Шууд Chart

Насандаа таарсан үрчлээ таныг чимнэ

2017-03-21 12:55:45

Насандаа таарсан нүүрний үрчлээ таныг чимнэ. Гэтэл та нүүрэндээ ямар нэгэн мэс засал хийлгэхгүйгээр, үрчлээ татах утас суулгаж, тариа тариулж үрчлээгээ арилгамаар байна уу гэх сурталчилгааг гоо сайхны газар болгоноос харсан байх. Үүний цаана ямар нэгэн эрсдэл байгаа юм биш биз! “Баримт” нэвтрүүлэг энэ сэдвээр ээлжит дугаараа бэлтгэлээ.  


Баримт-1: Өөрийн суларч унжсан арьсаа татуулж гоё, сайхан болох гэсэн хүсэлтэй О бүсгүй нэгэн гоо сайхны газар үрчлээний эсрэг ботокс тариаг хийлгэжээ. Тариа хийлгэсний дараа 2-3 хоног нүүр нь хавдаж хөөсөн байна. Хавдар аажмаар буурсан ч нүүрний үрчлээ нь хэвэндээ үлджээ.

Орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн О бүсгүй найзынхаа зөвлөснөөр тус гоо сайхны газарт ханджээ. Тэрбээр зовхи, уруулын гурвалжин хэсэгт үрчлээний эсрэг ботокс тариаг хийлгэсэн. Гэтэл тариа хийлгэсний дараа нүүр нь битүү хавдартай болж. Тухайн үед “гоё болно” гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд хаанаас орж ирсэн, хэзээ үйлдвэрлэсэн, ямар нэртэй тариа байсныг анзаараагүй тухай бидэнд учирлалаа.  Иргэн О: “Гоо сайхны газар үрчлээг арилгадаг гэхээр нь очсон. Надад үрчлээний эсрэг ботокс хийлгээд гоё сайхан болсон хүмүүсийн зургийг үзүүлсэн. Тэгээд л би хийлгэсэн.  Хийлгэсний дараа битүү хавдар болж 2-3 хоног болоод буурсан. Ботокс үйлчлээгүй байсан. Би зургаан сарын дараа дахин хотод ирээд тус гоо сайхны салонд очиж уулзсан. Даанч гомдлыг хүлээж аваагүй. Мэргэжлийн хяналтад хэлье гэж бодсон ч төд удалгүй нутаг буцсан. Үүнээс хойш дахиж гоо сайхны салонд хандахаас айдаг болсон. Гоё болсон бол хамаа алга. Тухайн үед тариа тарина гэсэн болохоор өвдөх болов уу, гоё болох болов уу зэрэг сэтгэл хөдлөлөөсөө болоод тариаг үйлдвэрлэсэн газар, хугацаа, нэрийг нь харж чадаагүй. Энэ бол миний алдаа болсон” гэж ярилаа.  

Бүсгүйн арьс  суларч унжсан хэвээр, ботокс үр дүнгээ өгөөгүй байна... 

Бүсгүйн арьс  суларч унжсан хэвээр, ботокс үр дүнгээ өгөөгүй байна. Түүний хувьд өөрийгөө сэтгэл санаа, санхүүгийн хувьд хохирсон гэдгээ хэлсэн. Тиймээс бид ботокс тарианы үндсэн үйлчилгээ, түүний гаж нөлөөний талаар Арьсны өвчин судлалын төвөөс тодруулахад, мэдрэлд нөлөөлж булчинг сулруулан саажилт үүсгэдэг гэлээ.  Түүнчлэн судас дайрсан тохиолдолд нүүр хөхрөх, хавдах, тун ихэдсэнээр хөмсөг дээр, доор болох зэрэг гаж нөлөөнүүд илэрдэг байна. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээний гоо заслын тасгийн их эмч Батцэцэг: “Нүд анивчдаг, хялар долир, дууны хөвчний саажилттай, шүдээ зуурдаг хүмүүст хэрэглэдэг. Орчин үед ботокс тарианы хэрэглээ улам ихсэж байна. Ерөнхийдөө булчинг сулруулан саажилт үүсгэдэг үндсэн механизмтай. Аль мэдрэлд нөлөөлж ямар булчинг сулруулахаас хамааран хаана, ямар тунгаар хийх вэ гэдгийг эмч сонгоно л доо. Гурав хоногийн дараа ботоксын үйлчилгээ мэдрэгддэг. 14 хоногийн дараа хамгийн сайн үр дүн гардаг. Энэ үр дүнгээ 4-6 сар барина. Тэгээ  л эргээд мэдрэлийн төгсгөл сэргээд ирдэг. Судас дайрвал хөхрөх хавдах шинж тэмдэг илэрнэ. Хийсний дараа толгой өвдөх, ханиад төст шинж тэмдэг илрэх, тун ихэдвэл эргээд нүүр унжгар хоёр өөр болох, ууртай царайтай болох зэрэг гаж нөлөөнүүд илэрдэг” гэлээ.

Ботокс, PRP, филлер, Синделла зэрэг тарилгууд эмчилгээний гоо заслын нэг төрөлд багтдаг. Хамгийн гол нь эмчилгээний тусгай зөвшөөрөлтэй, эмчлэх эрхтэй газрууд энэ төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, “гоо сайхны газрууд” энэ үйлчилгээг үзүүлэх нь хуулиар хориотой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар аль улсад, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, импортын зөвшөөрөлгүй тарилгуудаар үйлчилж байсан гоо сайхны газруудыг илрүүлсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн улсын байцаагч Гэрэлт-Од “Гоёлын гоо заслын салонуудад шалгалт хийсэн. Зөрчлүүд ч илэрсэн. Ботоксын хувьд БНСУ-д өндөр эрсдэлтэй эмнэлгийн хэрэгсэл гэсэн ангилалтай. Манай улсад эм, эмнэлгийн хэрэгслийн алинд нь бүртгэх нь тодорхойгүй. Бид өндөр эрсдэлтэй эмнэлгийн хэрэгсэл гэдгээр нь ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэг удаагийн лицензийг шаарддаг. Шалгалтын үед гоо сайхны салонууд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй үрчлээний эсрэг ботоксоор үйлчилж байсан. Түүнчлэн зохих импортын зөвшөөрөлгүй ботоксоор  ихэнх нь үйлчилж байсан” гэв.

Гоо сайхны салонууд эмчилгээний өмнөх, дараах гэсэн зураг авдаггүй учраас иргэд л хохирч үлддэг...

Энэ мэтчилэн баталгаагүй бүтээгдэхүүнээр үйлчлүүлж хохирсон иргэд Мэргэжлийн хяналтын газар ханддаг. Гомдол мэдүүлдэг ч үүнийгээ баталж чаддаггүй байна. Учир нь гоо сайхны салонууд эмчилгээний өмнөх, дараах гэсэн зураг авдаггүй учраас иргэд л хохирч үлддэг жишээ олон бий. Мэсийн бус эмчилгээ болохоор шарх үүсгэх нь бага тул эмнэлэгт хандах нь ч тун цөөн. Түүнчлэн гоо сайхны тарилгуудыг зөв техникээр хийсэн үгүйг шалгах “стандарт” алга гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас хэлж байна. Тус газрын Хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Навчаа “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал нь уруул аманд ботокс шахах, алт мөнгөн утас суулгах, PRP, нүд сэтлэх зэрэг үйлчилгээг хийх эрхтэй. Гэхдээ үүнийг хэрхэн хийх стандарт удирдамж батлагдаж гараагүй байна. Тиймээс манай иргэд эрсдэлээ тооцоод би хаана, хэн гэдэг эмч дээр очих вэ, зохих зөвшөөрөлтэй байна уу гэдгийг судласны үндсэн дээр зорьж очих хэрэгтэй шүү” гэж сануулав.

Үрчлээний эсрэг тариа Солонгос улсад өндөр эрсдэлтэй эмнэлгийн хэрэгсэлд ордог байна. Тус улсад  үйлдвэрлэсэн Ботулакс, Неронокс гэсэн 2 төрлийн ботокс өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өглөө. Гэхдээ “Хүний эмийн зөвлөл”-өөс гоо сайхны тарилгуудыг зөвхөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч хийх ёстойг заалтанд тусгажээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны мэргэжилтэн Болортуяа “Монгол Улсын эмийн бүртгэлд ботокс нь ботуланы хор А  төрөл нь хоёр нэрээр бүртгэгдсэн. Ботулакс 100, Неронокс 50, 100, 200 гэсэн нэрээр дөрвөн тунгаар бүртгэгдсэн. Эмийн зөвлөлөөс “эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн эмчийн хяналтан дор” хэрэглэхээр хатуу заасан. Гоо сайхны салон эмнэлэг биш учраас үүнийг хэрэглэх боломжгүй гэсэн үг” гэлээ.  

Гоо заслын тарилгыг улсын бүртгэлд бүртгэхдээ “эмнэлгийн нөхцөлд хийнэ” гэж тодорхой тусгасан. Гэтэл иргэд эмчилгээний гоо заслыг гоёлын гоо сайхантай андуурч хохирсоор байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Хүний арьсны бүтэц, тарилгын тун хэмжээг мэдэхгүй гоо сайханчид таныг царай төрх, сэтгэл санаа, санхүүгээр хохироож байна уу?

Баримт-2: Үрчлээний эсрэг гоо сайхны тарилга хийлгэсэн нэгэн эмэгтэйн аманд шархлаа үүссэн. Нүүрний хувиралгүй болж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадамжгүй болсон байна. Энэ нь гоо сайхны салонд үрчлээний эсрэг тариаг өндөр тунгаар тариулснаас болсон гэж мэргэжлийн эмч тайлбарлалаа.

Үрчлээний эсрэг гоо сайхны тариа нь ихэвчлэн 100 юнит гэсэн тунгаар савлагддаг. Нэг хүнд хийх дээд тун 80 юнит. Гэтэл эмэгтэйд 250 юнит тунгаар хийсэн нь гоо сайханчийн алдаа байсан гэж “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Нөхөн сэргээх гоо заслын их эмч, АУ-ны доктор Бат-Эрдэнэ ярилаа. Тэрбээр “Хоёр  жилийн өмнө нэгэн бүсгүй манай эмнэлэгт хандсан. Тухайн үед нүүрний ямар ч хувиралгүй байсан. Би ямар  асуудлаар явааг тодруулахад, “Би энэ хүний салонд ботокс хийлгэсэн. /цуг явж байгаа хүнээ заагаад/ Гэтэл толгой өвдөж, дотор муухай оргиж амны хөндийд шархлаа үүссэн, ерөөсөө нүүрээ хөдөлгөж чадахгүй байгаагаа хэлж байсан. Мэдээж хор хийлгэсэн л юм чинь гаж нөлөө илрэхийг үгүйсгэхгүй. Цуг ирсэн буюу ботокс хийсэн хүн нь эмч биш гоо сайханч байсан. Надад “бүх салонууд хийж байгаа ш дээ” гэх тайлбарыг хэлж байсан. Хийсэн ботокс нь 100 юнитын савлагаатай. Үүнийг 1 хүнд хийхэд бага зэрэг үлддэг. Ботокс хийсэн тунг асуухад 2-ыг нэг талтай хийсэн байсан. Нийт 250 юнит  гэсэн үг. Нэг хүнд дээд тал нь 70-80 юнит хийдэг. Нэгэнт хийчихсэн болохоор гаргах ямар ч боломжгүй. Гарах хугацааг хүлээнэ. 6 сар ч багадна. Тун нь номер нэг зүйл шүү дээ” гэж ярилаа.  

Үрчлээний эсрэг гоо сайхны тариа нь ихэвчлэн 100 юнит гэсэн тунгаар савлагддаг.

Нэгэнт өндөр тунгаар хийчихсэн тариаг буцааж гаргах ямар ч боломжгүйг эмч тайлбарлалаа. Тарианы үйлчилгээ хэдий хугацааны дараа бүрэн дуусах нь ч тодорхойгүй. Энэ мэт гоё, сайхан болох гэсэн хүмүүсийн сэтгэхүйд дөрөөлж бизнес хийгчид нь  гоо сайхны газрынхан. Гадна талбайдаа шивээс, ботокс, ихэсийн тарилга хийнэ, мэс хүргэхгүйгээр таныг залуужуулна гэсэн хаягтай хэд хэдэн гоо сайхны газраар орлоо.

Салон 1: Манай салон сүүлийн үед дэлгэрээд байгаа мэс хүрэхгүйгээр арьс татуулах, залуу харагдах үйлчилгээг хийж байна. PRP, Синделла, филлэр хийдэг. Хүмүүс ихэвчлэн зовхины үрчлээгээ арилгуулах гэж орж ирдэг. Тариандаа 6 сарын баталгаа өгч байна.  Үйлчлүүлэгчийнхээ арьсны онцлогоос шалтгаалан үрчлээг тодорхойлон тунг тааруулдаг. Нэг удаагийн тарилт 150 мянга. Хэдэн удаа тариулахаас шалтгаалан төлбөр хэлбэлзэнэ.  

Салон 2: Баярын өмнө бүсгүйчүүд их үйлчлүүлдэг. 10 гаруй жил гоо сайханчаар ажиллаж байна. Солонгос улсад гурван сар гоо сайхны сургалтад суусан.

Гоо сайхны газрууд үрчлээний эсрэг тариа хийж үйлчилж байна гэх баримтыг та бүхэнд хүргэлээ. Тэдний хувьд анагаах ухааны мэргэжил эзэмшээгүй. Хүний нүүрний булчинг сулруулж саажилт үүсгэдэг үндсэн үйлчилгээтэй энэхүү тариаг дур мэдэн хийж байгаа юм. УБ Сонгдо эмнэлгийн Нөхөн сэргээх гоо заслын их эмч, АУ-ны доктор Бат-Эрдэнэ “Тунг хэрхэн тааруулах вэ гэдэг. Хамгийн гол нь үрчлээнээс хамааран хэдэн цэгт хаана хийхээс шалтгаална. Зовхины үрчлээс буюу хөмсөг хоорондын үрчлээнд би 5 цэгт хийдэг. Зарим эмч нар гурав, хоёр цэгт хийдэг. Хамгийн гол нь цэгээ мэдэж байна гэдэг чинь булчингийн бүтцийг мэддэг байх шаардлагатай. Үрчлээг хайж хийдэггүй ээ. Дээрх тохиолдолд, яагаад ийм өндөр тунгаар хийснийг асуухад, үйлчүүлэгч энд үрчлээс байна хийлгэё гэсний дагуу ботокс тарьснаа хэлсэн. Анагаахын мэдлэг байхгүй учраас үрчлээсэнд хийгээд байна. Булчингийн бүтцийг эмч буюу анагаахын сургууль төгссөн хүн л мэднэ. Үрчлээс динамик, статик гэсэн хоёр янз. Динамик үрчлээтэй хүн харьцангуй залуу байдаг. Харин статик үрчлээс нь нас, ажлын нөхцлөөс шалтгаалсан гүн үрчлээтэй. Тиймээс  ботоксыг статик үрчлээсэнд хийдэг. Булчингийн бүтцийг мэдэхгүй хүн мөнгөө бодоод орж ирсэн хүн болгонд хийчихдэг байдал ажиглагдаад байна" гэв.

Үрчлээсийг аль булчин үүсгэж, цэгүүд хаана байрладгийг гоо сайханчид тодорхойлж чадахгүйг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Тунг хэтрүүлснээр ямар сөрөг нөлөө илэрснийг дээр дуулгасан. Үрчлээсийг аль булчин үүсгэж, цэгүүд хаана байрладгийг гоо сайханчид тодорхойлж чадахгүйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Булчингийн бүтэц мэдэхгүй гоо сайханчид үрчлээний эсрэг тариаг “ХИЙЛГЭЕ” гэсэн хүн бүрт хийж байгааг бид баримтаар дэлгэлээ.   

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Насандаа таарсан үрчлээ таныг чимнэ   
Үзсэн: 4651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй