Шууд

Микеала Шиффрин анх удаа дэлхийн цомд түрүүллээ

2017-03-20 08:20:28

Энэ өдрүүднд мөн эмэгтэйчүүдийн сүүлийн гарааны уралдаанууд АНУ-ын Колорадо мужийн Аспен дахь цанын баазад болж, энэ жилийн аваргуудаа тодруулсаар байна. Энэ удаад туг сүлжих ангиллын энэ оны дэлхийн цомын сүүлийн буюу 10 дахь гараа боллоо. Энэ өдрийн гараанд дэлхийн шилдгүүд хурд хүч, техник, ур чадвараа сорьсон. Дэлхийн цомын тэмцээн туг сүлжих, их туг сүлжих, супер-жи, уулын уруу эгц хурдтай буух гэсэн 4 үндсэн төрлөөр явагддаг. Энэ гарааны өмнө супер-жи болон уулын уруу эгц хурдтай буух төрлийн энэ оны аваргууд тодроод байсан. Харин уулын цанын спортын үндсэн төрөл болох туг сүлжих ангиллын хувьд энэ жил нийт 10 гарааны уралдаан болсон. Өнөөдрийн гараанд Словакийн нэрт тамирчин Петра Влхова шилдэг нь байж, 2 гарааны нийлбэр үзүүлэлтээр 1 минут, 32 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Влховагийн хувьд бол өдгөө 21 настай залуучуудын олимпийн наадам болон ДАШТ-д түрүүлээд байгаа ийм шилдэг тамирчин. Харин АНУ-ын шилдэг тамирчин Микеала Шиффрин уралдааныг тэргүүлэгчээс ердөө 0.24 секундээр хоцорч удаах байрт шалгарлаа. Энэ жилийн ДЦАШТ-ий гол фоворит байсан тэрээр үнэхээр ч туг сүлжих ангилалдаа энэ цаг үеийн дэлхийн шилдэг нь болохоо батлан харуулж чадлаа. Энэ ангиллын уралдааны боломжит 1000 онооноос тэрээр 840 оноо цуглуулсан үзүүлэлтээр 2017 оны туг сүлжих ангиллын дэлхийн цомын эзэн болсон. Харин энэ өдрийн гарааны 3-р байрт Шведийн Фрида Хэншдоттер шалгарч, энэ жилийн дэлхийн цомын тэмцээний туг сүлжих ангиллын сүүлийн гарааны уралдаанаа амжилттай өндөрлүүллээ.

Энэ сард 22 нас хүрээд байгаа Микеала Шиффрин өөрийн үндсэн төрөл болох туг сүлжих төрөлдөө 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан бөгөөд сүүлийн 3 ДАШТ-д дараалан түрүүлээд байгаа энэ цаг үеийн дэлхийн шилдэг цаначин билээ. Шиффрин энэ өдөр ийнхүү 2-р байрт шалгарсанаар бүх төрлийн нийлбэр оноо нь 1603 болсон. Ингэснээр түүний ард бичигдэж байгаа Словений Илка Стюеч нийлбэр оноогоор 278 оноогоор хоцорч эхэлсэн юм. Ийнхүү Микеала Шиффрин 22 насандаа дэлхийн цомын эзнээр тодрохоор боллоо. Шиффриний хувьд энхүү нэр хүндтэй тэмцээнд бүх төрлийн нийлбэрээр аваргалж байгаа АНУ-ын 5 дахь тамирчин болж байна. Өмнө нь Фил Маере (1981-83), Тамара МкКинние (1983), Боди Миллер (2005, 2008), алдарт Линдсей Вонн (2008-10, 2012) нарын АНУ-ын алдарт тамирчид дэлхийн цомын эзэн болж байсан түүхтэй. 

Анх 15 насандаа ДЦАШТ-ий цасан замд хурд сорин, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан тэрээр ийнхүү 6 жил дэлхийн цомд өрсөлдсөний эцэст мөрөөдлөө биелүүлж аваргын цомыг хүртэж байгаа юм. Дэлхийн цомын тэмцээнд одоо сүүлийн буюу 37 дахь гарааны уралдаан үлдэж байна. Энэ уралдаан их туг сүлжих ангиллын сүүлийн гарааны уралдаан байх бөгөөд энэ оны дэлхийн цомын хаалтын гараа болох учиртай

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Микеала Шиффрин анх удаа дэлхийн цомд түрүүллээ  
Үзсэн: 545 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй