Шууд Chart

УИХ-ын гишүүн Н.Учрал хорих ангиудад ажиллав

2017-05-19 16:41:20

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр (2017.05.19) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 409 дүгээр анги, урьдчилан хорих 461 дүгээр ангиудад ажиллав.

Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж буй бөгөөд түүнтэй хамт хорих ангиудад ажлын дэд хэсгийн зарим гишүүд ажилласан юм.

Хорих 409 дүгээр ангид эхлээд очлоо. Чанга дэглэмтэй тус ангийн ирэх намар ашиглалтад оруулах барилгын ажил, ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ангийн харъяа “Газар ивээл” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Гутлын үйлдвэрээр оров. Ялтнууд уг үйлдвэрт ажиллаж, өдөрт 70-80, жилдээ 20 мянган гутал, цүнх, тэлээ үйлдвэрлэдэг байна. Таван төрлийн цэвэр арьсан гутлыг борлуулах чиглэлээр ирэх зургаадугаар сард аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт хийх гэж буй талаараа үйлдвэрийн захирал ярив. Ирэх намар үйлдвэрээ шинэ байранд оруулснаар хүчин чадлаа нэмэгдүүлж, манай улсын хүчний байгууллагуудын албан хаагчдыг чанартай гутлаар хангах хэмжээний чадавхитай болох талаараа мөн танилцуулсан. Энэ ангид төрөл бүрийн үйлдвэрлэл явагддагаараа онцлог юм. Энд мөн гар урлалын үйлдвэрлэлийг ялтнууд хөгжүүлдэг аж. Эсгий углааш, зүү ороох оёдлоор урласан хөөрөгний даалин зэргийг дэлгэн үзүүллээ. Зүү ороох оёдол нь сурган хүмүүжүүлэх, тэвчээр суулгах зэрэг олон талын хүмүүжлийн ач холбогдолтой талаар байгууллагын удирдлага танилцуулав.

Дараа нь Урьдчилан хорих 461 дүгээр ангид ажиллаж, тус ангийн харъяа Нэгдсэн эмнэлэг, цагдан хорих байрны үйл ажиллагаатай нэгбүрчлэн танилцлаа. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр бусад удирдлага, ажилтнуудын хамт салбарынхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө


УИХ-ын гишүүн Н.Учрал хорих ангиудад ажиллав  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй