Шууд Chart

Азийн эрүүл мэндийн тэргүүлэх сэтгүүлчдээс суулгат өвчнөөс сэргийлэх 7 аргад суралцлаа

2017-06-19 17:40:48

Сингапурт 2017 оны дөрөвдүгээр сард болсон Азийн вакцины зургаадугаар хурлын үеэр тус бүс нутгийн долоон орноос ирсэн сэтгүүлчдэд зориулан хүүхдийг өвчлүүлэгч-“удаж догьширсон алуурчин”-д анхаарал хандуулахад чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн зөвлөмжүүдийг хэрхэн хүргэх талаар сургалт явагдсан юм.

Миний бие сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн нэг бөгөөд энэ сургалтын тухай ROTA элч Роза Уийк “Азийн эрүүл мэндийн тэргүүлэх сэтгүүлчдээс суулгат өвчнөөс сэргийлэх 7 аргад суралцлаа” нэртэй нийтлэл http://rotacouncil.org/11-journalists-taught-diarrhea/ бичсэнийг товчлон орчууллаа.  
Африк, Ази тивийн хөгжиж буй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 30 хувийг цочмог суулгат өвчин эзэлдэг. 0-5 настай хүүхдийн суулгат өвчний гол үүсгэгч нь ротавирүс юм. Ротавирүсийн эсрэг найдвартай хамгаалалт нь вакцин. Гэтэл өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс энэ вакциныг нэвтрүүлсэн ба дөнгөж 80 гаруй нь заавал хийлгэх Дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулжээ. Харин Ази, Африкийн орнуудад хүүхдийн цочмог суулгатын тохиолдол өндөр байгаа хэдий ч ротавирүсийн вакцины хамрагдалт маш бага хувьтай байгаа аж.

    1. Суулгат өвчин бол хүүхэд насанд тохиолдож л байдаг зүйл

Суулгат өвчин бол хүүхэд өсөж том болох явцын нэг хэсэг гэдэгт Энэтхэгчүүд бүр итгэсэн байдаг гэж зураг дээр харагдаж байгаа, Энэтхэг дэх PATH /пи эй ти эйч/ байгууллагын ажилтан, сэтгүүлч Сушмита Малавия хэлсэн нь ротавирүсийн вакциныг нэвтрүүлэх ажлыг хурдасгахад улс үндэстнүүдийн өмнө тулгарч байгаа гол асуудал нь энэ юм гэдгийг нэгтгэн хэлсэн дүгнэлт байв.      

2. Суулгатаас болж хүүхэд маш ноцтой өвддөг гэдгийг бараг хүн бүр мэддэг  

Куала Лумпурт ажилладаг тэргүүлэх зэргийн хүүхдийн эмч, RОТА /ро та/ элч доктор Зул Исмайлийн яриа хоёр настай Суфи охин яагаад ойр ойрхон бөөлжин суулгат өгч, эмнэлэгт хүргэгдэн хэдэн өдөр эмчлүүлсэн тухай яриа байв. Азаар доктор Исмайлийн хийсэн эмчилгээ сайн болж, охинд судсаар нь их хэмжээний шингэн өгсний хүчинд дөрөв хоногийн дараа Суфи сэргэж иржээ.


 
АНУ-аас уригдан ирсэн, RОТА-гийн элч нарын тэргүүн бөгөөд олон улсын эрүүл мэнд, хүүхдийн өвчлөлөөр мэргэшсэн профессор, доктор Мату Сантохам өрөөнд байсан сэтгүүлчдээс хэн нэгнийх нь хүүхэд суулгат өвчин тусаж байсан эсэхийг асууж байгааг дээрх фото дээр буулгасан байна:


 
“Миний охин хэдэн өдөр хоолондоо дургүй болчихсон. “Азаар шалтгаан нь ротавирүс биш байлаа. Би охиндоо амаар нь шингэн өгч эмчилсэн. Охин маань гурван өдрийн дараа эргээд зүгээр болсон” гэж зураг дээрх бүсгүй Фи Ван Анх хариулсан юм. Бүсгүй Вьетнамын Үндэсний Телевизийг төлөөлөн иржээ.    
Бас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч Алтансүхийн Сарантуяа түүний ач охин эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авахад хүрч байсныг ярьсан бол өөр нэг оролцогчийн охин гурван өдрийн турш суулгалт өгч, бүр өсөлтөд нь сөргөөр нөлөөлөх маш ноцтой үр дагаварт хүрсэн тухай ярив. Охины биеийн жин буурч, бойжилт нь зогсонги байдалд орсон байна гэж эмч хэлсэн байна. “Миний нулимс асгарч, ямар нэг арга хэмжээ авахгүй бол болохгүй болсныг ухаарсан” хэмээн тэрхүү оролцогч ярьсан юм.

3. Бидний онилох бай бол хүнд байгалиас заяасан нөөц л хамгийн үнэ цэнэтэй нь гэдгийг ойлгуулах  

Оролцогчид тал талаас эмнэлэг, эмчилгээний зардлаас болж гэр бүлд нь ямар хүндрэл чирэгдэл тулгарч байсныг ярьцгааж байх зуур RОТА элч бөгөөд Филиппинээс ирсэн хүүхдийн эмч доктор Лулу Браво хүүхэд бага насандаа олон шалтгаант суулгат өвчинд дахин дахин өртөх нь оюуны хоцрогдолд хүргэдэг хэмээн хэлэх тэр агшинд өрөөнд байсан хүмүүс илт сэртхийж, хэлэлцүүлэг улам л хурц өрнөж эхлэв. Бразил улсад саяхан хийгдсэн судалгаагаар хүүхэд бага насандаа суулгат өвчинд олонтаа өртсөнөөс өсвөр насанд хүрэх үед бие бялдарын хувьд жижиг хатингар харагдахгүй ч оюун ухааны хувьд дутуу хөгжсөн байсныг харуулсан байна. Тиймээс хүүхдийг бүрэн утгаар нь хөгжүүлэх өсгөх нэг нөхцөл бол вакцин гэдэг баталгааг эцэг эхчүүдэд вакцинжуулалтад дэмжлэг үзүүлэгчдийн зүгээс өгч байх нь чухал гэдэг дээр сэтгүүлчид санал нэгтэй байв.

 
4. Хамаг анхаарал хаашаа чиглэж байгааг мэдэр

Ниланжана Босе, өмнө нь Шинэ Дели телевиз болон CNN /си эн эн/ Мэдээ 18-д арваад жил ажилласан туршлагатай нэгэн. Редакторууд нийгмийн сүлжээ, цахим орчинд улам идэвхтэй болсоор байгаа бөгөөд хүмүүст юу тохиолдсон тухай өдий төдий мэдээллийг сэтгүүлчид Нүүр ном /facebook/-оос авчихдаг учраас сонингуудын сайт “ухаж” өнгийж явах шаардлагагүй болсныг тэрээр онцолж байв.
“Богино видеонуудыг олноор хийх нь” хүүхдийг суулгат өвчинд өртүүлэхгүй байх арга замуудын нэг гэж зураг дээр байгаа, Бангладешийн “Өдрийн од”-оос ирсэн Тарег Салахүдин саналаа хэллээ. Ингэснээр сэтгүүлчдийн нэрлэсэн суулгат өвчнөөс сэргийлэх дөрөвдэх арга нь энэ болов.     

5. Улстөрчидтэй хүч хавсрах хэрэгтэй

Азид хэвлэл мэдээллийн зах зээл асар өрсөлдөөнтэй байгаа өнөөгийн нөхцөлд улс төрийн шуугианыг давж эрүүл мэндийн тухай ярина гэдэг хэцүү. Сэтгүүлчдийн хэлснээр эрүүл мэндийн тухай өгүүлэхийн тулд зайлшгүй ямар нэг маргаан шуугиантай юм сэдэхээс аргагүй байдалд тэд хүрдэг байна. “Тиймээс бид улстөрчидтэй хүч хавсрах хэрэгтэй” гэж Ерөнхийлөгчийн эсрэг үзэлт филиппинчүүдийн үгийг иш татан  “Филиппиний Од”-оос ирсэн Шела Крисостомо санаагаа тодотгоод хэрвээ санаагаа зөв гаргаж чадвал эрүүл мэндийн чухал асуудлуудыг улстөрийн хүрээлэл рүү эвтэйхэн оруулчиж болдог гэлээ. Крисостомогийн бичсэн “Ротавирүсийн эсрэг хариу үйлдэл сул байгаад Засгийн газар сануулга өглөө” гарчигтай нийтлэл хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, ротавирүсийн вакцинжуулалтыг эхлүүлэх ажлыг хурдасгаж чаджээ. Филиппинд 2012 онд ядуу нөхцөлд байгаа зөвхөн 700 мянган хүүхдийг хамруулсан вакцинжуулалт хийгдсэн байна. Хэдийгээр орон даяар явагдаагүй ч энэ ажил тухайн бүс нутагт өгөөжөө өгчээ.                

