Шууд Chart

Б.Батжаргал: Дайн дуусах л юм бол нэг минут ч байхгүй...

2017-04-05 15:45:44

Монголчууд  холын хүнээс үг сонс  гэдэг.  Хилийн чинадад, тэрд ундаа  амьдрал нь ороо бусгаа байгаа харь орны иргэдэд монголчуудынхаа өмнөөс  сэтгэл гаргаж,  гар сунгах үйлсийг эхлүүлж байгаа залуугаас  үг сонсмоор санагдлаа. Өгөхөөсөө илүү авч, харьд  гэхээсээ  өөрсөддөө шингээж  сурсан  өнөөгийн бидэнд Бадамгаравын Батжаргал гэгч залуугийн гадныханд тусалдаг  ажил  нэг  их  буухгүй байх шиг. Тиймээс л өөрөөр нь яриулж, харийн сонин сонсох гэсэн хэрэг. “Найдвар” ОУ-ын  нөхөрлөлийн нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч, орчуулагч Б.Батжаргалтай ярилцсанаа уншигч танаа хүргэе.


-Та өнгөрсөн хоёрдугаар  сард Турк, Грект ажиллаад ирсэн гэсэн. Аян замын сониноосоо яриач? 

-Хоёр улсад   хагас сар орчим ажиллаад ирлээ. Ингэхдээ яг хилийн бүс дээр, хил дээр очоод ажиллаад хүрч ирлээ.

Сирийн дүрвэгсдийн хуаранд очиж  тэдэнд тусалж, багахан  судалгаа хийж байгаад ирсэн.  “Найдвар” нөхөрлөлийнхөө төлөөлөл болоод ганцаараа явсан.  Турк, Сири хоёр хиллэдэг хилийн район байдаг. Манайхаар бол Замын Үүд гэсэн үг.  Дараа нь урагшаа гараад Грекийн зүүн өмнөд арлууд болон Кипр улсаар яваад ирлээ.  Одоогийн байдлаар Сирийн 4.5 сая иргэн хилийн чанад  руу дүрвээд гарчихсан байгаа.  Сирийн нөхцөл байдал маш хүнд байгаа гэдгийг манайхан мэдэх байх.  Алеппо хотод дайн зогсож намжмал байдалтай байгаа ч дүрвэгсэд маш олноор далайг гаталж өөр улс орнууд руу гарсаар байна.  Сири, Туркын хилийн бүсийг зөрчин гарч ирж байгаа хүмүүс их байна.  Мөн далайгаар  Грек, Кипр улс руу гарч байна. Замдаа ослоор үхэж үрэгдэх нь  ч маш их.

Ерөнхийдөө нөхцөл байдал ямар байгааг, дараагийн удаа бид яг талбар дээр нь очиж ажиллахад юу хийх ёстойгоо тодорхойлох зорилготой явлаа.  Бид  эндээс  40-өөд хайрцаг хувцас хунар, ахуйн хэрэглээний бараанууд  цуглуулж явсан. Энэ ажилд нэгдэж тусласан компани,  хувь хүмүүс байгаа.  Дүрвэгсдийн байгаа нөхцөл  тун хүнд. Хүмүүст идэх хоол, хувцас хунар алга. Яг хилийн бүс дээр байгаа дүрвэгсэд бүр хүнд.  Турк, Грекийн Засгийн газрын  дүрвэгсдийн асуудал хариуцсан хороонууд бий. Тэр хороонуудын  хуаранд байгаа хүмүүс нь бас ч гэж учиртай. Тэндээ өөрсдийн сургууль, цэцэрлэгтэй.  Бүгд  дугуй  маягийн  майханд амьдарчихна. Хуаран нь өндөр хамгаалалттай. Харин тэдгэрэ  хуаранд  хамрагдаж  чадаагүй  дүрвэгсэд  маш олон.  Одоо тэнд  хүйтэн өвөл болж байхад гялгар уутаар  оромж барьчихсан амьдарч байна.  Яг тэнд,  яг хэрэгтэй хүмүүст нь бид монголчуудынхаа  цуглуулсан  эд зүйлсийг   тарааж өгсөн. Сая би  Ливан, Турк, Итали, Франц гээд олон орны хүмүүстэй нэг баг болж ажилласан. 

-40-өөд  хайрцаг ачаа бараа  авч  явсан  гэлээ.  Замын  зардал  их орно доо.  Үүнийгээ яаж зохицуулдаг бол?

-Хэцүү л дээ. Би  өөрөө хандивын  мөнгө  энэ тэр цуглуулдаггүй.  Яагаад гэвэл манай нийгэм хүлээж авахад бэлэн биш. Дандаа хардаж  сэрдээд хэцүү байдаг болохоор  мөнгөн тусламжаас  их зайлсхийдэг. Тиймээс ч зардал өндөр болохоор найз нөхөдтэйгээ  хамт явж чаддагүй.   Дараа жилээс  зарим нөхөдтэйгээ хамт  явахаар төлөвлөж байна. Африк руу явахадаа  ачааны лимит их өгдөг болохоор голдуу  Туркийн агаарын тээврээр зорчдог.   

-Ингэж явахдаа яаж өөрийгөө хамгаалж, аюулгүй байдлаа хангаж явдаг юм бэ?

-Үнэхээр дотоодын зөрчилдөөнтэй,  дайн тулаантай бүс рүү орохгүй  бол бас ч гэж гайгүй л дээ.  Холбогдох байгууллагууд  элчин сайдын яам, улаан загалмайн нийгэмлэг зэрэг холбогдох байгууллага  анхааруулга зөвөлгөө  өгдөг.  Сая  л гэхэд  хуаранд очоод дүрвэгсэдтэй  хамт байрлана гэхэд  амь нас, аюулгүй байдалд   халтай гээд Улаан  загалмайн  нийгэмлэг  хориглосон.  Тиймээс  нийтийн байранд хоноглоод өдөр нь  хуарангийн талбар дээр  очиж ажилладаг байсан.  

Сүүлийн дөрвөн жилд Африк, Ази, Европын орнуудад ажиллаж,  хэд хэдэн чиглэлээр сайн дурын ажил хийсэн.

-Таныг сүүлийн дөрвөн жил яг ийм зорилгоор 27 улсад явж ажилласан гэж сонссон юм байна. Энэ үйл хэргийн санаа анх яаж  төрөв?  

-Яг ч  27 улсад ажилласан биш л дээ. Яваад ирсэн орнууд нь ийм.  Сүүлийн дөрвөн жилд Африк, Ази, Европын орнуудад ажиллаж,  хэд хэдэн чиглэлээр сайн дурын ажил хийлээ.  Зарим оронд  хүүхдийн бага сургуулийн байшин барих гэх зэргээр эрүүл мэнд, боловсролын  чиглэлийн ажил хийж байлаа.   Миний байнга хэлдэг  үг байдаг.  Монголчууд бид  дандаа гаднаас,  хүмүүсээс  юм авдаг. Бидэнд  хандив өгдөг маш олон улс  бий.  Харин одоо бусдад өгч сурцгаая л даа.  Жаахан ч гэсэн  зүйлээс  эхлэе.  Монгол хүмүүс  бусдад өгч чаддаг, тусалж чаддаг гэсэн  хандлагыг ялангуяа залуучууд  бий болгоё гэсэн  бодол надад  төрсөн.  Үүнийг  хэн нэгэн үлгэрлэж, санаа өгч, өөрчлөхийн төлөө ямар нэгэн юм  хийхгүй бол бид байдгаараа  л   байна.  Тэгэхээр хэн нэгэн түрүүлж  эхэлж  байж  бусад нь  хөдөлнө. Нэгдэнэ.  Миний санаа энэ  л дээ.  

-Магадгүй таны ярилцлагыг уншаад хамт явъя, нэгдэж сайн үйлс бүтээе  гэсэн бодол зарим залууст төрөх байх.  Тэдэнд  юуг зөвлөх бол?   

-Тийм бодолтой хүн олон байдаг. Тэр хүмүүст  хамгийн энгийнээр хэлэхэд та гадаад паспортоо аваад галт тэргэнд суугаад  Сибирийн хамгийн наад талын  районд очоод хоёр гурав хоночихоод    ирж  болно.    Тэнд  хүмүүс яаж амьдарч байгааг хар.  Тэгээд би юу хийж чадах  вэ гэдгээ бод.  Заавал туслахдаа  биш,  өөр хүмүүс  яаж амьдарч  байгааг   хараад ирэхэд л  би юу хийж чадах вэ, би яаж амьдарч байна вэ гэдгээ  эрхгүй  мэдэрдэг.   

-Бас Сибирийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байсан бил үү?

-Би  тэнд орчуулга  хийдэг байсан.  Тэнд  Сибирийн  эмнэлэгүүдээр  солонгосчуудтай  хамт явж байсан.  Солонгос  эмч  нар тэнд  эмнэлэг нээхээр  ярьсан.  Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  их олон.   Өнчин хүүхдүүдийн асрамжийн газар ч зөндөө.   Өвчлөл  өндөр ч эрүүл мэндийн үйлчилгээ хаягдчихсан гээд  Сибирт амьдрал үнэхээр хэцүү.   Улаан-Үүд  ороод  үзэхэд л   архидалт газар авчихсныг харна.  Аугаа  том  Орос орон  зах хязгаараа зүгээр л  хүчээр  барьж  байдаг байхгүй юу. 

-Энэ ажлын гараагаа анх хаанаас эхэлсэн  бэ?

-Оюутан байхдаа Монголдоо сайн дурын ажилд байнга оролцдог байсан. Орчуулагч, зохион байгуулагчаар хөдөө орон нутаг, хотын дүүргүүдээр явна.  Эмч нартай цуг ажиллаж хүмүүнлэгийн ажлын гараагаа эхэлж байсан. Арван хэдэн жил  ийм ажилд оролцож явна.  Сургуулиа  төгссөний дараа би хилийн чанадад ажиллая,  монголчуудаа  өөр зүг рүү, алс газар луу хөтлөе гэсэн  санаа төрсөн.  Тэгээд  анх  би   шүдний эмч нартай Африк руу явж байлаа.  

-20 гаруй оронд ажиллахад хамгийн хүн хэцүү нөхцөлтэй  нь аль улс байсан бэ?

-Зүүн Өмнөд Азийн орнууд том мөртлөө тэр нийгэм дотор хаягдсан бүлгүүд олон байдаг. Жишээлбэл  хаант засаглалтай Тайланд улс хөгжилтэй  том орон.  Гэтэл эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэршээлтэй иргэд гээд  хаягдсан бүлгүүд  олон.   Тэгэхээр яг аль орон нь хамгийн  хүнд хэцүү гэж хэлэхэд хэцүү. Азийн бар оронд  ч гэсэн хэцүү амьдралтай  хүмүүс байж л байдаг.  Мэдээж Африкт   бол  хүнд. Лаос  улс зах зээлийн эдийн засагтай мөртлөө засаглал нь коммунист. Гэхдээ ядуус  олон.  Хүүхдүүд  нь зүгээр л саравчин дотор хичээлээ хийдэг. Тиймээс бид  тэнд сургууль барьж өг ч байсан.  

Зүүн Өмнөд Азийн орнууд том мөртлөө тэр нийгэм дотор хаягдсан бүлгүүд олон байдаг.

-Хүнд хэцүү газруудаар явж байхад элэг эмтрэх, эсвэл сэтгэлээр унах үе тохиолдож байв уу?

-Надад тийм зүйл байгаагүй.  Харин ч энэ хүмүүсийн төлөө бид  юу хийж чадах вэ гэсэн  асуулт байнга  орж ирдэг. Одоо ч гэсэн бид бодсоор л байна.  Хамгийн их эмтэрсэн,  сэтгэл гутарсан  тийм улс нь хаана гээч?

-Хаана?

Монгол...  Яагаад гэвэл  манай монголчуудын  нийгмийн сэтгэл зүй, аливааг харж байгаа өнцөг,  хандлагууд маш ядуу дорой.

-Юугаар  нь ингэж дүгнээд  байна?

-Яагаад...  “Өө энэ нэг залуу ингээд яваад байдаг. Алдар нэр, амбиц хөөцөлдсөн, аягүй бол мөнгө төгрөг босгож баяжих гэж байгаа. Монголд ядуу буурай зөндөө хүн байхад  туслахгүй, хаа байсан хар хүүхдүүдэд хувцас хунар зөөлөө, юун Сирийн дүрвэгсэд, тэрэнтэй  чинь адилхан хүмүүс монголд байна ш дээ” гэх мэтээр маш олон хүмүүс шүүмжилдэг. Зарим нь бүр  доромжилдог. Тэд  хүний хүсэл мөрөөдлийг хугалж, нугалж дарж чадаж байгаа байхгүй юу. Ийм хүмүүс бол монголчууд.  Тиймээс л би хамгийн их сэтгэл өвдөж байсан газар бол монгол гэсэн хэрэг.   Бусад улс оронд хэзээ ч тийм байгаагүй. Харин ч  үнэхээр их баярлалаа, монгол гэж орон байдаг юм уу, хаана байдаг вэ,  ямар гоё юм бэ  зэргээр  хүлээж авдаг.  

-Харь оронд  ажиллаж,  амьдардаг олон хүн “Манай улс гадаад талаасаа харьцангуй тайван сайхан орон. Харин бид дотроо,  хоорондоо их зөрчилтэй байх юм” гэж  санаа  зовнин ярьж байхыг сонссон.  Санал нийлэх үү?   

-Үнэн.  Нийгмийн  хандлага  тэгж  мэдрэгдээд  байна.  

-Би  бүгдээрээ тийм  биш байх гэж бодож байна?

-Яг давхаргаар нь хэлбэл бусдыг манлайлж, үлгэрлэж явах нийгмийн элит дээд давхаргад ялзарсан зүйлүүд маш олон  байна.  

-Газар газар очиж, өнгө өнгийн амьдралыг үзэж, мэдэрч яваа залуу хүний тухайд  хүн байхын үнэ цэнэ юундаа байна гэж бодогдох юм бэ?

-Бид ганцхан л амьдарна.  Тэгвэл  энэ  амьдралдаа  би зөвхөн  өөрийгөө гээд дуусмааргүй байна. Бусдын  төлөө айхтар том зүйл хийж чаддаггүй юм гэхэд бага ч гэсэн тус хүргэх юм сан гэсэн бодол төрдөг.  Энэ бол миний хувьд  хүн байхын утга учир.  Дээрээс нь эх оронтой хүн баян. Эх оронтой байна гэдэг хамгийн том утга учир.  Өөрийн  гэсэн нутаг ус, тусгаар тогтнолыг юугаар ч үнэлшгүй.   Би  газар нутагтаа  эзэн нь байж чаддаг. Өөрийнхөө  иргэний  үнэмлэхийг ТҮЦ-нд  архины төлөө тавиад явдаг биш,  “би чинь монгол хүн шүү дээ,  энэ үнэмлэх намайг МУ-ын  иргэн гэдгийг гэрчилдэг юм шүү” хэмээн  дээдлэх  бодолтой байх хэрэгтэй.  Намайг  хилийн бүсэд ажиллаж байхад Сирийн их сургуулийн  багш,  араб хэл, тооны ухаан  заадаг том профессор Туркид дүрвэж очсон байсан.  Тэр эх орондоо олон    шавьтай,  ер нь бүх л юмтай үнэхээр сайхан амьдралтай байж л дээ.  Гэвч  яах ч  аргагүй дайны хөлөөс зугтаагаад  эхнэр, хүүхдийнхээ хамт  Турк рүү дүрвэсэн байгаа юм.   Тэгээд  Туркэд  хэн ч биш болсон. Түүнийг  хэн ч тоохгүй.   Билетийн  кассын ажилтан хүртэл “өө чи Сири юм уу” гээд загнаж доромжилж  байх жишээтэй.  Туркууд Сиричүүдийг үзэхээ байчихсан. Ер нь цагаачдын асуудал  Европын холбоо,  Балканы хойгийн хамгийн том асуудлын нэг л дээ.  Хүмүүс  сайн муу янз бүр байдаг болохоор  хүн  алдаг,  хулгай хийдэг цагаачид  бас  бий.  Тэрнээс  нь  болоод нутгийн иргэд   цагаачдыг  эсрэгээр  нь  хардаг болчихсон.  Тэгээд тэр Сири багш  надад юу гэж хэлсэн гээч.   “Би дайн дуусах л юм бол энэ газарт  нэг минут ч байхгүй. Би шууд нутаг руугаа буцаж очно” гэсэн. Тэр Сири  хүний үг  эх орон ямар үнэ цэнэтэй  вэ гэдгийг надад үнэхээр мэдрүүлсэн. Гэтэл бид өнөөдөр тайван сайхан амьдарч байгаа улс.  Ийм улсын   зарим иргэнд эх орноо гэсэн   сэтгэл дутаж байгаа  юм болов уу.   

-Та нэг ярилцлагадаа монгол залуус юмыг их сайн сурдаг. Харин тэмүүлэл, зорилго, хүсэл мөрөөдөл дутмаг юм уу даа гэсэн байсан.  Ямар шалтгаанаар ингэж хэлэв?

-Манай залуучууд юун дээр гацдаг гээч.   Монгол хүн  гадаад хэл, тооны ухаан, инженер гээд юу л бол юуг сурч чадна. Бас хийчихнэ.   Тэгээд тэрүүхэн тэндээ  болчихоод  “Би одоо боллоо” гээд сэтгэл нь цадчихдаг.   Тэгвэл дэлхийд гарч, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө, монголчуудынхоо төлөө юу хийж чадах вэ гэсэн гоё хүсэл мөрөөдөлтэй  байх  хэрэгтэй.   Тийм залуучууд байгаа л даа. Гэхдээ  дэндүү ховор. Бидэнд  дэлхийгээр  дүүрэн боломж  бий.  Үнэхээр өөрийнхөө байгаа  орчноосоо гараад   гадаад  ертөнцөд  есөн хэлийн хүүхэдтэй  нөхөрлөж сайн сайхнаас нь сураад, олон  зуун  эрдэмтэн багш нарын  тархин  дах ухааныг нь уудлаад   ирж болно.  Гэтэл ихэнхи нь   биеэ зовоож   юм сурахыг хүсэхгүй,   зүгээр л  өнөөдрийнхөө  хэмжээнд  л байгаад байна.   

-Өөрөө нийслэлийн унаган хүүхэд юм байна лээ.  Хөдөө орон нутгаар хэр их явж байв?

-Монгол орныхоо бүх газраар явсан.

-Гэр бүлийнхэн чинь таны ажлыг хэр ойлгодог вэ?  

-Гэр бүлийнхэн маань эхэндээ дургуйцдэг байсан.  Манай ах дүү нараас авахуулаад бүгд л  эсэргүүцдэг  байсан.  Өөрийнхөө хүүхдүүдийг  яая гэж байж хаа байсан хар хүүхдүүд рүү янз бүрийн юм авч гүйлээ гээд.  Эсэргүүцэл бол хамгийн ойрхноос эхэлдэг байхгүй юу. Яг гэр дотроос эхлэнэ. Харин одоо  намайг маш сайн дэмжинэ шүү. Гэхдээ л ингэж яваад одоо яачих ч юм билээ гэсэн яриа гэрт байнга л гарч байдаг.

-Та аль нэг улс орныг зорихоор бол тухай орны түүх соёлын онцлогийг илэрхийлэг музей үзмэрийг заавал зориорой гэж зөвлөж байсан. Уншигчиддаа бас хүргэмээр санагдлаа? 

-Бусад улс оронд  аялахдаа  тухайн орны музейг,  тэр орны онцлогийг шингээсэн соёлын ямарваа нэгэн арга хэмжээг заавал үзэж баймаар санагддаг.  Яагаад гэвэл тухайн орны түүх, соёл, хүмүүсийн ёс заншил, гүн ухааныг  тэдгээрээр л дамжуулан  мэдэрч  болдог.   Гэтэл  монголчууд бид  гадагшаа явахаараа л баахан дэлгүүр хэсч, баахан өндөр байшин,  эсвэл идсэн уусан  хоолныхоо    зургыг авсаар байгаад  хүрээд ирдэг. Тэгвэл бид жаахан  оюунлаг байя л даа. Тэр улс орнууд чинь  тусгаар тогтнол, үнэт зүйлийнхээ төлөө яаж тэмцэж ирсэн, колони байхдаа ямар зовлон бэрхшээл амссан, тэр хүмүүс хөгжлийнхөө гарцийг яаж эхэлж байсан гээд бүх  түүхүүд соёлын дурсгалуудад бий шүү дээ.   

Бусад улс оронд  аялахдаа  тухайн орны музейг,  тэр орны онцлогийг шингээсэн соёлын ямарваа нэгэн арга хэмжээг заавал үзэж баймаар санагддаг. 

-Залуустаа, уншигчдадаа  хандаж  хэлмээр зүйл танд үлдэв үү?  

-Бидэнд одоо эв нэгдэл л хэрэгтэй байна.  Зөв зүйлээ  томьёолоод тэр зүг рүүгээ нэгэн зэрэг хөдлөх  хэрэгтэй  юм болов уу.   Бид бүгд  “гуравхан саяулаа   хэрнээ жалга довны үзэл гаргалаа, худлаа  ярьлаа, гүтгэлээ”  гээд л ярьдаг ш дээ.   Тэгвэл  бүгдээрээ  ярихаасаа  хийдэг,  хийж байгаа нэгэндээ  тусалдаг, элдвээр гоочилдоггүй,  арагш  нь татдаггүй  баймаар байна.  Ядаж л нэг нэгнийгээ олон нийтийн сүлжээгээр доромжилдоггүй  байх хэрэгтэй.   Энэ  л  эв нэгдлийн хамгийн эхний шат юм болов уу гэж  бодож байна.     

Нийтэлсэн: Д.Даваадулам

Б.Батжаргал: Дайн дуусах л юм бол нэг минут ч байхгүй...   
Үзсэн: 3040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Munkhbayar [202.179.24.xxx] 2017-06-12 12:33
Мундаг Залуу.
Odgerel [217.114.169.xxx] 2017-04-11 18:16
Mundag,uhaantai zaluu bna!Uneheer Mongold iim zaluus olshroosoi gej husnem!Huuhdee ch gesen iim humuujleer humuujuulehiig husnem!Tshaashdiih n ajil,amidrald n Tomoos tom Amjilt husie!

Бидэнтэй нэгдээрэй