Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд... /2017.04.21/

2017-04-21 12:06:06

ӨНӨӨДӨР ИБУИНВУ-ЫН ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТЫН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний энэ өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабет буюу Елизавета Александра Мария мэндэлсэн юм байна. Тэрээр  эцэг  тав дугаар Георг хааныг нас барсны дараа буюу 1952 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр  25 насандаа хаан ширээнд суужээ.  Хатан хаан Елизабет нь Виндзорын угсааны гэр бүлээс гаралтай бөгөөд Нэгдсэн вант улсаас гадна Хамтын нөхөрлөлийн орнууд гэх нийт 15 бие даасан улсын хатан хаанд тооцогддог юм байна.

Тухайлбал Австрали, Багамын арлууд, Барбадос, Шинэ-Зеланд, Канад, Соломоны арлууд, Ямайка, Папуа Шинэ Гвиней зэрэг улсууд II Элизабетийг хатан хаанаа гэж үздэг аж. Тэрээр өнөөдөр 91 нас хүрч байна. Түүнчлэн тэрээр, хатан хаан II Элизабет Британийн түүхэнд хэд хэдэн дээд амжилт тогтоосон юм. Тухайлбал, тэрээр Британийн түүхэн дэх хамгийн өндөр настай хатан хаан болсон юм. Мөн Английн түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хатан болсон юм. Үүнээс гадна, хатан хаан болон Эдинбургийн герцог Филип хоёр гэрлэсний 60 жилийн ойн дээрээ Брилиантан хуримаа хийсэн бөгөөд, түүхэндээ энэ хуримыг хийсэн цорын ганц хатан болсон байна. Мөн электрон захидал илгээсэн анхны хатан хаан болсон юм.


1960 ОНД БРАЗИЛ УЛСЫН НИЙСЛЭЛ БРАЗИЛИА ХОТ БАЙГУУЛАГДЖЭЭ

Далайн эргийн Рио-Де-Жанейрод нийслэл байсныг нутгийн төвд шилжүүлэх санал 1827 оноос л эхлэн яригдаж, 1956 оноос эхлэн нийтдээ 60 мянган барилгачид 4 жил шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд 1960 оны дөрөвдүгээр сарын 21-ний энэ өдөр одоогийн Бразил улсын нийслэл Бразилиа хот үүсч, тус улсын түүхэн дэх 3 дахь нийслэл болжээ.

Бразилиа хотыг 50 жилийн үйл ажиллагааг 5 жилийн дотор уриатайгаар бүтээн байгуулсанаар хамгийн их онцлогтой бөгөөд, 1955 онд ерөнхийлөгч Кубичек анх санаачилгыг гаргасан учраас, түүний дурсгалт хот болгосон байна. Орчин үеийн дэлхийн түүхэнд хүн ам цөөн газарт, тусгайлан богино хугацаанд хотыг бүх л гол барилга байгууламжийг босгож, нийслэлээ нүүлгэсэн ганцхан тохиолдол байдаг. Энэ бол, Бразил улсын нийслэл хот Бразилиа билээ. Газрын хувьд, Өрнөд бүс, Бразилын тэгш өндөрлөгийн төв хэсэгт далайн түвшнээс дээш 1171 метрийн өндөрт байрладаг.


1816 ОНД АНГЛИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧ ШАРЛОТТА БРОНТЕ МЭНДЭЛЖЭЭ

1816 оны энэ өдөр,  Английн алдарт зохиолч, номын санч  Шарлотта Бронте мэндэлжээ. Тэрбээр 6 хүүхэдтэй ядуу санваартны гэр бүлд өсч торнижээ. Түүний хамгийн алдартай зохиол бол Джейн Эйр роман. Тэрбээр тус романыг 1847 онд бичиж дуусгасан бөгөөд албан бус тоогоор сүүлийн 159 жилд  тус ном нь хэдэн сая хувь борлогдож Есперантог оруулан дэлхийн 10 гаруй хэл рүү тус номыг хөрвүүлсэн юм байна.

Тус романы зохиолоос сэдэвлэн  50 гаруй тайз театрын  бүтээл,  30 гаруй кино бүтээл туурвижээ.  Тухайн үедээ Джейн Эйр роман нь их шинэлэг,  бас эмэгтэй зохиолч бичсэн гэдгээрээ  19 дүгээр зууны  Англи улсад  нэлээд шуугиан тарьсан онцлог бүтээл болсон юм.  Тус романыг   Шарлотта Бронте өөрийн амьдралаас сэдэвлэн  бичсэн гэж урлаг судлаачид үздэг юм байна.    


1977 ОНД БРОДВЕЙ ТЕАТЕРТ АНХ УДАА ЭННИ ХӨГЖИМТ ЖҮЖИГ ТОГЛОГДЖЭЭ

1977 оны энэ өдөр Бродвэй театрт анх удаа  Энни хөгжимт жүжгийг найруулан тавьжээ. Тус жүжгийн зохиолыг Хароль Грейн  “Бяцхан өнчин охин  Энни” зурагт номоос үндэслэн Чарльз Страуз болон Мартин Чарнин бичжээ.  Тус хөгжим жүжиг нь гарсан даруйдаа  1977 онд  нэр хүндтэй Тони шагнал хүртэж байсан юм байна. 

Тус хамгийн анхны Бродвейн театрын хувилбар нь  бүхэл бүтэн 6 жилийн турш тасралтгүй театрын хөтөлбөрт орсноороо тухайн үеийн Альвин театрын хамгийн дээд амжилтуудын нэгд тооцогддог.  Нийт тус хөгжимт жүжиг  нь 1983 он хүртэл Бродвейн театрд 2377 удаа тоглогдсон амжилттай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд... /2017.04.21/  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй