Шууд

“Hyperloop-1” зорчигч тээврийн замын хоолойг АНУ-ын 11 мужид суурилуулна

2017-04-18 16:59:48

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо гарааны бизнес эрхлэгчдийн уулзалт болсон байна. Энэ үеэр, "Hyperloop 1" компани өндөр хурдны шинэ үеийн тээврийн хэрэгслийнхээ хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олон нийтэд өгчээ. Одоогийн байдлаар, Невада мужид 3,2 км-ийн урттай зорчигч тээврийн замын хоолойн угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд ирэх 6 дугаар сард бэлэн болох юм байна.

Тус компанийн мэдээлж байгаагаар, тээврийн хэрэгслийн хоолойг АНУ-ын 11 мужид суурилуулах төлөвлөгөөтэй аж. Нийтдээ 1100 км-ийн урттай баригдах энэхүү хоолойг 2019 он гэхэд ашиглалтад оруулж, зорчигч тээврийн болон ачаа тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа гэнэ. Уг тээврийн хэрэгслийн эхний туршилтыг амжилттай хийсэн. Туршилтаар 1,1 секундэд 187 км-ийн хурд авч, тээврийн хэрэгслийн ирээдүйд шинэ эрин ирэх цаг ойрхон байгааг нотлон харууллаа.

"Hyperloop 1" компанийн зохион бүтээж байгаа "Hyperloop" гэх тээврийн хэрэгслийн гол бүрдэл болох энэ тийрэлтэт систем цагт 1120 км буюу дууны хурдтай бараг ижил хурдаар хүн, ачаа бараа тээвэрлэх хүчин чадалтай. Өндөр хурд авах боломж бүрдүүлэхийн тулд хонгилуудыг төгс вакумтай дөхөх хэмжээнд агааргүй битүүмжлэх юм байна.

Мөн үрэлтийн хүч хамгийн бага байхаар хонгилуудыг тохируулж, үүний дараа соронзын хүчийг ашиглан хүн, ачаа тээвэрлэсэн бортогон замаар цагт 1120 км хүртэл хурдлах боломж бүрдэнэ. "Тесла" корпорацийн үүсгэн байгуулагч Илон Маск ийм тээврийн хэрэгслийн санааг 2013 онд цаасан дээр буулгажээ.

Жирийн хүнд хийсвэр сонсогдож байгаа ч энэ төслийг хэрэгжүүлэгчид 80 сая долларын санхүүжилт цуглуулж, Женерал Электрик, Францын төмөр замын үндэсний компанитай хамтран ажиллаж байгаа юм. Тэд 2 жилийн дараа гэхэд ачаа тээвэрт, 4 жилийн дараа хүн тээвэрлэхэд "Hyperloop"-ийг ашиглаж эхлэхээр зорьж байна. Цаашлаад, энэ технологийг Европ тивд нэн түрүүнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Hyperloop-1” зорчигч тээврийн замын хоолойг АНУ-ын 11 мужид суурилуулна   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2017-04-18 18:16
Estoi mundag

Бидэнтэй нэгдээрэй