Шууд

У.Анударь: Би маш шуналтай мөрөөддөг

2017-05-01 15:07:44

“Сахиулсан тэнгэр” уран сайхны киноны продюсероор ажиллаж байсан У.Анударьтай ярилцлаа.

-Хамгийн түрүүнд таниас зоригийг чинь олж харлаа. Би буруу анзаараагүй бол Анугийн дотор оршиж байгаа хүн харагдаж байгаа шигээ зоригтой юу?

-Зөөлөн зоригтой гэх үү дээ. Учир нь, миний дотоод хүн их зөөлөн, ямар нэгэн хурц ааш гаргадаггүй нэгэн л дээ.

-Ямар нэгэн шийдвэр гаргах үедээ дотоод хүнтэйгээ зөрчилддөг үү?

-Үгүй, “Болно, бүтнэ” гэж харсан л бол янз бүрийн зүйл бодолгүй, шууд шийдвэр гаргадаг. Үнэндээ энэ шийдвэрийг миний дотоод хүн гаргаж байгаа юм шүү дээ.

-Тэгвэл гадны хүчин зүйлс хийгээд хүмүүс шийдвэрт чинь нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яах вэ. Гэр бүл, найз нөхөд, үлгэр дуурайлал авдаг хүмүүсийн маань зөвлөгөө намайг өөртөө илүү итгэлтэй болгож, зарим тохиолдолд алдаа гаргахаас минь сэргийлдэг.

-Хамгийн хэцүү шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

-Хэцүү гэж тодорхойлохуйц шийдвэр гаргах цаг мөчтэй одоохондоо тулгараагүй байна.

-Өөрийгөө танихгүй болж байсан үе бий юу?

-Би их сэтгэл хөдлөлтэй, түүндээ автдаг хүн л дээ. Тиймээс ч үерхэл нөхөрлөлийн тал дээр хэсэг цаг хугацааны дараа эргээд харахад сэтгэл зүйн хувьд өөрийгөө танихгүй болж байсан үе бий, бий. Тэрүүхэн цаг хугацаанд би өөрөөсөө өөр хүн болчихсон байсан ч юм шиг... Гэвч “буруу хүнтэй үерхэж дээ” гэж бус “хайран цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөж дээ” гэж боддог.

-Хүмүүсийн нөлөөлөлд нэлээд автдаг гэсэн үг үү?

-Тийм. Би бүх хүнийг хүндэлдэг. Хүн бүрээс сайн сайхан чанар олж харахыг хичээдэг, бас итгэдэг. Тиймээс ч хүний л төлөө байдаг. Гэтэл энэ нь заримдаа надад сайн, заримдаа муу үр дагавар авч ирдэг. Өөрөөр хэлбэл, надад харамсах цаг мөч байгаа бол тэр маань хүнд итгэснээс улбаатай. Бас амьдралаас олж авсан бүхэн маань хүнд итгэсний минь хариу юм.

-Ихэнх хүмүүс “Би хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж боддог, итгэдэг. Гэвч бид өөрөө ч мэдэлгүй өөрчлөгдсөөр л байдаг, тийм үү?

-Тийм. Би өөрийгөө өөрчлөгдөнө ч гэж боддог. “Би хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж хэн нэгэнд амлалт өгөх их хэцүү шүү дээ. Учир нь, би өөрөө ч мэдэлгүй өөрчлөгдөж л байдаг. Би ч бас цаг хугацаа, амьдралын жамаар их өөрчлөгдсөн, өөрчлөгдсөөр л байх биз.

-Урлаг, спортоор хичээллэдэг, волейболын II зэрэгтэй, “Хүндэт самбар”-ын хүүхэд байсан гэж сонссон. Бодвол их мөрөөдөмтгий байсан байх даа?

-Тийм. Би их мөрөөдөмтгий, тэр зангаа одоо ч гээгээгүй л явна. Би маш шуналтай мөрөөддөг. Тиймээс ч мөрөөдлийнхөө детал бүрийг оюун санаандаа бодитоор буулгадаг. Түүнийгээ бодит зүйл болгохын төлөө хөдөлмөрлөдөг. Хөдөлмөрлөсний минь үр дүн ч гардаг. Дахиад л шинэ зүйл мөрөөдөж эхэлдэг, дуусашгүй мөрөөдөлтэй нэгэн дээ.

-Мөрөөдсөөр байгаа цагт хөдөлмөрлөсөөр байх болно гэсэн л үг юм байна гэж ойлголоо. Гэвч зарим мөрөөдөл тань бас давтагддаг биз?

-Тэгэлгүй яах вэ. Миний хамгийн урт удаан хугацааны мөрөөдөл бол дуучин болох.
Дуучин Х.Болормаа эгчийн дуунуудыг их сонсдог байлаа. Дуучин болохсон гэсэн хүсэл маань ч тэр хүнтэй л холбоотой.

-Зохиолын дуу сонсдог байсан гэж ёстой төсөөлөөгүй юм байна?

-Айл гэр болж тоглохдоо хүртэл Болормаа гэдэг нэр өөртөө өгдөг байлаа шүү дээ.

-Мөрөөдлөө биелүүлэх ямар нэгэн алхам хийсэн үү?

-Бага насны минь нэлээд хугацаанд надтай хамт байсан нэгээхэн мөрөөдөл минь учраас би өөртөө дурсгал болгож үлдээх үүднээс нэг дуу хийнэ гэж бодож байгаа. Олон сувгаар зэрэг цацаж, хүмүүст түгээхдээ гол нь биш, бага насны мөрөөдлөө биелүүллээ дээ гэж өөртөө урам өгөхийг хүсэж байгаа юм.

-Нууц биш бол яг одоо юу мөрөөдөж байна?

-Би маш том зүйлсийг мөрөөддөг, гэвч мөрөөдлөөсөө хэзээ ч айж байгаагүй. Хэрэв би мөрөөддөггүй байсан бол энэ бүхнийг хийх зориг хүрэхгүй л байх байлаа. Тиймээс “асуудал гарлаа, энэ ч бүтэхгүй мөрөөдөл юм байна даа. Өнөөдрөөрөө л үлдэе дээ” гэж хэзээ ч боддоггүй. Учир нь, миний мөрөөдөл өнөөдрийн Анударийг бий болгож байгаа шүү дээ.

-Зарим хүн завтай л хүн мөрөөддөг гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй. Чин сэтгэлээсээ хүсэж л байгаа бол хүний амьдралд хангалттай цаг хугацаа бий. Амьдрал гэдэг тэр чигээрээ зав зай шүү дээ.

-Кино хийх ч бас “шуналтай” мөрөөдлүүдийн чинь нэг байсан уу?

-Тийм. Том зүйлсийг захын нэг хүн санамсаргүй хийччихдэггүй л дээ. Би кинотой холбоо уялдаатай ажиллах болсон мөчөөсөө л өөрөө кино хийхийг мөрөөдөж эхэлсэн. Детал бүрийг нь сэтгэлдээ бодитоор буулгаж мөрөөдсөн. Даанч надад боломж гарч ирэхгүй байсан юм. Гэвч би хүссэн, мөрөөдсөн, зорьсон, хийсэн. “Илүү сайн кино хийх юмсан” гэж одоо ч мөрөөдөж байна.

-“Сахиулсан тэнгэр” мөрөөдлийн тань кино болж чадсан уу?

-Хүн хийгээд дууссаныхаа дараа өөрийгөө голдог юм билээ. Би “Сахиулсан тэнгэр” киноноос онооноосоо илүү алдаагаа л олж харсан. Гэвч алдаагаа олж харж байна гэдэг илүү сайжруулах хүсэл учраас энэ бол маш сайн. Харин байгаа зүйлдээ, хийсэн зүйлдээ сэтгэл ханах л муу.

-“Сахиулсан тэнгэр” кинонд бас өөрөө тоглосон. Жүжигчин болох төсөөлж байсанаас чинь хэр хэцүү байв?

-Бодит амьдрал биш шүү дээ. Түүнийг бодит юм шиг харагдуулах гэж өөрийгөө өөрчилж, жүжиглэнэ гэдэг хэцүү санагдсан.

-Кинонд дахиад тогловол өөрөөсөө огт өөр хүний дүрд тогломоор санагдав уу, эсвэл өөртэйгээ төстэй хүний дүр авмаар санагдсан уу?

-Миний гол зорилго жүжигчин болох биш. Тиймээс цаашид жүжиглээд байя гэсэн бодол одоохондоо алга.

Хэрэв тоглохыг хүсвэл продюсерын эрх ашигаар тоглож болно. Гэвч би өөрийнхөө маркетингийг хийж, карьер хөөхийг гол зорилгоо болгоогүй учраас сайн жүжигчин сонгож, киногоо илүү сайн амилуулсан нь дээр. 

-Амьдрал дээр хэр жүжиглэдэг вэ?

-Жүжиглэнэ ээ. Жүжиггүй амьдрал гэж үгүй. Хүмүүс деталуудаа тооцдоггүй л болохоос биш бүгд л жүжиглэдэг.

-Ямар үед жүжиглэх үү?

-Хэн нэгнийг гомдоохыг хүсээгүй үедээ...

-Үнэн хэрэв худлаас илүү бусдыг өвтгөх гээд байвал худлаа хэлэхээс ч өөр аргагүй л дээ. Ингэхэд Ану хүмүүсийг хэр өвтгөдөг вэ?

-Би ээжийн хайртай охин, ахын хайртай дүү, дүүгийн хайртай эгч. Би хэзээ ч муу охин байгаагүй. Тиймээс ч гэр бүлийнхэнээ өвтгөсөн гэж бодохгүй байна. Найзуудынхаа хувьд сайн найз байхыг, ажил хэргийн холбоотой хүмүүсээ гомдоохгүйг хичээдэг.

Харин үерхэл нөхөрлөлийн тал дээр их эмзэг, сэтгэл зөөлөн учраас уусахдаа амархан. Тиймээс ч тэр хүнд уусахаасаа айгаад холддог. Тэгэхээр үерхэж байсан хүмүүсээ л өвтгөж байсан байх даа.

-Тэр хүнд хэтэрхий их дасахгүйн тулд холддог гэж үү?

-Би гэр бүл зохиоход одоогоор бэлэн биш байна, хийх зүйл их байна. Гэвч хийж бүтээх явцдаа их ганцаарддаг. Тэр ганцаардлыг ганцаараа зоригтой даван туулж чадахгүй учраас хүнтэй үерхдэг. Тэр үерхэлээ амьдрал болгоход бэлэн биш байгаа учраас холддог.

-Ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?

-Цаг мөчид бүрт баярлуулахыг хичээдэг. Ээж маань аль болох хамт байхыг хүсдэг. Олон зүйл туршиж, олон ажил эхлүүлж яваа болохоор тэр бүр хамт байж чаддаггүй л дээ. Гэвч боломж гарах бүрт гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг. Боломжийг ч аль болох гаргадаг. Би ер нь гэрийнхэнтэйгээ уулзалгүй уддаггүй юм. Өчигдөрхөн л гэхэд маш сайхан цаг мөчүүдийг ээжтэйгээ хамт өнгөрөөлөө.

-Сайн охин, сайн найз, сайн хамтрагч юм байна. Гэвч хүмүүс сайн зүйлийн хариуд дандаа сайныг өгдөггүй шүү дээ. Ингэхэд та хүнээр дутаж байв уу?

-Хүн хүнээр дутахгүй амьдарна гэж байдаггүй байх. Хүнээр дутахгүйн тулд би өөрөө л сайн хүн байх ёстой.

Гэр бүл, найз нөхөд минь хажууд байхгүй, асуудлаа хуваалцаж чадахгүй цаг хугацаанд хүнээр дутаж байгаагаа илүү их мэдэрдэг. Гэвч тэр бол хормын төдий л сэтгэлийн хөдөлгөөн шүү дээ. Тиймээс би сэтгэлээ аргадаад, тэр цаг хугацааг аргалчихдаг юм.

Бас ажил хэргийн тал дээр хүн шиг хүнээр их дутдаг. Залуу хүн болохоор “аманд нь багтчихмаар” санагддаг юм болов уу, хүмүүс намайг болж өгвөл хулхидчих гээд байдаг. Ажил хэргийн холбоон дээр л би энэ мэдрэмжийг тултал мэдэрч байна даа.

-Ярилцлага эхлэхийн өмнө “Би Хятадад сурч, ажиллаж, азийн орнуудаар аялж яваад ирсэн. Монголчуудыг ийм гэж мэдээгүй шүү дээ” гэж санаандгүй хэлсэн чинь ийм учиртай байжээ?

-Тийм. Би нэг талаас их азгүй. Би олон зүйл хийж үзлээ. Даанч хүмүүс их худалч, ажлаа үнэнчээр хийдэггүй, залхуу, хүнийг хуурч, аргалах гэсэн ядмагхан сэтгэлгээтэй юм. Энэ л намайг их өвтгөсөн дөө. Хүн бүр л намайг бэлэн мөнгө гэж харж байсан. Гэхдээ намайг тэгж харвал хараг л дээ. Би өгье. Оронд нь та ажлаа сайн хийж, итгэлийг минь дааж чадвал өнөөдрийнхөөс илүү боломж таны өмнө нээгдэнэ. Даанч хүмүүс үүнийг олж харахгүй юм. Үүнээс болж миний хайран цаг хугацаа үрэгдэж, итгэл ч алдарсан.

Гэвч нөгөө талаас нь харвал би их азтай. Учир нь, би муутай нь эхлээд учирчихлаа, туршлага суулаа, цаашид хийх зүйлстээ илүү хариуцлагатай хандах ёстой гэдгээ ойлголоо. 

-“Сахиулсан тэнгэр” уран сайхны киног хийхээсээ өмнө хийж байсан ажил чинь уншигчдад бас сонин байх л даа?

-Монголд байхдаа 18 настайдаа “Улаанбаатар лавлах 1616”-д оператораар анх ажилд орж байлаа. Мөн брокер диллерийн компанид брокер, “Евро фарм” компанид маркетингаар ажилласан гэх мэтчилэн би зүгээр сууж чаддаггүй юм. Дараа нь сурахаар Хятад руу явсан. Тэнд очоод хичээлийнхээ хажуугаар хятад киноны лицензийг Монгол руу оруулж ирж телевизүүдэд түрээслүүлдэг байлаа. Давхцуулаад эмэгтэй хувцасны дэлгүүр ажиллуулж байлаа. Тэр бизнес маань амжилт олоогүй учраас нярай хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулж үзлээ. Бүгд л цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажлууд байсан.

-Тэр үед бизнесийн хамтрагчид чинь гадаад хүмүүс байсан уу?

-Тийм. Кино хийхэд минь ч Хятадын телевизийнхэн их зоригжуулсан. Одоо ч гэсэн хамтарч ажиллаж байна. Надад монгол хамтрагч байгаагүй. Тиймээс л энд ирмэгцээ гэнэдэж эхэлсэн.

-“Сахиулсан тэнгэр” киног Хятадын телевизээр гаргана гэж байсан. Гаргасан уу?

-Гаргаж амжаагүй байна. Учир нь, манай кино төлөвлөсөн хугацаанаасаа хойш дууссан. Уг нь есдүгээр сард дуусгаад, аравдугаар сарын эхээр Монголын кинотеатруудаар, тэгээд 11 дүгээр сард Хятадын телевизээр гарахаар төлөвлөгөөнд оруулчихсан байсан юм. Гэвч кино маань хугацаандаа дуусаагүй учраас төлөвлөгөө хойшлогдсон. Ирэх сард Хятадын телевизээр гаргахаар төлөвлөгөөнд оруулчихсан байгаа.

-Ямар телевизээр гарах вэ?

-Хятадын үндэсний CCTV6-гаар гарах байсан боловч цаг хугацаа алдчихсан. Хятадын телевизүүд төлөвлөгөөгөө жилээр гаргадаг учраас одоо нөхөж оруулах боломжгүй. Тиймээс IP телевизүүдээр гаргахаар болсон.

-Гаднаасаа хүчирхэг харагддаг эмэгтэйчүүд хэрэг дээрээ ихэвчлэн сул дорой байдаг юм шиг санагддаг. Ануг сул дорой болгодог зүйл юу вэ?

-Ганцаараа уйлах үе байлгүй  яах вэ. Маш их хичээгээд байхад л ажил бүтэхгүй тохиолдолд хэсэгхэн цаг хугацаанд их сул дорой болдог. Заримдаа маш амархан, маш энгийн зүйлс бүтдэггүй шүү дээ. Тэр үед ч бас хүнээр л дутдаг.

-Бусадтай биш өөртэйгээ л их тэмцдэг юм аа даа?

-Тийм. Найз нөхдөдөө сэтгэлийн доторх уйтгар гуниг, болж бүтэхгүй байгаа зүйлээ ярихыг, муу зүйлийг бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, “Надад хэцүү байна. Наддаа ирээч” гэсэн хандлага гаргах дургүй. “Болно, бүтнэ, чадна” гэдгийг нь л мэдрүүлэхийг, эрч хүч, сайн сайхныг л түгээхийг хичээдэг. Эргэн тойронд минь байгаа хүмүүс бүгд өөрөөсөө гарах ёстой эрч хүчийг бүрэн гаргаж ашиглаж байгаасай гэж хүсдэг.

-Хэдийгээр зүрх сэтгэлд тань урлаг томоохон байр суурь эзэлж байгаа боловч одоогоор бизнестээ илүү анхаарал хандуулж байгаа юм байна. Урлагт бизнесээс илүү цаг зав зориулах цаг хэзээ ирэх бол?

-Би хийж үзлээ. Ажил хэрэг ямар замналаар, хэрхэн өрнөдгийг гадарладаг боллоо. Гэтэл би төмөр хүн, эсвэл бэлэн мөнгөний машин биш шүү дээ. Би өөрөө ч бас амьдарч байгаа, амьдралаа авч яваа учраас урлагт байнга хөрөнгө оруулаад байж чадахгүй. Тиймээс хэсэг хугацаанд завсарлага авч, бизнес эрхлэж, хөрөнгөө босгох хэрэгтэй. Түүний дараа урлагт цаг зав гаргахаар зохицуулж байна. Түүнээс биш сэтгэл хөдлөлөө дагаад, бизнес эрхлэхгүй, амьдралаа авч явах бодит зүйлгүйгээр урлагт хөрөнгө оруулаад явах боломжгүй.

-Олон зүйл туршиж үзлээ. Энэ бүхнээс авсан хамгийн том сургамж нь юу байв?

-Сайн сайхан амьдрахын тулд, бизнесээ амжилттай явуулахын тулд хүн л байх ёстой юм байна. Хүмүүстэй хамтарч янз бүрийн бизнес хийж үзлээ. Би өөрөө хичээгээд байхад л амжилтгүй болоод байсан. Гэвч би хэзээ ч шантраагүй л дээ.

Сүүлийн хоёр сарыг тавилгын үйлдвэртэй болоход зориуллаа. Би энэ удаа гэрийнхэнтэйгээ хамтарч байгаа. Би эхлэхдээ бас л эргэлзэж байсан. Манай гэрийнхэн жинхэнэ хүн учраас бизнес маань өөрөө л урагшлаад байна. Тэгэхээр хүний амьдралд ч, ажил хэрэгт ч итгэлтэй хүн л дутагддаг юм байна. Цаашид ажил хэргийн хамтрагчаа сонгохдоо түүхийг нь бус хүнийг нь харах ёстой юм байна гэдгийг л ойлгож авлаа.

-Анх танилцахад кино хийж байсан. Дараагийн уулзалтаар цахилгаан барааны онлайн дэлгүүр нээхээр бэлтгэлээ базааж байсан. Одоо тавилгын үйлдвэртэй болчихлоо гэж байна. Ингэхэд тавилгын үйлдвэртэй болох санаа хэзээ, хаанаас гараад ирэв ээ?

-Ах маань санал тавьсан юм. Би энэ салбараас хол хөндий хүн учраас нэлээд хугацаа алдсан. Үнэндээ хүмүүс итгэлийг минь алдаад, намайг мохоогоод байсан л даа.

Гэвч ах минь яг над шиг хүн гэж бодоод зориглоод хийлээ. Ажил маань бодож байснаас хоёр дахин давуу биелүүлэлттэй явж байна. Энэ бас хүнээсээ л шалтгаалж байна л даа. Цаашид ч бас олон зүйл хийх төлөвлөгөө байна. Гэрийнхэнтэйгээ хамтарна гэж бодож байгаа.

-Бусад үйлдвэрлэлийг бодвол тавилгын үйлдвэрлэл манайд тодорхой хэмжээнд хөгжчихсөн. Тавилгын үйлдвэрүүд ч харьцангуй олонтой. Танайх ямар давуу талаар хэрэглэгчдээ татах вэ?

-Бид зүгээр нэг бизнес хийх, мөнгө олох гэж зориогүй. Энэ бол манай ахын чин сэтгэлийн хүсэл. Энэ ч утгаараа гар хүрээгүй байхад гэрэл нь асдаг, хаалга нь бариулгүй, мэдрэгчтэй гэх мэт хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлж байгаа.

-Монголын зах зээл харьцангуй жижиг учраас үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд өндөр өртөгтэй босдог. Үнэндээ тэр өртөгийг төлөхөд хүмүүсийн цалин хүрэлцдэггүй гэдгийг тооцож үзсэн л биз дээ?

-Энэ бол хүн амын тоо, эдийн засгийн эргэлтээсээ шалтгаалж байгаа зүйл. Хятадын зах зээл том, өдөрт хэдэн арван мянгаар нь үйлдвэрлээд нийлүүлчихдэг учраас ширхэг бүтээгдэхүүний үнэ хямд тусдаг. Гэтэл Монгол цөөхөн хүн амтай, эрэлт нь бага. Үүнтэйгээ уялдаад бүтээгдэхүүнээ цөөнөөр тоогоор үйлдвэрлэдэг ч үйлдвэрийн урсгал зардлууд гарсаар л байдаг. Бид ч бас үүнийг судалж, тооцсон. Зах зээлийн үнийн судалгаа хийгээд, бусдаас харьцангуй хямд үнэ тогтоож өгсөн. Яагаад гэвэл, бид өнөө маргаашийн халаасны мөнгийг бус ирээдүйгээ харсан үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна.

-Цахилгаан барааны онлайн дэлгүүр нээх төлөвлөгөө бага зэрэг хойшлогдсон юм аа даа?

-Тийм ээ. Би сая Хятад руу яваад, асуудлаа шийдчихээд ирсэн. Ирэх сараас ажил хэрэг болж эхэлнэ. Одоогоор багаа судалж, бүрдүүлж байна. Энэ бизнес маань ч бас олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, онлайнаар, хамгийн хямдаар, хүмүүст төвөг болохгүй хүргэлтийн үйлчилгээтэй, үйлчлүүлэгчдэдээ илүү ойртсон үйлчилгээг хүргэхийг хичээж байна.

-Өөртөө зориулах цаг заваа хэрхэн зохицуулж байна?

-Хүний амьдрал тэр чигээрээ цаг зав гэж би хэлсэн шүү дээ. Би өөрөө л цаг заваа зохицуулж чадвал надад хангалттай цаг хугацаа бий. Миний хувьд өөртөө зориулах цаг хугацаа бол гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ хамт байх явдал. Чадахынхаа хэрээр энэ цаг завыг зохицуулаад л явж байна.

-Өчигдөр чинь таны хүссэнээр байж чадсан уу?

-Чадсан.

-Маргааш ч бас таны хүссэнээр байна гэдэгт итгэлтэй байна уу?

-Би тийм байлгана. Учир нь, өчигдөрийг би л бүтээсэн. Ирээдүйг ч бас би өөрөө л бүтээнэ. Хэн байхыг, юу хийхийг хүсэж байгаагаа би мэдэж байгаа. Тиймээс ирээдүйгээ хүссэнээрээ л бүтээнэ.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

У.Анударь: Би маш шуналтай мөрөөддөг  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2017-05-01 16:04
би маш шулам шиг мурээднэ

Бидэнтэй нэгдээрэй