Шууд Chart

Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй

2017-05-19 16:12:29

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж оролцов.  Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нар танилцууллаа.  

Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Төсөл санаачлагч нь Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулж буй татвар, хураамж нь нийт улс орон, орон нутгийн одоогийн хэрэгцээнд зарцуулагддаг болохоос уг үйлдвэртэй холбоотой эрсдэлийг хүлээж байгаа Эрдэнэт хотын иргэд, тэдгээрийн ирээдүйд хамааралгүй байгаа. Дуусашгүй баялаг, хаагддаггүй үйлдвэр гэж байдаггүй тул Эрдэнэт хотын хаалтын үед уг хотын экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгон, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцуулгадаа дурдав.

Тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир ашигт малтмалын нөөц ашигласны татвар 17 хувьтай байгааг судлах, зэс хайлуулах үйлдвэр барих, зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хүнд, хөнгөн үйлдвэрүүд хэвийн хөгжөөд явж байгаа аж үйлдвэрийн хотыг хаах талаас нь биш хөгжлийнх өнцгөөс харах хэрэгтэй, энэ асуудлыг Засгийн газар оруулж ирэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир Засгийн газраас энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа тул ингэж тусгайлан нэг уурхайд зориулж  тогтоол гаргах шаардлагагүй, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Эрдэнэт хотын цаашдын хөгжлийн асуудлыг цогц бодлого, төлөвлөгөөтэйгөөр шийдвэрлэх шаардлагатайг анхаарах гэсэн саналуудыг гаргажээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцуулгадаа онцоллоо.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, А.Ундраа, Н.Цэрэнбат, Л.Элдэв-Очир, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,4 хувь нь дэмжсэнгүй. Иймд тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцааснаар Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлав.


Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй  
Үзсэн: 332 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй