Шууд Chart

Уйлж буй хүүхдийг бүү сэгсэр...

2017-05-26 15:41:37

Хүүхэд уйлах үед заримдаа эцэг, эх нь тэвчээрээ алдаж сэгсрэх юм уу алгаддаг. Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл гэмтэл учруулж болзошгүй. Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс хүүхэд нас барж, эсвэл тархины гэмтэл авч болзошгүйг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Нэг ой хүртэлх насны хүүхэд сэгсрэлтэд илүү эмзэг байдаг. Мөн түүнээс дээш насанд ч гэмтэл авч болно.


Хүүхдээ сэгсэрвэл хүүхэд ухаан алдах буюу таталт өгөх, улмаар сөрөг үр дагаварт хүрэх аюултай.

Yүнд:

-нас барах
-тархи гэмтэх, толгой болон нүдний дотуур цус алдах
-хөдөлгөөн хязгаарлагдах, булчингийн агшилт үүсэх
-сохрох
-эпилекси /унаж татах өвчин/-тэй болох

Хүүхэд насанд тохиолдсон ихэнх гэмтэл эдгэрдэг боловч толгой, тархиндаа гэмтэл авсан хүүхэд насан туршдаа тахир дутуу болох аюултай. Та хүүхдийнхээ асрагч, цэцэрлэгийн ажилтан, эсвэл таны хүүхдийг харж буй найз, хамаатны хүмүүстэй ярилцаж хүүхдийг хүчтэй сэгсэрвэл аюултай гэдгийг ойлгож байгаа эсэхийг асууж, бататгах хэрэгтэй.


Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл...

Хүүхдийг сэгсрэхэд амархан гэмтэл авдаг нь хүүхдийн толгойн хэмжээ биетэй нь харьцуулахад том, хүзүү нь сул байдагтай холбоотой юм. Хүүхдийг сэгсрэхэд хүзүүний булчин нь толгойгоо урагш, хойш хөдлөхөөс хамгаалж чадахгүй учир толгойн доторх жижиг цусны судас урагдаж тархин дотор цус алдах буюу тархины гэмтэл авч болно. Хүүхдийн тархи маш эмзэг байдаг. Энэ нь том хүүхэд буюу насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад зөөлөн бөгөөд гавлын ясны дотор илүү хөдөлгөөнтэй байдаг. Тийм учраас хүүхдийг сэгсрэхэд тархи нь амархан гэмтэж цусан харвалт үүсч болдог.


Хүүхдийг унагаавал...

Тархины гэмтэл үүсч болно. Тийм учрас нярай хүүхдийг хэзээ ч дээшээ өргөж шидэх буюу гараас нь барьж тойруулж эргүүлж болохгүй. Түүнээс дээш насны хүүхэд ингэж дээшээ шидэгдэж гар дээр бууж тоглох дуртай байдаг ч гэсэн унагасан тохиолдолд хүнд гэмтэл авч болзошгүй. Тиймээс хүүхдийн толгойг огцом хөдөлгөх хөдөлгөөнөөс аль болохоор сэргийлэх хэрэгтэй.


Уйлж буй хүүхдийг бүү сэгсэр...  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй