Шууд Chart

Ц.Сүнжидмаа: Аав, ээж минь байсан бол охиноороо бахархах байсан даа

2017-03-15 09:30:52

Чингэлтэй дүүргийн 49-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Сүнжидмаа бөхийн дөрвөн төрлөөр хичээллэж, улс болоод гадаадын тэмцээн уралдаанд амжилт үзүүлсээр байна. Тэрбээр энэ сарын 11-нд болсон Монгол Улсын өсвөрийн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. “Женко” клубын тамирчин Ц.Сүнжидмаатай ярилцсанаа уншигч танаа хүргэе.     

-Хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-2012 оны намар Дашням, Балжиннямтай нэг өдөр эгчийгээ дагаад хадаг, сүү бариад Спортын төв ордныг зорьж байлаа. Тэгээд Шархүүгийн Цэвэлмаа багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн дээ. Яг л өчигдөр мэт санагдаж байна шүү.

-Охин хүүхэд байж бөх барилдлаа гэж зарим хүн шүүмжилдэг. Таны хувьд бөхийн спортыг сонгох болсон шалтгаан бий байх?  

-Манай аав, ээжийн талынхан үндэсний бөхөөр барилддаг хүмүүс байсан. Удмаа  дагасан гэж хэлж болно. Бид ээж, ааваас долуулаа. Би айлын бага нь. Дөрвөн ах, хоёр эгчтэй. Том эгч маань Монголын хамгийн анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин Ц.Батхүү гэж хүн байдаг. Харин дунд эгч маань өнгөрсөн онд “Жюү-Жицү”-ийн дэлхийн аварга болсон Ц.Батцэцэг. Би багаасаа л ноцолдож өссөн. Эгч нар маань барилддаг болохоор цаанаасаа л барилдах их гоё санагдаад бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Гэрийнхэн маань ч их сайхан хүлээж авсан. Бэртэл гэмтэл авахгүй, бэлтгэлээ сайн хийгээд, сайн барилдаарай гэж захидаг.  

-Та бөхийн дөрвөн төрлөөр барилддаг. Аль төрлөөр нь бэлтгэлээ түлхүү  хийж байна вэ?

-Жүдо, Самбо, Сүмо, Жюү-Жицү гэсэн бөхийн дөрвөн төрлөөр барилддаг. Гэхдээ Жүдо бөхөөр түлхүү хичээллэдэг. Нөгөө төрлүүдээр нь сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлэх зорилгоор хичээллэдэг юм.

-Томоохон амжилтуудаасаа манай уншигчдад сонирхуулж болох уу?

-Жүдогоор 2015 оны өсвөрийн багийн улсын аваргын алт, 2016 оны өсвөрийн хувийн дүнгээрээ алт, мөн хотын аваргад түрүүлсэн. Энэ сард болсон тэмцээнээсээ алтан медаль авч Япон руу тэмцээнд орох эрхийг олж аваад байна. Жюү-Жицүгээр 2016 онд улсын аварга болсон. Сүмо бөхөөр 2016 оны улсын аварга болж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Самбо бөхөөр 2017 онд улсын аваргаас алтан медаль авсан. Мөн сургууль, дүүрэг, хотын аварга зэрэг жижиг тэмцээнүүдээс олон алтан медалийг хүртсэн.

-Сүмогийн дэлхийн аваргаас та хүрэл медаль хүртсэн байх аа?

-Би гэрийхэнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр энэ тэмцээнд орсон л доо. Манай улсад анх удаа болж байгаа учраас надад их сайхан санагдсан. Тэгээд нэг сар багаараа хээрийн бэлтгэлд гараад тэмцээндээ оролцсон. Эмэгтэй тамирчид цөөн байсан болохоор дэлхийн аваргад ороод үзэх сэдэл төрсөн шүү.

-Медаль хүртэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Өөрийгөө медаль авна гэж бараг төсөөлөөгүй байсан. Тухайн үедээ итгэж өгөхгүй, эргэлзээд л... Анхандаа Японы эмэгтэй сүмочид сайн гэж сонсоод жаахан айдас төрсөн. Дөрвөн барилдаан хийж хоёр ялж, хоёр ялагдаж хүрэл медаль хүртсэн.  

-Бөхийн спортоор хичээллэхийн сайхан нь юу вэ?

-Баг хамт олонтойгоо нэг хүн шиг байж, багаар ажиллах чадварт суралцдаг. Мөн хүнийг хүндлэх, тусалж дэмжих төлөвшлийг олж авдаг гэж би хувьдаа боддог. Мөн нэг нэгнээсээ суралцаж, алдаа дутагдлаа засч залруулах, тэсвэр тэвчээр, эр зоригийг өөртөө олж авдаг.

-Долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийдэг вэ?

-Зургаан өдөр бэлтгэл хийдэг. Нэг, тав дахь өдөр Спортын ордонд шигшээ багийнхаа бэлтгэлд дөрвөн цагаас ордог. Хоёр, гурав дахь өдөр хоёр цагаас бэлтгэлтэй. Дөрөв дэх өдөр сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийнхөө бэлтгэлд гардаг. Хагас сайн өдөр гүйлтийнхээ бэлтгэлийг хийдэг. Бүтэн сайнд амардаг. Бараг чөлөө завгүй байдаг гэж хэлж болно.

-Та хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн бэлтгэл хийдэг гэлээ. Энэ таны сонирхол уу, эсвэл бөхөөр барилдахад хэрэгтэй юу?

-Бөхийн спортоор хичээллэж байгаа хүнд хэрэгтэй байдаг. Учир нь гэвэл хөдөлгөөний эвсэлтэй, сэргэлэн, тэсрэлттэй, хурдтай болгодог. Барилдааныхаа ур чадварыг хөгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэдэг.

-Аливаа спортоор хичээллэхэд тухайн тамирчин урам зоригтой байж амжилт үзүүлдэг. Таны хувьд юунаас урам зориг олж авдаг вэ?

-Ах, эгч нараасаа л урмын үг авдаг даа. Жишээ нь, нэг тэмцээнд ороод ялагдал хүлээхэд ах маань “Чи энэ хүнээс муу учраас ялагдаж байгаа юм. Одоо илүү бэлтгэл хий, хөдөлмөрлө” гэж хэлдэг. Харин ялсны дараа “Энэ ялалтандаа битгий бардаарай” гэж үргэлж захидаг. Ер нь тэгээд тамирчин хүн хатуу үг дааж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Багш болон гэр бүлийнхнийхээ хэлсэн хатуу чанга үгээр өөрийгөө хурцалж чаддаг хүн л амжилт үзүүлдэг гэж би боддог. Урмыг хугалах гэж хатуу үг хэлдэггүй нь ойлгомжтой шүү дээ.

-Гадаадын тэмцээн, уралдаанд бөхийн ямар төрлөөр дагнаж явдаг вэ?

-Жүдо бөх бол миний хичээллэдэг үндсэн спорт. Тиймээс жүдо бөхөөрөө л дандаа явдаг. Бусад гурван төрлөөр явах боломж нээгдэж байсан ч би явъя гэж боддоггүй. Олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг шүү дээ. Тиймээс нэг төрлөөрөө  дагнахыг хичээж байгаа. Харин бусад гурвыг нь Жүдо барилдаанаа хөгжүүлэх суурь болгон хичээллэдэг.

-Бөхийн олон төрлөөр хичээллэхийн давуу тал байдаг байх. Зарим хүн зөвхөн нэг төрлөөрөө дагнадаг шүү дээ?

-Их юм суралцдаг. Жюү-Жицү болохоор хэвтээ барилдаанаа сайжруулахад, Самбо бөх мэхийг сайн даацтай хийхэд, тэсрэлттэй болгоход, Сүмо бөх болохоор золгооны барьцнаас сайн барилдах чадварыг олж авах боломжийг өгдөг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, бүх талаараа тэгш хөгжихөд тус дэм болдог доо.

-Ангийнхан тань дэмждэг үү?

-Зарим нь “Нас чинь ахиад ирэхээр бие чинь эвдэрч муухай болно доо” гэж эхэндээ хэлж байсан. Одоо бол намайг чи барилддаг байж, ямар ч барилддаг хүний шинжгүй гэж хэлдэг. Миний бие эвдрээгүй болохоор тэгж хэлдэг байх л даа.

-Гадаад, дотоодын тэмцээнээс медаль авахад Монголын жүдогийн холбоо болон “Женко” клубын зүгээс урамшуулал олгодог уу?

-Жүдо бөхийн холбооноос өгдөггүй. Харин “Женко” клубээс сар болгон цалин авдаг. Том амжилт гаргавал цалингаа нэмж авдаг. Хүмүүс ажил хийж, хийсэн хэмжээгээрээ цалин авдаг шиг бид бэлтгэлээ хийгээд гаргасан амжилтаараа цалин авдаг гэж ойлгож болно.

-Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байна?

-Хууль сахиулахын их сургуульд орно гэж боддог. Яагаад гэвэл цэргийн мэргэжил эзэмшээд хажуугаар нь бөхийнхөө бэлтгэлийг хийгээд байж болно гэж боддог.

 -Гадаад руу тэмцээнд явахад ойролцоогоор хэдэн төгрөг хэрэг болдог вэ. Тэр  мөнгийг хаанаас гаргадаг юм бэ?

-Ойролцоогоор таван сая төгрөг шаардлагатай болдог. Яг хүрэлцээд байдаггүй. Өөрөөсөө мөнгө гаргадаг. Зардлын мөнгийг заримдаа клубээс гаргадаг, заримдаа холбооноос гаргадаг. Гэхдээ клуб гаргасан тохиолдолд холбооноос мөнгө гаргадаггүй, холбоо гаргасан тохиолдолд клубээс гаргадаггүй. Янз бүр байдаг. Яг таван сая төгрөг бүрэн гаргаж өгдөггүй. Тиймээс л өөрөөсөө мөнгө гаргах зайлшгүй шаардлага гардаг.

-Аливаа спортоор хичээллэхэд өөрийгөө ялан дийлэх болдог гэсэн. Та өөрийгөө хэрхэн ялан дийлдэг вэ?

-Би амжилт гаргахгүй юм байна гэх мэтчилэн өөртөө итгэх итгэлээ алдсан үедээ өөрийгөө зоригжуулж, бусдын хэлсэн хатуу үгээр өөрийгөө хурцалж чадвал тэр л өөрийгөө ялан дийлэх байх. Өөрийгөө ялан дийлээгүй хүн амьдралд ялагдал хүлээж байна гэсэн үг л дээ.

-Хэдэн кг жинд барилдаж байна. Ирээдүйд жин өгсөх бодол бий юу?

-Би Одоо 63 кг жинд барилддаг. Ирээдүйд ч энэ жиндээ барилдана гэж боддог.

-Таны хамгийн ойрын зорилго юу вэ?

-Монгол Улсынхаа аварга болоод өсвөрийн дэлхийн аваргад оролцох зорилготой байгаа. Одоо болох гэж байгаа хотын аваргаас эхний наймд шалгараад улсын аваргадаа оролцох эрхээ авахыг зорьж байна. Улсын аваргадаа эхний хоёрт орвол дэлхийн аваргад оролцох боломжтой болно.

-Улсын аваргаас эхний хоёр байр эзэлсэн тамирчин хувиасаа мөнгө гаргаж дэлхийн аварга руу явдаг уу?

-Нэгдүгээр байр эзэлсэн тамирчин 100 хувь хөнгөлүүлж явдаг. Харин хоёрдугаар байр эзэлсэн тамирчин нь өөрөөсөө мөнгө гаргаж явдаг.

-Бөхийн спортоор дэлхийн болон улсын тэмцээнд амжилттай оролцдог тамирчдыг их чинээлэг амьдардаг гэж дүгнэдэг. Бодит байдал ямар байдаг вэ?

-Хүмүүс харин тэгж боддог юм байна лээ. Яг үнэндээ бол өөр байдаг. Энгийн хүмүүсээс илүү мөнгөний хэрэгцээ шаардагддаг. Гадаад, дотоодын тэмцээнээс медаль аваад мөнгөн шагнал авлаа гэж бодоход бараг зардалдаа өгөөд л  дуусчихдаг юм.  

-Та дэвжээн дээр гарахдаа айдас, сандрал, сэтгэл хөдлөлөө хэрхэн дардаг вэ?

-Ээж, аав хоёрыгоо бодож дэвжээн дээр гардаг. Ялчихаад дэвжээнээс буухдаа аав, ээж минь байсан бол охиноороо бахархах байсан даа гэж их боддог. Зарим тамирчин дэвжээн дээр гараад өрсөлдөгчөөсөө айна, бас би дийлнэ гэж бардамнах нь бий. Энэ бүгдийг тэнцвэржүүлэхийн тулд сэтгэл зүйн хувьд өөрийгөө маш их бэлддэг.

-Маш их сэтгэлээр унаж, би дахиж барилдахгүй гэж бодож байсан үе бий юу?

-Байдаг. 2014 онд нэг тэмцээнд ороод ялагдсан. Тэгтэл гэрийнхэн маань “Одоо  барилдаж чадахгүйгээс хойш хичээл сурлагадаа анхаарвал болно” гэж хэлсэн. Түүний дараа гурав, дөрөв хоног уйлсан. Тэгтэл нэг өдөр багш маань залгаад “Миний охин ирж бэлтгэлээ үргэлжлүүлж хий. Гэрийнхэн чинь юу гэж хэлэх бид хоёрт хамаагүй ээ” гэсэн. Гэрийнхэн маань тэгж хэлсэн нь намайг хурцалсан үг байсан юм билээ. Тэр үед жаахан байсан болохоор би ойлгоогүй явж.

AAAA

-Тамирчин хүн сайн багш, сайн дасгалжуулагчгүйгээр амжилт гаргана гэдэг хэцүү. Та багшийнхаа талаар яриач?

-Үгээр хэлж, ямар нэгэн зүйлтэй зүйрлэшгүй тийм их нандин хүн юм даа, миний багш. Би Ш.Цэвэлмаа багшдаа дэндүү их хайртай. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийж багштайгаа хамт байдаг учраас миний аав, ээжийг орлож яваа тийм л агуу хүн гэж боддог. Дотоод хүнтэй маань илүү тулж харилцдаг. Намайг маш их ойлгодог хүн. Багш гэж ийм л хүнийг хэлдэг байх.

-Тамирчин хүнд байх ёстой хамгийн эрхэм чанар юу вэ?

-Нэгэндээ муу санадаггүй, атаа хорсолгүй байх л хамгийн эрхэм чанар байх даа. Нийтэч, тусархуу, энэрэнгүй байх ёстой. Бас “зөв” хор шартай байвал өөрт нь л хэрэгтэй.

-Тамирчин хүний тань хувьд асууя. Гадаадын тамирчидтай харьцуулвал Монголын тамирчид юугаараа дутуу санагддаг вэ?

-Сэтгэл зүйн бэлтгэл дутуу санагддаг. Яагаад гэвэл манай тамирчдад сэтгэл зүйч хүрэлцдэггүй. Гадаадаас жишээ авахад нэг тамирчинтай нэг сэтгэл зүйч тулж ярилцдаг. Манай тамирчид бараг сэтгэл зүйчтэй харилцалгүй тэмцээндээ ордог.

-Та тэмцээнд орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Толинд өөрийгөө хараад ярилцаж үздэг. Өөртөө гоё урмын үг хэлдэг. Чи чадна, хүчтэй бай гэх мэтчилэн үгсийг өөртөө хэлдэг. Өөрөө өөртөө итгээд, өөрийгөө хайрлаад, сонсоод, урам зориг өгөөд ялан дийлээд явбал тэр л сэтгэл зүйчид хандсанаас илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Ер нь би өөрийгөө л тордохгүй бол өөр хэн ч намайг тордохгүй шүү дээ.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Тамирчин хүн бүрийн мөрөөдөл байх л даа. Бэлтгэлээ сайн хийж байгаад 2020 оны олимпийн эрхийг авна гэж боддог. Цаашлаад дэлхийн болон олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж нүдэндээ нулимстай зогсохыг хүсдэг дээ.

-Яг тань шиг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд бөх болохоор хичээж яваа охидод урмын үг хайрлаач?  

-Надад яруу найрагч Цоодолын Хулангийн Эрдэнэт-Од эгчид зориулж бичсэн шүлэг надад их таалагддаг. 1999 оны “Болор цом” наадамд уншиж байсан юм байна лээ. Тэр шүлгэнд:

 “Эр морь хурдлахаа больсон энэ цагт

Эм хүн барилдах нь энүүхэнд ээ миний дүү” гэсэн  байдаг. Эмэгтэй хүн эр хүнээс бяр чадлаараа дутуу ч барилдаж яагаад болдоггүй юм бэ. Бөх гэдэг зөвхөн бяр,  хүчний спорт биш оюун бодол, дотоод сэтгэлийн спорт. Нэг зорьсон зүйлдээ шантралгүй тууштай явахад хэзээ нэгэн өдөр амжилтад хүрч болно шүү. Битгий шантраарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.  

Л.Сайнбаяр




Ц.Сүнжидмаа: Аав, ээж минь байсан бол охиноороо бахархах байсан даа  
Үзсэн: 4725 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2017-03-19 22:31
Sainshdee
Зочин [202.179.31.xxx] 2017-03-17 16:34
Hoorhon byatshan duu mini iim tom bolood uhaantai s.han ugseer ue tengiinhniigee urialaad sportiin torloor amjilt gargaj yawaag harahad uneheer s.han bnaa. Duudee tsaash tsaashdiinh ni temtseen uraldaand ondroos ondor amjilt huseed tiw delhiin awarga bolooroi gj erooe.
Зочин [66.181.180.xxx] 2017-03-17 15:19
Үнэхээр мундаг цаашдын бүх барилдаанд нь амжилт
дууяа [59.153.115.xxx] 2017-03-17 08:52
Ёстой мундаг ухаантай охин бас мундаг ухаантай ах эгчтэй шүү Сүүгий дүү минь.
Amgaa [202.70.46.xxx] 2017-03-16 23:38
Ymar mundag yum be. Saihan yriltslaga bn. Ulam ih amjiltiig husye. Olympian awarga bolooroi.
Ууууууу [103.57.92.xxx] 2017-03-16 22:14
Миний хөөрхөн дүү чинь ийм ухаантай байхгүй юу. Хайр хүрээд зөндөө уйллаа
Мөнхбат [27.123.214.xxx] 2017-03-16 21:40
Найз мундаг шүү илүү хөдөлмөрлөж ихийг бүтээж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай
Зочин [202.179.31.xxx] 2017-03-16 17:30
мундаг юмаа амжилт хүсье.
Зочин [112.72.11.xxx] 2017-03-15 10:32
Ёстой мундаг охин байна
Зочин [202.70.42.xxx] 2017-03-15 10:27
олимпийн аварга төрөх юм байна гэж бодлоо амжилт хүсье
kh [103.229.122.xxx] 2017-03-15 10:09
minii ohiin chadnaa amjilt zowhon hodoimor shuu
2 [202.180.216.xxx] 2017-03-15 10:00
ХӨӨРХӨН МАТАРЖИНГОО ЮМ АА, БАРАГ Л ЭР ДААВАР ЯЛГАРУУЛДАГ ХҮҮХЭН ЮМ БИШҮҮ
Зочин [203.91.115.xxx] 2017-03-17 10:56
Ergu mal be chi hund uram hairlah cjadwargui ym bol ydaj duugui unguruh chadwar sur setgehguin tigruugee zaasan amitan be

Бидэнтэй нэгдээрэй