Шууд

Тамхи хууль бусаар оруулж ирэх гэж байсан Монгол жолооч саатуулагдлаа

2017-04-21 12:32:49

Украин-Унгарын хил дээрх шалган нэвтрүүлэх “Лужанка” пост дээр Украины хилийн цэргийн алба, Аюулгүйн алба болон Татварын албаны байцаагчид олон тооны хайрцагтай тамхи ачсан микро автобусыг саатуулжээ.

Беларусь Улсын дугаартай, “Мерседес” маркийн дээрх автобус нь онцгой албан татварын тэмдэгтэй, дипломат шуудан гэх наалттай маш их хэмжээний тамхи ачсан байжээ.

Машиныг унаж явсан этгээд нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд тэрбээр хууль бусаар их хэмжээний тамхи хил нэвтрүүлэхээр завдсан хэрэгт ийнхүү буруутгагдлаа.

Албаныханд тэрбээр өөрийгөө Австри дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн танилцуулжээ.

Энэ талаар албаныхнаас эх сурвалж лавлахад “Хилийн шалган нэвтрүүлэх постон дээр ажиллаж байсан байцаагчид түүнийг сандарсан байдалтай байсныг анзаарсан. Ингээд жолоочид машин доторхийг шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд жолооч машинаас бууж, машины хаалгыг онгойлгохоос татгалзсан” хэмээжээ.

Машинд хэдий хэр хэмжээний тамхи байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жил хугацаа нь дууссан дипломат паспорттой Монголын иргэн Украины хилээр есөн мянган гривений үнэ бүхий тамхи хууль бусаар оруулахыг завдсан хэрэг гарч байсан билээ. Түүнийгээ мөн л дипломат шуудан гэсэн наалт бүхий хайрцганд хийсэн талаар мэдээлж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тамхи хууль бусаар оруулж ирэх гэж байсан Монгол жолооч саатуулагдлаа  
Үзсэн: 301 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй