Шууд Chart

Швед дэх "SushiYama" компанийн монгол ажилчдын наадам тав дахь жилдээ боллоо

2017-06-27 15:49:43

Шведийн нийслэл Стокхольм хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг “СушиЯма” /SUSHI YAMA/ сүлжээ рестораны монгол ажилчдын баяр наадам тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Нийтдээ 30 орчим салбар ресторанаас төлөөлөн ирсэн 150 гаруй монгол ажилтан болон тэдгээрийн ар гэрийнхэн үр хүүхдүүд нь ийнхүү улсын их баяр наадмын өмнөхөн өөрийн уламжлал болсон наадмаа хийж хүчит бөх, мэргэн харваач, хурд авхаалжтай хүүхдүүдээсээ шилдгүүдээ тодруулан сайхан баярлалаа.



“СушиЯма” компанийн нэрэмжит начингаас аварга хүртэл цолоор мялаадаг үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх зодоглосноос Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн заан н.Жаргалсайхан, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат “СушиЯма”-гийн аварга Батхуяг болон залуу бөх Ганбаатар, Гантулга нар шөвгийн дөрөвт үлдээд байсан.

Ингээд хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсан хүчит бөхийн барилдааны тавын даваанд тус компанийн аварга, залуу бөх Батхуяг Аймгийн заан Жаргалсайханыг өвдөг шороодуулснаар ийнхүү гурав дахь удаагаа наадмын түрүүгээ авч “Дархан аварга” тэмдэг, цолоо гардлаа.

Харин эмэгтэй, эрэгтэй сурын харваанд нийт 30 орчим залуу харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэй халх сурын харваанд Ц.Ууганбаяр, эмэгтэйчүүдээс Бямбадэмбэрэл нар тэргүүллээ. Мөн энэ жилийн наадмын үеэр үндэсний шагайн харвааны тэмцээнд нэмэгдэж орж ирсэн бөгөөд хурдан морины уралдааныг төлөөлөн хүүхдүүд гурван насны ангиллаар гүйлтийн тэмцээнд оролцож шилдгүүдээ тодруулсан байна.



Наадмын үеэр хамгийн амттай хуушуур хийсэн салбар рестораныг шалгаруулах, сайхан монгол дээлтэй хосыг тодруулах, үндэсний урлагийн тоглолт болсны зэрэгцээ “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Чулуунбаатар зочилсон нь гэнэтийн бэлэг байлаа гэж Стокхольм хотоос МҮОНРТ-ийн сурвалжлагч Хишиг-Алдар мэдээллээ.


Швед дэх "SushiYama" компанийн монгол ажилчдын наадам тав дахь жилдээ боллоо   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй