Шууд

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2017-05-19 16:24:45

Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, компанийн төлөөлөл, эрдэмтэн докторууд оролцож, эрчим хүчний салбарт хийж байгаа судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээл, оюуны ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэв.

"Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан тэргүүдтэй салбарын удирдлагууд оролцосн юм. Бага хурлын нээлтийн үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү "Улс орны хөгжлийн төлөө эрдэм оюунаа зориулж явдаг эрдэмтэн докторууд болон зөвлөх мэргэшсэн инженерүүд та бүхний санал салбарт хамгаас үнэтэй. Хуралд нийт 62 илтгэл ирүүлснээс салбарын хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй туурвиж, олон улсын жишигт нийцүүлэн судалгаа хийсэн бүтээлүүдийг хэлэлцүүллээ. Цаашид бид та бүхэнтэй судалгаа шинжилгээ, төлөвлөлт, зохицуулалт зэрэг бүх шатанд хамтран ажиллах болно” гэв. "Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсын зөвлөх инженер Д.Чимэддорж "Эрчим хүчний салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага”, Академич, доктор (Sc.D), профессор Д.Содномдорж "Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал”, Академич, доктор (Sc.D), профессор С.Батмөнх "Монголын эрчим хүчний хөгжлийн стратегийн шинжлэх ухааны үндсийг боловсруулах асуудал”, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар "Ногоон хөгжлийн бодлого” зэрэг нийт 10 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого” сэдвэт салбар хуралдааныг удирдсан юм. Тэрээр хуралд оролцогчдод Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулж, Сэргээгдэх эрчим хүчний төлөв байдал, үнэ тариф, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын талаар мөн мэдээлэл өглөө.

Эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд Эрчим хүчний салбарын бодлого, үйл ажиллагаанд тусгах зүйл заалт бүхий илгээлт гаргаж, яам болон үйлдвэр компанийн удирдлага, эрдэмтэн, инженерүүдэд үүрэг чиглэл өгсөн юм..


Эрдэм шинжилгээний бага хурал боллоо  
Үзсэн: 287 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй