Шууд Chart

Сэдвээсээ хазайсан хэрүүл гайтай

2017-05-15 13:31:03

Гэр бүлийн таатай уур амьсгалыг өчүүхэн зүйл хордуулах нь бий. Энэ бол хэрүүл, бухимдал. Хэн нь эхэлж өдсөн, хэнийх нь зөв, буруу байхдаа гол нь биш. Ялих шалихгүй зүйл хосуудын харьцаанд сэв суулгаж болзошгүйд асуудал байгаа юм. Үүнээс сэргийлэх нь гэр бүлийн бат бөх байдал төдийгүй таны эрүүл мэндэд тустай.

Хэрэв уур чинь хүрээд хэрэлдмээр санагдвал:

Арав хүртэл тоол

Эсвэл хэдэн удаа гүнзгий амьсгаа ав. Түүнчлэн эрүүл агаарт гарч жаахан явахад гэмгүй. Тайвширсны дараа асуудлыг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй байна.

Түүний дутагдлыг бүү тооч

Угаагаагүй оймсны төлөө хэрүүл, удам угсаа, хамаатан саданд хүрдэг асуудал бий. Үүнийг ч тэвчих хэрэгтэй. Хүний эмзэг, нарийн цэгийг хөндсөн хэрүүл удаан мартагддаггүй юм шүү.

Үзэл бодлын ялгааг өөрсдийн эрх ашигт нийцүүл

Нөхөр чинь том оврын багаж хэрэгсэл унтлагын өрөөндөө тавьчихсан уу. Уурлах гэж бүү яар. Мөрөөдлөө биелүүлсэн нөхөр баярлаг. Тэгээд слесарь дуудахгүй нэг талын ашигтай. Төдөлгүй нөхөр чинь багажнаасаа залхаж аль нэг газар далд хийнэ. Та ч мөн санаж явсан үнэтэй, чамин цайны хэрэглэлийг авахад нөхөр чинь эсэргүүцэхгүй. Хүслээ биелүүлэх боломж ямар ч саадгүй ийнхүү бүтнэ.

Залхуу нөхөртөө сонголт олго

Орой бүр аяга шанага тойрсон хэрүүл бүү хий. Хэд хэдэн ажлын сонголт түүнд өг. Аяга сав угаах дургүй нөхөр чинь мах эвдэх, хөшиглөхөөс татгалзахгүй.

Тушааж бус хүсч хийлгэ

Захирсан харц, өндөрсгөсөн дуу эр хүний зэвүү хүргэдэг. “Чи үүнийг хий” гэж тушаахын оронд эелдгээр хэлж хийхийг хүс. Гайхамшигтай үр дүнд хүрнэ.

Хохирогчийн дүр бүү эсгэ

Найз нөхөдтэйгээ уулзах, ажил хэргийн байдлаас болж нөхөр оройтож ирэх нь байдаг. Зуун грамм балгасан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ дуу хадааж, хэрэлдэх шалтгаан бас биш. өөрт чинь бас гарах ажил байсныг сануул. Зуун грамм балгасандаа гэмшсэн нөхөр чинь дараагийн удаа алдаагаа давтахгүй.

Хэрүүлийг бүү хурцатга

Сэдвээсээ бүү хазайж хэрэлд. Гадаад үзэмж, бие галбирын өө сэвийг санаатай, санаандгүй хэрхэвч хөндөж болохгүй. Бие биенийхээ хор шарыг малтаж, цэцэн цэлмэгээрээ уралдах мэт хэрэлдэх нь та хоёрыг эвлэршгүй ангалд унагаж болох шүү. Иймд хэрүүл хурцдах хэлбэр рүү орох байдалд шилжвэл гараад явчих тэнхэлтэй бай.


Сэдвээсээ хазайсан хэрүүл гайтай  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй