Шууд Chart

Швед дэх Монголчууд бэсрэг наадмаа хийлээ

2017-07-14 10:45:33

Шведийн нийслэл Стокхольм хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг “СушиЯма” /SUSHI YAMA/ сүлжээ рестораны монгол ажилчидын баяр наадам тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Нийтдээ 30 орчим салбар ресторанаас төлөөлөн ирсэн 150 гаруй монгол ажилчид болон тэдгээрийн ар гэрийнхэн үр хүүхдүүд нь ийнхүү улсын Их баяр наадмын өмнөхөн өөрийн уламжлал болсон наадмаа хийж хүчит бөх, мэргэн харваач, хурд авхаалжтай хүүхдүүдээсээ шилдэгүүдээ тодруулан сайхан баярлалаа.

“СушиЯма” компанийн нэрэмжит начингаас аварга хүртэл цолоор мялаадаг үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх зодоглосноос Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн заан н.Жаргалсайхан, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат “СушиЯма”-гийн аварга Батхуяг болон залуу бөх н.Ганбаатар, н.Гантулга нар шөвгийн дөрөвт үлдээд байсан. Ингээд хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсан хүчит бөхийн барилдааны тавын даваанд тус компанийн аварга, залуу бөх н.Батхуяг Аймгийн заан н.Жаргалсайханыг өвдөг шороодуулсанаар ийнхүү гуравдахь удаагаа наадмын түрүүгээ авч “Дархан аварга” гэсэн тэмдэг цолоо гардлаа.

Харин эмэгтэй,эрэгтэй сурын харваанд нийт 30 орчим залуу харваач цэц мэргэнээ сорьсоноос эрэгтэй халх сурын харваанд Ц.Ууганбаяр, эмэгтэйчүүдээс Бямбадэмбэрэл нар тэрүүллээ. Мөн энэ жилийн наадмын үеэр үндэсний шагайн харваан тэмцээнд нэмэгдэж орж ирсэн бөгөөд хурдан морины уралдааныг төлөөлөн хүүхдүүд гурван насны ангиллаар гүйлтийн тэмцээнд оролцож шилдэгүүдээ тодруулсан байна.

Наадмын үеэр хамгийн амттай хуушуур хийсэн салбар рестораныг шалгаруулах, сайхан монгол дээлтэй хосыг тодруулах, үндэсний урлагийн тоглолт болсоны зэрэгцээ “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Ц.Чулуунбат зочилсон нь гэнэтийн бэлэг байлаа.













Нийтэлсэн: Р.Слава

Швед дэх Монголчууд бэсрэг наадмаа хийлээ  
Үзсэн: 581 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй