Шууд Chart

Зуны нар шиг Итали орон

2017-04-20 11:05:59

-Аян замын тэмдэглэл-

Дунд сургуульд байхдаа түүхийн хичээлээс Дундад зууны үеийн Сэргэн мандалтын тухай,  Европ дахь Грек Ромын соёлын тухай дуулж,  Ромул Римул хоёр хүүгийн домог болсон түүхээс үүдэлтэй Ром хоттой  эчнээ танилцсан билээ.
Хожим Италийн алдарт зураач Мекланджелогийн зургуудыг гайхан биширч явсан ч, хэзээ нэгэн цагт Европын соёлыг түүчээлж байсан эртний алдарт Ром хотоор аялахын чинээ санаагүй юм.

Онгоцны цонхоор Итали орныг сонирхвол уул толгод ихтэй, ногоон толгодоор бүрхсэн газар орон үзэгдэх бөгөөд хот тосгод нь улаан тоосгоны өнгөтэй барилга байшингуудтай, дов сондуулыг асаан барьсан нь содон харагдлаа.  Энд Францыхыг бодвол тэгш тал газар ховор бололтой. Парис-Ромын чиглэлд ниссэн Италийн Бойнг- 777 онгоц Францын Шарль Де Голийн нисэх онгоцны буудлаас хөөрч 3 цаг  яваад Ромын Леонардо Да Винчийн онгоцны буудалд газардлаа.

Бид онгоцноос буугаад эндхийн том хар таксид сууж эртний алдарт Ром хотыг зорьсон юм. Эндхийн хөлсний тэргүүд гэвэл Европын бусад орны адилаар чөлөөтэй  уужуухан, ачаа  тээш ачихад зориулагдсан жип маягийн том оврын суудлын тэргүүд байх юм.  Нисэх онгоцны буудлаас нийслэл Ром ороход хурдны замаар хагас цаг орчим явна. Машины цонхоор жимс ногооны талбай, фермерийн аж ахуйнууд болон өнөөх хүрэн улаан тоосгон маягийн байшингууд жирэлзэн өнгөрнө. Фермерийн болон газар тариалан эрхэлдэг иргэд нь газраа ижил хэмжээгээр дөрвөлжлөн шугам татсан мэт хуваажээ.

Бид Ромын төвд хоногийн 300 орчим  ам.долларын өртөгтэй эртний болов уу гэмээр буудалд буусан юм. Энэ буудлын хоолны танхим нь дотор болон гаднаа байрлана. Нартай сайхан өдөр буудлын дээвэр дээр байрлуулсан цэцэрлэгийн дунд хоолоо захиалан зооглож болно.

Бидний буусан буудлаас Колоссей буюу мэсчин боолуудын тулаан хийдэг байсан Флавианы амфитеатр тун ойрхон байлаа. Очсон өдрөө бид Ромын колоссей-г үзэхээр явлаа. Ромын гудамжууд нь эртний барилгууд ихтэй, байгалийн чулууг засаж газарт шигтгэсэн явган болон машины замуудтай нь сонин. Маш нарийхан гудамжуудаар нь мотоцикльтэй хүмүүс сүлжин давхилдана.

Төв замын гудамжийг эмжээрлэн шүхэр мэт зассан өндрөөс өндөр модод байхыг хараад эндэхийн модод л ийм байдаг юм байх даа гэж сонирхвол, харин нарс модны доод мөчрүүдийг тайрч зөвхөн дээд хэсэгт нь шилмүүсийг нь шүхэр мэт засаж ургуулсан нь ийм өвөрмөц дүр төрхтэй болгожээ. Энэ нь ч тун зохимжтой арга мэт. Яагаад гэвэл мөчир нь доош унжсан модод гудамж талбайг зай муутай харагдуулж, харах орчинг хязгаарладаг аж. Шүхэр мэт зөвхөн дээрээ шилмүүстэй өндөр шилбэтэй мэт болгосон модод хотыг халуун үед дээрээс нь сүүдэрлэж, бас гудамжийг маш чөлөөтэй сэлүүн харагдуулдаг байх юм.
Бид ийм гудамжаар алхан явсаар Ромын алдарт Колоссей буюу Ромын Амфитеатрын дэргэд хүрч очлоо.


                 
Ромын Колоссей бол анхандаа байгуулсан хаадынхаа нэрээр Флавианы амфитеатр хэмээн нэрлэгдэж байсан боловч, сүүлдээ боол эзэмшлийн оргил үед мэсчин боолуудын тулалдаан хийх газар болон хувирсан аж.  МЭ-ий 80 онд анх нээгдэхэд нь мэсчин боолуудын 100 өдрийн тулалдаан явагдаж байжээ.

Ромын БНУ-д амьдрагсад чөлөөт иргэд ба  боолчууд гэсэн хоёр ангид хуваагддаг байжээ. Энэ бол боол эзэмшлийн үе. Энэ үеийн тухай дунд сургуульд байхдаа “Спартак” хэмээх номыг уншиж байсан билээ. Агуу зоригт Спартак МЭӨ 72-71 онд Ромын армийн цэргүүдэд үйлчлэгч боол байгаад, мэсчин боол болсон Спартак бослого гаргаж, бараг 120 мянган боолын толгойлогч болсон байдаг. Тэд Ромчуудтай тулан, өмнөд Италид нэлээд давамгайлах байр суурьтай болсон гэдэг. Гэхдээ МЭӨ 70 онд Спартак хороогдсон билээ.

Өнөөдөр мэсчин боолын хувцас өмссөн жуулчдад үйлчилдэг хүмүүс,  жуулчидтай хамт 10 еврогоор зураг хөргөө татуулж орлого олдог байна. Бид энд Спартакийг төлөөлсөн мэсчин боолтой найрсгаар зураг хөргөө татуулсан юм. Хүн төрөлхтнийг боолчлолоос ангижруулах гэсэн эрх чөлөөг хүсэмжлэгч чин зоригт агуу Спартакийн хүсэл мөрөөдөл эдүгээ миний амьдарч буй 21-р зуунд ч хэвээр байх аж.
 Колессей-гоос бид морь тэрэг хөлслөн авч Ром хотын дундуур аяллаа. Ийм морин тэрэг 150 евро байлаа.

Ром хотын дундуур аялж явахад “ МЭ 1-р зууны үед Ромын гудамжууд их нарийхан бөгөөд байшингууд нь өндөр учир нар тусдаггүй байлаа” гэж түүхч Такитус бичиж байсныг өөрийн эрхгүй санаж явлаа.

Эрт дээр цагт Ромд их түймэр гардаг байж. Заримдаа өдөрт хоёр ч удаа түймэр асдаг байсан гэдэг. Иймээс Ромд МЭ 64 онд болсон түймрээс үүдэн хуулинд 70 футээс дээш өндөртэй барилга барихыг хоригложээ. Зарим барилгууд түймрээс хамгаалах чулуун ханатай байсан гэнэ.  

Олон соёл дундаас гарч ирсэн эртний Ромын соёл иргэншил олон зүйлийг хүн төрөлхтөнд үлдээжээ. Эрх чөлөөт хүнлэг байдлыг эрмэлзсэн Спартакын үеийн боолчлолын дэглэмээс илүү олонхын засаглалыг эрмэлзсэн бүгд найрамдах засаглалын шинэ хэлбэр ч бас л Ромд үүсжээ. Хаанаар удирдуулалгүй харин эрх мэдлийг хуваан эзэмшдэг бүгд найрамдах засаглалыг тодорхойлсон латин үг болох “Рес паблика” нь “Улсын хэрэг” гэсэн латин үг болохыг Ромын түүхээс уншиж мэдэж болно.

Колоссейгээс холгүйхэн Ромын удирдагч агуу Юли Цезарийн хөшөөг нэг ч их өндөр бишээр босгожээ. МЭӨ 100 онд төрж, МЭ 44 онд насан өөд болсон энэ хүчирхэг удирдагч алдартай уран илтгэгч, цэргийн хүчирхэг жанжин байжээ.
Цезарийн сүрлэг бас нэг хөшөөг Парисын Луврт харж байснаа сайн санаж байна.
Колессейгоос гараад ертөнцийн зүгээр хойшоо гарахад зам дагуу Ромын эзэнт гүрний томоос том газрын зургийг байшингийн ханан дээр дэлгэн үзүүлсэн байх юм.

Бид маргааш нь Ромын төвөөс ердөө 15 минут таксигаар яваад  “Ватиканы хот улс”-аар орлоо. Ватикан Хот Улс нь Итали улсын нийслэл Ром хотын дотор 44 га буюу 0.44 км² талбай эзлэн орших тусгаар тогтносон хот улс аж. Дэлхий дээрх хамгийн жижигхэн, цөөн хүн амтай улс юм. 1000 гаруй жилийн турш Папалын улсуудыг захирч байсан Ромын хамба лам төв Италийн ихэнх хэсгийг мөн нэг үе эрх мэдэлдээ оруулж байсан түүхтэй гэнэ.

XIX зууны дунд үе гэхэд Папалын улсууд нэг нэгээрээ бутран алга болж, Италийн вант улс Ромын эзэнт гүрний мэдэлд багтав. Энэхүү тэмцэл Италийн засгийн газар болон Ватикан хооронд 1929 онд байгуулсан гурван удаагийн гэрээгээр шийдвэрлэгдсэн гэнэ. Эдгээр гэрээг байгуулснаар Ватиканы хот улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, Ватикан хот улс байгуулагдсан бөгөөд засгийн газар, шашин сүм хийд хоорондын харилцааг тодорхойлон, 1870 онд булаан авсан газар нутгийнхаа хариуд энэ улсад нөхөн төлбөр олгосон байна.
Ватиканы хот улс нь олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд улс орнуудад өөрийн орныг төлөөлөх элч төлөөлөгчөө илгээж , гадны элч, төлөөлөгчдийг хүлээн авдаг гэнэ. Тус улс нь одоогоор 170 гаруй улстай дипломат харилцаа тогтоожээ. Ватиканы хот улсад шашны тэргүүн болон кардинал нь 80 нас хүртлээ сонгогддог бөгөөд, Италийн эрх зүйг мөрдөж, Ромын католик сүмийн зарлиг шийдвэрийг дагаж мөрддөг байна.

Энэ хот улс 1 телевиз, 1 радио, 1 сонинтой гэнэ
Бид энэ хот улсад ирээд Ватиканы музей болох “Систене Чапел” – ийг үзэх билет авч үзэж сонирхов. “Систене Чапел” –ийг жуулчдын зуны аяллын цагаар үзэх гэвэл бүтэн өдөр дугаарлан зогсож байж үздэг гэнэ. Харин биднийг очих үед жуулчны ид ачааллын үе дуусаж байсан намар цаг болохоор дараалал бага байлаа. Жуулчдын улирлаар өдөрт хоёр түмэн хүн үздэг аж. Үүнийг тооцвол жилдээ дэлхийн өнцөг булан бүрээс  5 сая орчим  хүн үздэг гэсэн үг.

Энэ нь 4-р Пап ламын үед баригдсан музейн барилга нь өөрийн өвөрмөц архитектурын шийдэл өнгө аясаараа олны анхаарлыг маш ихээр татдаг. Энэхүү барилгын таазан дээр зурагдсан зургуудыг алдарт зураач Микеланджело, Сандро Боттисэли, Петро Перугино, Пинтучио нар зуржээ. Систенийн сүмийн таазны зургийг 2-р пап лам Юлийн захиалгаар 1805 онд бүтээжээ. Флоренцын сод авьяастан Микланджелогийн суут бүтээлүүдийн нэг аж. “Аймшигт шүүлт” хэмээх энэ алдартай бүтээлийг их зураач маань 4 жил гаруйн турш их хөлс хүч гаргаж зурсан гэдэг.


 
Бид цааш Ариун Петрийн талбай орлоо. Энэ талбай дахь сүмээс үе үеийн Ромын папуудыг сүсэгтэн олонд зарлан тунхаглаж, хар цагаан утаагаар дохио тэмдэг үзүүлдгийг бид телевизийн нэвтрүүлгүүдээс олонтоо харсан. Энэ талбай бол Ром дахь хамгийн том талбай бөгөөд олон баганатай сүмийн балкон дээрээс Ромын Пап айлдвараа айлддаг. Сүсэгтэн олон энд дүүрэн байдаг юм байна билээ. Сүмд орохоор дараалалд зогссон хүмүүс уртын урт дараалал үүсэгжээ. Тэр сүмийн оройн шовгор хэсэгт Юлий Цезарийн шарилыг хадгалж байдаг хэмээн Ромын иргэд дундад зууны үед итгэдэг сүсэглэдэг гэнэ. Тэр чулуун багануудыг эртний Египетээс Ромын Эзэн хаан Калигул авчруулж, хожим дундад зууны үед орой дээрхи хэрээсийг урласан аж. Ариун Петрийн талбай буюу Сан Пьетро. 1656-1667 онд барьж дуусгасан бүхэл бүтэн цогцолбор. Дэлхийн католик шашны төв, гол сүм нь энд байна. Basilica di San Pietro гэж нэрлэгддэг.

Дараа нь бид үндэсний эв нэгдэл, эвлэрлийг бэлгэдэж Эвлэрлийн гудамж (Via della Conciliazione) гэж тухайн үедээ нэрлэж байсан тэр сүрлэг ордныг зорилоо. Сүрлэг сайхан байшингийн өмнө том усан оргилуудтай бөгөөд  дотроос нь ус наашаа олон хөшөө дурсгалын завсраар урсаж, доошоо усан санг дүүргэж байна. Хөшөөнүүд дотор морьд ч байх шиг. Залуухан бүсгүй Ромын цэрэгт усны ундарга хаана байгааг зааж  байна. Зочид гийчид усан сан руу зоос мөнгийг ихээр хаясан байх ба зоос хаямагцаа хүслээ  хэлдэг гэнэ. Хүний хүслийг гүйцээдэг гэсэн домогт хүмүүс итгэдэг аж.                                             

Маргааш нь Пизарогийн 5 мянган хүний суудалтай битүү стадионд Дэлхийн Нарны циркийн  тоглолт боллоо. Өмнөх өдрүүдэд нь Пизарогийн гудамж талбайгаар зар рекламууд нь бүрэн тавигджээ. Энд нэмж сонирхуулахад Дэлхийн Нарны циркийг үндэслэгч Ги Лилеберте  2ОО9 оны 9 сард сансарт ниссэн билээ. Оросын сансрын “Союз” хөлгөөр хувийнхаа зардлаар сансарт ниссэн 7 дахь жирийн хүн байсан юм.

Италийн үзэгчид тун ч халуухан үзэгчид юм. Пизарогийн 6ООО хүний суудалтай битүү стадион пиг дүүрэн. Тоглолт эхлэнгүүт үзэгчид суудлаасаа босож хүндэтгэл үзүүлээд, Дэлхийн алдартай циркийн тоглолтыг амьсгаа даран үзэж, таалагдсан үзүүлбэр бүрт асар их сэтгэлийн хөдлөлөөр алга ташин шүгэлдэж,залуучууд нь яг л хөл бөмбөгийн тоглолт үзэж байгаа мэт байсныг одоо санахад таатай байна. Ер нь Итали хүмүүс маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэргэлэн цогтой нүдтэй, халуун цустай болов уу гэмээр хүмүүс байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тоглолт дуусахад ч суудлаасаа босохыг яаралгүй халуун дотно алга ташилтаар жүжигчдийг шагнан, тэднийг баг өмсгөлөө тайлахыг хүлээж ядан тосон бүчиж байсан юм.

 Энэ үед манай Монгол үзэгчид аливаа тоглолтыг дуусгалгүй гарч гүйн, ялангуяа сүүлийн үзүүлбэрийг зарлангуут хаалга руу яаран танхимын тал нь хоосордог нь нэг талаар соёл муутайнх юм уу даа гэх бодол төрж байсныг нуух юун.

Үнэхээр цирк гээч ямар гайхамшигтайг Дэлхийн Нарны циркийн тоглолтоос л үзэж биширч билээ. Үүний хамт Монголынхоо уран нугаралтын гайхамшгийг Дэлхий дахинд таниулж байгаа олон алдартай нугараач жүжигчдийн нэг дүү С.Оюун-Эрдэнэ, М. Өлзийбуян нартаа гүн талархал дэвшүүлье.


                                            
Дэлхийн алдарт нарны циркийн тоглолт үзсэний дараа Пизарод бид Жардоно Бруногийн гудамж дахь хоолны газар орж циркийн жүжигчин Магда, Мишель Териень, Өлзийбуян, Оюун-Эрдэнэ  нарын хамт оройн зоог барилаа. Өнөө л Монгол зангаараа мах голдуухан,  стейк зэрэг хоол захиалсан юм. Хоолны газрын эзэн зочид олон байгаад таатай байгаа бололтой хөнгөн шингэн хандахад бид ч бас талархаж Чингис хааны хөрөгтэй 500-тын Монгол цаасан дэвсгэртээ дурсгал болгон өглөө. Хоолны газрын эзэн  бидэнд маш их  талархан, энд ирсэн гаднын зочдын өгдөг  дэлхийн янз бүрийн орны цаасан мөнгөний  цуглуулгатай хананд хадсан жаазаа сонирхууллаа. Энд анх удаа Монгол хүмүүс ирж, Монгол мөнгөн дэвсгэртээр цуглуулгыг нь баяжуулсан нь энэ байж.

Италийн нутгаар явж байхад хамгийн амьдрахад таатай газрын нэг бол Адриатын тэнгисийн хөвөөн дэх энэхүү Писаро хот юм шиг санагдсан даа.
Хотын иргэдэд  газрыг яг ижил тэгш хуваан олгож, тэрхүү газар дээрээ Италичууд тансаг сайхан гэр хаусаа өөр өөрийн дизайнтайгаар барьж тохижуулжээ. Энэ нь зүйрлүүлж хэлбэл манай баячуудын хойд ууланд барьсан хаусуудтай ойролцоо юм уу даа. Харин газар нь тун жижиг аж. Зундаа нар их халдаг болов уу гэмээр бүх цонхууд нь тусгай сүүдрэвч хаалттай байх аж.

Нөхөр бид хоёр Пизаро хотын хойд хэсгээр явж далайн боомтын хэсэгхэн газрыг сонирхлоо. Жижиг голдуу завь усан онгоц дүүрэн байлаа. Жуулчид эндээс усан завь хөлслөн авч далайд гардаг бололтой.

Дэлхийн газрын зураг дээр Итали орон  өндөр өсгийтэй түрийтэй гутал мэт харагддаг. Энэ гутал мэт газрын зургийн гутлын боймны өвөр талд нь алдарт Ром хот, ар талд нь Адриатын тэнгисийн эрэг дээр бидний очсон Пизаро хот байрлана. Пизарогоос бид өглөө эртлэн Ром орохоор хурдан галт тэргэнд суулаа. Галт тэрэг хөдлөхөд нам дор газар үргэлжилж, газраа геометрийн дүрсүүд шиг хувааж ургацаа нэгэнт хураасан тариалангийн талбайнууд залгана. Нэлээд явсны дараа тэртээд цаст өндөр шовх уулс, түүний наана хүрэнтсэн хад асгатай өндөрлөг , түүнээс наана ногоон дов сондуултай овон товонтой газар үзэгдэнэ. Нөгөө Аппенниний нурууны залгаа уулс болов уу гэмээр шовх шовх уулс тэртээд үлгэрийн сүмбэр уулс мэт цайвалзах нь гайхмаар. Хаа нэг нуга сугад хэдхэн хоньд бэлчээрлэнэ. Хажууд нь хонь хариулаач нь дагаастай. Ром хүрэх газрын дунд хэсэгт өндөр уулыг нүхэлсэн бололтой байсхийгээд л аварга гүн тунелээр галт тэрэг маань орж, үе үе харанхуйлна.. Таамаглавал алдарт Аппеннений нурууны салбар уулсыг хөндлөн гарч яваа бололтой.

Бидний суусан галт тэрэг маань мөн л бизнес ангиллынх. Дүү охины буяныг ах бид хоёр нь эдэлж яваа нь энэ.


                                                      
Ийнхүү бид Итали орныг хөндлөн туулж 3 цаг орчим яваад Ром хотод эргэн ирсэн юм. Намрын сүүл сарын тунгалаг сайхан өдөр зуны нар шиг Итали орноос Москвагаар дамжин нутгийн зүг, төрөлх Монгол орондоо эргэн ирлээ.
Ямартай ч хүн төрөлхтний урлаг соёлын сэргэн мандалт, хөгжил дэвшлийн бас нэг голомт нутаг зуны нар шиг Итали оронтой ийнхүү танилцсан маань энэ яваа насны мартагдашгүй сайхан үйл явдлын нэг байсан юм. Зуу сонсохоор нэг үз гэдэгсэн.

                                                                  

Нийтэлсэн: Р.Чулуунцэцэг

Зуны нар шиг Итали орон   
Үзсэн: 2109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
damba [150.129.140.xxx] 2017-04-20 15:59
olon olon ayan zamiin temdeglel bichej buten nom gargaarai Ene khajuud zogsoj baigaa khalzan er khen ve Yagaad ch yum tuukhiin khicheeld suuj baigaa met medremj turluu shuu
Зочин [103.229.123.xxx] 2017-04-20 12:32
italiu unekheer goyo . narlag itali itali khun khaluun dulaan energitei

Бидэнтэй нэгдээрэй