Шууд Chart

“Унаганууд” футзалын дөрөв дэх цомоо өргөлөө

2017-03-20 10:37:47

Монголын хөлбөмбөгийн холбоо, "Пепси" брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан футзалын “Пепси” дээд лигийн аваргын цомыг “Унаганууд” клуб дахин өргөлөө. Аваргын төлөөх тоглолт өчигдөр болсон юм.

Анх удаа футзалын лигээс медаль авах болзол хангасан “Дэрэн”-ээс Ц.Төмөр-Очир хоёр дахь минутад зүүн хөлийн хүчтэй цохилтоор тооны харьцааг нэмэв. Гэсэн ч “Унаганууд”-ын ахлагч П.Алтантулга 6’, С.Наранбаатар 15’, Э.Пүрэвдорж 17’ минутад гоол оруулснаар эхний хагас 3:1-ээр өндөрлөлөө.

Хоёрдугаар үе эхлээд дөрвөн минут өнгөрөөд байхад “Унаганууд”-ын нэгдүгээр дөрвөлөөс Э.Ганзориг тооны харьцааг 4:1 болгосон юм. Түүний гоолоос хормын дараа Ц.Төмөр-Очир дахин нэг гоол оруулж, тооны харьцааг 4:2 болгон ойртуулсан ч эерэг үр дүн авахад хангалтгүй байлаа.

Цаг дуусах мөчтэй зэрэгцэн “Унаганууд” клубын Орос легионер Рябиванов Алексэй хоёр гоол оруулснаар УБИС-ийн баг 6:2-оор хожиж “Пепси лиг”-т хоёр дахь, МХБХ-ны футзалын лигийн дөрөв дэх дараалсан түрүүгээ авлаа.

“Унаганууд” клуб МХБХ-ны футзалын дээд лигт дөрөв /2014, 2015, 2016, 2017/ дараалан түрүүлэхээс гадна 2015 оны гуравдугаар сарын 1-ээс хойших 25 тоглолт дараалж хожсон шилдэг амжилтыг үзүүллээ. Тус тоглолтын дараа бүтэн гурван сар үргэлжилсэн “Пепси лиг”-ийн шагналт байрын багуудад медаль, мөнгөн шагналыг нь гардуулахын зэрэгцээ лигийн шилдгүүдийг тодрууллаа.

“Пепси лиг”-ийн шилдэг хаалгачаар “Унаганууд” клубын хаалгач М.Чанцал дахин шалгарсан бол мэргэн буучийг “Унаганууд” багийн ахлагч П.Алтантулга 29 гоолтойгоор хүртлээ.

Лигийн шилдэг тэгш тоглогчоор хүрэл медалийн эзэн “Хоромхон” клубын шилдэг тоглогчдын нэг А.Улсболд тодорлоо.

Харин дээд түвшний чадварлаг тоглогчдын эн тэнцүү ширүүн өрсөлдөөнийг, үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Олон Улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч Б.Хаш-Эрдэнэ шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Унаганууд” футзалын дөрөв дэх цомоо өргөлөө   
Үзсэн: 445 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй