Шууд

Марсель Хиршер дэлхийн цомын эзэн боллоо

2017-03-20 08:15:41

Өнгөрсөн оны 10-р сард хөшгөө нээсэн уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн одоо өндөрлөх шатандаа оржээ. Олон улсын цанын холбооноос 50 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү томоохон нэр хүндтэй тэмцээний үндсэн 4 төрлийн нэг болох их туг сүлжих ангиллын сүүлийн гарааны уралдаан болж, энэ жилийн аваргаа тодруулсан байна. Энэ гарааны өмнө 50 дахь удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн уулын уруу эгц хурдтай буух төрөл болон "супер-жи" ангиллын аваргууд тодроод байсан юм. "Супер-жи" ангилалд Норвегийн Кьетел Янсруд тэргүүлсэн бол уулын уруу эгц хурдтай буух төрөлд энэ жилийн ялагчаар Италийн цаначин Петер Филл тодорсон. Харин их туг сүлжих энэхүү төрлийн 2017 оны шилдэг нь Австрийн алдарт тамирчин, энэ цаг үеийн дэлхийн сор болсон цаначин Марсель Хиршер байлаа. Тэрээр энэ өдрийн гараанд 1 минут 49.79 секундын амжилтаар тэргүүн байрт шалгарсан бол ХБНГУ-ын шилдэг цаначин Феликс Нойеройтер, Францын Мэтью Фэйври нар удаах байруудад шалгарлаа. Марсель Хиршерийн хувьд 9 гарааны 4-т нь түрүүлж боломжит 900 онооноос 733 оноо авсан амжилтаар энэ төрөлд дэлхийн цомын эзэн болж байгаа бол Францын шилэдг тамирчин Мэтью Фэйври 440 оноотой, Алексис Пинтуро 439 оноотой удаах байруудад шалгарч байна.

Эрэгтэйчүүдийн хувьд энэ жил уулын цанын спортын үндсэн 4 төрлөөр нийтдээ 36 гараанд уралдаж, дэлхийн цомын эзнээ тодруулж байгаа юм. Одоогоор явагдаад байгаа 35 гарааны дараах байдлаар Марсель Хиршер 1549 оноотой бүх цаначдыг өнгөлж байна. Түүний ард буюу 2-р байрт бичигдэж байгаа тамирчин 625 оноогоор хоцорсон учраас Хиршер хэдийнээ дэлхийн цомыг хүртэх болзлоо хангаад байгаа юм. ДАШТ-ий 6 удаагийн алтан медальт, өдгөө 28 настай нэрт тамирчин Хиршер 2008 оноос эхлэн дэлхийн цомд өрсөлдөж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн өнөөг хүртэлх хугацаанд 6 жил дараалан аваргын цомыг хүртээд байна. Нийлбэр дүнгээр удаах байрт Норвегийн Кьетел Янсруд, Хенрик Кристофферсон нар бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Марсель Хиршер дэлхийн цомын эзэн боллоо  
Үзсэн: 247 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй