Шууд Chart

Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулах боломж бүрдлээ

2017-05-19 17:00:46

Залуучуудын хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал,   нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн ерөнхий захирал Хван Ин,  КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён, “ХҮ ИС” ХХК-ийн ерөнхийлөгч И Чон Жун, болон БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэв.

“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд залуучуудыг бизнесээ эхлүүлэх бүхий л боломжоор ханган дэмжих зорилготой “Бизнес инкубатор төв”, залуучуудын хобби клуб,  “Нийслэлийн залуучуудын сайн дурын төв”, тав тухтай орчин бүрдүүлсэн амралтын танхим, залуучуудын чадавхийг сайжруулах, эерэг хандлага төлөвшүүлэх сургалт зэрэг олон талын үйл ажиллагаа явуулах юм.

БНСУ-ын “ХҮ ИЗ” ХХК-ийн ерөнхийлөгч Ий Чон Жун “Бид бүхэн танай улсын залуучуудад мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлэхээс гадна Улаанбаатар хотод “Өгөгдөл мэдээллийн сангийн төв /Data backup center/”, “ХҮ ИЗ” дизайны төвийг байгуулж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран мэргэжлийн дизайнер бэлтгэх, бэлтгэсэн боловсон хүчнээр  “ХҮ ИЗ” ХХК-ийн төсөл, ажлыг гүйцэтгэх Мэдээллийн технологийн аутсорсинг /IT Outsourcing/-ийн тогтолцоог бий болгохоор ажиллана” гэв.  

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Цаашид бид БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж хөдөлмөр эрхлэх бололцоог бүрдүүлнэ. Тус төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор  компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм.

Мөн тус төвөөр дамжуулан залуучуудыг сайн дурын ажилд уриалж, тусч соёлыг дэлгэрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурын төв”-ийг нээн ажиллуулж байна. Манай төвд хандсанаар сайн дурын ажил хийсэн залуучууд маань мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх юм.  Дараа нь сайн дурын ажил хийсэн цагийг баталгаажуулан гэрчилгээ олгоно. Залуучууд сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм. Одоогийн байдлаар бид залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст нэгдэхийг урьж байна” гэлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулах боломж бүрдлээ  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй