Шууд

Ц.Нандинцэцэг

Монголын радиогийн редактор


Ид шидийн орноор...

2017-03-17 11:57:56

Урин цаг аль хэдийнэ бидэнтэй айлсчээ. Хаврын эерүү зөөлөн салхи сэтгэлд уяралын зөн татуулж, хайрлаж энэрэхийн гэгээн учгийг хэн хүний сэтгэлд бөхлөөд ирдэг нь цагийн аяс гэлтэй. Мөрөнд хүндэдсэн зузаан хувцсаа тайлахтай адил сэтгэлд хөндүүр тээн хургах эрчилсэн бараан бодлын хуйг “арчсан толь шиг” цэлмээж орхисон өнөөдөр шиг өдрүүд хүний амьдралын богинохон зайд улам олон байгаасай гэж хүснэ.

Ийн өгүүлэхийн учир нь бидний оршин буй цаг хугацааны гэрч болж,  түүхийн хуудсыг зузаатгах, эх орны ирээдүй бяцхан хүүхдүүдийн төлөө “Ид шидийн орон”-г цоглоохоор зориг шулуудсан эгэл жирийн нэгэн залуутай уулзан хөөрөлдсөнийх билээ.
 - Орж болох уу гэсээр зөвшөөрөл хүсч орохтой зэрэгцэн
 - Өө за, ор ор та, Наашаа суу. Ажил тавлаг байна уу? ... гэсээр эелдэгхэн мэндчилэх тэр залууг Чадраабалын Ганжавхлан гэдэг. Олон нийтийн цахим сүлжээгээр хэдийнээ олны танил болж, өөрийн удирддаг хүчирхийллийн эсрэг уриатай “Лантуун дохио” төрийн бус байгууллагаараа дамжуулан олон арван “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулж, олон ч шинэ санаачилгыг нийгэмд түгээж яваа бүтээлч залуу юм. Бидний уулзахаар товлосон газар бол түүний санаачлан хэрэгжүүлж байгаа “Ид шидийн орон” төслийн ажлын албаны өрөө байлаа.

Бидний уулзахаар товлосон газар бол түүний санаачлан хэрэгжүүлж байгаа “Ид шидийн орон” төслийн ажлын албаны өрөө байлаа.

Өөдлөх айл үүднээсээ гэж монголчууд бид бэлгэшээх дуртай. Цэвэрхэн, тохилог, бас ажил хэрэгч, бүтээлч байдал нь шууд л нүдэнд тусах түүний өрөөнд эцэг, эхийн хараа хяналт сул, хүчирхийлэл дарамт шахалт дунд амьдарч, эрх нь зөрчигдсөөр байгаа бага насны хүүхдүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг цогцоор шийдэх зорилготой “Ид шидийн орон” төслийн эргэн тойрон дахь ажил ундарч, гар нийлсэн залуус ажлаа хуваарилан байхтай зэрэгцсэн билээ.

Хүүхэд бүхэн жаргалтай, инээд цалгисан халуун дулаан гэр бүлд, амар тайван, айх аюулгүй элэг бүтэн амьдрах эрхтэй ч зовлон шаналал, хүчирхийлэл, дарамтад байнга өртсөөр байгаа олон зуун хүүхдийн асуудлыг шийдвэрлэхийн төлөөх түүний санаачилгаас бидний яриа эхэлсэн юм.

“Хүүхэд бүхэн жаргалтай байгаасай...” гэж хүсэхээс өөрөөр тэдний эрх яагаад зөрчигдөж байна, хүүхэд ямар алдаа хийснээс эцэг эх, ойр дотныхныхоо дарамт шахалтад өртөж байна, тэдэнд туслах ямар арга зам байна гэдгийг бодитоор харж, гарц олохыг хичээдэг нь өнөөгийн нийгэмд хэр олон юм бол... Олон нийтийн цахим сүлжээгээр өдөр бүр шахам хөврөх аймшигтай хэргүүдийн багагүй хувийнх нь золиос “хүүхэд” болсоор байгааг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг “Миний хүүхэд аюулд өртөөгүй л бол бусдынх нь буянаараа болог” гэдэг хэтэрхий хувиа хичээсэн зангийн боол нь бид өөрсдөө болчихсон ч юм шиг...

Хэн бүхнээс хариулт нэхэх эдгээр олон “асуулт”, “асуудлууд”-ын нэгээхэн хэсгийг ч болов шийдэхийн төлөө Ч.Ганжавхлан иргэний үүргээ ухамсарлан үеийн нөхөд болоод, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчуудаа уриалан ажиллаж байна.

“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийнхөө үр дүнг тэрбээр их л гэрэл гэгээтэйгээр харж байгаагаа дурдсан юм. Зүгээр нэг байшин бариад, тэндээ хучирхийлэлд өртсөн хэдэн хүүхдийг түр байрлуулдаг газар төдий байлгах биш он удаан жилийн настай, бодит үр дүнтэй, хүүхдийн хөгжлийг цогцоор нь дэмжсэн улсын хэмжээний “жишиг төв” болгохын төлөө зорьж байгаа юм билээ. Түүний энэ сайхан санаачилгыг сэтгэл зүрх нэгтэй ард иргэд болоод дэлхийн өнцөг буланд амьдарч байгаа монголчууд маань дэмжиж хандив тусламж өргөж байгаа гэнэ.

Ирэх есдүгээр сарын 1 гэхэд хүүхэд хамгааллын төвийнхөө тодорхой нэг хэсгийг ашиглалтад оруулахын төлөө тэрбээр цаг, наргүй ажилласаар байна.

Ирэх есдүгээр сарын 1 гэхэд хүүхэд хамгааллын төвийнхөө тодорхой нэг хэсгийг ашиглалтад оруулахын төлөө тэрбээр цаг, наргүй ажилласаар байна.

Манай улсын хувьд зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүүхэд хамгааллын жишиг төв зайлшгүй хэрэгтэй.
Энэ л хэрэгцээ шаардлагад нийцсэн “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж, хүчил төрөгч түгээх цэг гэх мэт олон зүйлийг багтааж байгаа гэнэ. Нийслэлийн алслагдсан гэр хорооллын бүс болох СХД-ийн 10-р хороо, Баянхошууны Зүүн салаа, Зүүнбаян уулын энгэрт мөдхөн сүндэрлэх нь ээ.

Хүн бүр хүүхэд байсан... Өнөөдөр хүүхэд гэж нэрлэгдэх бяцхан үрс маргаашийн би, чи, бидний эгнээнд нэгдэнэ. Бид амьд оршин байх хугацаандаа дунджаар хорь гаруйхан мянган хоногт бага, идэр, өтөл насыг дамжин эргээд ирсэн зүгтээ буцдаг гэж бодохоор хэтэрхий богино ч юм шиг санагдах. Тиймдээ л үдийн нар шиг зочлоод өнгөрөх бага балчирхан насанд нь үр хүүхдүүдээ хайр халамжаар дутаах ёсгүй гэдгийг нийгэмд харуулж, таниулж яваа Ч.Ганжавхлан гэх эгэл даруухан хэрнээ ихийг хийж бүтээж яваа түүний зорьсон хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе. "Ид шидийн орон”-д хүүхэд бүхэн инээж байг...


МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакциас бэлтгэдэг “Хүний мөс” нэвтрүүлгийн 2017 оны 3-р сарын 11-ний дугаараас багцлав. Сэтгүүлч Ц.Нандинцэцэгийн бэлтгэсэн “Хүний мөс” нэвтрүүлгийн давталтыг та бүхэн гуравдугаар сарын 18-ны 11:00 цагаас орон даяар урт долгионоор, нийслэл хотод  FM-106-аар хүлээн авч сонсоорой.
 

Нийтэлсэн: Ц.Нандинцэцэг

Ид шидийн орноор...   
Үзсэн: 612 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.179.xxx] 2017-03-25 08:39
sain zaluu.ireeduin erunhiilugch boloh bolomjtoi hun.ogt tanihgui ch uil hergiig ni sonsoj demjij yavdag da
Зочин [202.70.34.xxx] 2017-03-23 11:48
сайн зүйл хийж сэдэж яваа нэгнээ бид дэмжиж нийтэлж байх нь энэ мэтээр зөв юм шүү дээ. амжилт
shooch [202.179.27.xxx] 2017-03-20 09:08
tsogtsloohoor gehchlen zuw bichchih l dee.unshih geheer urdaas iim yum haragdaad uur hurgeed haychihiin

Бидэнтэй нэгдээрэй