6. Шинжлэх ухааны тайлбараа энгийн ойлгомжтой хэлбэрээр өг

Непалийн өдөр тутмын Катманду сониныг төлөөлөн ирсэн Маниш Гаутам, эрдэмтэд гурав дөрвөн жил хийсэн судалгааныхаа ажлын тухай биднээр нэгхэн шөнийн дотор юм бичүүлэх гэж шахдаг хэмээн сургалтанд оролцож байгаа судлаачид руу үгээ хандуулахад бусад сэтгүүлчид санааг нь өлгөн авч сэтгүүлчид ер нь бүхий л зүйлсийн талаар бичих шаардлагатай тулгардаг учраас судлаачидтай ярилцаад байх цаг ер нь маш хомс олддог гэцгээлээ. Тарег Салахүдин харин Orin Levine’s Huffington Post blogs нэртэй блогийг шинжлэх ухааныг нийгмийн эрүүл мэндтэй хослуулан мэдээлэл хүргэдэг сайн жишээгээр нэрлэж байв.     

 
7. Сэтгүүлчдээр дамжуулж хэлэх үгээ хүргэх хэрэгтэй

 “Хүүхдэд амаар нь шингэн өгөх эмчилгээ хийх, уух шингэн бэлдэж өгөх гээд айл бүр хийж чадах хамгийн энгийн арга байна гэдгийг шинжлэх ухаан нотолчихоод байхад гарцаагүй биш шалтгаанаар хүүхдүүд амиа алдсаар байгааг л бид бодлого боловсруулагчдад ойлгуулж сэнхрүүлэх хэрэгтэй болж байна.” гэж Бангладешээс ирсэн Салахүдин өдрийн туршид яригдсан бүх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнэв.
Түүний нэгэн нийтлэл “ДОХ өвчнийг хичнээн их анхаараад ч урьдчилан сэргийлэх вакцин олж чадахгүй байна” гэсэн гарчигтайгаар Өдрийн од сонинд хэвлэгдсэн нь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байх гэдэг ямар чухал болохыг сануулж чаджээ. Эрүүл ахуй, ариун цэврийг сахих, ус сайн уух нь аливаа шалтгаанаар үүсгэгдэх гэдэсний суулгат өвчнөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй ч ротавирүсийн тархалтыг зогсоож дийлэхгүй байна. Тиймээс л ротавирүсийн халдвараас сэргийлэх гэдэг ямар чухал болох ялангуяа ротавирүсийн вакцинжуулалтаар хүүхдийг энэ халдвараас хамгаалах нь өнөөдөр бидэнд байгаа хамгийн сайн арга хэрэгсэл юм гэж тэрээр бичжээ.

Төгсгөлд нь Сингапурт хамтдаа ажилласан gogo.mn-ийн сэтгүүлч А.Одонтуяагийн нийтлэлээс авсан нэмэлт мэдээллийг уншигч танд хүргэж байна.

РОТАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ

Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учирдаг. Ротавирусаар үүсгэгдсэн суулгат өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2009-2016 оны хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад ротавирусаар үүсгэгдсэн суулгат өвчний 3000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь суулгатын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт хүүхдүүдийн 45 хувийг эзэлж байна. Эдгээр хүүхдүүдийн тал хувь нь 6-11 сартай хүүхдүүд байжээ. Мөн ихэнх суулгат өвчин есдүгээр сараас арванхоёрдугаар саруудад бүртгэгдсэн. Учир нь вирусын халдвар өвлийн улиралд хүүхдийн суулгалтын хамгийн түгээмэл шалтгаан болдог аж.

ДЭМБ нь ротавирусын эсрэг вакциныг суулгалт өвчин ихтэй орнуудад үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулахыг зөвлөдөг. Монгол улсын хувьд тус вакциныг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ДЭМБ-тай хамтран судалгаа хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл тус вакцин манай улсад орж ирэх эсэх нь ч тодорхойгүй байгаа гэсэн үг.

Анхааран уншсанд баярлалаа.

Сэтгүүлч А.Сарантуяа


Азийн эрүүл мэндийн тэргүүлэх сэтгүүлчдээс суулгат өвчнөөс сэргийлэх 7 аргад суралцлаа  
Үзсэн: 394 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй