Шууд

Б.Болормаа

Монголын радиогийн редактор


Өөдлөх айл үүднээсээ...

2017-04-17 13:03:42

Олны ярьж сурснаар Шар хадны эмнэлэгээс урагш шинээр тавигдсан засмал замаар зүг чигээ баримжаалан зорьсон айлаа төвөггүйхэн олж ирлээ. “Замаас холгүйхэн дээ, шувуутай айл гээд асуухаар хүмүүс заагаад өгнө өө...” гэсэн ч, сураглахын завдалгүй шувууд нь ганганаад эрлийг минь цэглээд өгсөн юм. Ногоон өнгийн төмөр хаалган дээр ваартай цэцэгс зурж, дээр нь мандаж байгаа нарыг дүрсэлсэн нь өөрийн эрхгүй сайхан бодолд хөтөлсөн юм даг. Ажил хөдөлмөрөө нэгтгэн, хүсэл сонирхлоо дэмжин өөдөлсөн энэ айлын эзнийг Цэрмаагийн Доржбаатар гэдэг.

Да хүрээ техникийн захад 10 гаруй жил токарьчнаар ажиллаж, тэр хавьдаа “накладны өвөө” нэртэй болтлоо танигджээ. Харин гэргий Дэчинлүдэвийн Оюунчимэг “Өгөөмөр” техникийн захад 20-иод жил машины сэлбэг хэрэгсэл, тос масло худалдаж, одоогоос найман жилийн өмнөөс настнуудаа асрахаар гэртээ суужээ. Гэртээ сууна гэдэг зүгээр суухын “үлгэр” бишийг ажил үйлсээрээ харуулсан зочдоо “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийнхээ хойморт урилаа...

  • “Хашаандаа 100 гаруй шувуу тэжээдэг хөдөлмөрч айл...” гэсэн найзын тань үгээр зам гаргаж танайд ирлээ. Хэзээнээс шувуу тэжээж эхлэв ээ?

Ц.Доржбаатар: Найман жил болж байна шүү. Манай хүн чинь мод, цэцэг, шувуу... гээд байгальтай их ойр, энийгээ бүр хобби болгочихсон. Хүүхнүүд дэлгүүр хэсээд будаг шунх, хувцас хунарт нүд унагадаг бол манай хүн таалагдсан цэцэгнээсээ гар татдаггүй хүн дээ.

Д.Оюунчимэг: Ханийн минь ээж маань хэвтэрт ороод асаргаа хэрэгтэй болоход би ажлаасаа гарсан. Гэртээ суухаар өдөр өнгөрч өгөхгүй ямар нэгэн юм хиймээр болно, эрүүл хүнс идье гэдэг зорилгоор 10-аад тахиа тэжээж эхэлсэн. Сүүлдээ энэ маань хобби болоод төрөл төрлөөр нь нэмсээр байгаад одоо галуу, тахиа, цацагт хяруул, нугас, бөднө... гээд 10 гаруй нэр төрлийн 100 гаруй шувуутай болоод байна даа. Харин хүнсний ногоо, жимсний мод тарьж эхэлсэн маань 20-иод жилийн өмнө. Анх манай хүн сохор номин шиг газар ухаж амьдрахгүй шүү гэдэг байлаа. Амьдралын явцад нэг мөр газар ч гэсэн ахиулах юм бол таван лууван ч гэсэн тариад гэр бүлдээ нэмэртэйг манай хүн ойлгосон.

  • Танайхыг одоогийн амьдарч байгаа газраа хогийн цэг байхад нь цэвэрлээд хашаа, байшин барьсан тухай сонссон?

Д.Оюунчимэг: Манай хадам ээж ажилсаг, ухаалаг эмэгтэй байсан. Тэр үед “Хүүгээ айлд оруулж суулгахгүй, гэр авч өгнө...” гэхээр нь би “Ээж та ингэж мөнгө үрээд яах вэ, эзгүй байшин байгаа юм чинь засвар хийгээд нэг жилдээ амьдаръя. Дараа нь өөрсдийн гэсэн орон байртай болж болох байлгүй” гэсэн юм. Нар буцахаас өмнө гэрлүүлнэ гээд товлочихсоныг хэлэх үү, долоо хоног өдөр шөнөгүй засвар хийгээд 1991 оны 6-р сарын 18-нд тусдаа гарч байлаа.

Ц.Доржбаатар: Бид хоёрыг байшиндаа тусдаа гарахад энэ хавиар айл цөөхөн. Ажил, гэр гээд завгүй явсаар байтал яах ийхийн зуургүй л битүү айл буугаад газар олдохоо байсан. Өөрийн гэсэн газартай болъё гээд хорооныхоо хүмүүст хандтал хогийн цэг байсан энэ газрыг зааж өгсөн. Ер нь амьдралыг өөрсдийнхөө гараар бүтээх их сайхан. Бэлэн юм гэж хаана байхав. Жижиг гэхгүй зүйлээс л амьдралаа бүтээнэ шүү дээ.

Д.Оюунчимэг: Хогийн цэгийн бүх хогийг хусаж ачуулаад, дараа нь трактороор газар хагалуулаад хөрсийг нь шигшээд арван хэдэн машин шороо буулгаж байж ногоо цагаа, мод бутаа тарьсан. Хүн эцэг эхийнхээ зөвлөгөөг дагаж байхад буруудахгүй юм билээ. Аав минь “Хашааныхаа цаад мухарт байшингаа барихаар хамаг газраа үр шимгүй болгоно. Тийм учраас дөнгөж хашааныхаа хаалгаар ороод байшингаа барь. Цаад талдаа юугаа тарьж ургуулах нь та нарын асуудал. Цахилдаг ургасан газарт худаг гарна, худагтай газар үртэй жимстэй болгон ургаж дэлгэрэхийн тэмдэг. Өгөөжтэй газар байна...” гэж бид хоёрт хэлж өгч байсан. Хогийн цэг байсан газрыг ингэж харна гэдэг аавын минь ухаан юм даа.

  • Цэцэг, мод, хүнсний ногоо тарина, загас, туулай, шувуу тэжээнэ. Энэ бүхэн дуусашгүй хөдөлмөр шүү дээ?

Д.Оюунчимэг: Ургамал ногоо тариад, амьтад тэжээгээд ирэхээр гарт ороод хэвшил болчихдог юм. Өглөө эрт 06 цагт босоод шувуугаа гаргахаас өмнө талбайгаа шүүрдэнэ. Шүүрдсэнийхээ дараа шувууны байрнаасаа өндөгөө хамна. Өндөг угаасан усаараа цэцгээ усална, тэр чигээрээ бордоо шүү дээ. Цэцгээ усалж байхдаа загасаа хооллочихно. Тэгээд л зээгийнхээ хоолыг бэлтгэнэ дээ. Гурил зуурсан ч, бантан багсарсан ч өндөг хийнэ. Шувуу тэжээж байгаагийн хэрэг юу билээ, өндгийг хоол хүнсэндээ байнга хэрэглэнэ. Өдөржин ингэж хөдөлж байгаад орой нөхрийгөө ирэхээр л ядарсанаа мэднэ. Манай хүн чинь “алив амар амар...” гээд л залхуу хүргэчихнэ шүү дээ.

Ц.Доржбаатар: Би долоо хоногийн 6 өдөр Да хүрээ зах дээр машины наклад перда хадна. Үнэр танар, тос тортог гээд би чинь халтайсан хүн л явна, гэхдээ гарт орсон энэ ажилдаа дуртай. Ер нь аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хийнэ гэдэг хүний амьдралыг тэтгэж байдаг. Амарч байгаа өдөр гэртээ бас зүгээр суухгүй ээ. Ийм тийм юм амжуулна гээд төлөвлөнө, хийж дуусгаж байж л санаа амарна. Ажлыг хойш тавилгүй цагийн юмыг цагт нь амжуулах л зүгээр байдаг.

Д.Оюунчимэг: Залуучуудад хэлэхэд, эрэгтэй эмэгтэй хүний хийх ажил гэж ялгалгүй хоёр биенээ түшээд дэмжих хэрэгтэй. Ер нь тэгээд “Би л ганцхан ажиллаж байна, би л зөвхөн мөнгө олж байна...” гээд ялархаад ирэхээр л амьдрал утгаа алдана. Би заримдаа хашаан дахь ажлаа дуусгаж амжаагүй байхад манай хүн ажлаасаа ирнэ. Юун хоол цай бэлэн байх, аяга таваг угсраатай байх энүүхэнд. Тэгэхэд манай хүн “Миний хань эртхэн амар, өглөө эрт босдог юм чинь энүүгээрхийг би цэвэрлэчихье...” гэнэ. Хичнээн сайхан сонсогддог гэж санана аа? Өөрийн эрхгүй “ханийгаа ирэхээс өмнө ажлаа дуусгая, ирэхэд нь хоол ундтай байя...” гээд дараа нь хичээнэ шүү дээ. Хоёр биенийхээ төлөө гэсэн амьдрал аяндаа урагшилдаг юм байна лээ.

  • Эрүүл амьдрахын тулд ногоо тарьж, шувуу тэжээж эхэлсэн гэж та хэлсэн. Эрүүл аж төрөхийн тухай асуумаар байна?

Д.Оюунчимэг: Арваад жилийн өмнө намайг гуравхан сарын настай гэж ах нарт минь эмч хэлж байсан юм гэнэ лээ. Элэг үрэвссэн, дэлүү өөрчлөлттэй, нойр булчирхай өвдөнө, ходоод асуудалтай, бөөр зүрх авах юм байхгүй. Ходоодны эм уухаар элэг өвдөнө, элэгний эм уухаар бусад эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь амьгүй хүүхэд гурван сар тээснээс үүдэлтэй хор уршиг миний биед их байсан л даа. Эмнэлгээр яваад найдваргүй гээд гэртээ хэвтэж байсан намайг ах нар минь л ардын уламжлалт аргаар босгож ирсэн. Хамгийн анх гэрт нүдэн дээр хар ямаа муулж, аяга цус хутгаад уу гээд өгч байлаа. Хүн сонсоход итгэмээргүй. Хана түшээд явдаг байсан хүн чинь долоо хоногийн дараа ганцаараа явдаг болсон. Нойр булчирхайндаа чийгийн улаан хорхойг 81 ширхэгийг амьдаар нь залгисан. Би одоо 49-тэй, нойр булчирхай ахиж өвдөөгүй. Туулайн зүрх залгих зүрхэнд сайн. Ингээд бодохоор манай ургамал, байгаль, амьтад гэдэг чинь бөөн амин дэм байдаг юм байна. Одоо надад өвдөх өвчин алга.

Ц.Доржбаатар: Хашаандаа ногоогоо тариад, шувуугаа тэжээгээд ирэхээр чинь амьдрал аяндаа баян санагдана. Хамгийн гол нь энэ бүхэн эрүүл хүнс шүү дээ. Идэх хүнсээ өөрсдөө базаана гэдэг чамлахаар хөдөлмөр биш ээ. Улам л чанартайг идэж уухсан гэж тэмүүлдэг. Хүнийг хүн л хөдөлмөрч болгодог юм байна. Манайхаас өндөг авъя, шувуу авъя, жимс захъя гэсэн хүмүүс их, бид хоёр зүгээр сууж чадахаа байсан. Энийгээ дагаад өрхийн эдийн засаг тогтвортой болж байна.

  • Өдөр бүр нэг нэгнээсээ сурч байдаг ахуй бол гэр бүл л байдаг?

Ц.Доржбаатар: Аль болох л нэгнээ халамжлах хэрэгтэй. Тэр дундаа өвдөж шаналж байгаа үед нь аль болох л ойлгож ойр байх нь чухал. Манай хүн заримдаа уурлана л даа. Тэр үед би сонсоогүй царайлна, харин уур нь гарсны дараа юм хэлнэ ээ хэлнэ. 

Д.Оюунчимэг: Манай хүн намайг уурлахад юм хэлэхгүй ч гэлээ, дараа нь инээж байгаад л цохиод авсны дайтай үг хэлнэ. Би 10 хүүхэдтэй айлын тав дахь нь. Бие муутай болохоор аав ээж эрхлүүлээд ааш нэлээн дураараа. Нөхөр гаднаас орж ирээд кармагаа уудалвал горьдоно, толгой өвдөж байхад барьсангүй гэж цухалдана. Түрүүлээд л надад анхаарал тавихгүй бол гомдчих гээд байдаг зантай хүн байлаа. Ер нь хүнийг хүүхэд, хань хоёр нь хүмүүжүүлдэг юм билээ. Хүүхэд өвдлөө гэхэд эх хүн өөрийгөө гаргуунд нь хаяна, тэвчээртэй хань нэгийгээ залруулж чиглүүлдэг юм байна.

  • Хоёр охиндоо захиж сануулдаг ухаанаас нь сонсмоор байна?

Ц.Доржбаатар: Хөдөлмөрлө, аливаад үнэнч бай гэж байнга хэлнэ. Манай хоёр охин эрт биеэ даасан. 90-ээд онд бид хоёр зах дээр ажилладаг байхад том охин л гэрийн ажил хийдэг байсан. Тэр үед угаалгын машин байсан биш, гараараа л хувцас хунар угаана. Дүүдээ хоолыг нь хийгээд өгчихнө. Бид хоёр ажилдаа яаж хандана, хүүхдүүд адилхан л ажилд махруу үнэнч болдог юм байна.

Д.Оюунчимэг: “Хүнийг эхлээд хайрла, дараа нь чамд эргээд хайр ирнэ. Хүнд юу өгнө, чи түүнээ л буцааж авна. Тийм учраас аль болохоор сайхан үг хүнд хэлж бай, хүний өмнүүр орж хөдөлж байгаарай” гэж охиддоо захидаг. Манай хоёр өөрсөддөө тулсан амьдралыг туулаад л ажрахгүй давна гэдэгт итгэдэг.

  • Зовлон тохиолдсон ч нугарч сөхрөхгүй, жаргал ирсэн ч задарч эвдрэхгүйгээр амьдралаа тэгшлээд явна гэдэг гэр бүл байхын ухаан, бас үнэ цэнэ биз ээ?

Ц.Доржбаатар: Бид хоёрын зорилго нэг байгаа нь сайхан. Нэг юм хийнэ л гэсэн бол зөрөлгүй хоёулаа зүтгэнэ. Сайныг нь дэмжиж байгаа ч гэсэн сагаад байвал дарахгүй л бол болохгүй. Саар байвал дарсхийж сайн талд нь дагах л хэрэгтэй. Хүний амьдрал хазайхдаа амархан, хальтраад унахын цагт тэрнээсээ гарах арга зам нь хол шүү дээ. Бие биенээ хайрлаж яваарай гэдгийг л түмэн олондоо хэлмээр санагдаж байна.

Д.Оюунчимэг: Би ханийнхаа чин сэтгэлд нь татагдсан. Ээжийнхээ өмнөөс үг зөрөх нь бүү хэл, муухай ч харж үзээгүй ухаанд нь хайртай. Ажлыг гололгүй үнэн сэтгэлээсээ хийнэ. Миний ойж буусан занд хүлээцтэй хандах бүрт би өөрөөсөө ичдэг, бас ухааждаг юм. Мод ургамал, цэцэг навч, амьтан, байгаль, хүн... гээд энэ бүхнийг хайрлаж явсан цагт хүн хайрыг л авна. Байгальтайгаа зүй бус харьцаж, амьтанд хайр найргүй хандаж, хэн нэгнийгээ гомдоовол хариугаа хүн заавал хүртдэг. Тийм учраас хүмүүс минь чадах чинээгээрээ, өөрийнхөө хэр хэмжээгээр бүхнийг хайрлаж амьдрахыг уриалмаар байна...

Алим, арнитк, мойл, монос, үхрийн нүд, чацаргана, тошлой, слив... гээд эрүүл мэндэд ач тустай жимсний модыг тарьж ургуулсан хэрнээ л зүрхэнд сайн, харвасан хүнд тустай жимсний моднуудыг хэдийнээ судлаад тарихад бэлтгэжээ. Алхам бүр нь эрүүл аж төрөхийн төлөө урагшилсан ийм нэгэн хөдөлмөрч айлаас амьдралын ухаан шүүрэх урамтай байлаа. Айл бүхэн аз жаргалаа өөрсдөө бүтээдэг байгаасай...

Нийтэлсэн: Б.Болормаа

Өөдлөх айл үүднээсээ...  
Үзсэн: 773 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй