Шууд

Б.Баярсайхан: Одоо би уралдах биш бичих насандаа ирчихээд байна

2017-04-10 09:05:55

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, МҮОНР-ийн захирал, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан “Д.Нацагдоржийн хишиг” уран бүтээлийн цэнгүүнээ ирэх тавдугаар сарын 5-нд 18:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хийх гэж байна. Иймд түүнтэй уулзаж, уран бүтээл, ажил хөдөлмөрийнх нь талаар ярилцсан юм.

-Ойрд богино өгүүллэгийн тоглолт болсонгүй. Таныг ийм цэнгүүн зохион байгуулах гэж байна гэхийг дуулсан хүмүүс ихэд баярлаж байна билээ ...

-Би Монголын утга, уран зохиолд хөл тавиад 30 жил болжээ. Энэ бага хугацаа биш. Үүний 20 жилд нь яруу найраг, үлдсэнд нь хүүрнэл зохиол бичсэн. Өнгөрсөн жил Д.Нацагдоржийн 110 жилийн ой болоход би түүний нэрэмжит шагналыг хүртсэн. Зохиолч болгоны мөрөөдөлд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал байдаг. Энэ тэмдгийг энгэртээ зүүчихвэл “Өөрийгөө зохиолч болж ээ” гэж тоох хэмжээний. Түүнчлэн бусдад үнэлүүлэх хэмжүүр, шалгуур давхар яригддаг. Тиймээс би энэ шагналаа мялааж, “Д.Нацагдоржийн хишиг” нэртэй цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Монголчууд томоохон шагнал хүртэхээрээ найр, наадам хийдэг. Харин би тэгэхийг хүсээгүй. Уран бүтээлээрээ энэ шагналыг хүртсэн болохоор уран бүтээлийн л цэнгүүн хийж, үзэгчиддээ бэлэг барья гэж бодсон юм. Тоглолтын нэрний агуулга нь “Д.Нацагдоржийн шагнал хүртсэн хишигээ үзэгчиддээ хуваалцья” гэсэн санаатай. Энэ шагналыг хүртсэн хүмүүсийн зарим нь найр хийдэг бол бусад нь нутагтаа очиж морь ч уралдуулдаг гэсэн.

-Энэ таны хэддэх тоглолт болж байна вэ?

-Бие даасан дөрөв дэх. 2002 онд нутагтаа “Залуу насны гэрэлт шувуу”, нийслэл хотод 2014 онд “Тэнгэрийн санаа”, 2015 онд “Арван сарын үдэш” зэрэг тоглолт хийсэн. Үүнээс “Арван сарын үдэш”-ийг яруу найрагч П.Нямлхагватай хамтарсан.

-Тоглолт болно гэхээр хамгийн түрүүнд “Дуучдын уу” гэж асуудаг, бас бодогддог. Богино өгүүллэгийн тоглолт гэхээр заримд нь сонин санагдаад байх шиг ...

-Магадгүй. Өнөөдөр хүмүүс ном унших нь уншиж байна. Гэхдээ зохиогч бид өөрсдөө уран бүтээлдээ ингэж менежмент хийхгүй бол өнөөдрийн энэ их мэдээлэлжсэн нийгэмд бие биенээ танихгүй байна. Аль нь сайн, мууг ялгахгүй юм. Тиймээс би “Хүмүүс миний бүтээлийг сонсоосой, номыг маань уншаасай” гэсний үндсэнд дээрх тоглолтыг зохион байгуулах бас нэг шалтгаан болсон. Тэгээд ч богино өгүүллэгийн тоглолт гэдэг онцлог ихтэй. Ёстой л үзье гэсэн хүн зорьж ирдэг.

-Та зөвхөн өгүүллэгээ уншуулах юм уу эсвэл яруу найрагчид урилгаар оролцох уу?

-Урилгаар “Болор цом”-ын таван эзэн оролцоно. Тодруулбал Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, Б.Мягмаржав, Ц.Эрдэнэбаатар нар шүлгээ уншина.   

-Та дээр “Уншигчид зохиолчдынхоо номыг таньж авч чадахгүй байна” гэж хэллээ. Дэлгүүрт ном авахаар ороход хүмүүс “30-аас дээш насныханд”, “Хоол яаж хийх вэ” гэх мэт ном ихэвчлэн авч байна. Утга, уран зохиолын тухай ном борлуулалт муутай байдаг нь юутай холбоотой гэж та боддог вэ?

-Ерөнхийдөө уншигчдын амьжиргаатай холбоотой байх. Мөн зохиогчид маркетинг муу хийдэг. Жишээ нь би энэ талд ямар ч ажил явуулдаггүй. Зорилгоо тодорхойлоод бүтээлдээ менежмент хийгээд явж байгаа хүн гэвэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо ах, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, сүүлийн үед Б.Батрэгзэдмаа, Б.Шүүдэрцэцэг нарын зэрэг уран бүтээлч л байна. Тэд маш зөв яваад байна л даа. Уран бүтээлээ болон өөрсдийгөө олонд таниулаад л. Би ч гэсэн ийм байхыг хүсч байна. Миний бүтээлүүд олон улсын хэлэнд орчуулагдаад, түүгээрээ амьдарвал сайхан. Даанч манай улсад ийм байх зах зээл алга. Гэхдээ миний үргэлжилсэн үгийн “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” гэдэг ном гайгүй борлогдсон шүү. Уншигчид авья гэж бодсон номоо үнэтэй ч байсан авдаг юм билээ. Мөн хэдэн жилийн өмнө хэвлүүлсэн “Шилмэл өгүүллэг” нэртэй цомог маань маш сайн зарагдсан.

-Номыг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр хувилах нь ховор бол цомгийн хувьд эсрэгээрээ. Гэтэл ялангуяа яруу найрагчид “Яахав дээ, миний бүтээл олон нийтэд хүрч л байвал болоо” гээд тоодоггүй. Үүгээрээ зохиогчийн эрх гэдэг зүйлийг гаргуунд нь орхиод давраагаад байна. Тэгээд ч яруу найрагчид хэнэггүй байдаг болохоороо өнөөдөр уран бүтээлээр баян байгаа болохоос эдийн засгийн хувьд ядуу амьдраад байгаа юм биш үү?

-Яг үнэн. Жишээ нь миний хэдэн өгүүллэгийг өөрийн болгоод хувийн тоглолт хийгээд явж байгаа хүн байдаг. Гэхдээ би энэ талд оюуны өмч яриагүй. Би түүнд “Миний бүтээлийг чи олон нийтэд хүргэж байвал л болно” гээд хэлчихсэн болохоор тэр. Гэхдээ өнөөдөр энэ талд ярих нь зөв. Ялангуяа хошин шог, кино урлагийнхан хэн нэгэн зохиолчийн бүтээлийн гол хэсгийг бүтээлдээ ашигласан байдаг.  

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та яруу найргийг 20 жил бичсэн гэлээ. Өгүүллэг бичих энэ хоёрын ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?

-Ялгаагүй. Яруу найрагч хүн цаанаасаа заяагдсан байдаг юм шиг байна. Шүлэг бичхэд мэдрэмж их шаардагдана. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир нарын шүлэг цаанаа л өөр. Би яруу найргийг 20 жил бичсэн ч гэлээ тухайн хүн өөрийгөө олох гэж байдаг. Миний хийх ёстой зүйл бол хүүрнэл зохиол. Миний багш П.Баярсайхан намайг ОНР-д ороход тосч авсан. Тухайн үед би 21 настай байсан бол орлогч дарга болохдоо 24 настай байлаа. Тэр үед манайхан бид хоёрыг “том Баяраа, жижиг Баяраа” гэж дуудна. Багш маань надтай хамт ажиллаж байхдаа намайг “Чи бол өгүүллэгийн хүн. Өгүүллэг л бич” гэдэг байв. Гэлээ ч би багшийгаа “Бич” гэнгүүт нь шууд бичиж эхлээгүй л дээ. Нэлээн хэдэн жил яруу найраг “хөөж” байгаад багшийгаа тэнгэрийн орон руу нисэхээс өмнөхөн “Инжерийн мод” нэртэй анхны өгүүллэгээ бичиж үзүүлсэн. Тэгэхэд багш ихэд тооход нь урам авч, өнөөдрийг хүртэл бичиж байна. Үргэлжилсэн өгүүллэгийн хувьд би одоо өөрийгөө олсон. Би дөрвөн тууж гаргасан. Одоо дахиад нэгийг гаргахад бэлтгээд байна.        

-Таныг сүүлийн үед үргэлжилсэн өгүүллэг бичээд байхаар ялангуяа залуучууд яруу найраг бичдэг байсан юм болов уу гэх маягтай хүлээж авч байна. Иймд та шүлгэн хүлгээр уралдаж байсан үеэ дурсаач ...

-Олон наадамд оролцсон. Залуу байхад угаасаа л тийм байдаг. Дөнгөж барилдаж эхэлж байгаа бөхчүүд том том цүнх үүрээд, заал болгоны барилдаанд ноцолдоод явдаг биз дээ. Тэрэн шиг л байлаа. “Цагаан уул”, “Улаанбаатарын уянга”, “Аморе”, “Эх орны цэрэг” гэх мэт яруу найргийн наадамд. Тэгж явахад хамгийн гол нь байр эзлэх нь гол биш, хэн хэнийгээ хөглөөд, бичсэн шүлгээ уншиж өгөхл сайхан байсан. Ер нь хүн хөгжхөд үеийнхэн сайн байх ёстой. Тэр үед ХААИС, АУИС, МУИС, МУБИС-ийн шүлэг бичдэг оюутнууд хүчтэй байлаа. Тэдний ачаар бидний үеийнхний уран бүтээл улам чамбайрсан. Магадгүй би нутагтаа очоод сонины сурвалжлагч хийгээд явсан бол өнөөдөр энэ хэмжээний бүтээл туурвихгүй ч байж мэднэ. Яагаад гэхээр миний мэдэх хэдэн сайхан залуу хөдөө яваад л “юм” хийхээ байсан. Жишээ нь Ч.Алтанхуяг, Н.Баярмагнай сайхан бичиж байсан. Гэтэл хоёулаа хөдөө яваад “зэврэх” гэдэг нь болсон юм уу, яасан юм хотод байхдаа бичиж байснаасаа өсөөгүй.  

-Гэхдээ орон нутагт уран бүтээлээ туурвиж, таны хэлдгээр ёстой л өөрийгөө олсон хүн олон байдаг. Үүнээс харахад төрөлхийн авьяас гэдэг хаана ч хоцрогддоггүй юм гэдгийг илтгээд байна уу даа?

-Авьяас бол хаана ч байсан хөгжинө. Д.Нямсүрэн агсан Эрээнцавдаа байсаар байгаад Монголын дорны их яруу найрагч болсон. Хөвсгөлд П.Майнбаяр, Хархорин С.Дамдиндорж, Хэнтий аймагт Л.Нямаа ах, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд В.Батбаяр ах амьдардаг байлаа. Тэд сайхан л бичсэн, бичсээр ч яваа. Миний оролцож байсан яруу найргийн наадмын хувьд ярихад би бүх наадмын шагналыг хүртсэн. “Болор цом”-д л түрүүлээгүй болохоос гурав, тавдугаар байрт шалгарч байлаа. Энэ бүхнээс нэг л зүйлийг би сайн ойлгосон.

-Юуг тэр вэ?

-Яруу найргийн уралдаан тэмцээн бол хэмжүүр биш юм гэдгийг. Тиймээс би 2011 оноос хойш яруу найргийн ямар ч тэмцээнд оролцоогүй. 2012 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд хоёрдугаар байрыг эзэлсэн. Одоо би уралдах биш бичих насандаа ирчихээд байна.

-Гэхдээ хааяа шүлэг бичмээр санагдахгүй юу?

-Тийм үе бий. Гэхдээ дотроос нэг их хатгадаггүй. Учир нь өгүүллэгийн төрөл их сайхан “амттай”. Шүлэг бичдэг байж байгаад өгүүллэг бичсэн чинь эхлээд цэцэрхэх гээд байдаг юм билээ. Яваандаа горминдоо орсон л доо. Өгүүллэгийг шүлэг шиг бичиж болохгүй. Өгүүллэг гэдэг өөрийн гэсэн хэлтэй. Би роман, тууж бичиж үзээгүй. Томдох юм шиг санагддаг. Харин тууж бичье гэж бодож байгаа. Д.Норов ахын “Жаргалын булаг”, “Тэжээвэр”, Б.Догмид ахын “Хадан чулуу”, Д.Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” шиг тийм сайхан тууж бичмээр байна. Хүн чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй. Манай Б.Сарантуяа гурван роман бичсэн. Үүгээрээ романд зориулагдсан гэдгээ нотолж байна.  

-Гэхдээ та тууж бичсэн биз дээ?

-Дөрвөн тууж бичсэн. Туршлага дөнгөж сууж байхдаа бичсэн. Гэхдээ нэг их муулдаггүй. Зарим хүн “Их сайн болж” гэсэн бол бусад нь “Чи их тэсрэлтийн өмнө байна” гэсэн. Одоо би нэг тууж бичихээр дуншаад л байна. Ёр билэг, зөн билгийн тухай ч орно. Гэхдээ дээрх дөрвөн туужаас ядаж хоёр гишгүүр дээгүүр бичих хэрэгтэй биз дээ. Тиймээс бодоод яваад байгаа минь энэ. Тэр дөрөвтэй адилхан бичье гэвэл 14 хоногт л амжуулна. Миний нэг онцлог тухайн бүтээлээ бодож бодож байгаад нэг суухаараа шуурга шиг бичдэг. Бичихгүй бодоод яваад байвал жил ч болж мэднэ.

-Кино болон жүжгийн зохиол бичих бодол бий юу?

-Жүжиг бичих сонирхол байна. 60 ангитай бүрэн хэмжээний радио жүжиг бичиж байсан болохоороо тэр л дээ. Харин кинонд тийм ч таатай биш. Тэгээд ч надад туршлага, кино хийх баг алга.  

-Таны ажил хөдөлмөрийн талаар ярилцья. Өглөө ажилдаа нэлээн эрт ирдэг бололтой ...

-Миний амьдралын хэмнэл тийм юм. 06:00 цагт босч, 07:30 цагт ажилдаа ирдэг. Эфирээ хянахын зэрэгцээ 08:00-09:00 цагийн хооронд уран бүтээлээ бичдэг. Хүн цөөн байдаг болохоор элдэв юманд сатаарах нь бага сайн талтай.

-Монголын үндэсний радиог ойрд сонссонгүй. Харин оюутан байхдаа амралтаараа хөдөө очиж сонсч байлаа. “Өглөөний мэнд”-ээр эхэлж, өдөр “Боломж” хөтөлбөрийг явуулдаг хэвээрэй юу?

-Өөрчлөгдөж байгаа. Ямарваа зүйл байнга өөрлөгдөхгүй бол оршин тогтнохгүй биз дээ. Тиймээс манай радио үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Радиогийн хамгийн том шууд нэвтрүүлэг “Нэвтрүүлгийн нэгдүгээр танхимаас ярьж байна” гэсэн нэртэйгээр 45 минут явдаг байсан юм. Харин би 2015 онд энэ ажлыг авснаасаа хойш “Тэнхлэг” гэдэг шууд нэвтрүүлгийг өдөрт зургаан цаг явуулдаг болсон. Дэлхийн радиогийн чиг хандлага шууд явуулдаг болсон. Ийм эрин цагт бид ч адилхан байх хэрэгтэй. Хуучнаараа байгаад байвал зайгаа тавьж өгөх шаардлагатай болно. Гэхдээ брэнд нэвтрүүлгийг орхих биш хөгжүүлэх ёстой. Таны хэлсэн “Өглөөний мэнд” 52 дахь жилтэйгээ золгож байна. Үүний хөгжим, уншилтыг өөрчлөхгүйгээр агуулгыг нь сайжруулах ёстой. “Үдшийн үлгэр”, “Малчин”, “Ургацын далай”, “Найм, арваннэг” зэрэг нэвтрүүлгийг хасч болохгүй. Энэ бол сонсогчдод аль хэдийнээ танил болсон.  

-Сонсогчдын тоо ямар байгаа вэ?

-Судалгаагаа бид өөрсдөө хийж байна. Сошиалд ч нэлээн идэвхитэй ажиллаж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 1 хүртэл буюу 11 сарын хугацааны судалгаагаар ОНР-ийн твитерт давхардсан тоогоор сая 802 мянган хүн орж ирсэн байдаг. Энэ бол том үзүүлэлт. Шууд нэвтрүүлэгт утсаар холбогдож байгаа хүний тоо сард 500 гэдэг чинь жилд 6000 сонсогч гэсэг үг. Мессежээр орж ирж байгаа нь бол бүр их. Өдөрт 25 минутын нэвтрүүлгийг 2700 хүн сонслоо гээд лайк дарсан байсан. Тэгэхээр энэ том үзүүлэлт.

-Сонсогчидоос олон санал ирдэг нь мэдээж. Чухам ямар санал илүү ихх ирдэг вэ?

-Авах, гээхийн ухаанаар хандана. Шаардлагатай саналыг нь бодлогтоо тусгана. Хүмүүс чинь дур дураараа юм хэлнэ. Гэхдээ бид хэрэглэгч хаан гэдэг утгаар сонсогчидоо хүндэлдэг. Тэднийхээ үгийг дандаа сонсоно, хариулт өгнө. Зарим үед хүсэлтийг нь ч биелүүлдэг. Жишээ нь Монгол Улсын төрийн шагналт, хүүхдийн зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны “Хүрэн морь” найраглалыг Ж.Цэвээндорж нэвтрүүлэгчийн уншсанаар явуулж өгөөч гэж олон хүн хүсэлт ирүүлсэн. Түүнийг нь бид “Тэр нутгийн тийм багийн түүний хүсэлтээр Монголын радиогийн “Алтан сан” хөмрөгөөс хүргэж байна” гээд зарладаг. Гэхдээ тэгж явуулахаасаа өмнө тухайн сонсогчид утсаар мэдэгдэнэ л дээ.  

-Та21 настай байхдаа орж байсан үеийн радиог өнөөдрийнхтэй харьцуулахад ямар санагддаг вэ?

-Тэс өөр. Тэнгэр газар шиг. Тухайн үеийн хүмүүс ажилаа яаж хийхээ мэддэг, ачаалаад л байхад ачаалал даадаг байсан. Үүргээ ч ухамсарлаж, ямар ч хэл ам гаргахгүй ажилаа гүйцэтгэдэг байлаа. “Би энэ нэвтрүүлэгтээ ийм нэр өгөх гэж байгаа. Энэ өгүүллэгээ тэр нэвтрүүлэгчээр уншуулмаар байна” гээд л... Одоогийн залуус тийм биш болж. Өнөөдөр их сайхан үед амьдарч байна шүү дээ. Өөрийнхөө нэвтрүүлгийг брэнд болгьё гэвэл яаж л бол яаж болгож болохоор байна.

-Үүнд нийгмийн нерви нөлөөлж байгаа байх аа ...

-Магадгүй. Гэхдээ бид сайхнаар харвал сайхан зүйл олон л байна шүү дээ.

-Саяхан танай залуу сурвалжлагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Энэ талаар ярихгүй юу. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлье ...

-Радио өөрөө хүчтэй байя гэвэл манай редактор, сэтгүүлчид хөрвөх чадвар сайтай байх ёстой. Мэдээ, сурвалжлага, ярилцлагын алийг нь ч хийдэг байх хэрэгтэй. Тэгж байж манай байгууллагын ажил улам урагшилна. Үүнийг бий болгохын тулд бид энэхүү мэргэшүүлэх сургалтыг хийсэн юм. Сургалтанд хамрагдсан хүмүүсийн зарим нь сэтгүүлч, социолагч, урлаг судлаач, соёл судлаач байна. 5W 1H-ийн зарчмыг ойлгохгүй байж хэвлэл мэдээлэлийн салбарт ажиллах ямар ч боломжгүй. Манай ажилтан Байгалмаа удирдаж, 23 хүнд жил хагасын хугацаанд энэ сургалтыг явуулсан.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Баярсайхан: Одоо би уралдах биш бичих насандаа ирчихээд байна  
Үзсэн: 764 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-04-13 11:35
Монголын радио хаа очиж тулхтай, улс төржөөд бужигнаад байдаггүй газар санагддаг сайн уран бүтээлч яруу найрагч сэтгүүлч олонтой байсантай холбоотой байх бүтээлийн төлөө л өрсөлддөг уламжлал үлдсэн байж мэднэ
үзэгч [202.70.34.xxx] 2017-04-12 15:29
энэ их мэдээллийн эринд Үндэсний Радиог сайн хөтөлж мэргэжлийн байгаа учраас л элдэв хэл ярианд өртдөггүй байх шүү
Зочин [202.70.34.xxx] 2017-04-12 12:29
сайн уран бүтээлч, залуу хүн мөртөө уужим хүнэлэг гэж ярьдаг юм билээ
Зочин [103.26.194.xxx] 2017-04-11 01:59
мөнхбатаас уйлж гуйгаад үлдсэн дээ.
Ө Нарангэрэл МУСГЗ [27.123.214.xxx] 2017-04-10 16:44
Яагаад ч юм МОНГОЛЫН РАДИО г Б Баярсайханаас өөр хүн удирдана гэхлээр миний санаанд огт буудаггүй юм

Бидэнтэй нэгдээрэй