Шууд Chart

Б.Түвшинжаргал

Тоймч


АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын бүлэг Трамптай холбоотой шуугианыг мөрдөн шалгахыг шаардаж байна

2017-05-18 10:49:42

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед эрс  ширүүхэн шүүмжлэлийн бай болсоор байна. Конгрессийн доод танхимын хяналт, төрийн  шинэтгэлийн хороо болон дээд танхимын хууль зүйн хороон дахь Ардчилсан намын бүх гишүүн Трамп Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайд Сешнс,  Цагаан ордны өндөр албан тушаалтнуудтай холбоотой шуугианыг нэн даруй мөрдөн шалгахыг шаардаж эхэллээ.

Конгрессын хоёр танхимын нийт 33 гишүүн ийм шаардлага бүхий захидалд гарын үсгээ зурсан байна. Тэд хяналт, төрийн шинэтгэл болон хууль зүйн   хороод хамтран Дональд Трамп болон түүний багийн өндөр албан тушаалтнууд Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгах ажиллагаанд саад  учруулахуйц хуйвалдаан хийсэн эсэхийг нягтлан  шалгах ёстой гэж үзэж байна. Мөн ийм шуугиан дэгдээд байгааг үл тоомсорлож байгаа нь ч байж боломгүй  хэрэг гэж  Ардчилсан намаас  Конгресст  сонгогдсон гишүүд үзэж байна.

"Нью-Иорк таймс" уржигдрын дугаартаа АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комигоос Үндэсний аюулгүй байдлын  асуудал  эрхэлсэн туслах  байсан  Майкл  Флиннтэй холбоотой хэргийн мөрдөн  шалгах ажиллагааг  зогсоох  хүсэлт тавьж байсан  тухай нийтэлсэн юм. Харин  энэ  мэдээллийг  Цагаан  ордныхон  эрс  няцааж  байгаа юм. 

Ерөнхийлөгч Трамп  өнгөрсөн  7 хоногт Комиг  Холбооны  мөрдөх товчооны даргын албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэдэг үндэслэлээр огцруулсан юм. Коми Трамп  Ерөнхийлөгч  ОХУ-тай  холбоотой  байсан эсэхийг мөрдөн шалгах  Холбооны  мөрдөх  товчооны  ажиллагааг  удирдаж байсан юм.  Түүнчлэн Коми  Трамп  Ерөнхийлөгч  энэ  мөрдөн  шалгах  ажиллагаанд нөлөөлөх гэж  оролдсоныг  батлах баримтуудыг бэлдсэн байгаа тухай ч энд  нийтэлсэн  байна. 

Майк  Флинн  бол  Ерөнхийлөгч Трампын  Үндэсний  аюулгүй байдлын асуудал  эрхэлсэн туслах нь  байсан  юм. Гэвч ОХУ-аас  АНУ-д суугаа Элчин  сайд Сергей Кисляктай хийсэн уулзалтуудынхаа  тухай  хангалттай мэдээллийг  дэд Ерөнхийлөгч Майкл Пенсэд өгөөгүй  гэдэг  нь  тодорхой  болсон  тул  албан тушаалаасаа огцроход хүрсэн юм. Мөн түүнийг АНУ-ын иргэн албан ёсны бүрэн эрхгүй л бол тус улстай санал  зөрөлдөөнтэй  байгаа гадаад улс  орнуудын  албан ёсны  төлөөлөгчтэй  яриа хэлэлцээ хийхийг  хориглосон  Логаны  хуулийг  зөрчсөн хэмээн  буруутгаж  байсан юм.  

Үүний зэрэгцээ Конгрессын Сенатын танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хорооныхон АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд  Лавров  нарын  уулзалтын  талаарх бүрэн мэдээлэл  өгөхийг  Цагаан ордноос шаардаад  байна.  Цагаан  ордны  зууван  танхимд  болсон энэ уулзалтын үеэр Трамп Ерөнхийлөгч Оросын Гадаад хэргийн сайдтай  нууцын  зэрэглэлтэй мэдээллээсээ хуваалцсан гэдэг шуугиан  дэгдээд  байгаа юм. 

Цагаан ордныхон энэ уулзалтад байлцсан Америкийн албан ёсны төлөөлөгчид, Оросын талаас ч үүнийг няцааж байгаа ч энэ шуугиан газар аваад байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын бүлэг Трамптай холбоотой шуугианыг мөрдөн шалгахыг шаардаж байна   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй