнуулсан айл болно доо гэж боддог байсан юм. Ямар олон танилтай юм бэ дээ гэж боддог байлаа. Одоо би энэ дурсамжаа эргэн санадаг. Яагаад гэвэл би өнөөдөр ингэж амьдарч явна. “Орохдоо гэрийн эзний, гарахдаа гэргийн нэрээр гардаг” гэсэн монгол ухаан шиг нэг ирсэн хүн буцаад заавал ирдэг нь манай эхнэрийн гарын цай, зан ааш хүнд гологдомгүйг хэлдэг биз ээ.  

-“Эмэгтэй хүний харцнаас нь хань ижлийнх нь тухай уншиж болдог...” гэсэн үг бий?

Б.Цэрмаа: -Эр хүний нөмөр нөөлөг энэ амьдралд асар их. Одоо эргээд бодоход өөрийгөө гэр бүлгүйгээр төсөөлж чаддаггүй юм. Олон жил амьдраад ирэхээр сэтгэл зүрх, хүсэл сонирхол ч нэг болдог. Буурал ээж маань “Эмэгтэй хүн сайн ханьтай болох нь сайхан мэргэжилтэй болохоос ч илүү аз жаргал юм...” гэж ярьдаг байж билээ. Энэ их үнэн үг юм байна гэдгийг өнөөдөр ойлгож байна. Манай хүн алив юмыг хүлээцтэй өнгөрөөдөг нь амар амгалан гэр бүл байх үндэс болсон юм болов уу.

-“Зочин гэр бүл” нэвтрүүлгээ сонсогчдодоо хүргэснээс хойш хэдийнэ 68 айлд зочилжээ. Айл бүхний үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өөр, гэр бүлийн онцлог нь ч давтагдашгүй байдаг?

Б.Цэрмаа: -Манайх ирсэн зочдоо гарын цай хоолоороо дайлна. Тэдэнтэйгээ хоршоод дуулна, хөгжим тоглоно. Нэг гол зүйл нь манайх ирсэн зочдодоо архи өгдөггүй. Шинэ жил, Цагаан сар гээд том баяр байсан ч гэсэн ялгаагүй. Манайд ирдэг хүмүүс энэ заншлыг мэддэг. Харин мэддэггүй хүмүүст бол урьдчилаад хэлчихдэг юм. Хүмүүс сэтгэл нь хөгжөөд манайхаас гарахыг харах сайхан байдаг. 

М.Ганболд: -Бид хоёр ганц охинтой. Охин маань айлын ганц гээд эрх танхи өсөөгүй. Харин ч их хэрсүү. Хөдөө гадаанаас хүмүүс ирэхэд шөнө орой байсан ч хамаагүй машинтай очоод тосно. Гадуур дотуур ажил амжуулахад ганцаараа гэлгүй бүхий л зүйлд тусална. Хүүхэд гэдэг аандаа аав, ээж нь ямар байна, даган дуурайж өсдөг юм билээ. Бид хоёр ятга тоглодог, охин маань төгөлдөр хуур дарна. Манайхан гэр бүлээрээ дуу хуур, хөгжимд дуртай. Охин маань өнгөрсөн хавар Анагаах ухааны их сургууль төгссөн. Одоо анагаахынхаа магистрт сурч байгаа. Ер нь амьдралын хамгийн том баялаг бол үр хүүхэд, тэдний зөв хүмүүжил юм.

-Гэр бүлийн хүмүүсийн хүсэл сонирхол адилхан байхын аз жаргалаас хуваалцаач?

М.Ганболд: -Бид хоёр сургуульд байхаасаа ятга тоглодог байсан. Би урлагийн сургуульд орох гээд их зүтгэсэн. Гэхдээ урлагийн хүн болоогүй ч хүсэл сонирхлоо гээгээгүй ээ. Одоо манай гэрт бид хоёрын тоглодог дөрвөн ятга, гитар, охины маань тоглодог хоёр ч төгөлдөр хуур, гитар, морин хуур, лимбэ, баян хуур байна. Бид хоёр Говь-Алтайгаас, Өвөрхангайгаас шөнөжин давхиад гэртээ ирэхээрээ ядаргаагаа хөгжим тоглоод, дуулаад тайлдаг. Ах дүүгээрээ цуглаж суугаад энэ хэдэн хөгжмүүдээ тоглоод, дуулаад суух үнэхээр жаргал байдаг.

-“Амны билгээс ашдын билэг” гэдэг үгнээс амнаас гарч байгаа үг ямар байна, амьдрал тань тийм байна гэсэн ухаан харагдах шиг?

М.Ганболд: -Тийм шүү, сайн сайхныг яриад л байвал сайн сайхан, муу муухайг яриад байвал муу муухай л дэлгэрнэ гэсэн утга юм. Тухайлбал, манай эхнэр “гурил дүүрчихжээ” гэж хэлдэг. Энэ нь хүн сонсохоор дүүрэн байгаа л гэсэн үг. Харин миний ойлгож байгаагаар дундарчихаж, нэмэх юм байна аа гэдэг утга. Энэ мэтээр амьдралд сайныг зөгнөж ярих нь сэтгэл санааг төвшитгөдөг учиртай.  

Б.Цэрмаа: -Үнэхээр эхнээсээ л нэг нэгэндээ муу, муухай үг хэлэхгүй яваад ирэхээр сурчихдаг юм билээ. Тиймдээ ч бид хоёр бие биенээ “чи” гэж хэлж үзээгүй. “Та” гэдэг үгний араас гарах үг аяндаа зөөлөн байдаг юм билээ...

Гурвуулаа хэрнээ хориод хүн суумаар ширээгээ идээ ундаагаар дүүргэж, өгөөмөр сэтгэлээр дайлахдаа жаргаж суудаг энэ айлын охин Г.Ууганзаяа “Гэрт хөгжим дуугараад, хамтдаа дуулна гэдэг гэр бүлийн уур амьсгалыг сайхан болгодог. Тэгээд ч манайд гэр бүлийн амьд харилцаа илүү байдаг байх. Ер нь сайхан зүйл байна гэдэг муу юм гэрт байхгүй л гэсэн үг. Миний хувьд өвөө эмээ, аав ээжийгээ харж амьдралын бүхий л зүйлийг сурдаг...” хэмээн ярьсан. “Амьдрал урт, богино байхаасаа илүү баялаг байх тусмаа л гоё. Харин энэ амьдралыг баялаг болгоод байгаа зүйл нь гэр бүл юм. Амьдралд байгаа муу, сайн зүйлээ ойлгож чадаад, тэрэн дундаа өөрөө хөгжинө гэдэг л амьдралыг баялаг болгодог...” гэсэн гэрийн эзний үгийг уншигч таны бодолд үлдээе. Айл бүрийн хойморт аз жаргал түгэн дэлгэрч байг ээ!  

Б.Болормаа

Нийтэлсэн: Б.Болормаа

Амьдралыг баялаг болгодог нь гэр бүл  
Үзсэн: 2470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цээгий [122.201.22.xxx] 2017-03-11 08:49
2 дүүдээ аз жаргал хүсье та 2 Мундаг шүү
Зочин [88.238.128.xxx] 2017-03-07 22:03
Ta 2 facebooktee dahiad yatgatai duu duulj bichleg oruulldaa.
Зочин [66.181.191.xxx] 2017-03-07 21:15
Ganbold ah Tsermaa egch 2 minii ger buliiin ulger duiralal bolson saihan ger bul shuu az jargal eruul enkhiig husey

Бидэнтэй нэгдээрэй