Шууд Chart

Дэд хурандаа Ж.Болд: Хил хамгаалах салбарт ажилласнаараа насаараа бахархаж явна

2017-03-18 09:23:31

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан бид Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж байгаад чөлөөндөө суусан дэд хурандаа Ж.Болдтой уулзаж, ярилцлаа. Бидний ярилцлага цэргийн амьдрал хийгээд анх хилийн цэргийг шинэчлэн байгуулахад гар бие оролцож явсан түүний залуу насны дурсамж, дурдатгалаар үргэлжилсэн юм.  

-Та хэзээнээс цэргийн байгууллагад ажиллаж эхэлсэн бэ?

-Би 1968 онд хилийн цэрэг анх байгуулагдаж байхад тээврийн яамнаас цэргийн байгууллагад хуваарилагдан очиж байсан. Би офицер биш л дээ. Сайд нарын тогтоолоор хилийн цэрэг байгуулагдахад яам, тамгын газруудаас мэргэжилтнүүдийг авч хилийн цэргийн боловсон хүчнийг бүрдүүлж байсан үе л дээ. Түүнээс хойш 27 жил энэ салбарт ажиллаад, одоо чөлөөндөө суугаад байна.

-Хилийн цэрэгт ямар албан тушаал хашиж байв?

-Би хилийн цэргийн тээврийн талыг хариуцсан хүн байсан. Ерөнхий инженер, албаны дарга, хилийн анги салбаруудад отрядын даргын техник хариуцсан туслахаар олон жил ажилласан.

-Таныг анх хилд хуваарилагдан очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Хилийн цэрэг анх байгуулагдаж байсан үед хатуу хөтүү байсан л байх. 1953 онд хилийн цэргийг татан буулгачихсан байсан. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байхад би очсон л доо. Бид дөнгөж шинээр байгуулж байсан учраас нэг заставыг 10 гэртэй байх жишээтэйгээр дөрвөн отрядыг Ховд, Өмнөговь, Дорнод гэсэн газруудад байгуулж байсан. Тухайн үед Улсын баатар Чогдон, Төмөрбаатар, хурандаа Халтар, Чойдог, Батбаяр гэх мэтчилэн олон сайхан дарга нар маань ажиллаж байсан. Хилийн цэргийн шинэхэн офицеруудыг бэлтгэх, сургах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүмүүс байсан. Бүх зүйлийн эхлэл нь хэцүү байдаг шиг бидний хилийн цэрэгт очсон эхэн үе хэцүү байсан. Сүүлдээ хилийн цэргийн хүчин чадал нь бэхжиж, отряд, заставуудын тоо нэмэгдсэнээр хамгаалалт нягтрал сайтай болсон.

-Хилийн цэргийг байгуулах үед хаанаас тусламж дэмжлэг авч байсан бэ?

-Манай хилийн цэрэг 1970-1980 оны хооронд их сайн бэхэжсэн байдаг. Тэр үед ЗХУ, БНХАУ-тай харилцаа нилээд хүндэвтэр байсан үе. Хятад, Монголын хилийг хамгаалснаар ЗХУ-ын өмнөд хилийг хамгаалах гол зорилготой байсан гэж хэлж болно. Үүний улмаас ЗХУ манай хилийн цэргийг байгуулан, бэхжүүлэх талаар  ихээхэн туслалцаа үзүүлсэн байгаа юм. Жишээ нь, зэвсэг техникийн олон хэрэгсэл, тоног төхөөрөмж бидэнд ирж байсан. Үүний ачаар 1980 он хүртэл хилийн цэрэг бэхэжсэн гэж хэлж болно.

-Хилийн цэрэгт насаараа ажилласан хүний хувьд та юугаар нь бахархах дуртай вэ?

-Би 0164 дүгээр ангийн үндсэн бүрэлдэхүүнд байсан хүн л дээ. Энэ ангид надтай хамт маш олон хүн алба хааж, найзалж нөхөрлөж, нягт  нямбай, нэг баг болж ажиллаж байсанд би бахархаж явдаг. Өөрөөр хэлбэл, хамт олноороо үргэлж бахархаж явдаг юм. Бид чинь цагтаа эх орныхоо торгон хилийг амиараа халхалж явсан хүмүүс шүү дээ. Хилчид бол тогооч, сувилагч, байлдагч, офицер гэсэн ялгаваргүйгээр бүгд эх орноо хамгаалдаг. Одоо дэргэд минь байхгүй ч надтай хамт ажиллаж байсан дээр үеийн найз нөхөд, хамт ажиллагсдаараа би үргэлж бахархдаг.

-Хилийн цэрэгт ажиллахын хамгийн сайхан нь юундаа байдаг юм бэ?

-Ер нь зэвсэгт хүчний байгууллага бол улс орны бүрэн бүтэн байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй. Тэр дотроо хилийн цэргийн байгууллага бол зэвсгийг байлдааны бэлэн байдалд, сумласан байдлаар авч явдаг ганц салбар байгаа юм. Хил зөрчих асуудлыг дор нь илрүүлж зохих газарт нь хүлээлгэн өгч байдаг байгууллага. Тиймээс хилчин хүн бүр эх орныхоо амар тайван байдлыг хангаж байгаа учраас үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой. Тиймдээ ч бид их үүрэг хариуцлагыг үүрдэг гэсэн үг. Энэ нь л хамгийн сайхан зүйл юм даа.

-Таны хил дээр байсан үеийг одоо үетэй харьцуулбал юугаараа өөр бол?

-Бидний үеийг бодоход одоогийн хилийн цэргийн байгууллагын хүчин чадал сайжирсан байна. Мөн тоног төхөөрөмж нь маш сайжирсан, улам боловсронгуй болсон байна. Хуучин хилийн дагуу төмөр тор татдаг байлаа. Одоо үед нарийн электрон техникүүдээр хамгаалалт хийдэг болсон байна. Наад зах нь камертай болж. Бидний үед утсаар яриад чи хаана явна вэ гэдэггүй байлаа шүү дээ. Холбоо муу байсан. Хэсэг хугацаа өнгөрөөж байж хилээс мэдээ ирдэг байсан. Одоо бол харилцаа холбоо, хэрэглэж байгаа эдлэл хэрэглэл, машин тэрэг, буу зэвсэг бүх юмаараа чанарын хувьд асар их дэвшилтэд хүрсэн байна.

-Хилийн цэргийн зэвсэгт хүчнээс ялгарах онцлог нь юу вэ?

-Ялгарах онцлог нь гэвэл хил хамгаалалтанд байлдааны бүрэн, бэлэн байдалд зэвсэг хэрэглэлээ авч, өдөр, шөнөгүй харуул манаа хийж хилээ хамгаалж байдаг.  Ардын армийн жагсаалын цэрэг сумтай буу үүрээд явахгүй байх жишээтэй. Харин хилийн цэрэг зэвсгээ бүрэн бүтэн агсаад хил хамгаалалтыг нарийн чанд хийдэг. Ийм л ялгаатай даа.

-Хил хамгаалах байгууллагад ажиллах хугацаандаа та хэрэг зөрчил илрүүлж байв уу?

-Дорноговийн шуурхай чиглэлийн отрядад алба хааж явсан хүн л дээ би. Тэр чиглэлд хэд хэдэн удаа хилийн зөрчил гарсан. Хаалтын бүлэг өөрөөр хэлбэл, хилийн хорооны захиргааны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэхэд хүч бүхий жижиг бүлгүүдийг авч хил хамгаалах явцад гарсан хэрэг зөрчлүүдийг илрүүлэх олон үйл ажиллагаанд оролцож явсан. Түүнээс гадна Дорнод аймгийн Их-Уулын заставын чиглэлээс орж ирсэн хүн амины хэрэгтэй хоёр, гурван хүнийг мөрдөн хөөх ажиллагаанд оролцож Заан-Тэрэлжийн энд ирж баривчилж байсан. Тэднийг Улаанбаатар хотод авчирч Аюулыг хамгаалах яамны мэдлийн зохих газарт нь тушааж байлаа. Хил хамгаалж явахад элдэв осол гэмтэл учрах нөхцөл байнга заналхийлж байдаг л даа.

-Хилчин хүн, цэрэг хүний хамгийн эрхэм чанар юу вэ?

-Би Монгол Улсын иргэн болж төрсний хувьд хил хамгаалах байгууллагадаа ажилласан. Энэ маань надад их эрхэм чухал санагддаг. Хил хамгаалах салбарт ажилласнаараа насаараа бахархаж явна. Цэргийн байгууллагад ажилласнаараа өөрийн гэсэн зорилготой болсон. Цэрэг хүний хамгийн эрхэм чанар нь хамтран ажиллах чадвартай, энэрэнгүй, ямар ч үед эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн зогсох учиртай. Цэрэгт явсан хүн бүр амь нэгтэй болдог гэж хэлж болно. Цэрэгжилтийн дэг журам хатуу байх ч үе бий. Нэг нь алдаа гаргахад нийтээрээ шийтгүүлдэг. Тийм учраас нийт нь нэгийгээ хамгаалж сурдаг юм.

-Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ одоо холбоотой байж чадаж байна уу?  

-Холбоотой байдаг. Яагаад гэвэл бүхий л амьдралаараа цэргийн байгууллагад хүчин зүтгэсэн хүмүүс учраас нэг гэр бүл шиг болчихсон. Цагаан сар, цэргийн баяр зэрэг өдрүүд болон сардаа нэг удаа уулзаж нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг.

-Хил дээр байхад тань хөгжилтэй, одоо ч бодоход инээд хүргэм үйл явдал болж байв уу?

-Байсан. Эрчүүд байгаа газар хөгжөөн, тоглоом наргиа тасардаггүй л дээ. Нэг хөгжилтэй юм яръя. Шинэ ирсэн цэрэг тэмээтэй хилийн манаанд гарч яваад унтчихаж л дээ. Тэгсэн тэмээ нь үргээд нөгөө цэрэг унаад, түүний мөрөнд нь байх ёстой буу тэмээнийх  нь бөхөнд өлгөгдөөд явчихсан хөгтэй явдал болж билээ.

-Ер нь та яагаад цэргийн байгууллагыг сонгож ажилласан юм бэ?

-Хуучин зам тээврийн яам гэж байхад би арван жилийн сургуулийг гайгүй дүнтэй төгсөж байсан юм. Тэгээд гадаад явах сургуулийн хувиар авсан. Тэгээд Украины Киев хотод зам тээврийн сургууль төгссөн юм. Ирээд тээврийн яамны холбоо байгууллагуудад ажиллаж байсан. Яг энэ үед хилийн цэрэг шинээр байгуулагдаад намайг тийш нь хуваарилсан гэж дээр хэлсэн. Хилийн цэргийг сонгоход нөлөөлсөн хүчин зүйл гэвэл хадам аав маань цэргийн хүн байсан. Тэр хүн надад цэргийн мэргэжил бол хамгийн сайхан мэргэжил гэж захидаг байлаа. Бид залуудаа ахмад хүний үгэнд сайн ордог байлаа шүү дээ. Тэгээд л өөрийн эрхгүй цэргийн байгууллагад татагдсан.

-Цэргийн хүний хамгийн хүнд хэцүү үе нь хэзээ байдаг вэ?

-Хилийн цэргээр ярихад бол улсын хилийг хүчлэн хамгаалах үе заавал ирдэг юм. Тухайлбал, улсын тэмдэглэлт баяр ёслолыг улс орон даяар тэмдэглэхэд хилийг хүчлэн хамгаалж байх жишээтэй. Мөн 1980 онд ОХУ-д олимпийн наадам болоход хилийг хүчлэн хамгаалж байсан. Дайсны халдлага үүсч болох тийм нөхцөлд бүх хүч нэгтгэлээрээ хамгаалалтад гардаг. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралд өдөр, шөнө, цас, бороо, шуурга, үер усны аюулыг үл харгалзан хамгаалалтад гарна. Хэзээ ч дайсны хараанд байж мэдэх тийм аюултай нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Их үүрэг хүлээхийнхээ хэрээр илүү аюултай нөхцөлд ажилладаг гэсэн үг л дээ. Мөн хаашаа ч хуваарилагдаж болзошгүй байдаг. Очсон газар маань нэг төмөр орноос өөр юу ч байхгүй үе ч байдаг байсан.

-Одоогийн залуусыг цэргийн албанаас зугтаадаг гэж шүүмжлэх нь их. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Залуус маань цэргийн албанаас зугтаахаа болчихоод байгаа юм. Яагаад гэвэл цэргийн алба хаах хугацаа богиноссон байна. Цэргийн алба хаах хугацаанд тухайн хүнд эх орноо хамгаалах нь чухал гэдэг үзлийг суулгаж өгч байгаа. Өөр нэг зүйл гэвэл цэргийн алба хаахгүй бол төрийн байгууллага ажилд авахаа байчихаад байна шүү дээ. Тиймээс одоогийн залуус нэг жилийн албыг төвөггүй хаадаг болсонд би их баяртай байдаг.

-Яг одоо алба хааж байгаа хилчин цэргүүддээ хандаж та юу хэлэх вэ?

-Эх орныхоо хилийг хараа цуцаан манаж байгаа нийт цэрэг эрсдээ болон ямагт эх орныхоо төлөө босоход бэлэн байдаг зэвсэгт хүчний цэргүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Хилчдийн хийморь өөдөө байх болтугай.

-Ярилцсанд баярлалаа.  

Л.Сайнбаяр


Дэд хурандаа Ж.Болд: Хил хамгаалах салбарт ажилласнаараа насаараа бахархаж явна   
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
culuunbaatar [66.181.177.xxx] 2017-03-19 11:08
Manai Hil hamgaalah baiguullaga sotcalizmin ued alba haahad mash ih daramttai, deerees ogson tushaal shiidver ni amidrald heregjih bolomjgui , neg tiimerhuu gazar bsan. ih shn bsan gej l bainga surtalchildag yum. Unendee sain, muu ali ali ni bsan daa
ihbayar [66.181.177.xxx] 2017-03-19 11:00
Bi Hiliin tceregt 14 jil ajillasan. hairan zaluu nasaa tend demii ongoruulsendee haramsaj ydag
ihbayar [66.181.177.xxx] 2017-03-19 10:56
hiliin tcereg bol mash ih uzel surtaljsan, bodit amidralaas toorch budilsan gazar. Ene Bold guai ch tuunii neg ed es ajee. Olon gazrin neriig buruu helj budilsan bh yum.

Бидэнтэй нэгдээрэй