Шууд Chart

Ордосын эрдэнэс

2017-06-02 12:28:16

-Аян замын тэмдэглэл-

Өвөр монгол орон байгуулагдаад 70 жил  болж, газар бүхэнд, энэхүү долоон аравжинд хийж бүтээсэн, бичиж туурвисан, бүтээн байгуулсан, өөрчилж шинэчилсэн элдэв үйлсээ тодруулан дурдаж,  батжуулан эмхтгэж,  түүхээ эргэн харж,  хөгжил дэвшлийн  мөр замаа тодорхойлж байгаа өдөр хоногууд үргэлжилсээр авай. Энэ л нутагт  бүр тодруулвал мэдээллийн томоохон ууган хэрэгслийн нэг болсон Өвөр монголын ардын радио хороонд мэргэжилтэн гээд сууж байгаа завшаандаа өөрийн үзэл танилтаа сонсогч уншигч түмэнтэй  хуваалцахаар  бодож болгоож суугаа нь энэ ээ.

Дэлхий дэлгэнэж, зун зулзагалсан  5 сарын  дундуур Өвөр монголын баруун урд хязгаар болсон Хатан голын өмнө этгээдэд  амьдран сууж байгаа Ордосчуудын ахуй байдалтай танилцах аялалын тэмдэглэл маань ийм нэг оршлоор эхэлж байна.

Уншигч, сонсогч та бүхэнтэй  хамтдаа  аялах гэж байгаа хотынхоо тухай  дөхөмхөн  танилцуулах гэж байна.  Та анхаараад  сонсоод аваарай. Өвөрмонгол орон  урьддаа аймаг хошуу гэсэн засаг захиргааны нэгжтэй байсан. Тэгвэл шинэ зууны эхнээс  аймгуудаа хот болгох засаг захиргааны   үйл явц эхэлсэн. Түүнд өртөгдсөн нэг аймаг бол Их зуу юм. 1649 онд Ордосын бүх аймаг хошууд Далад хошууны Вангийн зууд хурал хуран Их зуу аймгийг  байгуулж байсан бол 352 жилийн дараа ийнхүү нэрээ өөрчилж, баринтагаа сольжээ.  Их зуу аймаг ингэж Ордос хот 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагджээ. Ордос  нь ӨМӨЗО-ны баруун өмнөд хэсэгт Шаньши, Шаньси муж, Ниншяны хотон үндэстний ӨЗО-той хөршилж, баруун, хойд, зүүн талаараа Хатан голоор хүрээлэгдэж, өмнө талаараа эртний урт цагаан хэрэмтэй харалдаа оршдог, аймгийн зэрэглэлтэй хот юм.  Мартснаас мал мэнд үү гэгчээр  “Шаньши,  Шаньси” гэсэн хоёр нэр гарч байна. Нэг нь  “уулын баруун талд”,  нөгөө нь  “хавцлын баруун талд” хэмээх  утгатай үг гэсэн. Газар зүйн байрлалаараа нэрлэсэн Хятадын ийм хоёр  хот тосгон байдаг гэнэ. Энэ хоёртой  хил залгаа юм байна л даа.   Одоогоор Ордос хот 86,752 км²  нутаг дэвсгэртэй, 1,62 сая монгол үндэстнээр гол болгосон, хятад үндэстэн ихэнх хувийг эзэлдэг.  Энэ  хот Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзлэн оршино. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа , Ухайтай нутаг залгана.

Одоо бүгдээрээ  аялалаа үргэлжлүүлье.  Хүн бүхэн нэг ертөнц, нэг үзэл бодол болохоор өөр өөрийнхөөрөө л  аян замаа  сонгож, үзэх үзэл, бодох бодлоо  хураангуйлж явлаа. Миний хувьд   Ордосын эрдэнэсийн тухай л бодол болж явсан. Түүнийгээ л та олонтойгоо  багцлан хуваалцая.

Ордосын номин цэнхэр тэнгэрийн доор, оюу ногоон газрын дээр   олон адууны  үүрсээн сонстох шиг  нэгэн газраас бидний аялал эхэлсэн. Тэр юу гэвэл  Улаан мөрний усыг хазаарлан  тогтоож байгуулсан  алжаал тайлах  хүрээлэн байлаа. Тэр талбайн наран ургах зүгт  Хиа багшийн алтан  шуумал  галалзан ихэмсэглэнэ. Наагуур нь  улаан мөрний мандал бидэрлэнэ. Баруун эргээр нь  тавь шахам адуун сүргийн усандаа ирж буй агуулга илтгэсэн элдэв  араншинг товойлгосон  шуумлууд адуучин эзэнтэйгээ  баруун урагш чиглэн  сүрэглэнэ....Шинэ хотын нэг үзэмж энэ... Бидний аялал ийнхүү хүлгийн төвөргөөнөөр эхэлвэй. Ордос хотын  монгол ерөнхийлсөн радиогийн дарга Гэрэл ч утга бэлэгшээлийг бодож, энд түр саатуулах шиг санагдсан.



“Ордос”  гэдэг нь  чухамдаа “Урдас”, “Урд нь байдаг” гэсэн утгатай үг аж. Бүр тодруулвал  Хатан голын урд байдаг монгол аймаг гэдгээс ирэлттэй аж. Хатан голоор гурван талаараа хүрээлэгдэж, урд талаараа цагаан хэрмээр хашигдсан  тийм нэг төгрөг дотор аж төрөн суудаг монгол үндэстний түүхийн  алтан хоймор болсон газар л даа.  Нэг талаас  монгол бичигт  “у”, “о”-г нэг  үсгээр тэмдэглэдэгээс болж  “у”-г нь “о” гэж дуудсантай холбоотой байж ч болох. Нөгөө талаасаа  ер нь энэ хоёр эгшиг ойролцоо дуудлагатай  болохоор сунжран хэлэгдсээр  “Ордос”  болсон ч байж мэднэ.  Ямар боловч утгын дүйцэл нь Урдас, Хатан голын урд байдаг  гэсэн байр зүйн нэрнээс үүдэлтэй нэр бөлгөө.  Манайхан юм зохиохдоо сайн болохоор  “Орд өргөө” гэдэг үгнээс үүсэлтэй хэмээн  худлаа  тайлбар оноож цэцэрхсээр  “Урдас” гэдэг нэр  Ордос гэх утгаар хэлэгдэж бас тайлбарлагдах болжээ. Үгийн  цаад гарал үүслийг судлахад хойшдын мэргэдэд нэмэр болуужин хэмээн энэхэн  хэсгийг онцлон тэмдэглэж байна. Үнэнийг мэдэх  өвгөд  цөөрсөөр байгаа цагийн түүчээнд энэхүү үг болоод утгын үнэнийг  арилж үгүй болохоос нь өмнө  энэхүү мэдээллийг хүргэж байгаа нь бас ч учиртай. Нутгийн гүнд Ордос ахан дүүстэй  ярьж ахуйд үнэхээр л “Урдас” хэмээн тодоос тод  дуудах юм билээ. Тэгээд ч Ордосын Үүшин хошууны настан судлаач  Эрхэсцэцэн гуай үүнийг баримт түшин тайлбарласан нь үнэндээ итгэхээс өөр гарц байгаагүйг хэлэх нь зүйтэй. Ордосын эрдэнэс хэмээх аян замын тэмдэглэлээ жинхэнэ утгаар эхэлж байна.

Нэг: Ногоон эрдэнэс буюу  эх байгалиа хамгаалсан нь

Бидний Ордос нутгаар аялсан  аялалын цаад агуулга нь үнэндээ  ногооруулалтын тухай байлаа.  Ногоон өнгө бол  дулаан өнгө. Бас амьдралын өнгө. Амьд өнгө. Энэ өнгийг эрэн сурвалжилж хэд хоног “ногоон” болтлоо явлаа. Дэлхий ногоорч байна. Дэнж бэлийн цэцгэс ээлж дараагаар дэлбээгээ нээж байна. Эхлээд өөвгөр сөөвгөр ногоон соёо цухуйж томрон томорсоор  түмэн өнгийн  цэцэгс дэлбээлж байна. Мод бүхэн нь цэцэглэдэг юм бол уу гэх  бодол хааяадаа төрж л явлаа... Эхлээд гүйлс, тэгээд монос ч гэдэг юм уу...хэд хэд хоногоор дэлхий чимээд л цас  шиг бутран үгүй болно. Энэ нутагт эртэч хөх яргуй өтөлжээ. Гагцхүү харганы шар цэцэг   шандуурчээ.  Гудамжны хауугаар эгнэсэн модод цэцгээ дэлгэсэн нь үснийхээ үзүүрт тууз зүүсэн  жаахан охин шиг харагдана. Ордосын өндөрлөг тэр чигээрээ ногоон далай болжээ. Ингэж хэлэхэд хэдийдэхгүй. Уулдаа бол элсэн далай байсан гэж үлгэр шиг юм ярих нутгийханд итгэмээргүй.  Үнэндээ бол  үлгэр биш  үнэн ажээ. Нүдээр үзэж  төгөл моддынх нь сүүдэрт зогсож байхдаа сайн ойлголоо. Одоо бол хааяадаа  энд тэнд үзэгдэх  элсэн манхан нь   “газрын үлд” шиг ов товхон юм л үе үе харагдана.  Хаашаа л харна нов ногоон. Монголдоо бол Тужийн нарсан дундуур “туучиж” яваа юм шиг сэтгэгдэл төрнө. Элсэн манхтай нутгаа ийм л болгож амьд ногоон өнгөөр дээл эсгэж өмсгөжээ. Би  аян замдаа “Муу усны номин ногоон туульс” гэдэг номыг мураглан байж олоод   уншлаа.  Ордос ногоорсон түүхийг эндээс сайн ойлголоо.  Тэр номд өгүүлсэн нь “...хөгшин ээж нүд нь гэрэлтэн, царай дээр нь мишээлт тодорлоо. Малчдын дотор гэгээ татах шиг болов. Нохойн хамар сэргэг гэдгийг тэд андахгүй. Ноход  лав их цөлөөр  хөвөх чийгийн анирыг үнэрдэж мэдсэн байна. Юу ч гэсэн нэг элсэн цөлийн ногоон бүрдэд  орвол  хараа алдам  цэл ногоон бэлчээр налайж, гүн цэнхэр ус ар татан  мэлмэлзэнэ. Агшин зуурын  хооронд ундаассан хүн мал  баясан  адуу мал гүн  нуур уруу хошууран буухад  малын хөлөөр нуур цалгин  тунгалаг усан дөрвөн зүгт цацарна. Ундаассан хүмүүс цангаа тайлагдахаар нь   ус нь шорвог болохыг мэдээд  “муу ус” гэж  толгой сэгсэрчээ.  Настай ээж хүмүүст:  “Муу ус ч гэсэн усгүйгээс дээр биз” гэлээ.  “Худгийн усанд загасгүй, хуучдын үгэнд худалгүй”  гээд толгой дохицгоов.  Тэгээд малчид энд нутагшин  суужээ.  Энэ газар ингээд л өөрийн нэртэй болжээ.” Номд иэнгэж өгүүлсэн.  Тэрхүү  “муу ус” хэмээх газар   хэрхэн номин ногоон болсон түүхийг энд бичжээ...Энэ бол Ордос нутаг ногоорсон түүхийн эхлэл буюу...Энэ цагаас эхлэн  Ордост  ногооруулах их аян өрнөжээ. Одоо бол үнэхээр элсэн далай биш ногоон далай болжээ. Энэ нутагт “өргөмөл” моддын  ой шугуй хаана л бол хаана  ногоорч байна. Малчин бүр л өөрийн эзэмшлийн  бэлчээртээ мод тарьж, өвс ургамал ургуулж байна. Малаа тэжээх  өвс бордоо бас тариалж байна. Элс манхнаа засаж,  мод бутны үндсээр аргамжиж байна.  Ихэнхдээ  бургас хайлаас, уд, харгана тэгээд  нарс мод тарих юм. Торлогноос эхлээд жимсний олон төрлийн мод тарьсан ажилч хичээнгүй малчин ч байна. Ямартай ч ногоон өнгийг эрхэм болгож,  элс манхнаа хил давуулан алдахаас болгоомжлон   заяасан нутагт нь аргамжиж байгаа сайн үйлс Ордос нутагт  жинхэнэ ёсоороо ажил болжээ. Тийм ч болохоор НҮБ- аас энэ жил Ордост эх байгалийг ногооруулах үйлсийн талаар хэлэлцэх  олон улсын хурал  зохион байгуулахаар тогтжээ. Тэр хүмүүс  хүний гараар  хувь заяагаа шийдүүлсэн энэ их ногоон ой модыг хараад, тэр их элсэн цөлийг ногоон төгөл болгосныг нүдээр үзээд сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой.  Энэхэн зуур ногоон эрдэнэс буюу эх байгалиа хамгаалах үйлсийг үзэж сэтгэл  “таргалж” явахдаа бодсон  сэтгүүлчийн бодролоор энэхүү  Ордосын ногоон эрдэнэсээ хашин байж өндөрлөе.

Ногоон өнгө тайвшруулахын шидтэй намуун зөөлөн аястай, залуу насны билэгдэл болсон сайхан дулаан өнгө юм. Амьдрал энэ ногоон өнгөнөөс үүссэн байж мэднэ. Нар бол ногоон өнгөний хөтөч нь, бас асран бойжуулагч нь юм. Хаваржаа, зуслангаас нүүхэд ширдгэн доороос өлөн цагаан соёо сарвайж, тийм өнгөтэй ногоо л цагираглан ургасан байдгийг та мэднэ дээ. Энэ бол наргүй бол ногоон өнгө байдаггүйн баталгаа. Нар бол ногоон өнгийг будагч амьд эс нь юм. Газар дэлхий сайхан ногоорчээ. Шинэ ногоо, шинэ амт, шинэ эрч хүчний билэгдэл болон ургаж байна. Түүнийг идсэн мал бас шинэ болж байна. Шим шүүсээр нь "ногоорч" байна. Ногоорно гэдэг шинийн билэгдэл. Хурга ишигний эрүүний үс ногоон туяа суужээ...Тэд бас шинэ болж байна. Харахад мах улаан, сүү цагаан ч цаанаа ногоон буюу... Шинэ ногооны шөл ууна гэж малчид хот руугаа ордог. Энэ бол малаараа дамжуулан шинэ ногоо идэж, хүн бас ногоорч байна гэсэнтэй агаар нэг. Манай нутагт өдийд малчин хүн  малаа ногоолуулж яваа...Ногоонд цадаад ирэхийн цагтаа малын мах сүү тэр чигээрээ ногоон болдог...Ингээд хүн малгүй ногоорч, залуужихийн шидийг олж, эрч хүч авдаг юм уу даа...Чухамдаа хүн ногоорох хүний оюун санаа ногоорох тийм цаг үе тулж иржээ...Шинэчлэгдэхийн үүдэл нь ногоорох буюу...Дэлхий дээр ногоон эдийн засаг, ногоон байгаль, ногоон хөгжил, ногоон хот, ногоон хүнс гэж ярих болсон нь үүнтэй холбоотой ч гагцхүү хүнээ "ногооруулах" л орхигдоод байна даа...Хүний оюун санаа, сэтгэл зүтгэл ногоорохгүй бол бусдыг тэгтлээ ногооруулж чадах уу... Бодоцгооё... Ордосын ногоон эрдэнэс түр баяртай...

Хоёр: Хар эрдэнэс буюу  илч түгээх нүүрс

Элсэн манхтай нутгийн гүвээ толгод баруун хойноос зүүн өмнөш чиглэсэн халуун салхийг урин  сэвэлзээд шинэхэн ногоон мододын мөчир салаа дамжин хааяадаа хуй босгон  давалгаална. Нутгийн хүмүүс ярихдаа Ордосын өндөрлөгт  уулдаа  элсэн манхад нь гэрэлтсэн ийм л нутаг байсан...гэх. Энэ их элсэн манхадын өлгийд илч дулаан  багтаж ядан байдаг.  Түүхийн их мөрөн Хатан голын дунд ай савд багтах энэ өргөн уудам нутаг он цагийн буурал салхин дор онгож шаргалтан, халтартсан сайр бүхий говийн элсэн манханууд нь өнө цагийн үлгэр домгон дундаа нойрсож байсан нь саяхан. Хэвлийдээ тээсэн тэр их илч дулааны зууч нь  хар алт хэмээн  цоллуулах  нүүрс бөлгөө. Бидний энэхүү аялал хар алтан дээгүүр халуун илчин дээгүүр хатируулж байгаа юм л даа.  Ордос нь  нүүрсний нөөцөөр хамгийн элбэг нутгийн нэг. Хайгуулчийн алхны дуу энд мөн ч  их нүүрс байна даа гэх бахархалын чимээг  өгсөн нь тэдний  үүц нөөцийн нэг  их давлагаа байлаа. Ийм дулаахан хөрсөн дээр амьдарч байгаа болохоор тэдэнд хур ус жаахан дутагдалтай байж юу магад.  Манай  Монголд л гэхэд нүүрсний уурхай ихэвчлэн говь цөлд  илэрдэг. Тэнд нь  хур бороо багаахан ордог байх жишээтэй. Ордосын шинжилгээгээр тодруулсан нүүрсний нөөцийн хэмжээ нь 149.6 тэрбум тонн-д хүрч, энэ үзүүлэлт нь Хятадын ерөнхий хэмжээний 1/6 хувийг эзэлж байна. Ай даа том нөөц. Хатан голын эрэг дагуу үргэлжлэх хэдэн арван км газарт нүүрсний асар их нөөц бий. Ашигт малтмалын 50 нэр төрлийн уурхайтай. Нүүрсний нөөц 763 тэрбум тонн буюу дэлхийн бүх нүүрсний зургааны нэг нь Ордост байдаг. Зарим нэгийг онцолвол Зүүнгарын нүүрсний орд нь, давхарга зузаан, хуулах өнгөн хөрс нимгэн, олборлоход хялбар. Жилд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой, 26 тэрбум тонн нөөцтэй гэж байгаа.

Сүүлийн жилүүдэд Ордос хот нүүрсний аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэл болон бүтцийн өөрчлөлтийн талаар дайчин шаргуу урагшилж, нүүрс болон эрчим хүчний аж үйлдвэрийн үр ашигтай, бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн зам хайсаар ирсэн байна. Үүний дүнд нүүрсний салбарын ногоон хөгжил, ариун цэвэр, аюулгүй байдал болон үргэлжлэн хөгжих хөгжлийг хэрэгжүүлсээр л байна. Ордос хотод өнөөг хүртэл нийт 355 нүүрсний уурхай ажиллаж байна.  Эдгээрийн жилийн төлөвлөсөн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 768.06 сая тоннд хүрчээ. Хятадын бүтээн байгуулахаар төлөвлөж буй 14 том нүүрсний уурхайн  нэгэнд Ордосын нүүрсний уурхай зүй ёсоор ордог  Нүүрсний цахилгааны томоохон 9 суурин газрын нэг нь  Ордос болжээ. Нүүрсний уурхайн механикжуулалт 95 хувь болж, нүүрсний уурхайн газрын нөхөн сэргээх түвшин 80 хувьд хүрсэн байна. Түүний нэгээхэн илрэл нь  дээр өгүүлсэн ногоон эрдэнэс буюу  эх байгалиа засах ариун их үйлс гэж баттайяа хэлэх юун. Тэдэнд бүрэн гүйцэд унаган төрхөнд нь буцааж аваачих их ажил байгаа нь мэдээж ээ. Одоогоос гурван жилийн өмнө  нүүрсний үнэ  навсайтал доошилж, Ордосчууд  яав ийв  гэмээр уналтанд орж түгшиж байсан бол  2017 он гарсаар нүүрсний үнэ  өсөж ӨМӨЗО-ы Хөгжлийн хорооны үнийн хяналтын төвийн мэдээнээс үзвэл, энэ оны гуравдугаар сард богино хугацааны зах зээлийн эрэлт болон далайн боомт, цахилгаан станцын нөөц бага байгаа зэрэг шалтгааны улмаас Өвөр Монголын дулааны нүүрсний дундаж үнэ өмнөх жилийнхээс 64.36 хувиар өсөж,дундаж үнэ нэг тонн нь 206.04 юаньд хүрсэн байна.

Энэ үед хамгийн хямд зүүн бүсийн хүрэн нүүрсний дундаж үнэ нь тонн тутамдаа 152.76 юань хүрсэн бол Ордос хотын дулааны нүүрсний дундаж үнэ нь тонн бүрдээ 282.22 юань хүрч хамгийн өндөр үнийг тогтоогоод байлаа. Ордосын дулааны нүүрс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 184.43 хувиар нэмэгдсэн ажээ.  Бид Ордос хотын оршин байгаа Эзэн хороо хошууны Улаанмөрөн балгасанд хүрч очсон юм. Улаанмөрөн балгасны  намын хорооны нарийн бичгийн  дарга Соёлдалай танилцуулахдаа: Манай балгас л гэхэд 24 нүүрсний уурхайтай шүү дээ. Та бидний ярилцаад зогсож байгаа энэхэн хажууд хүртэл нэг томоохон нүүрсний уурхай байна. Бид  уурхайн олдворын газар амьдарч байсан малчдаа их харж үзсэн. Тэднээс газрыг нь худалдаж авахын зэрэгцээ амьдралынх эх үүсвэрийг баталгаажуулахад төрөөс ч,  уурхайн захиргаанаас ч их анхаарсан. Хойшдоо ч анхаарсаар байх болно.   Байнгын нөхвөр өгдөг. Хошуунд суух орон байрыг нь шийдэж өгсөн. Өөр арга байхгүй л дээ... гэж байлаа.

Хятадын нүүрсний нийт  олборлолтын  дөрөвний нэгийг дангаар эзэлдэг Ордосын нүүрсний уурхайчид хөрөнгийг ингэж төвлөрүүлж байна.  Хэд хэдэн тоогоор зангидаж  ямар хүчирхэг  ямар  хөрөнгө зоорь байгааг  тодруулья.  Ордосын дотоодын нийт бүтээгдхүүн /ДНБ/ 49,83 тэр бум ам.доллар буюу манай  улсынхаас  бараг  тав дахин их байна.  Ордос нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр  бүх Хятадын хэмжээнд Бээжингийн дараа хоёрдугаарт орно.  Ер нь  Ордосын нүүрс түүний баялаг болоод зах зээлийн  оролцоог  мэддэгээр нь Өмнөговь аймагтайгаа харьцуулж ажиглая л даа.  Өмнөговь аймаг 101,3 тэр бум нүүрсний  нөөцтэй бол Ордос  хот  149,6 тэр бум нүүрсний  нөөцтэй. Тийм ч их зөрөөгүй харагдаж байгаа биз.  Хоёулаа л  улс орхныхоо хэмжээнд  төдийгүй  дэлхийд нүүрсний нөөцөөр  тэргүүлэгчдийн эгнээнд ордог.  Гагцхүү “өрсөлдөх чадварын тайлан”-д  бичснээр бол  Өмнөговийнх ДНБ 283 сая ам.доллар бол Ордосынх 176 дахин их байх юм.  Нэг хүнд ногдох ДНБ нь  Өмнөговийнх 3232 ам.доллар байгаа нь  Ордосынхоос  найм дахин доор байх жишээтэй.  Ийм л баялаг их  “хар алт” элгэндээ тэврээд налайж буй  Ордосын өндөрлөг эздээ  байгалийн баялагаараа тэжээж байна гэсэн үг л дээ.  Тэгтэл Өмнөговийн маань “хар алт” урд хөрш уруу өглөө оройгүй цувсаар л байна.

Гурав: Цагаан эрдэнэс буюу Арвас ямаа

Ордосын эрдэнэсийг өнгөөр тодруулсан гурав дахь эрдэнэс бол  цагаан өнгөөр   бэлэгшээх Ордосын арвис үүлдрийн цагаан ямаа.  Ордос гэсэн нэрийг энд тэндгүй цуурайтуулсан бүтээгдхүүн бол Ордосын ноолуур.  Цагаан өнгийн ноолуур зах зээлд хамгийн үнэтэй нь. Түүнд зохицсон  ямаан сүрэг ордосын өндөрлөгт   идээшин бэлчиж байна. Эзнээ  зөөлөн цагаан алтаараа  тэжээж ахуй энэ ямааг  Арвас үүлдрийнх гэдгийг тэр болгон гадна дотныхон мэдэхгүй.  Өөрсдийнх нь  бахархан ярьдагчлан  “Зөөлхөн алт” нэртэй Арвас цагаан ямааны ноолуурыг тэд үйлдвэрлэдэг. Ямааны ноолуурын цамцны үйлдвэрлэл нь дэлхийн үйлдвэрлэлийн 1/4-ийг эзэлдэг. Үүгээрээ дэлхийн ямааны ноолуурын аж үйлдвэрийн томоохон төв болно. Өвөрмонголын Ордосоор голлосон  бусад аймгуудад ч цөөн тоогоор байх Арвасын цагаан ямааны гол цөм нь  Отог хошуу юм.  Хуучин Отог хошуу маань их том газар нутагтай байсан.  Хожим энэ хошууг хоёр хувааж, Отгийн өмнөд  хошууг  тусд нь гаргаажээ.  Арвас цагаан ямаанд  зориулан  Ордосын Отог хошуунд хөшөө босгожээ. Энэ ямаа хувьсгалын эхэн үеэр манай орны говийн аймгуудаас дүрвэн гарсан малчдын сүрэгт байсан залаа  Жинстийн цагаан ямаатай холбоотой байж болохыг монголчууд бас судалж, сонирхож байдгийг сонссон юм байна. Ямар боловч энэ цагаан ямаа ноолуураар баян юм. ӨМӨЗО-ны ноолуурын чиглэлийн ямааны үүлдрийг хамгаалах эдийн засгийн тусгай нөхөн төлбөр малчдад олгох хүртэл хөгжүүлсэн цагаан ямаа л даа. Өвөр Монголд Арвасын ноолуурын цагаан ямаа, Хоёр богдын ноолуурын цагаан ямаа, Алшаагийн ноолуурын цагаан ямааны үүлдрийг сонгож, 1988 оны 4 дүгээр сард "Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа"-ны шилдэг үүлдрээр тогтоосноос хойш даруй 30 жилийн нүүр үзэх гэж байна.  Эдгээр үүлдрийн ямааны ноолуурын ширхгийн нарийн нь 14.5 микрометрээс бага, онцгой нарийн зөөлөн байдгаараа дотооддоо төдийгүй  гадаадын зах зээлд алдартай.  Арвас цагаан ямааны өлгий нутаг Отог хошуунд очлоо.  Ер нь Үүшин хошуунаас  эхлээд тойрохдоо энэ ямааны тухай  асууж сураглаж л явлаа. Сониноос  Ордос нутагт, сүүлийн жилүүдэд бэлчээр хамгаалах зорилготойгоор 4 сарын нэгнээс  7 сарын нэгэн хүртэл  мал бэлчээрлэхийг “цаазалсан”   зарлигтай болохоор  “арвас” хэмээх цагаан эрдэнэ хашаандаа л  шинэ ногоо, хөх яргуй зүүдлээд  гунигтай нь аргагүй  хөл хориотой байх юм билээ. Эх байгалиа хамгаалах, ногооруулалтыг дэмжих  төрийн бодлого нь ийнхүү  дээр дооргүй хэрэгждэг аж. Ногоо  ургаж гүйцэхийн үес сая л хөл хорио нь тавигдаж  ургаад  шим шүүс нь  өтгөрсөн тэр л үед хөлийн чилээ гаргаж,  шинэ ногоонд цадаж, хүслээ биелүүлдэг ажээ. Манайхан шиг  яргуй идсэн ямааны шөл ууна гээд хот уруугаа орно гэж санахын гарз. Эрүүнийх нь үс ногоорч шинэ ногооны амт аван салхи сөрөн  зогсох ямааны жаргал гэж  бас байхгүй. Нэг малчныд давхиад буулаа. Хашаандаа хоригдсон хэдэн цагаан ямаа байна. Хайчилчихжээ. Малчнаас нь тодруулан ярилцвал  сүүлийн үед   ноолууртай нь  хайчилчихдаг болсон л доо. Өөрсдөө зав бүл муутай бол  хүн хөлсөлнө.  Нэг ямаа хайчилахад 10  зоос гэж байна. Ноолуурын үнэ ханш  ямар байна даа гэвэл.  Нэг жин нь  самнасан бол 120 зоос хүрч байна. Хайчилсан бол  нэг жин нь 80 зоос л доо. Хайчилвал  нэг ямаанаас бараг 3 жин  гарна.  Дүндээ дүн гэж байна.   Ингээд тооцоо бодвол  нэг кг ноолуур энэ хавар монгол төгрөгөөр 86000 гаруй төгрөг л байгаа бололтой юм.  Монголд эртхэндээ  Дорнод зэрэг зүүн  гурван аймгаар 100000 гаруй төгрөг болж байсан бол одоо  ямаагаа оройхон самнадаг төвийн  болон бусад аймгуудаар ноолуурын үнэ  50000 гаруй төгрөг лбайгаа дуулдана.  Арвас цагаан ямаа эзнээ тэжээх үнэт эрдэнийг жилийн жилд ургуулсаар байгаа ч түүнийг ад үзэх нь  өнгөрсөн зууны наяад оноос манайтай адилхан  энд бас эхэлжээ. Манайд ямаа бол  “амьд байх эрхээ нолуураараа хамгаалдаг” хэмээн хошигнодог. Түүн лугаа  энэ нутгийн олон малчин тариачин  ямааныхаа ноолуураар амьдрал ахуйгаа дээшлүүлсэн түүх шинээрээ л байна. Гэвч  хүмүүс нутаг бэлчээрийн эвдэгдэл, шороон шуурга олширч байгааг ноолуурт ямаанаас болсон гэж үзэх болжээ. Нэн цаашлаад эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарт "ямааг устгах" бүлэг илэрч, экологийн орчныг сайтар хамгаалахын тулд ноолуурт ямааг их хэмжээгээр устгах хэрэгтэй гэж дуу дуугаа авалцан шүүмжилжээ. Энэ үеэс эхэлж өнөөх эзнээ баяжуулагч “зөөлөн цагаан алт” үйлдвэрлэгч  ямаа маань нутаг бэлчээрийг эвдэн сүйтгэгч нэрийг олжээ. Нээрэн нутаг бэлчээрийг эвдэх талаар ямаа нь хониноос илүүтэй. Судалгаанаас үзвэл, нэг ямааны бэлчээр сүйтгэх хэмжээ нь 3-аас 5 хоньтой тэнцэхээр гэнэ.  Гэвч ноолуурт ямааны бүх бие нь эрдэнэ байж, өвс идэх нь ч бага тул үр ашиг нь хониноос хол их юм. Ийм болохоор өргөн олон малчин тариачин өсгөн үржүүлэх дуртай бөгөөд түүндээ түшиглэж орлогоо нэмэгдүүлэх тэргүүн зэргийн  сонголт  байсаар л байна. Ноолуурын чанар гарц  үргэлж сайн байсангүй.  Нэг  үе  ноолуурын гаралтын хэмжээг хэт чухалчилснаас ноолуурын чанар мэдэгдэхүйц муудаж, дээрх үүлдрийн ямааны ноолуурын үнэ ихээр буурав. Энэхүү нөхцөлд зориулан Өвөр Монголын засгийн газраас эдийн засгийн тусламж үзүүлэн, шилдэг үүлдрийн ямаа хариулсан малчдад нөхвөр олгон, ноолуурын чанарыг сайжруулах, гаралтыг ихэсгэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлж байлаа.  Хүн ардынхаа төлөө, малч эзнийхээ төлөө  зүтгэсэн энэхүү Арвас цагаан ямаа нь Ордос нутагтаа хөшөө болтлоо  алдаршсан юм. Тийм аваас аргагүй л Ордосын эрдэнэсийн нэг бөлгөө.

Дөрөв. Цэнхэр эрдэнэс буюу байгалийн хий

Ордос хот нь өнө эртний түүхтэй, хүн төрөлхтөн үүссэн нутгийн нэг. 35 мянга гаруй жилийн тэртээ эртний “Бортохой хүн” аж төрж, нэрд гарсан “Бортохой соёл”-ыг бүтээжээ. Шан улсаас өмнө Дундадын нүүдэлчин үндэстний соёл иргэншлийн үүд эндээс нээгдсэн.  МЭӨ 2800 онд олон амьтны хээ урласан хүрэл зэвсгээр төлөөлүүлсэн Ордосын  хүрэл соёл төлөвшин тогтсон байдгийг түүх архелогичид шагшин магтацгааж, дэлхийн чихийг дэлдийлгэж байсан даа. Ийм л нутгаар аялал маань үргэжиллсээр.  Дахиад жаахан түүхэн үйл явцын дараалал сөхөж ажиглая.  Чинь улсын үед шууд зам тавьж байсан бол  Хань улсын үед Жюнь, Шань, Тан улсын үед улмаар  Жөү,Фү, Мин улсын үед нэвтрэх боомт байгуулжээ. Яван явсаар 1649 онд  хүрч ирэхэд Ордосын бүх аймаг хошууд Далад хошууны Вангийн зууд хурал хуран Их зуу аймгийг  байгуулсан юм.  Ордосын нэн эртний түүх ийнхүү үргэлжилнэ.  Одоо та бүхэндээ  сонирхуулах гэж байгаа нэг эрдэнэ нь хүнээр бол  цээжээ яран халууцаж  хөлс нь бурзайсан залуу эрийн илч мэдрэгдэх лугаа нэг дүр зураг тодрох шиг... Энэ болвоос шатаж байгаа байгалийн хий буюу... Энэ хийг бид  агаараар төсөөлдөг. Шатаж буй агаарыг бид цэнхэр өнгөөр л төсөөлөх.  Байгалийн хий буюу өвөрлөгчдийн нэрлэж байгаагаар “шатамхай хий”  юм. Үүнийг  бэлэгшээн Ордосын бас нэг эрдэнэсээр тодруулж байна даа.  Байгалийн хий нь  газрын тосны орд бараадах, эсвэл  дангаараа орших, мөн нүүрсний ордтой  нүүрсний хий байдлаар тохиолддог. Энэ бол үнэндээ  нэг л ашиглаад эхэлчихвэл үнэхээр  нөгөө ногоон хөгжил гэдгийг чинь илэрхийлэх хамгийн гол хүчин зүйлийн нэг юм. Ийм ховор юм Ордост байна. Ордосын Үүшин хошууны нутаг  нээлт хийж түүнийг илрүүлсэн. Үнэндээ бол  Үүшин Отог хошуудын  зааг нутагт хамгийн их байгалийн хөрсөн доор нь  оршдог ажээ.  Дэлхий нийтээрээ ногоон хөгжил, ногоон ирээдүйн төлөө зорьж эхлээд байна. Тэр зорилгодоо зарим нь хүрэх дөхөөд, барианд орох ч болчихож. Харин манай улс ногоон хөгжил, ногоон ирээдүйн талаар одоохондоо зөвхөн ярьж л байна. Дээрээс нь манай ихэнх хүмүүс ногоон хөгжил гэдгийг ганцхан мод тарих гээд ойлгочихсон л тууж яваа. Яг үнэндээ ногоон хөгжил гэдэг ганцхан мод тарих биш, байгаль орчноо хайрлаж хамгаалах, эрчим хүчээ хэмнэх, эх дэлхийгээ энэрэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах гээд олон талт ажил юм.  БНХАУ энэхүү  ногоон хөгжил гэдгийг чинь дэлхий нийтэд үлгэрлэхээр хэмжээнд хүргэчихэж. Ордосоор тойрч ахуйд тэгж бодогдлоо. Дэлхийд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой 20 хотын 16 нь Хятадад байгаа гэсэн ч тоо баримт бий. Бээжин хотын агаарын бохирдол ямар хэмжээнд хүрчихээд байгааг дэлхий нийт харж л байгаа. Мөн Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувийг хятадууд үйлдвэрлэдэг гэсэн тоо баримт байгаа юм.Тиймээс ч хятадууд агаарын бохирдол, байгаль орчны өөрчлөлттэй тууштай тэмцэж, ногоон хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ бүхэн амьдралын гашуун үнэнээр  яалт ч үгүй шахаж эхэлсэн. Энэ ч утгаараа нүүрсний хэрэглээнээс татгалзахаар эрс шийдэж, бүхэл бүтэн зорилтот хөтөлбөрүүдийг дэвшүүлээд ажиллаж байна. Угаасаа агаарын бохирдол ихэсч байгаа нь юуны өмнө нүүрсний хэрэглээтэй салшгүй холбоотой. Цаашлаад машины утаа энэ тэр гээд олон хүчин зүйл байгаа л байх. Гэхдээ л нүүрснээс татгалзаж байж л Хятад улсын өмнөө тавьсан ногоон хөгжил, ногоон ирээдүйд хүрч чадах нь ойлгомжтой. Дэлхийн хүн амын зургааны нэг нь амьдардаг Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг эзэлдэг гэсэн тооцоо бас бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээг эрс бууруулж, цаашлаад бүр татгалзах хүртэл зорилго тавиад байгаа. Хятадууд 2020 он гэхэд нүүрснээс татгалзана. Чадахгүй юм гэхэд  2030 он гэхэд татгалзана. Зорилготой зорилгоо биелүүлэх хөтөлбөртэй байна гэдэг сайн.  Хятадын энэ том зорилгын түүчээ нь  байгалийн хий. Тэр их байгалийн хий Ордост байна. Ерөөсөө Ордос хотод одоогоор илэрсэн байгалийн хийн нөөц нь 44 тэрбум тонн бөгөөд бүх Хятадын нийт нөөцийн 1/3 хувийг эзэлж байгаа аж. Мөн дэлхийн хамгийн том хийн орд Сүрэг хийн ай сав энэ нутагт байгаа юм байна. Нэгэн жишээ татвал: Өвөр Монголын эрчим хүчний хөрөнгө оруулалт бүхий нэг компани Ордост  ажиллаж байна. Тус байгууллага газын хийн үйлдвэрлэлээ нэлээд эрчимжүүлж, шинэ шинэ технологийг нэвтрүүлж эхэлж. Өдөртөө 30, 50, 100 мянган тонн газ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулжээ. Тэгэхдээ бүр газрын хийг өрмийн цооногийн амсар дээр нь шингэн болгож шахах боломжтой дэвшилтэд технологийг ашиглаж байгаа юм байна. 30 мянган тонноос бага хэмжээтэйг үйлдвэрлэх бол өрмийн цооногийн амсар дээр нь шахаад, шууд баллонд хийгээд л тээвэрлэдэг аж. Ингэхээр хоолойгоор дамжуулжснаас хамаагүй өртөг багатай байдаг юм байна. 600 метр куб хийг нэг метр куб шингэн болгодог аж. Энэ мэтээр газын үйлдвэрлэлийг үнэхээр эрчимжүүлж байна. Газ тээвэрлэх машин, явуулын газ түгээх станц хүртэл нэвтрүүлсэн байсан. Тиймдээ ч айл өрхийн дулааныг хийгээр шийддэг болчихож. Нүүрс шатааж усаа халаадаг байсан бол одоо хий шатаагаад л шийдчихэж байна. Ингэж л нүүрснээс татгалзаж эхэлж. Цаашлаад агаарын бохирдлоо ч хүртэл шийдэж чадаж байгаа юм. Энэ үйлсэд  Хятад гүрний утаагүй болох  зорилгод Ордосын өндөрлөг  илч дулаанаа харамгүй хайрлаж эхэллээ.

Тав: Эзэн богд буюу түүхэн эрдэнэс

Одоогоос 17 жилийн өмнө Ордос хотыг  Их зуу аймаг гэж ахуйд, шинэхэн хот Хиа багшийг сураггүй байхад миний бие  Эзэн Чингисийн энэхүү цогцолбор  хүндэтгэлийг үзэж  “Мөргөлийн шүлэг” бичиж явснаа  эргэн саналаа. Тийм ээ, улс орон хийгээд  дэлхий дахин  цаг хугацаанд туугдан урагшилж, урагшлахдаа хөгжин дэвшиж түүхээ баринтагласаар авай. Энэ удаагийн   бидний ногоон Ордосыг  танин мэдэж, түмэнд хүргэх аялалын сүүл мушгих өдрүүд байлаа. Ордос хотын Эзэн хороо хошуу бол энэхүү цогцолбор оршдог хошуу.  Ордос бол та бидний  зах зухаас нь мэдэх, бас ирж үзсэн тийм л түүхт газар. Ордосыгн брэнд болсон түүхэн  дурсгалт газар. Дэлхийн жуулчдын  нүдийг хужирлах агуу гүрний, агуу удирдагчийн  түүхийн  хоймор гэж хэлж болох талтай.  Эзэн богдын дурсгал бүхий энэ цогцолбор  Өвөрмонголын Өөртөө Засах орны Ордос хотын Эзэн хороо хошууны Гандирын шилд байрладаг.  Чингисийн онгон цогцолбор нь Ордос хотоос зүүн урагш 70 км-ийн зайд оршдог.  Ордос хот 2002 оноос хойш 800 сая юаний хөрөнгө оруулалт хийж бүтээсэн гэх агаад Чингис хааны онгон эдэлбэр нь 5.5 га газрыг хамарчээ. Цогцолборын үүдээр оронгуут Чингис хааны сүрлэг морьт хөшөө угтан авна. Түүхийн хуудас жаахан эргүүлж бодолхийлье. Эзэн Чингисийн тахилын орон болсон найман цагаан гэрийг анх Монголын зах газар байгуулж, мянган өрх урианханчуудаар сахиулж байсан.  Найман цагаан гэрийн уламжлал ер тасраагүй. Юань улсын эхэн үед энэхүү найман цагаан гэр нь Хятадын уламжлалт “Дээдсийн сүм”-д Юань улсын хаадын тайлга тахилгын газар болжээ. Юань улсын анхдагч хаан Хубилай сэцэн Чжи Юань-ий гуравдугаар он /1266 он/-ы 10 дугаар сард Дээдсийн сүмийг байгуулж, Хубилай сэцэн хаан түшмэл Ань Тунь, Баян нарын айлтгалыг үндэслэж Пань Чжан ноён Чжао Би зэрэг олон сайд түшмэддээ зарлиг буулган ярилцуулж, өвөг дээдсийн үе уламжлал, сүмийн нэр, тахилгын тавилга зэргийг тогтоосон бөгөөд сүмийг найман гэрээр тогтоожээ. Энэ найман гэр нь яриангүй Юань улсын төв Дайду хотод байжээ. Тэр ч бүү хэл 8 цагаан ордод  хэн хэний дурсгал хүндэтгэл байхыг дүрэмчлэн заасан бөлгөө.Юань улс мөхсөний дараа Монголын хаант улсын баруун гарын их түмэн нь болж байсан Ордос түмэн нь өргөн уудам нутагтай бөгөөд Монголын хаант улсын баруун өмнө захын бат харуул нь болж байжээ. Монголын эзэнт гүрний ноёрхол унахад 1636 онд Ордосыг манж нар эзлэн айлган сүрдүүлж, Алшаа уулнаас нь хөөснөөр Хатан голын тохойд суурьшжээ.

Чингис хааны онгоныг Хятад улсын засгийн газрын төсвөөр 1954-1956 онд барьж дууссан байна. 1982 онд хятад улсын дотоод явдлын хорооноос Чингис хааны онгоныг хятад улсын чухал түүх дурсгалын хамгаалалтанд оруулж хөрөнгө мөнгө төсөвлөн сэргээн засаж 380 гаруй метр зам засан үүдний орох хаалгыг барьж эргэн тойронд нь мөнх ногоон нарс шилүүс зэрэг мод тарьсан байна.Үүнээс хойш 2005 онд өргөтгөл хийгдсэн байна.
Чингис хааны онгоны барилга нь Монголчуудын зан үйл, бэлэг дэмбэрэлийн онцлогтой нийцүүлж, дээрээс нь харвал жигүүрээ дэлгэн нисч буй бүргэдийн байдалтай харагддаг. Энэ нь Чингисийн цуцалтгүй тэмцдэг хатан зоригийг нь илтгэсэн утгатай. Гол ордон нь 24.81 метр өндөр бөгөөд жигүүрийн 2 ордон нь 18 метр өндөр, Шар хөх шаазан ваараар цомцог ордоны хэлбэртэй үүлэн хээ гарган урлажээ. Гол ордны их хаалганы дээрх 2 давхар хөх саравчны дунд нь “Чингис хааны ордон” хэмээн алтан үсгээр сийлсэн байна. Онгоны талбайн гол дунд Чингэс хааны хөшөөтэй /гуулиар хийсэн/ талбай байдаг. 1997 онд ӨМӨЗО-ны тавин жилийн ой тохиосонтой холбогдуулж уг хөшөөг байгуулжээ. Энэ бол хорин зургаан метрийн диаметртэй юм. Уг морьт хөшөөний толгой нь дөчин таван градус байх нь Чингис хааны дөчин таван насандаа Их монгол улсын хаан болсныг бэлгэддэг байна.

Чингис хааны онгоны барилгын /одоогийн/ хийцэнд хятад соёлын нөлөө нилээд шингэсэн бололтой юм билээ.  Түүхийн хуудсаа энд хүрээд өндөрлөе.  Эзэн Чингисийн  энэхүү цогцолбор нь Ордосчуудын дэлхийд танигдах бас нэг том гаргалгаа болсоор  олон жил болж байна. Хүний нутгийн  жуулчныг хүрээд ирэхэд нь тосоод үзүүлдэг  юмтай байх сайхан. Бид болохоор Чингисийн үр сад  ах дүү нь гэх холгүй ч  өвөг дээдсийн минь юм гээд үзүүлж харуулах юутай сан билээ гэж эрэгцүүлэн бодож л байлаа. Цонжин болдогт босгосон  мөнгөн  шуумлаас өөр олигтой юм одоохондоо үгүй л байна. Ордосчуудын нэг одоо болтол  сахиж, тахиж явдаг  зүйл бол  “Эзэн сүлд” . Тэд эцэг дээдсийн эзэн сүлдийг  одоо хүртэл   сахин хамгаалж, шүтээн дээдэлсээр явдаг юм билээ. Энэ аялалд гарахад хамт явсан “талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Боловсон маань энэ нутгийн хүргэн юм билээ. Ордост монгол айлыг танихад тун амархан. Гаднаа сүлдтэй л бол  монгол айл гэсэн. Үнэхээр л арав гаруй хоног явахад гаднаа сүлдтэй монгол айлаар л орж гарч явлаа шүү...Эргээд  түүхийн  хуудас эргүүлье. Хубилай сэцэн хаан морин жил Чингис хааны онгон шүтээний гол болсон “ Найман цагаан ордон“-ыг сахиулан тайлга тахилгыг гүйцэлдүүлэхийн тулд 500-н өрх айлыг дөчин түмэн монголчуудаас шалган авчирсан юм. Дархад нь их хаадын үед залгамжилсан олон зэрэг дэвтэй байсан. Тэдний олонх нь ямар ажил хариуцдаг байсныг тодруулбал:
1. Тайж цолтон – Чингис хаан болон түүний хатдын онгон шүтээн хадгалдаг авдар савны түлхүүрийг хариуцна.
2. Тайбун – Тахилгын зан үйлийн үед ихэс дээдэст алтан хундаганд архи дарс аягална.
3. Хонжин – тайлга тахилгын дууг дуулна.
4. Хөх – их хаанд адуу малаар тайлга өргөхөд ерөөл магтаал уншина.
5. Черби – ордны дотоод зарлага хийх буюу Чингис хааны өмнөх галыг асаадаг гэх мэт ямбаны үйлчилгээнд үүрэг хүлээсэн олон хүн төрийн ёслолыг явуулдаг байжээ.

Ордост аялсан өдөр хоногуудын тэвэр дүүрэн  тэмдэглэлүүдээс  атгахныг базан  сонирхууллаа. Үүнийгээ бэлэгшээн  ОРДОСЫН ЭРДЭНЭС  хэмээлээ.

2017.05.29    Ордос-Хөх хот


Ордосын эрдэнэс  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй