Шууд

Б.Болормаа

Монголын радиогийн редактор


Ган зам дагасан гал голомт

2017-04-07 12:27:34

Уулзах гээд анх утсаар ярихад “Хүү минь, би маргааш семинартай, нөгөөдөр ирээрэй...” гэж билээ. “Гэрийн эзэн 80 насны өндөр даваагаар алхсан ч ажилласаар л байх нь ээ...” гэж бодсон юм. Гурван үеэрээ төмөр замд ажиллаж, амьдарч яваа зочдынхоо гэрт орохуйд дээхэн үеийн авсаархан тавилгууд, хийцэлсэн цайны дотно үнэр өмнөөс угтлаа. Ахмад төмөр замчин Юндэнгийн Гомбодорж гуай гэргий Цэндийн Жавзмаатайгаа айл болсныхоо 60 жилийг ирэх онд угтан авах юм билээ. “Сайхан л амьдарч байна аа...” гэх үгийг сэтгэл дүүрэн хэлэх зочдынхоо аж амьдралын харгуйд уншигч, сонсогч таныг замчлан хүргэе...

  • Амьдрахын үнэ цэнэ, аз жаргал нь үр хүүхэд, тэдний хүмүүжил, боловсрол байдаг биз ээ?

Ю.Гомбодорж: Манайх 10 хүүхэдтэй, хүүхдийн үр хүүхдүүд, хүргэн, бэрүүд, ач зээгээс гарсан үр хүүхдүүдийг оруулбал энэ жил манайх яг 70-уулаа болж байна даа. /инээв/ Тэгээд 10 хүүхдийн долоо нь төмөр замд ажиллаж байгаа, үндсэндээ бид хоёртой нийлбэл есөн хүн энэ байгууллагад ажиллаж байна гэсэн үг. Ач, зээгээс маань хэдийнээ хоёр нь энэ байгууллагад ажиллаж байна, цаашдаа ч ажиллана гэдэгт итгэдэг. Энэ нь манай гэр бүлийн онцлог юм болов уу даа. Аав ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөөд явна гэдэг бидний хувьд бахархал шүү дээ.

  • Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд аав нь ноён нуруутай, өөрөөрөө үлгэрлэж, ээж нь насаараа зааж чиглүүлдэг шүү дээ?

Ю.Гомбодорж: Эмээ минь намайг журамтай өсгөсөн. Хоол идсэний дараа заавал аяга угаалгана. Хог шүүрдсэн бол авдар савны тоос шороог дандаа арчуулна. “Аливаад дэгтэй, цэгцтэй байх нь миний хүүгийн хүн байхын учир юм...” гэж эмээ минь сургасан. Тийм болохоор би хүүхдүүдээ дэгтэй өсгөсөн. Сурлага хүмүүжлийн ажилд нь тогтмол оролцоно, эцэг эхийн хуралд ч сууна, багштай нь уулзана, зав зай гарвал хүүхдүүдээ гадуур авч явна. Олон хүүхэдтэй айл болохоор усанд явах, түлээ хагалах, хоол бэлдэх... гээд энэ бүхнийг хийх жижүүр гаргана Одоогийнхтой адил бүх юм бэлэн байх биш, хүүхдүүдийнхээ хувцас хунарыг манай хүн өөрөө л оёно.  Аз болоход би уран авгай олоод авсан юм билээ.

Ц.Жавзмаа: Би болохоор хүүхдүүддээ Лениний хэлдэг шиг “сур сур...” гээд л шаардана. “Та нар сурахгүй л бол аав ээж хоёрт нь өгөх хөрөнгө байхгүй ээ, гэхдээ та нарыг цоорхой хувцастай, дундуур ходоодтой явуулахгүй ээ...” гэдэг байлаа. Манай нөхөр архи ууж үзээгүй. Тамхийг бол 40-өөд жилийн өмнөөс хаясан. Ийм хоёр хорноос зайдуу явсны буянд миний өвгөн чинь хэлдэггүй насандаа хүрч байна. Эмнэлэгт хэвтэж үзээгүй шахам хүн “ажил ажил...” гээд ажлын хойноос л махарна. Энэ хүний буянд олон хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөсөн. Аав нь дэгтэй хүн болохоор айлын цонх руу чулуу шидэж болохгүй, хүн рүү хуруугаараа чичилж ярьж болохгүй гэдгийг сургасан.

  • Үр удам өсөж бүл нэмэхийн хэрээр ухаан дээрээ ухаан нэмэх хэрэгтэй болдог байх даа?

Ю.Гомбодорж: Гэр орны амьдрал гэдэг үр хүүхдэд ямар хүн болох вэ гэдгийг заагаад өгдөг толь. Бид хоёр учиргүй их хэрэлдэж, зодолдож хүүхдүүдээ айлгаж ичээж явсангүй. Аав нь дарга цэрэг боллоо гээд архи ууж шал согтуу орж ирсэн удаагүй. Манай хөгшин өглөө 07.05-д суудлаар ажилдаа явна, би 07.30-д гэрээс гарна. Төмөр замын буянаар бид цагийг ягштал барьж сурсан. Цагийн юмыг цагт нь хийсэн шиг хийдэг, хүний итгэлийг даасан шиг даадаг энэ зан чанараа үр хүүхэддээ ахиухан үлдээсэй гэж боддог юм. Ер нь удмаас удамд үе залгамжилж ирсэн заншил, ёс жаяг, хүндэтгэл чинь өөрөө үр хүүхдэд үлдэх ухаан байдаг.

Ц.Жавзмаа: Хүн чинь ямар хүмүүжилтэй өснө, түүнийгээ л үлдээдэг юм байна. Ээж, хоёр ахынхаа буянаар би аавгүйн зовлонг нэг их мэдэрсэнгүй. Дээр нь дутахын хэцүүг ч амсаагүй гэж хэлж болно. Тэглээ гээд би задарч яваагүй, сайн ханийн буянд тэгшхэн амьдарч ирлээ. Энэ олон жил амьдарч ирэхдээ нэг ч удаа би нөхрийнхөө цамцны захыг хиртэй явуулж үзээгүй, индүүдлэггүй цамц байхыг хэтээсээ үздэггүй байлаа. Одоо ч хэвээрээ. Би чинь хувцасаа өдөрт хоёр солино. Байрныхаа үүдэнд гарсан ч солиод л гарна. Хэзээ ч гэрийнхээ халадтай гадаа гарч байгаагүй. Ямар сайндаа би “Ганган Жавзмаа” нэртэй байхав дээ. Ээж нь ийм байхаар охид нь бас дуурайдаг юм байна.

  • “Зам дагаж хөгжил...” гэсэн нэг сайхан үг бий. Төмөр зам дагасан танай гэр бүлийн амьдрал өсөн дэвжсэн нь дамжиггүй ээ?

Ю.Гомбодорж: Манай төмөр зам хүний амьдралыг өөд нь татдаг тийм л байгууллага. Бид хоёрын амьдрал анх 4 ханатай гэрээс эхэлж байлаа. Дараа нь шалтай байшинд орсон. Энд ороод манай эхнэр хичнээн их баярласан гэж санана аа. Шалыг нь зүлгэж угаах гэж тэр шүү дээ. Тэр байшиндаа бид багтахааргүй олуулаа болсон. Тэглээ гээд ширээн доогуур, орны доор гээд унтах газар олддог л юм. Жаргалтай байхад илүүдсэн шунал хол л байдаг хойно доо. Одоо байгаа энэ байрандаа бид хоёр 27 жил амьдарч байна. Энэ бүхэн маань төмөр замын л буян. Хаана ч томилогдож ажилласан ажилчдынхаа ар гэрийн асуудлыг хамтад нь шийдэж явдаг байгууллага ховорхон доо. Тийм болохоор би төмөр замдаа замчнаас нь эхлээд дарга болтлоо бүхий л ажлыг хийж явлаа. Одоо ч гэсэн ахмадын хорооны дарга нэртэй хүн байгаад л байна.

Ц.Жавзмаа: Төмөр замын эмнэлэгт бага эмчээр ирж ажилласан минь миний ханьтай л холбоотой. Тэрнээс би чинь хотын байгууллагын хүн шүү дээ. Төмөр замын байгууллага  ямар ч хүнийг дандаа хүмүүжүүлж байдаг. Цагийг ягштал баримтлах, хүний төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг би эндээс л олж авсан. Ер нь энэ байгууллага маань бид хоёрт, үр хүүхдэд минь үр өгөөжөө хайрласан газар даа.

  • Бат бөх амьдралын багана болсон эхнэр, нөхрийн хоорондын ойлголцол чухал гэдгийг уулзаж байсан олон айлаас анзаарсан. Хэлүүлэлтгүйгээр ямар нэгэн зүйлийг санаачилж хийнэ гэдэг эвтэй явахын ухаан байх даа?

Ц.Жавзмаа: Дөрвөн жилийн өмнө би хоёр далныхаа завсарт цусан харвалт өгөөд яггүй өвдсөн юм. Энд эмчлэх боломжгүй, хань үр хүүхдийн буянаар   Хөх хотод очиж эмчлүүлсэн. Жил хэртэй хугацаанд хөдөлгөөн муутай, эмчилгээний гам ихтэй. Одоо ч гэсэн хөдөлгөөн тааруу. Өвдсөнөөс хойш өвгөн минь миний үйлчлэгч болсон доо. Өглөө оронд минь хоол цай залгуулаад өгнө, гадуур дотуурх ажлыг гялалзтал амжуулна. Ер нь хүн чадаж л байвал хөдөлж л байх хэрэгтэй. Би өвгөнийхөө хэдэн гутлыг тослоод, шороо тоосыг нь арчаад тавихаар хачин их баярлана. Энэ мэтээр жижиг гэлтгүй хүн санахгүй юмаар бие биенээ дэмжиж явбал айл гэрийн аз жаргал тэр шүү дээ.

Ю.Гомбодорж: Гэр бүл болно гэдэг улс орондоо нэгэн өрх айлыг нэмж байгаа юм. Нэг нь нэгийгээ хайрлаж, хүндэлж байхгүй бол айл гэр болоход хэцүү. Амьдарч явахад зөрөх, туних гээд янз бүрийн ааш аяг байлгүй л яахав. Энийгээ харин зөв талаас нь олж хардаг, хүлээн зөвшөөрдөг, эвтэйхэн хэлчихдэг байх нь л эхнэр нөхрийн ухаан юм...

Ийм нэг дулаахан ертөнцөөр уншигч, сонсогч таныг хөтөллөө. Өөрийгөө зөв авч явахын ухаанаар өргөө гэрээ өөд нь залах  учиртайг сануулсан гэрийн эзэн Юндэнгийн Гомбодорж танд, илүүдсэн шуналгүйгээр энэ амьдралаа чимж явахын жаргалыг ойлгуулсан гэргий Цэндийн Жавзмаа танд уншигч, сонсогчдынхоо өмнөөс баярлалаа. Аз жаргалыг өөрсдөө бүтээж  амьдрах сайхан юм даа...

Нийтэлсэн: Б.Болормаа

Ган зам дагасан гал голомт   
Үзсэн: 4460 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй