Шууд Chart

“Дүнжингарав”-т хамгийн олон айрагдаж, түрүүлсэн “Дүнжингарав”-ын боссын Монгол хээр

2017-04-21 11:51:28

Уяач Б.Сүхбаатар ийн хүүрнэв.

2009 он гараад удаагүй үе миний найз Энхболд манайд яаруу сандруу орж ирээд ачааны машины хэрэг болчихлоо машинаа зээлчих. Удахгүй адилхан машин өгий эсвэл мөнгийг нь өгье гэнэ. Би машинаа өгөх бодолгүйгээ хэллээ. Тэгсэн хүнээс адуу авч байгаа юм. Нөгөө хүн нь машинаа өнөөдөр авна гээд болдоггүй гээд байхаар нь найзыгаа адуу сонирхоод байхаар саад болоод яахав гэж бодоод өөрийн мэдэлгүй “За” л гээд дуугарчихлаа.

Удалгүй хөдөөний бололтой нэг залуу гэрт ирээд миний машиныг үзээд “Сайн машин уу” гэж байна, би ч аваад удаагүй байгаагаа хэллээ. Нэгэнт өгч байгаа юм чинь гээд нэмж авсан запас дугуй нэмэлт өндөрлөгөөгөө өгчихлөө. Авч байгаа залуу ч сэтгэл ханамж өндөр байна. Гэрт ороод, миний морь уясан зураг, хусуур хазаар хараад “Та адуунд дуртай бололтой. Сайхан танилцлаа манайд очоорой. Намайг Пүрэвдоржийн Базарбумаа гэдэг” гээд явлаа.

Базарбумаа тэрнээс хойш хэд хэдэн удаа утсаар холбогдож, “Хэзээ ирэх вэ ах” гээд ярив. Би амыг нь дагуулах аястай “Тэгэж байгаад очино оо” гээд л. Яг үнэндээ тодорхой очино гэсэн тойм бодолгүй байсан хэрэг л дээ. Тэгсэн нэг орой настай хүн залгаж байна “Намайг Пүрэвдорж гэдэг юм аа. Манайх хэдэн үрээгээ хөнгөлөх гэсэн миний ганц хүү Базарбумаа хотод сайхан ах хүүтэй танилцсан. Тэрэнд үзүүлчихээд хөнгөлнө гээд хойшлуулаад байх юм” гэхээр нь би настай хүнээр яриулаад яахав гэж бодоод “Энэ хагас сайнд очино оо” л гээд амалчихлаа.

Хоёр хоногийн дараа Сүрэнжавыгаа дагуулаад Сүхбаатар луу хуйллаа даа. Талдаа 500 км газар саадгүй давхиад хэлсэндээ яг хагас сайнд очлоо.

Очсон чинь хоол унд, идээ ундаа болоод явчихлаа. 200 гаруй адуу хураагаад ирлээ. Базарбумаа “За ахын нүдэнд тусах адуу байна уу” гээд хураасан адуугаа хэд тойрууллаа. Адуу л сонговол бэлгэлэх гээд байгаа нь илт болхоор санаа зовосхийгээд удаан явлаа. Нөгөө хэд чинь сүүлдээ залхаж байгаа нь мэдэгдэв. Гэтэл тэр “Энэ хээр үрээ эмнэг шахуу. Хязаалах үрээ юм. Бүх ах нь давхисан” гээд улаан хээр үрээг заалаа. Мөн “Энэ нас чацуу” гээд хонгор халзан үрээг ч харуулаад “Их хурдан үрээ дээ. Та сонирхохгүй бол хөнгөлнө өө. Сунгаа давхилд бушуухан хөдөлдөгөө” гэж байна.

Би өөрөө ноднин аймагт айрагдсан сайн шарга хязаалан үрээтэй болхоор яг үнэндээ шимтэж тогтож харсангүй. Эхээ хөхөж байгаа ногоон хусран даагыг асуутал, дуун дээр ах сонирхож байгаа бол бэлгэнд аваа л гэж байна.

Пүрэвдорж гуай “Дүү даага сонирхож байгаа юм бол надаас бас даага ав. Хүү бэлгэлж байхад би бас бэлгэлнэ ээ” гэж байна. Айлд ирээд хоёр даага бэлгэнд авчихсан хүн чинь санаа байнга зовоостой болж эхэллээ. Танайд зарах их морь байна уу гээд асуучихлаа. Тэгсэн “Түрүүний хээр үрээний эцэг нэгтэй ах битүү морь бий. Түүнийг ав” л гэж байна. Манай хээр азарганы төлүүд ер нь урагшаа хөлтөй гардаг юм гэхээр нь “Таван сая гэхгүй байгаа. Наана цаана ярьж байгаад гурван саяд авчих юмсан” гээд тэрүүхэн хооронд зурас гээд бодлоо. Гэхдээ хүнээс хоёр даага бэлгэнд авчихсан хүн чинь хэд ч гэсэн хэлсэнд нь авна даа гэсэн шүү цээжний тооцоо өөрийнхөө дотор хүнтэйгээ хийсэн шүү байж байтал “Сая 500 мянган төгрөг гэвэл ямар бол ах” гэж байна. Ингэж л эдний хээр адуунууд манай уяан дээр сойгдох түүх эхэлсэн дээ.

Тэр зунаа авчираад хээр морио Төв аймгийн Зүүндэлгэрт Сүрэнжавтайгаа хамсаад уялаа даа. Тар сунгаанд хурдан байна. Ард нь тод манлай уяач Хэнмэдэхийн хар гэх мэт нэгэнт хурдан нь тодорсон хүлэг ирэхээр урам орж байгаа гэдэг жигтэйхэн.

Тэгсэн аймгийн наадамд жоохон будилаад долоогоор давхичихлаа. Пүрэвдорж гуай руу наадмын дараа утаас ярьж, “Хээр морь долооллоо. Надад түрүүлсэнээс ялгаагүй ээ. Танд маш их баярлалаа” гэхэд өөдөөс “Нөгөө хээр үрээг чинь уясан суманд зургаалаад байгуулагийн ойн наадамд гурваллаа. Бид зав зай муу, олон малын араас шогшоод олигтой уяахгүй юм. Чи төвийн хүн байна даа аваад яваа” гэж дуугарсанаар наадмын дараахан үндсэндээ минийх болсондоо.

Ингэж л алдарт Монгол хээр хязаалангийн намар өвлийн заагаар хотод ирсэн. Ирчихээд тэжээл огт иддэггүй, эвгүй мордвол булгичихдаг үрээ ирлээ. Хамтад цуг ажил хийж бай гээд хонгор халзанг ч цуг явуулж. Гайгүй давхивал хонгор халзанг нь зараад өгчихөөрөй гэв.

Морь болгочихсон болхоор гурван сая гээд Монгол хээрийг зургаан сая гээд. Ингээд өөрийнхөө шарга үрээтэй нийлээд он гараад соёолох гурван үрээтэй болчихлоо. Урд жил нь Дайдийхүүгийн Баяраатай хамт гал болоод морьтой уячихсан. Манай хуучин хэдийг бүгдийг нь сайн мэднэ. Өөрийнхөн хар хязаалангаас миний шарга илүүрхээд байна. Өвгөн надад итгээд хоёр үрээгээ явуулчихсан байдаг. Мөнгө төгрөгөө тэдэн сарын тэдэнд яг өгөөрөй гээгүй ч, хүний сайхан сэтгэлийг бодоод даруйхан бүтээгээд өгчихмөөр байдаг. Манай Сүрэнжав хэлж байна шүү. Хаана хаанаас нь харсан хонгор халзан илүү юм. Тэгээд ч хээрээсээ хямдхан гээд, нээрээ л манай жүчээнд ирсэн хүн бүр халзанг л магтаад байна. Би болохоор манай удамд хээр адууны хурдтай явсан болхоор хээрийг нь авна гээд шийдчихсэн байдаг.

Алдарт уяач Цэндбаатар Хүрлээ хоёр манайд ирхээр нь үрээнүүдээ шинжүүллээ. Хурдан гээд авч байгаа наймааг тэд юу гэхэв, “Хурдан байх аа. Гэхдээ зургаан саяд арай ахдах биш үү. Хойшоогоо шувтан юм” гэх зэргээр саналаа хэлцгээлээ.

Ирсэнээсээ хойш ярдаглах маягтай хүний гараас өвс ус уухтай муугаас юм уу бүүр ч тураад жижгэрсэн ч юм шиг харагдана. Дайдийхүүгийн Баяраа залгаж байна “Та гэртэй байна уу. Гарах юм уу. Оройхон очино шүү” гэв.

Гэрт ирээд хадаг мөнгө болоод явчихлаа “За ах манай адуу шарга адууны сэтэртэй. Сайн шарга адуу нилээн судлалаа. Таны хурдан шарга үрээг зорьж ирлээ. 10 саяд өгчих” гээд хадаг мөнгөө бурхан дээр тавьчихлаа.

Би ч бодлоо бүх ах дүү нь байна бас миний шарга үрээг надаас дутуугүй мэднэ гэсэн бодлууд дийлж шарга үрээгээ өгсөн дөө. Ингэж л халх даяар цуурайтах хээр азарганы өртөг өөрөө гүйгээд орж ирсэн дээ.

Эр хүний жудаг нөхөрлөл сайхан. Манай Баяраа өөрөө надад ханасан үнэ хэлээд авсан болохоор Монгол хээрийн анхны эр төлийг Баяраадаа бэлгэлсэн. Сайхан азрага болоод сайхан давхиж байгааг нь харахад агтны хариуг жилдээ гэдэг өвгөдийн сургаальд гардагчилан дүүгийн сайхан сэтгэлийг жоохон ч гэсэн мялаасан даа. Соёолох жилээ –“Дүнжингарав” уралдаанд анх уялаа. Ажил хийх тусам сайхан болоод яван чангараад өнгө ороод янзын.

Манай Сүрэнжав ч урам ороод хээр үрээнээсээ ч салахаа байсан. “Дүнжингарав”-т уралдуулсан зурхайд хүүхдийн дөрөөгөөр дутаад зургааллаа. Хөтлөөд харьж явсан чинь араас комиссынхон залгаж байна. “Дорнодын гаалиар орж ирсэн цэвэр цусны импортын адуу айрагдсан байна. Тэрийг хасаад танайх урагшлаад айрагдлаа. Цоллогоон дээр үрээгээ авиад ир” гэнэ.

Ирсэн бөөн зодоон хэрүүл, жааз өргөмжлөлийг минь хасагдсан айлын баахан залуус урж хагалж шидээд, бушуухан морь хүүхдээ гэмтэл бэртэлгүй авахаа бодоод бушуухан холдсон.

Одоогоор бол айрагдсан бүх үрээ эрлийз Эрдэнэтийн Чулуунбатын зээрэн, одоогийн их хурлын гишүүн Ганзоригийн эрхэт хар, Ганбаатарын сөнгө зээрд гээд л. Тэр жил сайн тэжээл идэж сурсангүйгээс олигтой цайрсангүй, олон ч уралдсангүй.

Зун төрийн наадамдаа уяахдаа хурд эвлэнэ гэдгийг жинхэнэ утгаар нь үзлээ. Онгирсон шиг сонсогдож байж ч магадгүй. Гэхдээ л малтай уралдахгүй байсан тэр үед эрлийз Монгол ялгахгүй цугт нь уралдав. Тэгсэн хэрнээ л хол тар сунгаанд. Хүй долоон худгийн их сунгаанд их хол, ард нь даагандаа 1000 доллард түрүүлсэн “Авзага” ХХК-ийн захирал Мэндбаярын араб бор, арийнхаа үрээнээс ахиад хол аман хүзүүнд. Энэ үеэс авья гэсэн хүн их гарч ирсэн. Би зарахгүй гэсээр байв. Наадмаар жоохон хүч нимгэн талтай болохоор нь том хүүхэдэд найдаад зайдан явуулчихсан. Хол л түрүүлгэх гээд хорхойсоод байгаа нь тэр.  Гэтэл гарааны төхөөрөмж дээрээс хүүхдээ унагаагаад хүүхэдгүй үзэгчдийн хөл хүртэл зургаалж яваад бариан дээр есөлж, баяр наадмын хуулиар таваар ухарч, өргөмжлөл дээр нь 14 гэж үлдсэн.

Дараа нь ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сэргэлэн “Энэ сайхан хурдан амьтанд “Дүнжингарав”-т айрагдсан батламж өргөмжлөл нөхөж өгөхгүй бол заяа нь гомдох нь” гээд холбооноос нөхөж өгсөн дөө.

Байны мөнгө нь сонин биш. Гэхдээ медалийг нь нөхөж өгдөггүй” гээд хоцорсон.

Туранхай байсан болохоор ганц уралдана гэсэн тооцоотой зун уясан ч, хүүхдээ унагаагүй бол яах байсан бол гэсэн саваагүй бодол сэтгэл гижэгдээд болдоггүй. Наадмаас хойш морьдоо тавьдаггүй хирнээ ажил хийхгүй байгаад л байгаа. Ахиад наадам сурагласан тэр зуны сүүлийн даншиг “Хотгойдын хурд” руу уяачид явчихаж. Тэгэхээр нь араас нь ширүүхэн явсаар тулгуйхан очлоо. Замд үргэлжилсэн бороо дагаад наадмаас хойш үндсэндээ ажил хийгээгүй гэж хэлж болохоор байю. Наадмаар байсан шигээ биш өнгөтөй харагдаад болдоггүй.

Амралт ажил хийгээгүй дээрээс нь бороонд нүдүүлж бүрзийсэн үрээгээ таван км газар ханагар хийгээд үзүүрлүү л жоохон чангаллаа. Мэдэхгүй хүн харвал сүртэй сүртэй. Хоёр талаар нь ганц үрээ нэвт ширтээд давхисан хоёр нөхөр. Үнэндээ гэдсийг нь болон амьсгаа түгжээ байна уу гээд шаналаад тээнэгэлзээд хоёр биенийгээ зоригжуулж чаддаггүй.
Сүрэнжав маань “Сүхээ ахаа наадам нэг биш болих уу” гэж байна. Би ч үгэнд нь ороод болчихий гэх мөртлөө “За юу ч гэсэн хоолыг нь тааруулдагаараа тааруулаад хоночих” гээд майхандаа ирчихээд эхнэрдээ хэллээ, эхнэр таагүй байна аа, морь дагах зөвшөөрөл хүртэл олчихоод байхад гээд.

Өглөө хээрийгээ харсан урд өдрийн ханагар аятайхан зохисон шинжтэй зүгээр санагдаад болдоггүй мордуулчихлаа. Улсад мордоход нь уначидаа баахан захиас хэлсэн нь дарамт болж, сэтгэл зүйд нь нөлөөлсөн байх гэж бодоод өнөө хүүгээ зүгээр “Энгийн таранд уралдаж байна гээд бодчих. Ойчихгүй гарвал л болох нь тэр. Хамгийн ард гарсан ч хамаагүй шүү” гээд мордууллаа. Дотроо бол түгшээд л байдаг. Болохооргүй бол татуулчихна даа гээд сэтгэлээ хуураад морь дагалаа. Хөнгөн дүүлсээр түрүүллээ, тэгж л онгойж өгөхгүй түрүүгээ авсан даа. Наадмаас буцаад Пүрэвдорж гуайнд очиж түрүү хишгээс хүртээлээ. Худаг дээр дүү гээд хээр даага эхтэйгээ явж байв. Тэрбээр “ахиад дүүг нь аваад яваа. Бид хэд хоорондоо өгч авч сурсан улс, болно оо л” гээд намар нь ахиад авч ирээд өгсөн.

Унаган эзнийг нь ханатал баярлуулья гэсэндээ хэлсэн үнэнд нь 40 саяд бодож авсан даа.

Дараа өвөл нь тэжээл сайн иддэг болчихсон тэр хирээр өнгө сайхан. “Дүнжингарав”-т Бат-Эрдэний хязааландаа улсад түрүүлсэн эрлийз халтар холбож уралдсаар үзүүр дээрээ Батхүүгийн соёмбо зээрдэд дайруулаад гурвалсан. “Дүнжингарав”-аас хойш долоо хоногын дараа “Нүүрэнтэйн хурд”-д бүр гоё болоод очсон. Тэнд даагаа нэхэж хол түрүүлсэн ард нь Соёмбо. Өвөл ингэж уралдчихаад 90 жилдээ зун уралдахын тулд дахиж хавар уралдсангүй. Зун бүх давхилтай маш хол байна аа, замаас нь эрлийз үрээ тосгуулж ажил хийхгүй бол хавирах адуу ч алга.

Анх морь барихдаа 20 гаруй байсан ч нөгөө цуутай ханиаднаас болоод ихэнхийг нь тавьчихлаа. Ганц хээр азаргатайгаа Богдынхоо урд гараад айл амьтанаас зайдуухан буучихлаа.

Долдугаар сарын 7-нд Цандэлэг ярьж байна аа “Говийн багшид оччихоод буцаж явна. Хаана буусан бэ, танайхаар дайрах гэсэн юм” гэнэ.

Юум бодсонгүй энд буучихсан байна аа гээд хэлчихлээ. Наранхүүг дагуулчихсан байна аа, зүгээр ч манайхаар дайраад гарах зорилгогүй нь илт. Би ч та нар юу ч гэсэн би азарганыхаа тухай сэдвээр ярихгүй ээ гээд халгаахгүй суулаа. Нөгөө хэд чинь бүтэн гурван цаг хоргоолоо. Би сүүлдээ уурлах, дургүйцэл хоёроо илэрхийлээд та нар ч замаа бод би ч ажилаа бодох минь гээд хар цагаан дуугүй баяртай ч байхгүй мордоод явчихлаа. Тэр өдрөөс хойш гурван өдөр тэр хоёрын хэнийх нь ч утсыг авалгүй, мессеж уншилгүй өнгөрөв. Танихгүй утаснаас 10-ны өглөө Цандэлэг залгаж байна. “Хөгшөөн ийм тийм юм байхгүй хө. Чи цаад Наранхүүгийнхээ утсыг нэг авчихаач ээ” гэв. Ингээд утсаа дөнгөж салгаад байж байтал Наранхүү залгаж байна аа “Морь хурдан уу, За хө маргааш азарга аа хамтдаа түрүүлгэе найз нь сэтгэлээрээ хамт шүү манайхаар дайраад гарчих. Би шарга азарганы хүүхдийн малгайны буудайнаас өгөх гээд бэлдчихсэн хүрээд ир” гэв. Эр хүн сайхан санасандаа гэрээрээ ор гээд байхад би л гэж хүний гэрээр орох аргагүй /тэнгэрийн/ хүнд байдаггүй азаргатай байгаа биш дээ гэсэн шүү юм бодоод гэрээр нь дайрлаа. Шарга азарга гэдэг чинь морьтон Монгол түмний шүтээн болохоор шарга азарганы даллагатай буудай их нөлөөлсөн л дөө. Гэрт нь ирсэн яриа ахиад эвгүйцээд явчихлаа. Намайг дургүйцэхээр больчихоод, яриа дундаа сайхан орхоор ахиад л хээр азарга руу хэлтийх гээд болдоггүй. Хамт явж харья гээд уяан дээр ирлээ. Бага нас уралдаад наадам үндсэндээ эхэлчихсэн байлаа. Хэн хэн нь жоохон татчихсан.

“Миний нэр дээр уралдах хэдий ч уяач солихгүй шүү дээ. Тавих гүүгээ ч гэсэн хуваагаад тавьчихна. Мөнгө бэлэн” гэх мэтээр юу эсийг ярьж, шалах уу тэр хооронд.

Би мөнгөндөө гол биш хэд ч гэсэн зарахгүй ийм л хурдан хүлэгтэй болох гэж л хайж явсаны эцэст учирсан хоёроо бид. Тийм болохоор зарахгүй гэж байгаа юм. Хэргийн учир энд л байна гэж учирласаар. 11:00 цаг гээд азаргандаа хоол хийхээр манай хэд явлаа. Наранхүү бид хоёр уяан дээр суусаар шөнө 01:00 цаг болголоо.

Наранхүү “Сайхан гар барьчихья” гээд гар барьсанаа “За би гэртээ очоод хүлээж байя. Араас яваад ирээрэй. Би чамайг эр хүн гэж боддог шүү. Нэгэнт гар барьсан эргэж буцахгүй гэж бодож байна” гэсээр давхиад өглөө.

Юунд ч ухаан төвлөрөхгүй хэсэг ганцаар хэвтэв. Юунд яах гэж гар барьснаа ч сайн ухаарсангүй хэн нөлөөлөв, юу шүглээд гар барьчихав. За яахав төрсөн дүү нь бий дээ гэж өөрийгөө өмгөөлсөн шүү бодол тээгээд гэртэй орлоо. Гэрт ороод жинхэнэ асуудал хурцадлаа. Охин маань уурлаад “Би ганцхан азарганыхаа уралдахыг харах гэж АНУ-аас ирсэн шүү дээ” гэвэл эхнэр мөнгө хэнд хэрэгтэй гэж” гэхээр нь би бүх байдгаараа учирлаж, “Сайн адуу нэг саванд дуусдаггүй юм аа. Хүний нүд их орсон шүү дээ, нэгэнт гар барьчихсан” гээд түмэн янзаар аргадсаар тэднийх рүү охиноороо машинаа бариулаад очлоо. Эхнэр хамт явлаа хоёр талын замдаа хэн ч ам нээсэнгүй хүнээ алдсан гашуудалд яваа улс шиг л.

Гэрт нь ороод хэллээ мөнгөндөө гол учир биш шүү гэж анхнаасаа хэлсэн тийм болхоор тал мөнгийг нь авья тэр их мөнгө хэрэггүй гэв. Тэгсэн Наранхүү “Би амалсандаа, хэлсэндээ хүрдэг эр” гээд 500 мянган ам.доллар өгөөд, миний охинийг тайвшируулж шарга азарганыхаа эр төлийг өгөөд өглөө азарганы бүртгэл солигдож Наранхүүгийн хээр гэж мордсондоо.

Гараад тасран тасарсаар гайхалтай давхил үзүүлсээр үзүүр рүү орж унжаад аман хүзүүдэх агшинд араас хэн нэгэн эзнээ солиогүй бол түрүүлэх ч байсан юм уу хэн мэдлээ гэхийг сонсохтой зэрэг эхнэр охин хоёрынхоо хажууд намба үзүүлсэн хуурамч багийг минь хуу татагдан эхэр татан цурхиртал аа уйлсан даа.

Хөлсний хашаанд очиход дотор минь онгойж цээжнээс маш хүнд юм аваад хаячихсан шиг болж, одоо нэгэнт минийх биш гэсэн хувь заяатайгаа жинхэнэ утгаараа эвлэрч, газарт буусан гэхэд болно доо.

Тэрнээс өмнө дотор эвгүй л байсан. Хүнд үнэтэй азарга өгчихдөг энэ том тэгш ойн жил газар газраас ирсэн олон буянд яаж ирээ билээ гэхчилэн сэтгэлд юу эс бодогдох билээ. Хээр азаргаа цоллуулчихаад гарахдаа Наранхүү надад 570-ынхаа түлхүүрийг өгч, Сүрэнжавд “Ланд 200” өгөх үү гэж надаас асуухад би өөрөөс нь асуу гэсэн. Сүрэнжав би тэр машинаар яах вэ гэснээр мөнгийг нь өгсөн. Хээр азарганыхаа хишгээс Базарбумаад 20 мянгын үнэтэй “Прода” машин дээр арван мянган ам.доллар, Пүрэвдорж гуайд арван сая төгрөг, хээр азаргыг унаж байсан хоёр хүүхдэд тус бүрт хашаа байшин барих зэргээр тал хувиа олуулаа хүртсэн дээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дүнжингарав”-т хамгийн олон айрагдаж, түрүүлсэн “Дүнжингарав”-ын боссын Монгол хээр   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.228.130.xxx] 2017-04-21 17:38
та нарт монгол адуу, монгол хүүхэд 2-г тамлахаас өөр гайхуулах юу байгаа билээ усан тэнэгүүд
хоньчин [203.91.117.xxx] 2017-04-28 23:15
хуц муу янк
Зочин [202.5.206.xxx] 2017-04-21 14:49
ongorson jil dunjingaravt hamt ireed saihan baisan shu mornii bosoo tsagaa hiimori gej
Зочин [207.244.89.xxx] 2017-04-21 13:55
орлогын албан татвараа төлсөн үү

Бидэнтэй нэгдээрэй