Шууд

Б.Эрдэнэцэцэг

Монголын радиогийн редактор


Гэр бүлдээ нандин дурсамж бүтээцгээе

2017-04-17 12:55:02

Таван настай охин минь цэцэрлэгтээ явахаас өмнө “Ээж ээ, өнөөдөр цэцэрлэгээ тараад тоглоомын төв орж, бялуу авч идэх хэвээрээ биз дээ”  гэж асуулаа. Ажилдаа түүртсэн би дахиад л хэлэх үг олдсонгүй. Үүнийгээ ч тэгэсхийгээд мартлаа. Харин “Хүүхдэд аав, ээжтэйгээ гадуур гарна гэдэг юутай ч зүйрлэхгүй аз жаргал, ийм үг сонсвол шөнөжин зүүдэлж хүлээдэг...”  гэсэн сэтгэл зүйчийн хэлснийг сонсоод охиндоо өгсөн амлалтандаа хүрч чадаагүйдээ гэмшсэн юм. Уншигч, сонсогч та ч гэсэн гэр бүлдээ нандин дурсамж бүтээх цаг хугацаагаа өөр нэгэн ажлаар сольж яваа юм биш байгаа. Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй...  

Даваа гарагийн “Тэнхлэг” хөтөлбөрийн “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлэгт “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, дэд пропессор Б.Оюун-Эрдэнэ оролцож “Гэр бүлдээ нандин дурсамж бүтээх нь” сэдвээр ярилцаж зөвлөгөө өглөө.

-Өнгөрсөн бүхэн дурсамж болж үлддэггүй шүү дээ. Тэгвэл зарим зүйл яагаад мартагдахгүй дурсамж болоод үлддэг юм вэ?

-Дурсамж гэдэг зүйл юу вэ гэхээр бид жилийн бүх өдрийг өөр өөрөөр өнгөрүүлдэг. Гэхдээ тэр өнгөрсөн болгоныг тодорхой санадаггүй. Харин өнгөрсөн он жилүүдээс өөрийнхөө сэтгэлд хамгийн тод буусан зүйлсийг л санадаг. Дурсамж сайн, муу гэж хоёр янз байдаг. Таагүй дурсамжийг хүн бодохыг хүсдэггүй болохоор аажимдаа мартагддаг. Харин өөрт тохиолдсон сайхан зүйлсийг  хадгалж үлдэхийг хүсдэг учраас тэр нь ой ухаанд нь дурсамж болон үлддэг. Иймээс хүн гэр бүлдээ гэгээн сайхан, нандин дурсамжуудыг бүтээх хэрэгтэй байдаг юм. Хүний насыг 3 үед хувааж үзвэл дурсамжаар  амьдрах цаг  үе гэж байдаг. Дурсамжийг бүтээх цаг байдаг бол эргээд тэр дурсамжаараа амьдрах цаг байдаг гэсэн үг.

Мөн гэр бүлийн халуун дулаан, тогтвортой харилцааг бий болгоход, нэг нэгнээ сайнаар харахад, сайхнаар өнгөрүүлсэн тэр дурсамжууд онцгой үүрэгтэй байдаг. Тэгэхээр дурсамж гэдэг нь хүний амьдралд сайн сайхан зүйлийг нь баталгаажуулахаас гадна ирээдүйн амьдралыг нь ч гэсэн баталгаатай, тогтвортой байлгах гагнаас болж өгдөг гэдгийг хосууд сайн ойлгох хэрэгтэй.

Нэг чухал зүйл бол хүүхэд. Хүүхэд гэдэг бидний амьдралын хамгийн том, үнэ цэнэтэй, гэгээн сайхан ертөнц. Тэд маань том болсон хойноо ээж, аавтайгаа өнгөрүүлсэн тэр сайхан дурсамжуудыг санаж байх ёстой. Хүүхдэд аав, ээжтэйгээ хамт байх шиг аз жаргалтай зүйл гэж байхгүй. Иймээс хүүхдүүддээ хэзээ ч мартахгүй сайхан дурсамжуудыг хүүхэд байхад нь бүтээж өгөх хэрэгтэй.

Хүүхдэд аав, ээжтэйгээ хамт байх шиг аз жаргалтай зүйл гэж байхгүй.

-Ямар дурсамж байвал хүүхэд насан туршдаа хадгалах бол?

-Нийтээр тэмдэглэдэг “Шинэ жил”, “Цагаан сар”-аас өөр онцгой өдрүүдийг гэр бүлдээ бий болгох хэрэгтэй. Жишээ нь, хүүхдүүдийнх нь төрсөн өдөр байж болно. Ээж, аавынх нь гэрлэлтээ батлуулсан өдөр байж болно. Өөр тэр гэр бүлд ямар өдөр байж болох вэ түүнийг онцолж авч болно. Яагаад вэ гэхээр бусад хүмүүсийн тэмдэглэдэг баярыг хүүхдүүд тэмдэглэх ёстой л гэж ойлгоно. Харин зөвхөн өөрийнх нь гэр бүл тэмдэглэдэг баяр нь мартагдашгүй дурсамж болон үлддэг.

Нөгөө талаар гэр бүлдээ зориуд цаг гаргана гэдэг маш том соёл, маш том үүрэг хариуцлага юм. Гэр бүл нийгмийн өмнө найман үүргийг заавал биелүүлэх ёстой байдаг. Үүн дотор гэр бүл чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх үүрэг гэж байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоход, гэр бүлүүдийн гишүүд хамтдаа өнгөрүүлсэн үр дүнтэй цаг хугацаа чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж заасан байдаг юм. Иймээс сайхан дурсамжийг бүтээнэ гэдэг нь ирээдүйнхээ сайхан амьдрах суурийг тавиад яваад байна гэсэн үг.

-Дурсамж эхнэр, нөхрийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ. Харилцаандаа эерэгээр яаж ашиглах вэ?

-Таагүй зүйлийг мартаж сурах хэрэгтэй. Харин таатай сайхан зүйлийг дахин, дахин санаж, ярьдаг байх хэрэгтэй. Хосууд зөрчилдөх, маргалдах, таагүй байдалд орвол хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа бодох хэрэгтэй. Сайхан харилцаа, сайхан дурсамж гэдэг бол бидний харилцааг сүлж байдаг зүйл.

Суурин газар амьдардаг гэр бүлүүдийн хувьд хамт байдаг цаг хугацаа бага байгаа нь сүүлийн үеийн судалгаагаар харагдаж байна. Тэгэхээр хоногийн 24 цагийг оновчтой төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Унтаж амрахад 8 цагийг, ажилдаа 8 цагийг, гэр бүлдээ 8 цагийг зориулах гэх мэт. Ингээд харахад гэр бүлдээ зориулах цаг хангалттай байгаа юм шиг хэрнээ бодит байдал дээрээ гэр бүлдээ зориулах ёстой 8 цаг нь өөр зүйлд зориулагдаад байгаа юм. Аав, ээжийгээ хэзээ ирэх бол гээд хаалга, цонх ширтээд сууж байдаг хүүхэд маш их болсон байна. Тэр байтугай ээж,  аавынхаа барааг  7 хоногт ганц, хоёр удаа л хардаг хүүхэд ч байна.

Гэр бүл гэдэг чинь бүлээрээ байхыг л хэлээд байгаа юм шүү дээ.

Гэр бүл гэдэг чинь бүлээрээ байхыг л хэлээд байгаа юм шүү дээ. Бүлээрээ халуун, дулаан уур амьсгалтай, нэгдмэл, нэг нэгнээ хайрладаг, хүндэлдэг, цаг гаргадаг байх их чухал. Ялангуяа аав, ээжүүд нэг нэгнээ хайрлаж, халуун дулаан үг хэлж байгаагаа хүүхдүүддээ харуулахгүй нуудаг хэрнээ муудалцаж, маргалдаж байгаагаа санаа зовох зүйлгүй харуулаад байдаг. Энэ нь таны хүүхдэд буруу, муу үлгэр дууриалал үзүүлж, бас таагүй дурсамж болж үлдэж байгааг санах хэрэгтэй.

Залуус хүсэл мөрөөдлөөр, Ахмадууд дурсамжаар амьдардаг 

Утсаар Улаанбаатар хотын сонсогч: Дурсамжийн тухай сэтгэл судлаачийн ярьж байгааг сонсож байна. Миний бодлоор өнгөрсөн бүхэн л дурсамж гэж боддог. Хүн амьдралдаа хүнтэй сайхан харьцаж байвал сайхан дурсамж л үлддэг. Харин муухай харьцвал муухай дурсамж л үлддэг. Тэгэхээр дурсамж гэдэг ухаарал гэж боддог оо... /Наймаа хийдэг найз нь одоо орлого бага байгаа ч, орлого сайн байсан тэр үеэ дурсахаар сэтгэлээр унадаггүй, өөдрөг байдаг тухай ярилаа./

-Танд баярлалаа. Дурсамж гэдэг ухаарал гэдэгтэй санал нийлж байна. Таны хэлдгээр хүн хэн нэгэнд таагүй дурсамж үлдээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Та амьдралдаа сайхан дурсамж үлдээж чадсан бол дараа нь хүнд хэцүү цаг үе ирэхэд тэр сайхан дурсамжаа бодон өнөөдрийн хэцүү үеийг туулах эрч хүчийг авдаг гэдэг нь мөн таны ярьсан жишээнээс харагдаж байна.

Мөн амьдралд сайхан дурсамж бүтээдэг зүйл бол найз нөхөд байдаг. Монголчууд сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэж ярьдаг. Тэгэхээр найз нөхөд хүний амьдралд чухал үүрэгтэй. Нэгнийгээ муу зүйлд уруу татдаг найз хэрэггүй. Харин сайн зүйлд уриалж, хамтдаа сайхан дурсамж бүтээж, хэцүү үед нь түшиж тулах найз байх хэрэгтэй. Сайн явахад нь нөхөрлөж хамт байгаад саар явахад нь хаяад алга болдог хүн бол найз биш!

Та бүхэн насан туршдаа мартах аргагүй нандин дурсамжийг гэр бүлтэйгээ хамт бүтээгээрэй.

Нэг хүн надад хэлж байсан юм. “Хүн сайхан амьдрахад сайхан гэр бүл, мөн дандаа сайн сайханд хөтөлдөг найз байх хэрэгтэй” гэж. Тэгэхээр хүн амьдралдаа ханиа зөв сонгохоос гадна найз нөхдөө зөв сонгох нь амьдрал сайхан байхад нөлөөлөх чухал зүйл яах аргагүй мөн.

Та бүхэн насан туршдаа мартах аргагүй нандин дурсамжийг гэр бүлтэйгээ хамт бүтээгээрэй.

“Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгийг анхааран уншсан танд баярлалаа. Аав, ээжийгээ ирэхийг бүлтийтэл хүлээж байгаа үрс, ажлаа дуусгаад гэр бүлдээ цаг гаргах байхдаа гэж горьдох гэргийнхээ хүслийг биелүүлж, мөн хожмын нэг өдөр хамтдаа суугаад дурсах тэр сайхан надин дурсамжуудыг та цаг алдалгүй яг одоо бүтээ.

Гэр бүл гэдэг "Бүлээрээ халуун дулаан сайхан байхыг хэлнэ” гэсэн сэтгэл зүйчийн үгээр энэ дугаараа жаргааж байна. Дараагийн нэвтрүүлгийг та бүхэн дөрөвдүгээр сарын 17-нд Монголын радиогийн 1-р суваг 106.0 долгионоор 16.05 минутаас хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Гэр бүлдээ нандин дурсамж бүтээцгээе   
Үзсэн: 5059 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй